"Сэтгэшгүй" ХХК-ийн захирал С.Хүрэлбаатар өнөөдөр гадаадын банк оруулж ирж, бага хүүтэй зээлээр ААН-үүдээ дэмжих хэрэгтэй талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Бид үр хүүхэд, хойч үедээ өртэй монгол үлдээх үү, өргүй монгол үлдээх үү гэх үе дээрээ байна. Гадаадын банкийг Монголд оруулж ирээд зээл авч чаддаг бол БНХАУ-ын барьж байгуулж байгаа махны үйлдвэрүүдтэй өрсөлдөх хэмжээнд очно. Манай улсын зээлийн хүү жилийн 24-30 хувь. Олон улсын банкны зээлийн хүү 2-3 хувь байгаа. Ингээд бодохоор монголчуудыг БНХАУ, ОХУ шулж байна уу? Үгүй. Бид өөрсдийгөө шулж байгаа. Үүнээс гарах арга зам бий.
Тусгаар тогтносон улсаа авч үлдье гэвэл хүү багатай зээлийг ард түмэндээ олгох хэрэгтэй байна. Ялангуяа бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгжүүдэд маш бага хүүтэй зээл олгомоор байгаа юм" гэв.
Монгол Улсаа бид өөрсдөө хөгжүүлэх ёстой. Үйлдвэр хөгжүүлэхээр өгсөн гурван хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа болсон. Эдийн засаг бүрэн сэргээгүй тул энэхүү зээлийг аж ахуйн нэгжүүд төлж чадахгүй. Тиймээс нэг бол зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, үгүй бол тэглэх хэрэгтэй. Мөн Хөгжлийн Банкнаас орж ирсэн хөрөнгөөр дэлхийд тэргүүлэх чиглэлээр үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг санхүүжүүлмээр байна. 900 орчим тэрбум төгрөг орж ирсэн гэдэг ч 2024 оны сонгуульд зарцуулагдах гээд байгаа. Тиймээс Монголд хэрэгтэй төслийг санхүүжүүлмээр байна.
Эрдэнэс Тавантолгой компанийн гаргаж байгаа ногдол ашгийг иргэд авахаас татгалзмаар байна. Энэ мөнгийг дулааны цахилгааны станцын ажилд зарцуулах хэрэгтэй. Дулаан, цахилгааныг үнэгүй болгох хэрэгтэй" гэв.