АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески нутаг буцаж байгаа билээ. Тэрээр нутаг буцахаасаа өмнө өөрийн твиттер хуудаснаа “Монголд ажиллаж амьдрах боломж олдсон нь Элоиса бид хоёрын хувьд олон талаараа аз завшаантай хэрэг билээ. Энэ гайхалтай аяллынхаа төгсгөлд “Баярлалаа” гэх талархлын үгсийг л хэлэх үлджээ” хэмээн жиргэсэн юм.
Мөн тэрээр монголчуудад хандан гэргий Элоисагийн хамт сэтгэлийн үгээ илэрхийлсэн бичлэг бэлтгэжээ.
Майкл С.Клечески "Дипломатч нар дэлхий даяар томилогдон ажилладаг. Бидний хувьд энэ удаагийн томилолт маань Монгол Улсад байсан нь маш азтай хэрэг юм. Учир нь бид адилхан ардчилсан улсууд учраас Монголын ард түмэнтэй хамтын үнэт зүйлс ихтэй. Монгол орон маш үзэсгэлэнтэй учраас бид азтай. Бид шинэ зүйл олж нээж, сурах их дуртай. Бас монголчууд үнэхээр найрсаг, сайхан сэтгэлтэй хүмүүс учраас бид азтай. Тиймээс энд гурван жил гаруй хугацааг гайхалтай сайхан өнгөрүүлсэндээ талархалтай байна. Та нартаа маш их баярлалаа” гэсэн юм. Харин түүний гэргий Элоиса “Биднийг гар дэлгэн угтаж авсан та бүхэндээ баярласнаа илэрхийлж, дахин уулзахын ерөөл дэвшүүлье. Бид олон сайхан найз нөхөдтэй болсон. Бид танай соёлын талаар их зүйлд суралцаж, олон ч аймгаар зочилсон. Баярлалаа" гэжээ.