"Чингис хаан" хаад язгууртны музей аравдугаар сарын 11-ний өдөр албан ёсоор нээлтээ хийж, 12-ны өдрөөс олон нийтэд үйлчилж эхэлсэн билээ.
Тус музей нээлтийн долоо хоногтоо урамшуулал болгож, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй зочлуулан юм. Тэгвэл уг урамшуулал дуусч энэ долоо хоногоос эхлэн 15,000 төгрөгөөр үйлчилж эхэлсэн тухайн мэдээллээ.
"Чингис хаан" музейн том хүний тасалбар 30,000 төгрөг байдаг бол оюутан, ахлах ангийн сурагчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тасалбар 15,000 төгрөг байхаар тогтсон байна.
Энэхүү тарифыг тогтоохдоо Ахмад насны тухай хуулийн 3.1, Музейн тухай хуулийн 9.3 заалтыг үндэслэсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр музейд зочилсон үзэгчдийн дийлэнх нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байсан байна.
Хуульд заасны дагуу 0-16 насныхан уг музейг үнэ төлбөргүй үзэж сонирхох бөгөөд тэдний нас насных нь онцлогт тохирсон боловсролын хөтөлбөрүүд хэрэгжүүлж буйг "Чингис хаан" хаад язгууртны музей цахим хуудсаараа мэдээлсэн юм.
Дашрамд, музейн хамт олноос музейд зочлохдоо том зураг, биет үзвэрийг нэг метрийн зайнаас үзэх, үзвэрийн танхимд уух, идэх зүйлтэй орохгүй байх, үзмэр, шилэн хоргонд гараа хүрэхгүй байх зэргийг зөвлөлөө.