Хүүхэд бүрд сар болгон 100,000 төгрөгийн тэтгэмжийг улсаас олгож байгаа. Энэ сарын хүүхдийн мөнгө олгох хугацааг цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан урагшлуулж, өнөөдөр олгохоор болсныг ХХҮЕГ-аас зарлаад байгаа билээ.
Харин гуравдугаар сарын мөнгийг энэ сарынхтай хамт өгөх эсэх талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Т.Бадрахбаяр "Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өгөх санхүүжилт орж ирсэн. Монгол Улсын нийт хүүхдийн 91 хувь буюу 1.2 сая орчим хүүхдэд 114 тэрбум төгрөг олгоно. Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг өнөөдөр олгоно. Харин гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарынхтай хамт олгох чиглэл бидэнд ирээгүй. Мөн санхүүжилт орж ирээгүй.
Халамжийн мөнгийг урьдчилж өгөх нь буруу юм. Тухайн иргэний сар тутмын наад захын хэрэглээг хангах халамжийн тэтгэмж учраас дараа сард хэрэглэх мөнгөгүй болчихдог" гэв.
Тэгвэл хүүхдийн мөнгийг ялгавартай олгож байна гэх өнгөрсөн сарын мэдээллийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Цагаан сар болох гэж байгаатай уялдуулж, гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгоно" хэмээн нийтэд мэдээлж байв.