Эрүүл мэндийн сайд С.Энхболд цаг үеийн асуултуудад хариулт өглөө.
Тэрээр "Тус газрын дэд захирлаар цагдаагийн байгууллагад 20 орчим жил ажиллаад, гавьяаныхаа амралтад суусан хүнийг энэ оны долдугаар сараас эхэлж ажиллуулсан байгаа юм. Мөн дээрээс нь өөрийнх нь хуулийн зөвлөх гээд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүнийг бас ажиллуулсан. Эдгээр хүнийг бүгдгийг нь ажлаас чөлөөлнө.
Тухайн байгууллагын дарга эдгээр хүнийг албан тушаалд томилсон. Эрүүл мэндийн сайд байгууллагын даргыг л томилдог. Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн эрүүл мэндийн байгууллагад ажиллана гэсэн тодорхойлолт байдаггүй. Ялангуяа тэр хүний эрхэлж байсан албан тушаал нь төлөвлөлт хариуцсан дэд захирал. Энэ албан тушаалд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан, эдийн засгийн суурьтай хүн ажиллах ёстой.
Түүнчлэн нэгдүгээр төрөх эмнэлгийн тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцож байгаа. Өнөөдрөөс эхлэн энэ байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Мөн энэ хүн сошилд тарсан бичлэгээс харахад ёс зүйгүй гэдэг нь харагдаж байна" гэлээ.
Мөн тэрээр өөрийн эхнэртэй холбоотой асуултад "Миний эхнэр эрүүл мэндийн салбарын хүн. Эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр мэргэшсэн. Ашиг сонирхолын зөрчил үүснэ гээд намайг сайд болоход ажлаа өгсөн. Би өөрийн гэсэн толгойтой хүн. Эхнэрээсээ асуух, зөвлөгөө авах зүйл надад байхгүй" хэмээн хариуллаа.