Өнөөдөр ТЦА-ны хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга Г.Отгонтамир "Сүүлийн үед осол гаргаж, дүрэм зөрчиж байгаа жолооч нарын насны байдал залуужсан. Мөн явган зорчигчид гарц дээр бэртэх байдал ихсээд байна" гэх мэдээллийг өгсөн.
Гэвч харамсалтай мэдээлэл зогсохгүй нь бололтой. Өчигдөр явган хүний гарцаар гарч байсан 13 настай хүүг том оврын машин мөргөж, амийг нь хохироосон ноцтой осол гарчээ.
Тодруулбал, өчигдөр 15:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутагт “Том оврын тээврийн хэрэгсэл хүүхэд мөргөчихлөө” гэх дуудлага, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагаар шалгахад, 44 настай, эрэгтэй "Мицубиши" маркийн ачааны тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар гарч байсан 13 настай хүүг дайрч, амь насыг нь хохироосон байна. Одоогоор хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.
Осол гаргасан ачааны тээврийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд мансуурсан байсан эсэхийг тогтоохоор шинжээч томилж шинжилгээний байгууллагад хүргүүлжээ.
Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж, дүрмээ ягштал биелүүлж оролцох үүрэгтэйгээ ухамсарлахыг анхааруулж байна.