Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн саналын дагуу яллагдагч О.Мөнхжинг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан. Шүүгчийн гаргасан энэхүү захирамжид гомдол гаргасан тул цагдан хорионы асуудлыг өнөөдөр 13:30 цагт дахин хэлэлцэхээр шүүх хуралдааны тов зарласан.
Тэгвэл О.Мөнхжингийн гомдлыг хэлэлцэх шүүх хурал хойшлогдоод байна.
Учир нь гомдлын хурлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нь шийддэг ба Ерөнхий шүүгч одоогоор Хөгжлийн банкны хэргийг шүүх хуралдаантай байгаа тул хойшлуулахаар болсон байна.
О.Мөнхжинд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаад байсан бөгөөд энэхүү шийдвэрийг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналыг энэ сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн юм. Ингээд О.Мөнхжинг “гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэдэг үндэслэл тогтоогдсон тул нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.