"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Д.Баярбатаас тус компанийн орлого, зарлагатай холбоотой зарим зүйлсийг тодрууллаа.
-“Эрдэнэс Монгол” ХХК 2022 онд хэчнээн төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн бэ?
-“Эрдэнэс Монгол” ХХК 2022 оны 9-р сарын 30-ны байдлаар ААНОАТатварт 2.2 тэрбум төгрөг, НӨАТ-т 1.5 тэрбум төгрөг, орон нутгийн төсөв болон нийгмийн даатгалын шимтгэлд 0.5 тэрбум төгрөг нийт 4.2 тэрбум төгрөгийг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Энэ бол зөвхөн манай “Эрдэнэс Монгол” ХХК-ийн тоо. Харин нэгдлийн хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар 2,5 их наяд төгрөгийн орлого олоод 1,7 их наяд төгрөгийн зардал гаргаад татвар төлөхийн өмнө ашиг 841 тэрбум төгрөг байна. Татварт эхний хагас жилийн байдлаар нэгдлийн хэмжээнд 223,1 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.
2022 оны эхний хагас жилийн байдлаар нэгдлийн хэмжээнд 618,1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай тайлан баланс гарсан. Үүнээс хамгийн өндөр ашигтай гарсан нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 515,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай гарсан. Үүний дараа Монголросцветмет ТӨҮГ 8,2 тэрбум төгрөгийн, “Эрдэнэс Тавантолгой” ХК 115,5 тэрбум төгрөгийн, “Эрдэнэс силвер ресурс” ХХК 2,8 тэрбум төгрөгийн, Эрдэнэс Оюу толгой 602 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Бусад охин, хараат компаниуд бүгд алдагдалтай гарсан. “Эрдэнэс Монгол” ХХК өөрөө 9,8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ бол өрийн асуудал. Төрөөс нэг удаа тэтгэврийн зээл тэглэсэн төлбөр “Эрдэнэс силвер ресурс” ХХК-иас манай компаниар дамжаад гарсан учир дээрх алдагдал харагдаж байгаа юм.
-“Эрдэнэс Монгол” ХХК Төсвийн хэмнэлтийн хуулийн хүрээнд хэчнээн төгрөгийн хэмнэлт гаргаад байна вэ?
-Компанийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, үр ашиггүй зардлыг бууруулах, нөөцийн оновчтой хуваарилалтын асуудал зайлшгүй тавигдаж байгаа бөгөөд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.3,15.2.4-т заасны дагуу зургаан төрлийн зардалд оны эхний зургаан сарын байдлаар нийт 381.3 сая төгрөгийн хэмнэлт хийлээ. Түүнчлэн өмнө нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниуд тус бүр өөрийн үйл ажиллагааг эрхлэхээр тус тусдаа оффисын түрээсийн ихээхэн хэмжээний зардлыг төлөвлөн, санхүүжүүлж ирсэн. Харин бид хэмнэлтийн хуулийн хүрээнд нийтдээ 344.6 сая төгрөгийн түрээсийн зардлыг хэмнээд байна.
-Танай компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирч байна уу, “Эрдэнэс Монгол” компанийн орлого, зарлагын талаар мэдээлэл өгнө үү?
-Өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр уртын нүүрс тээвэр зогссон, боомтын үйл ажиллагаа эрс буурснаас компанийн үндсэн үйл ажиллагааны орлого тасалдаж, өр төлбөр нэмэгдэн, зээлийн эргэн төлөлтөд нөлөөлсөн. Харин 2022 оны 05 дугаар сараас эхлэн уртын нүүрс тээвэр эхэлж, боомтын үйл ажиллагаа жигдэрч нүүрс тээврийн хураамжийн орлого нэмэгдэж 2022 оны эхний есөн сарын байдлаар борлуулалтын орлого 29.7 тэрбум төгрөгт хүрч орлогын төлөвлөгөөг 53 хувиар давуулан биелүүлээд байна. Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилласны үр дүнд 2022 оны эхний есөн сард нийт 30.2 тэрбум төгрөгийн зардал гарч төлөвлөгөөнөөс 5.8 тэрбум төгрөгөөр зардлын бууруулан хэмнэлт гарган ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
iToim.mn