Хямралд дасах аюул
Дэлхийн янз бүрийн бүс нутгуудад удаан нүүрлэсэн хямралуудыг судласан эрдэмтэд сонин дүгнэлт хийжээ. Афганаас эхлээд, Сирийн, Ливийн гэхчлэнгийн дуусахаа больсон шилжилт, төгсөхөө мартсан хямралуудад нийтлэг нэг шинж харагдсан байна.
Хямрал өөртөө таарсан бизнесийн орчин бий болгодог. Зэвсгийн наймаанаас эхлээд хүмүүнлэгийг тойрсон үйлчилгээ, тусламжийн барааг болон хүмүүнлэгийн элч нар, янз бүрийн хэлэлцээрт оролцогчдын аюулгүй байдлыг хангах секурити үйлчилгээ гээд маш том бизнесийн орчин шинээр үүсч асар их мөнгө эргэлддэг. Тэр орчинд татагдан орсон улс төр бизнесийн бүлэглэлүүд таатай орчноо хамгаалах сонирхолтой болоод явчихдаг болохыг ажиглагчид олж харжээ.
Хэдэн жилийн өмнө, Афганистанд очих элч төлөөлөгчид хийгээд тусламжийн цувааны аюулгүй байдал хариуцдаг секурити үйлчилгээ хариуцсан компанийхэн талибанчуудтай нягт хамтарч, орлогоо хуваадаг тухай шуугиан дэгдээд намжсан нь нэгийг өгүүлэх мэт.
Иймэрхүү, хямралд ээнэгших үзэгдлээс салахад хэцүү,нөхцөл байдлыг аажмаар шийдэх бараг бололцоогүй ажээ. Түүний оронд эрс шинэчлэл, хувьсгалын шинжтэй огцом эргэлтээр л “хямралд ээнэгших” үзэгдлийг давахаас өөр замгүй. Жишээлэхэд, Америкчууд гэнэтийн, олныг гайхшруулсан шийд гаргаж Афганистаныг орхин гарсан нь, мөнөөх “хямралыг ээнэгшил”-аас гарах цор ганц замыг сонгосон нь тэр бололтой.
Манай орон ч бараг сүүлийн гучаад жилд “шилжилт” хэмээх ерөнхий нэртэй хямралд явж байна.Улс төр нийгмийн тогтолцооны шилжилтээс эхлээд, дэлхийн эдийн засгийн хямрал, цар тахлын хорио,түүний араас залгах “Постковидсиндром”, хөрш орны дайны байдал (өөрсдийнх нь хэлээр бол “Аугаа их Эх орны тусгай ажиллагаа” гэмээр ч юм уу)-аас хамаарсан дарамт гэхчлэн үргэлжилсээр байна. Бид хөгжлийн шинэ шатанд гарахын оронд хямралын өөр, өөр үеүдийг дамжиж явна.
Ардын үгэнд “Тамын амьтан тамдаа жаргалтай” гэж гардаг шиг бид ч сүүлдээ хямралын байдалдаа дасаад байна. Гучаад жилийн хямрал нь бас л өөрийн гэсэн эдийн засаг, бизнес, амжиргааны таатай орчин бий болгосон байх юм. Зөвхөн эрх баригчид, олигархиуд л хожоод байгаа юм биш. Жирийн иргэд ч гэрэл цахилгаанаа улсаар даалгаж, түлшнийхээ үнийг хөнгөлүүлж, урьд урьдынхаасаа илүү халамжинд дасч байна. Цаашдаа “Энэ ковид больчихвол яаж амьдрах болж байна” гэж асуумаар ч байгаа. Ер нь, ковид ингээд алга болчихвол ирэх өвөл, өөрсдийгээ дулаацуулах дулаан цахилгааныхаа мөнгийг өөрөөсөө гаргана гэхээр нэг л онцгүй, нэг тийм тонуулж байгаа мэт бодогдоод эхэлж байгаа биз дээ. Уг нь өөрсдөө хариуцаад л ирсэн хувийн зардал шүү дээ. Хамгийн аймаар нь бид хямралд дасч, хямралдаа ээнэгшиж байгаад оршино.
Эндээс ямар дүгнэлт гарч байна гэхээр, “хямралаас гарах тухайд биш, тохирсон таарсан засвар хийж түүнийгээ үргэлжлүүлэх” чиглэлээр явж байна, манай улс.
Энэ чигээрээ явбал, ковид дуусснаас хойш ч, Орос-Украйны хооронд энх тайван тогтлоо ч тэр, уул уурхайн хөгжлийн шинэ эрингээ утгаар нь эхлүүлсэн ч ялгаагүй бид хямарсаар явах юм байна. Учир нь манай олон бизнес, эрх баригчдын стратеги тактик, тэр бүү хэл жирийн иргэдийн амь зуулгын менежмэнт ч хямралдаа дасч, хямралдаа ээнэгших замаар хөгжиж байгаа юм.
