Өнөөдөр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Энэ жил тус өдрийг “Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн нийтийн тэргүүлэх чиглэл болгоцгооё” уриан дор өнгөрүүлж байна.
Хэдхээн жилийн өмнө би хүмүүсийг юу болохгүй байгаагаа яриад хэлээд өгөөсэй, гунигтай, гутралтай байгаагаа хажуудахтайгаа ярилцаасай гэж боддог байв. Орчлонгийн салхинд овоо хэд илбүүлсний дараа “аа, сэтгэлийн шарх, сэтгэцийн эрүүл мэнд гэдэг аманд багтаад, ил гарчихад бэлэн зэлэн зүйл биш юм байна” гэдгийг мэддэг болов. Зигмунд Фрейдийнхээр далайн ёроолоор нил тархсан бидний үл ухамсар гээчид бүх юмны учиг, тэр тусмаа сэтгэлийн утас хадгалаастай байгаа. Тэрийг тэр болгон хэн хүнгүй би ийм дутуу дулимаг болохоор, надад ийм комплекс асуудал байгаа болоод гээд тайлбарлаж ойлгож ярьж хэлж чаддаггүй. Нөгөө талаас биднийг хүрээлэн буй нийгмийн юм бүхэн бидний зан ааш, аяг аалинд нөлөөлж, хүч үзүүлж, жин дардаг. Үүнийг Фрейдөөс өөр нэг урсгалыг үндэслэгч Альфрэйд Адлер үзэл номлолоороо тайлбарлан өнөө хүргэжээ.
Анагаахын төвөгтэй нэр томъёо, сургааль сургуулийг түр хойш нь тавиад гол яриандаа ороход сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг нийтийн тэргүүлэх чиглэл болгох нь өөрөө өөрийгөө нэгдүгээрт тавихтай адил агаар нэг, чухал зүйл шүү. Одоогийн бидний амьдралд “хувь би” маань биш бусад хүмүүс л овоо их орон зай эзэлнэ. Тэр маань хоолтой ундтай яваа болов уу, энэ маань ажил хичээлдээ хоцролгүй очоо болов уу, замын түгжрэл яах билээ, ажиллаад авдаг тав гурван төгрөг маань амьдралд хүрэх билүү үгүй билүү гээд өдөрт боддог төдий олон зүйлийн маань өдий их нь өөр бусдын тухай, ихэнхдээ эхлэлгүй мэдээж бас төгсгөлгүй стресстэй бодлууд байдаг.
Гэтэл шижир үнэндээ чи өөрөө энэ амьдралынхаа хамгийн чухал зүйл, чамд яаж мэдрэгдэх, чи юунд дуртай байх, чамд хаана тухтай санагдах, чи хэний, юуны хажууд амар тайван мэдрэх вэ гэдэг нь асар чухал. Аар саар зүйлд стресстэж яваад амьд яваан утга учраа бид заримдаа анзааралгүй зэврүүлчихэж мэдэх шүү дээ. Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын тухай гэчихээр энэ хорвоо дээр би яагаад төрөө вэ, утга учир маань юу юм болоо гэж бодох урт урт бодол, амьдрахуйн хямралд өртнө гэдэг утгатай биш. Эсрэгээрээ энгийнээр надад сэтгэл гэдэг эрхтэн бий шүү гэдгээ мэдэх, тэр сэтгэл нь ийм дутуу, тийм илүү бий шүү гэдгээ хүлээн зөвшөөрөх тухай юм л даа. Сэтгэл гэдэг эрхтний тухай мэдэх, хүлээн зөвшөөрөхийн үндэс нь мэргэжлийн мэдээлэл, практик туршлагаар өөрийгөө цэнэглэх шүү.
Та бүгдийг сэтгэцийн эрүүл мэндэд анхаарлаа хандуулж, мэдээ мэдээллээр өөрийгөө цэнэглэж байхыг, өөр өөр рүүгээ өндийж байхыг хүсье.
Б.Бүжлхамаа