Израилийн Еврейн их сургуулийн эрдэмтэд ховор ханаан хэлээр бичиг сийлсэн МЭӨ 1700 оны үеийн зааны ясан шүүр самыг олжээ. Тэдний энэ ажил Jerusalem Journal of Archaeology сэтгүүлд хэвлэгдсэн байна.
Шүүр самыг 2017 онд Тель-Лахиш гэх үндэсний паркт хийсэн малтлагаар олсон ба шүүр хоёр талдаа шүдтэй байжээ. Нэг талынхаар нь дахирсан үсийг самнаж нөгөө талаар нь бөөс хуурсыг үснээсээ шүүрдэг байсан гэнэ.
Эрдэмтэд 2022 онд олдвороо шинэчлэн цэвэрлэж байгаад түүн дээр сийлсэн 17 ханаан үсгийг олж илрүүлсэн байна. Тэдний хэлж буйгаар тэр хэлний бүтэн орчуулга нь "энэ соёо нь үс, сахалнаас бөөсийг шүүрдэх болтугай" гэсэн утгыг илэрхийлжээ.
"Энэ нь Израилийн нутгаас ханаан хэл дээр олдсон анхны өгүүлбэр бөгөөд Сирийн Угарит нутаг дахь Хананей нар нь өөр үсэг хэрэглэдэг. Энэ бичлэг нь ханааны цагаан толгойг 3700 орчим жилийн өмнө өдөр тутмын амьдралд өргөн ашиглаж байсны шууд баталгаа болж байна. Хүн төрлөхтний бичиг үсгийн түүхэнд чухал эрин гэдгийг олдвор харууллаа" гэж эрдэмтэд тэмдэглэжээ.
Ханаан хэл нь эртнийн Ханааны евреи, амореи, моавитяне, эдумейчууд, финикичууд, карфагенян нарын ард түмний ярьж байсан хэлний дэд төрөл болдог. Одоо эдгээр хэлний төрлүүд сөнөмөл байгаа билээ.
М.ЦОГТ