Энэ хүүг Цолмонгийн Сэмүүн гэдэг. "Орхон Хасу" сургуулийн 12-р ангийн сурагч. Тэр дайны хөлөөс дүрвэн Монголд ирсэн ОХУ-ын иргэдэд (тэдний зарим нь үндэс, язгуур нэгтэй монгол туургатан улс буриад, тува нар) зориулж ийм хөөрхөн постер (зурагт мэдээлэл) хэвлээд хотын гудамжаар явж, оросуудад тарааж байна.
Түүний бэлтгэсэн энэ зурагт хуудсанд манай улсад аялахаар, түр оршин суухаар ирсэн ОХУ-ын иргэдэд шаардлагатай дараах мэдээллүүдийг багтаасан байна.
-Монгол Улсад түр болон урт хугацаагаар оршин суух, ажиллах, сурахаар визээ сунгуулахын тулд хаана хэрхэн хандах,
-Удаан хугацаагаар оршин суух буюу орон сууц түрээслэх тохиолдолд интернэтээс хэрхэн хайлт хийх, мөн үүнтэй холбоотой залилан, гэмт хэргээс яаж сэргийлэх,
-Замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, замын хөдөлгөөний дүрэм зөрсөнөөс үүдэх хариуцлага буюу торгуулийн хэмжээ,
-Яаралтай тусламжийн дугаарууд болон шаардлагатай үед хандах ёстой Гадаадын иргэн, харьяатын дугаарыг Орос, Англи, Монгол хэл дээр бэлтгэж хэвлүүлжээ.
ОХУ-аас Украинд хийж буй дайнтай холбоотойгоор ерөнхийлөгч Путин өнгөрөгч есдүгээр сарын 21-нд цэргийн дайчилгаа зарласан. Дайчилгаа зарласнаас хойш сар орчмын хугацаанд ОХУ-ын иргэд, түүний дотор хил орчмын Буриад, Тува улсын иргэд манай улсад олноороо зорчих болсон билээ.
Үндэс, язгуур нэгтэй буриад, тува иргэдийг манай иргэд ч бас сайхан сэтгэлээр алгаа дэлгэн угтаж, орон байраар хангаж, ажилд зуучилж байгаа мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа. Гэвч сурагч Ц.Сэмүүн шиг энгийн мөртлөө зайлшгүй хэрэгтэй, ийм хөөрхөн гарын авлагын тухай хэн ч санаагүй байж магадгүй юм.
Эхний ээлжинд тэр энэ постероо ээж, аавынхаа өгдөг халаасны мөнгийг цуглуулж цөөхөн хувийг хэвлэн тараасан байна. Зурагт хуудсыг авсан зочдын олонхи нь “Баярлалаа” хэмээн уриалгахан хүлээж авдаг бол зарим нь “Би орос биш”, эсвэл “Казакстанаас ирсэн” хэмээн эелдгээр татгалздаг аж. Тэд ч гэсэн хүүхдийн сэтгэл шингэсэн үнэ цэнэтэй энэ мэдээлэл жинхэнэ хэрэгтэй хүндээ очоосой гэсэндээ ийн татгалздаг биз ээ.