Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт өнөөдөр Эрүүл мэндийн яамны 245 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн “Төрөх, төрсний дараах тусгай тасаг”-ийн иж бүрэн засварын ажил дуусаж, ашиглалтад орлоо.
2022 онд Эрүүл мэндийн яамнаас эх, нярай, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж, улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулсан.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Энэ жил бид эх, нярайн орнуудыг 100 хувь шинэчилсэн бөгөөд Өргөө амаржих газарт 335 орыг төрөх болон хэвтэн эмчлүүлэх тасагт хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна Нэгдсэн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн иж бүрэн засварын ажлыг 350 гаруй сая төгрөгөөр хийсэн. Өнөөдөр ийнхүү Төрөх, төрсний дараах тусгай тасаг ашиглалтад орж байна. Мөн тус эмнэлэгт дижитал суурин рентген аппарат, зөөврийн рентген аппарат, түргэн тусламжийн машин гэх мэт нийт 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 27 нэр төрлийн 67 тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөөд байна” гэдгийг онцоллоо.
Мөн тэрбээр “Өргөө амаржих газрын захирлыг сонгон шалгаруулах ажил хуулийн дагуу зарлагдаж, өчигдөр материалаа хүлээн авч дууссан. Энэ сарын 30-ны өдөр сонгон шалгаруулалт хийгдэнэ.” хэмээлээ.
Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболд “Эрүүл мэндийн яамнаас энэ оныг Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар иргэдэд тусламж, үйлчилгээг ойртуулах, чанартай үзүүлэх зорилгоор Төрөх, төрсний дараах VIP тасгийг ашиглалтад оруулж байна” гэлээ.
Тус олон улсын стандартад нийцсэн VIP төрөх өрөөнд төрөх эх гэр бүлийнхэнтэйгээ байрлах боломжтой бөгөөд төрөх үйл явцад ч гэр бүлийнхэн нь хамт байх боломжтой аж. Өрөө тус бүр 00, душ, амралтын хэсэгтэй. Эхний ээлжид VIP өрөөний төлбөр 60,000 төгрөг байх тооцоолол гарч байна. Үүнийг хувийн төрөх эмнэлгүүдийн ижил үйлчилгээтэй харьцуулахад 16-20 дахин хямд үнэ аж.
Дашрамд дурдахад аравдугаар сараас хойш тус эмнэлэг гурав болон дөрөвдүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилчдад бүтэн олгожээ.
Сэтгэгдэл (1)