АНУ-ын Мичиган мужийн Нортфилд Тауншип хотод 49 настай монгол эрэгтэй хамтран амьдрагчаа хүчирхийлж, амь насанд нь халдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-ны өдөр гарчээ.
Тус улсын хэвлэлд мэдээлснээр, Монгол Улсын иргэн Ш.Т гэгч нь нэгдүгээр зэргийн аллага, бэлгийн хүчирхийлэл, биенд хүнд гэмтэл учруулсан хэргээр цагдаагийн газарт шалгагдаж байна гэжээ.
Хэрэг гарсны дараа цагдаа нар дуудлагаар очиход, таван сар хамт амьдарсан 61 настай монгол эмэгтэй ноцтой гэмтлийн улмаас газар дээрээ амьсгал хураасан байжээ. Шинжилгээгээр хохирогч эмэгтэй тархиндаа хүнд бэртэл авсны улмаас цус харвасан гэж дүгнэсэн байна. Хэргийн сэжигтэн этгээд Скоки хотын шүүхэд батлан даалтад гарахаар хүсэлт гаргасан ба шүүх хүсэлтийг хүлээж аваагүй тул түүнийг цагдан хорьж байгаа аж.
Түүнчлэн хохирогч эмэгтэй нас барахаасаа дөрөв хоногийн өмнө хамтран амьдрагч Т-ээс айж байгаа тухайгаа ажлынхандаа хэлж байсан гэх бөгөөд амьсгал хураахаасаа 45 минутын өмнө цагдаад дуудлага өгсөн ч тусламж авч чадалгүй харамсалтайгаар амь насаа алджээ.