"Nodoublestandart" хөдөлгөөнөөс ОХУ-ын Украинтай хийж буй дайныг эсэргүүцэж, амралтын өдөр бүр Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна талд тайван жагсаал хийж байгаа билээ.
Харин тус хөдөлгөөнд оролцогч зарим иргэнийг зөрчлийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
Энэ талаар тус хөдөлгөөнөөс "Цагдаагийн байгууллагаас Б.Цацрал, Ц.Чинбат, Э.Одбаяр, Б.Билгүүн нарын иргэдэд ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хөөж удаа дараа зөвшөөрөлгүй жагссан гэж таван зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Мөн ОХУ-ын ЭСЯ-ны өмч гэх боловч өмчлөлийн зөвшөөрөлгүй самбарыг бохирдуулсан гэж иргэн Э.Одбаяр, Д.Сосорбарам, М.Тулгат нарт тус хэрэг үүсгэсэн. Үүнтэй холбоотойгоор иргэн Б.Цацралыг цагдаагийн байгууллагаас гэрчээр дуудахдаа төөрөгдүүлэх замаар өөр хэрэгт буруутган мэдүүлэг авсан" хэмээн мэдэгдлээ.
Харин энэ тухай ЦЕГ-аас тодруулахад "Тухайн иргэдийг зөрчлийн шинжтэй үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ хэдэн удаагийн, ямар зөрчилд холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэх боломжгүй" гэж тайлбарлав.
Дашрамд дурдахад, 1994 онд батлагдаж, 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль хуульд бүх төрлийн жагсаал цуглаан хийх гэж байгаа талаараа урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах шаардлагатай байгаа нь үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний хэрэгжилтэд хязгаарлалтын байдлаар ашиглаж болохоор байгаа тул эргэн харахыг НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг энэ сарын 3-14-ны хооронд ажиллах үеэрээ зөвлөсөн билээ.