Цас орж, халтиргаа гулгаа үүссэн үед гялгар хавтангаар хийсэн явган хүний зам халтиргаа гулгаа үүсгэж, иргэд гэмтэж тохиолдол олон гардаг. Үүнтэй холбоотойгоор хотын захиргаа шинээр тавьж байгаа болон шинэчлэн засварлаж байгаа явган замуудыг стандартад нийцүүлэхээр ажиллаж байна.
Мөн халтиргаа гулгаа үүсгэдэг гялгар хавтангаар гадна талбайгаа тохижуулсан хувийн байгууллагуудаас үүнийгээ өөрчлөхийг шаардаж байгаа аж.
Явган хүний замын стандартыг энэ оны гуравдугаар сард шинэчлэн баталсан бөгөөд энэ жил 80,000 ам.метр явган хүний замыг шинэчилсэн байна. Ирэх жил мөн 100,000 метр явган хүний замыг шинэчлэх гэнэ. Хотын захирагчийн албанаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотод өвлийн улиралд хүн алхахад хүндрэлтэй буюу халтиргаа гулгаатай 13 гудамж байна. Эдгээр зам талбайг стандартад нийцүүлэх, харьцангуй богино хугацаанд, зардал багатай шийдэх орчин үеийн технологийн аргуудыг ашиглахаар туршиж байгаа аж.
Тодруулбал, чулуун хавтангийн гадаргууд зориулалтын наалт наах, гадаргууг нь шатааж барзайлгах технологийг туршиж эхэлжээ.
Цас орж халтиргаа гулгаа үүссэн өнгөрсөн өдрүүдэд халтирч унаад, бэртэж гэмтсэн 233 иргэн ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан байна.