"Ид шидийн орон Дундговь"төслийн баг зүтгэсээр байгаад барилгынхаа ажлын ард гарчээ. Өнөөдрөөс эхлэн ирэх даваа гариг хүртэл (2022.10.12-2022.10.17) төслийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах юм байна. Энэ тухай "Лантуун дохио" ТББ-аас өөрийн соошил хуудсаар дамжуулан илгээсэн урилгыг нийтэлж байна.
“Лантуун дохио” ТББ-аас санаачлан хэрэгжүүлдэг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн гурав дахь салбар “Ид шидийн орон Дундговь” төв үүдээ нээх гэж байна. Энэ төсөл нь орон нутагт хэрэгжиж анхны жишиг төв бөгөөд 2022 оны 03 дугаар сард 21 аймаг руу тендер зарлаж, гурван шатны шалгаруулалтаар Дундговь аймаг шалгарсан. Төслийг Гэрэлтдэг ертөнц ТББ-ын залуус, Лантуун Дохио ТББ-тай хамтран босгосон юм.
Бид төслөө 2022 оны 05 дугаар сарын 01-ны өдөр эхэлж одоогоор барилга бүтээн байгуулалт 95%, санхүүжилт 85%-тэй үргэлжилж байна. Орон нутгийн анхны төвөө нээх гэж буй нээлттэй өдөрлөгийн зорилго нь эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл дэмжсэн, төсөлд хандив өргөсөн олон мянган хандивлагчдадаа талархах, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа нээлттэй дэлгэн үзүүлэх юм. Мэдээж тус арга хэмжээ хүн бүрд нээлттэй бөгөөд 10 сарын 12-16-ны хооронд өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд буюу 5 өдөр үргэлжилнэ.
Бид ердөө энэ оны 05 дугаар сард тоос бужигнасан хоосон газар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд ердөө таван сарын дотор барилгын танилцуулга хийх хэмжээнд хүрч ирээд байна. Хөтөлбөрийн хувьд аль ч өдөр ямар ч цагт ирсэн яг адилхан агуулгатай ба Ид шид хэрхэн бүтсэн бэ ? цуврал баримтат кино, баримтад гэрэл зургийн үзэсгэлэн олон мянган номтой “Шидэт кафе” болон бусад бүтээн байгуулалтыг үзэж сонирхох боломжтой. Мөн та ид шидтэй ах эгчээр бүртгүүлэн, хандивын худалдан авалт хийж Ид шидийн орныг дэмжээрэй. Ид шидийн орон Дундговь төв баригдсанаар 4000 хүүхэд 6 чиглэлийн 18 төрлийн сургалт, 10 төрлийн хөтөлбөр, клубт хамрагдах боломж, нөхцөл бүрдэж байна. Барилгын бүтээн байгуулалтаас гадна бүрэн хэмжээний тоглоомын талбай, спортын талбай, 10000 гаруй модтой төгөл зэрэг маш чухал хөрөнгө оруулалтыг олон нийтийн дэмжлэгтэйгээр бүтээлээ. Тус төслийн бодит өртөг нь нийт 953 сая төгрөг бөгөөд дотор тохижолттойгоо хамт 100 хувь бүрэн хийгдэж дуусахад одоо 87 сая төгрөг дутуу байна.
Бид байгальд ээлтэй эко байх, мөн илүү зардал гаргахаас татгалзан ийнхүү цахим урилаа илгээж байна. Маш их баярлалаа ! Хүүхэд бүхэн инээнэ Ид шидийг бүтээнэ.
Ташрамд, эрхэм нүүр номын найзууд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдагууд та бүхнийг энэ гэрэл гэгээтэй мэдээг түгээж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Холбогдох утасны дугаар
Лантуун дохио ТББ-тай холбогдох бол Ганбаяр 94222888
Ид шидийн орон Дундговь Санжаасүрэн 88597575
Хаяг – Дундговь аймаг Сайнцагаан сум 7 дугаар баг Зоогийн 1-ийн 101