Элчин сайд Р.Буанган АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон тухай Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг Гадаад харилцааны дэд сайдад гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байна.
Тэрбээр АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг гэдгийг тодотгоод хоёр улсын стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Мөн хоёр орны хооронд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хөгжүүлэх хийгээд эдийн засгийн хамтын ажиллагааны эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд тодорхой уулзалт, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа тэмдэглэлээ.
Дэд сайд Б.Мөнхжин АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайдыг албан ёсоор үүрэгт ажилдаа орж байгаад нь амжилт хүсэж баяр хүргэн, Монгол Улсын чухал гуравдагч хөрш, стратегийн түнш орон болох АНУ-тай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглэв.
Элчин сайд Р.Буанган нь АНУ-ын дипломат албанд 20 гаруй жил ажилласан, Энэтхэг-Номхон далай, Зүүн Хойд Азийн бүс нутгийн асуудлаар мэргэшсэн, Африк, Европ, Ойрхи Дорнод, Ази дахь АНУ-ын ДТГ-уудад тус тус томилогдон ажилласан, Төрийн департаментад удирдах албан тушаалыг удаа дараа хашиж байсан туршлагатай дипломат юм.
Өмнөх Элчин сайд Майкл Клеческийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинэ Элчин сайд АНУ-ыг төлөөлөн ажиллахаар боллоо.
Эх сурвалж: ГХЯ