УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсад айлчлах үеэрээ Конгресс дэх Америк-Монголын бүлгийн хамтран даргалагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн хатагтай Дина Тайтустай уулзлаа.
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд 2022 оны 8 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод зохион байгуулсан Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департмент хоорондын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар стратегийн яриа хэлэлцээ болон Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг улам бататган бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээх асуудлаар ярилцлаа.
Түүнчлэн "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын талаар товч танилцуулж, энэ хүрээнд Монгол, Америкийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүний дотор АНУ-тай эрчим хүчний хамтын ажиллагаа, хүнсний аюулгүй байдал, цахим болон харилцаа, холбооны аюулгүй байдал зэрэг болон бусад чиглэлд нягт хамтын ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар энэ үеэр, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчин, Дотоодын аюулгүй байдал, Гадаад хэргийн хорооны гишүүд Монгол Улсад айлчлахдаа УИХ-ын дарга болон гишүүдтэй уулзаж, эдийн засаг, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламент хоорондын оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд нэн чухал алхам хийснийг тэмдэглээд Улсын Их Хурал, Байнгын хороодын зүгээс тус улсын Конгресс, Америк-Монголын бүлэгтэй нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Төлөөлөгчдийн танхимын гишүүн, хатагтай Д.Тайтус хоёр талын харилцааг өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлж, Монгол Улсын эрчим хүчний салбарыг шинэчлэх, сайн засаглалыг дэмжих зорилгоор АНУ-ын зүгээс 3 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг олгох болсныг мэдэгдлээ хэмээн Хууль зүйн байнгын хорооны ажлын албанаас мэдээллээ.