Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Ерөнхий сайд болон түүнийг дагалдан яваа УИХ, Засгийн газрын гишүүд герман улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Энэ үеэр Улаанбаатар-Берлин чиглэлийн шууд нислэгийг дахин сэргээх боломжтой болж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт дараах мэдээллийг хийжээ.
Тэрээр "Ерөнхий сайдын ХБНГУ-д хийж буй айлчлалын хүрээнд тус улсад амьдардаг Монгол иргэдтэйгээ уулзлаа. Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх “Улаанбаатар-Берлин чиглэлд шууд нислэг явдаг болгож өгөөч. МИАТ компани 1995-2019 он хүртэл дээрх чиглэлд шууд нислэг үйлдэж байсан. Энэ нислэгийг сэргээж өгөөч” гэдэг хүсэлт тавьж байна.
Өмнөх нислэгийн чиглэлийг судлаар үзэхээр Москва-Берлин гэж нисэж байсан. Ингэхдээ Улаанбаатар-Москва, Москва-Улаанбаатар чиглэлд оросуудыг нэлээн зөөдөг байж. Тэгээд дамжаад Берлин рүү нисэж байсан. Энэ үед харьцангуй ашиг, орлоготой ажиллаж байсан. Харин Берлин-Улаанбаатар гэж нисэхээр алдагдалтай байдаг юм байна.
Төрийн өмчит компанид ашигтай ажиллах шаардлага тавьдаг. Тиймээс МИАТ компани алдагдалтай учраас нисэх боломжгүй гэдэг асуудал ярьж байгаа. Гэхдээ бид МИАТ компанийг Улаанбаатар-Берлин-Франкфурт чиглэлд нисэх боломж байгаа эсэхийг судалж үзнэ.
Хоёрдугаарт, "Mongolian airways" компани Улаанбаатар-Берлин чиглэлд нисье гэдэг хүсэлт тавьж байгаа. Тиймээс энэ нислэгийн томилгоог буюу Улаанбаатар-Берлин, Берлин-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрлийг ойрын хугацаанд шийднэ. Нислэгийн чиглэлийн зөвшөөрлийг аль болох хурдан хугацаанд олгоно. Мөн "Mongolian airways" компанийг Улаанбаатар-Берлин чиглэлд нисэх боломжийг бүрдүүлэх тал дээр дэмжиж ажиллана.
Гэхдээ энэ компани хэзээ нисэж эхлэх вэ гэдэг нь зөвшөөрлөөс үл хамааран тухайн компанийн хувийн асуудал болно. Ямартай ч сайдын зүгээр хурдан хугацаанд зөвшөөрлийг нь олгоно.
-Улаанбаатар-Берлин чиглэлд шууд нислэг явж эхэлсэн тохиолдолд тасалбарын үнэ ямар байх вэ?
-Code share буюу аяллын дугаар хувааж эзэмших гэдэг зүйл бий. Бид иргэний агаарын тээврийн либералчлалын асуудлыг ярьж байгаа гол шалтгаан нь энд байгаа. Энд юу яригдаж байна гэхээр Улаанбаатараас аль болох олон чиглэлд шууд нислэг хямд зардлаар хийдэг болох боломж бүрдүүлэх зорилготой юм.
Энэ хүрээнд Монголын өөрийн компаниуд нисэхээс гадна гаднын авиа компаниудтай аяллын дугаар хувааж эзэмшинэ. Өөрөөр хэлбэл, МИАТ-ийн тасалбарыг гаднын авиа компаниуд бичиж болдог, гаднын авиа компаниудын эрхийг МИАТ бичиж болдог болох юм.
Энэ чиглэлээр бид ойрын үед Турк, Герман, Японы төлөөллүүдтэй хамтарч ажиллана. Ингэсэн тохиолдолд мухар нислэг буюу нэг чиглэлд МИАТ компаниар хямд нисдэг хэр нь цаашаагаа задарч чаддаггүй асуудлыг code share хэлбэрээр шийднэ. Ингэх юм бол "Туркиш Эйрлайнс" компани хаа хүртэл нисэж байна. Тэр хүртэл ОМ гэсэн аяллын дугаараар Монголчууд маань хямд үнээр нислэг хийх боломж бүрдэнэ.