УИХ-ын гишүүн асан, шударга таван гишүүний нэг Ж.Батзанданг 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрээр хэвээр үлдээжээ.
Тодруулбал, аравдугаар сарын 7-ны өдөр Хөгжлийн Банктай холбоотой зээл тойрсон асуудлаар түүнийг шалгаж, баривчилсан бөгөөд уг хэрэгтэй холбогдуулан шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Харин шүүгчийн захирамжийг яллагдагч Ж.Батзандангийн өмгөөлөгч эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг аравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эмнэлгийн хяналтад байх шаардлагатай талаар хүсэлт гаргажээ.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр "Ж.Батзандан бид нар ер нь бол найзууд. Үзэл бодол нийлдэг, чиг барамжаа адил. АТГ-аас Ж.Батзандантай холбоотой асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татагдаад нэг сарын хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авлаа гэдэг шүүхийн шийдвэрийг би сонссон. Ж.Батзандангийн биеийн байдал ямар байгаа талаар би өмгөөлөгчөөс нь асуусан. Өнгөрсөн хавар хоёр удаа ходоод дурангийн болон өөр бас нэг хагалгаанд орсон юм билээ. Өөрөө хүсэлтээ гаргасан байна. Ж.Батзандангийн зүгээс "Ходоодны дурангийн хагалгаанд орсон учир шүүрч цус алдах магадлалтай байгаа тул эмнэлгийн тусламж үзүүлээч" гэдэг хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан гэх мэдээлэлтэй байна. Би өөрөө очсон болон холбогдсон зүйл огт байхгүй. Мэдээж хэрэг хууль сахиулах байгууллага шалгалтын ажил явуулаад эргээд мэдээллэх байх" гэсэн тайлбар өглөө.
Дашрамд, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Батзанданг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 232я дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан буюу мөрдөгчийг дарамталсан, сүрдүүлсэн, хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, мөн гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Энэхүү шүүгчийн захирамжийг яллагдагч Ж.Батзандангийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг Ерөнхий шүүгч өнөөдөр буюу 2022 оны аравдугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.