Ирэх оны төсвийн төслийг дагалдуулж хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаагийн нэг нь Газрын тухай хууль юм. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд уг хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсчээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийслэлээс орон нутагт амьдран суух зорилгоор шилжин суурьшиж буй этгээдийг дэмжиж нэг удаа газар эзэмших эрх олгох, газар олгох үйл ажиллагааг төрийн байгууллагуудаас цаг хугацаа алдалгүй богино хугацаанд олгох асуудлыг зохицуулах зорилгоор Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Газрын тухай хуульд зааснаар аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга нь газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Хуулийн төсөлд энэхүү төлөвлөгөөнд нийслэлээс шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжид олгох газрын хувь хэмжээ 20 хувиас доошгүй байхаар тусгаж батлуулж байхаар оруулжээ.
Мөн иргэн, аж ахуйн нэгжээс газар эзэмших зөвшөөрөл хүссэн хүсэлтийн хариу өгөх хугацааг ажлын 15 хоног байхаар тодорхой заасан өгсөн байна. Нөгөөтэйгүүр, энэхүү зорилгоор газар эзэмших эрх авсан этгээд нь тухайн газартаа тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг хангахтай холбогдуулан Засаг даргатай байгуулах газар эзэмших гэрээнд үнэгүй эзэмших эрх авсан газрыг бусад этгээдэд шилжүүлэхгүй байх, тухайн орон нутагт тогтвортой суурьшиж амьдрах зэрэг нөхцөлүүдийг тусгахтай холбоотой заалтыг нэмжээ.
Түүнчлэн, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрх 15-60 жил бөгөөд нэг удаа 40 жилээр сунгах боломжтой аж.
Уг хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Энэ хуулиар дахин үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын байршлыг Засгийн газар тогтооно" гэж заасныг тодруулахад "Уг заалтыг хасах саналаа Засгийн газраас ирүүлсэн" гэж холбогдох албаныхан тодотгов. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Газрын хуульд өөрчлөлт оруулснаар орон нутгийн газрын харилцаанд маш их хүндрэл учруулна, одоо аймгуудад газрын хүрэлцээ байхгүй" гэв.
Улмаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт хэлэлцэх шаардлагагүй. Засгийн газраас 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төслийг хэлэлцэх үедээ хамтатган хэлэлцэх нь зүйтэй” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76.9 хувь нь дэмжсэн. Уг саналаа Төсвийн байнгын хороонд хүргүүлэв.
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
“20.4.Энэ хуулийн 20.2.3-т заасан төлөвлөгөөнд нийслэлээс шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжид олгох газар тухайн жилд нийт олгох газрын 20 хувиас доошгүй байхаар тусгасан байна.”
2/23 дугаар зүйлийн 23.2.24 дэх заалт:
“23.2.24.Газрын тухай хууль тогтоомж, газар зохион байгуулалт, газрын кадастр, төлөв байдал, чанарын хянан баталгааны үйл ажиллагаанд газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, улсын байцаагч хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ.”
3/29 дүгээр зүйлийн 29.7, 29.8 дахь хэсэг:
“29.7.Нийслэл хотын хилийн цэсээс гаднах орон нутагт амьдран суух зорилгоор шилжин суурьшиж холбогдох хуульд зааснаар бүртгүүлж хүсэлт гаргасан бол энэ хуулийн 29.1, 29.2-т заасан зориулалт, хэмжээгээр дахин нэг удаа үнэ төлбөргүй газар эзэмшүүлнэ.
29.8.Энэ хуулийн 29.7-д зааснаар дахин үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын байршлыг Засгийн газар тогтооно.”
4/34 дүгээр зүйлийн 34.6.12 дахь заалт:
“34.6.12.Энэ хуулийн 29.7-д заасан зориулалтаар газар эзэмших тохиолдолд эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэхгүй байх, тухайн орон нутагт суурьшиж амьдрах нөхцөлийн талаар;”