Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо.
Нийслэлийн Зам тээврийн нэгдсэн тогтолцоог бий болгох ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Нийслэлд шалган нэвтрүүлэх найман товчоо бий. Үүнээс дөрвөн шалган нэвтрүүлэх товчоонд төлбөр хураамж авдаг. Иймээс төлбөр хураамж авах явцыг цахимжуулах ажлыг хийж байгааг онцлов.
Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг "Нийт 34 хаалганаас 21-ийг цахим хэлбэрт шилжүүлснээр тээврийн хэрэгсэл хаалганд ирээд, төлбөрийн харилцаа үүсгэхгүй буюу бэлэн мөнгө, карт уншуулахгүй, шууд нэвтрэх бололцоог бүрдүүлсэн. Төлбөрийн харилцааг гурван аргаар шийдлээ.
Нэгдүгээрт, дугаар таних системээр дугаарыг таньж, жолооч банкны картаа бүртгүүлсэн тохиолдолд автоматаар мөнгө шилжинэ.
Хоёрдугаарт, И-баримт болон бусад төлбөрийн хэрэгсэл рүү нэхэмжлэл үүсгэж шийдэх.
Гуравдугаарт, Е-Mongolia болон smartcar системд нэхэмжлэл үүсэх юм. Энэ нь тээврийн товчоодоор орж ирж байгаа бүх тээврийн хэрэгслийг бүртгэж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг оруулахгүй байх нөхцлийг ч бүрдүүлж, цаашлаад тээврийн хэрэгслээр үйлдэгдэх гэмт хэргийг бууруулахад хувь нэмэр оруулна.
Тус үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсон, холбогдох байгууллагатай тохирсон" гэв.
Мөн холбогдох журмыг шинэчлэх, арваннэгдүгээр сарын 1-ний дотор үйл ажиллагааг нэвтрүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авах хэрэгтэй байгааг хэлж байлаа.
Мөн энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Товчоодыг ирэх сарын 1-н гэхэд цахимжуулах бэлтгэл ажил дуусна. Ингэснээр нэг машинаас төлбөр авахад 30 секунд зарцуулдаг байсныг 3 секунд болгоно. Бүх терминалиудаар машин нэвтрэх боломжтой болно гэсэн үг. Мөн хот руу торгууль, татвар төлөөгүй, оношилгоонд ороогүй машин нэвтрэх боломжгүй болно" гэв.