Хямралаасаа салах дургүй хүн олон, гэхдээ ингээд явбал улс мөхнө. Үлгэрлэвээс, хорт хавдрыг үсэрхийлээгүй дээр нь авч хаяхын оронд өвчин намдаах эм уун түр зуур өөрийгээ хууран, үхлээ хүлээхтэй агаар нэг юм. Хуучны нэгэн явуургатай үгэнд “Өвчин, эзэн хоёр бие биедээ янаг” хэмээн өгүүлдэг нь увайгүй юм шиг атлаа үнэний ортой.
Дассан хямралаасаа салахад эрс шийдмэг, хувьсгалын чанартай шинэтгэл л хэрэгтэй. Манайхан хувьсгал чанартай алхам гэхээр төрөө эргүүлэх, засгийн эрх булаах аятай юм боддог. Хувьсгалын шинжтэй алхмыг хуулийн хүрээнд, хуулиар олдсон эрх мэдлийн хүрээнд хийж болдог. Яг л Афганистанд өчнөөн жил дайтаж, баахан тусламж өгч өгчихөөд гэнэт нэг өглөө зэвсэг техникээ хүртэл хаяад гараад явсан Америк шиг тийм шийдмэг, гэхдээ хууль ёсны алхам үгүйлэгдэж байна.
Ард түмэнд “Бид эрх чөлөөнөөс чинь өөр юунд ч баталгаа өгөхгүй. Өөрсдөө амьдарцгаа” гэж хэлэх засаг, “Бид юуг ч сайжруулахгүй, харин өөрчилнө” гээд зориглох хөтөлбөрөөс өөр юу ч бидэнд туслахгүй энэ цагт зоримог шинэтгэл л хэрэгтэй
Ковид зогслоо л түүний үлдээсэн хямрал жинхэнэ утгаараа эхэлж байна. Хүнд өвдөөд эдгэрсэн хүний бие сэтгэл удаан хямарч, тамир тэнхээ алдсан хэвээрээ явдаг шиг үе түүний араас залгаж байгаа юм. Улмаар Орос- Украйны дайнаас үүдсэндэлхий дахиныг дайны нөхцөл байдлын дарамт Ковидын араас нөмрөн орж ирлээ. Эдгээрээс үүдсэн “ерөнхий хямрал”-ын үед нөхцөл байдлыг хөнгөвчлөх эмчилгээ хийсээр байдгаараа үлдвэл, ар араасаа залгах хямралынхаа орчилд “Орчлонгийн хүрдэнд эргэлдэх” лүгээ адил үлдэнэ.
Харин, давхар давхар хямралын шийдлийг хувьсгалын шинжтэй эргэлт болгоод гучин жил мөрөөдсөн үндэсний сэргэлттэйгээ золгож бас болж байна.
Ямар ч засгийн газрыг шийдмэг алхам хийхэд саад болсоор ирсэн өөр нэг шалтгаан бий. Тэрнь бидний итгэл үнэмшлээс үүдсэн төөрөгдөл. Итгэл, үнэмшил нь нэг талаасаа хүний мөн чанарыг тодорхойлдаг сайхан чанар боловч нөгөө үзүүрээсээ төөрөгдөл, догм үүсгэж үүсгэж байдаг.
Жишээлэхэд, улс төрийн намын гишүүдийн итгэл үнэмшил. Манайд өөртөө “үнэн социал- демократ”, “Яг либерал”, “гарцаагүй баруун”, “Яахын аргагүй зүүний баримжаатай” хэмээн нэр цол өгсөн намууд байдаг ч яг өөрийн гэсэн үзэл санаатай нам үгүй. Аль ч намын улаан дэмжигчээс очоод, намынх нь улс төрийн чиг баримжааг асуухад “Манай нам бол угаасаа ардчилагч”, “Манай нам хамгийн их түүхтэй”, “Миний нам улс орондоо их юм хийсэн” гэх мэтээс илүү юм хэлэхгүй дээ.Үнэндээ бол, баруун аймгийнхан нөлөөтэй, зүүн аймгуудад хүчтэй нам л байгаа. Элэнцгийнх нь баруун, зүүний үзэл !
Ийм болохоор ямар ч сонгууль бидний хувьд улс орны хөгжлийн замыг тодорхойлох алхам биш, харин “өөрийн бөх түрүүлэх” тэмцээн наадам төдий болоод өнгөрдөг. Хүлээдэг үр дүн нь ч амьдралын дэвшил биш, харин наадамд нутгийн бөх, намын “бөх” түрүүлснээс авдаг сэтгэлийн таашаал хавьд.
Эндээс үүдээд, төрөөс хийж байгаа аливаа шинэчлэл, алхмыг зөв шударга болж байгаа эсэхийг манай сонгогчид эргэцүүлдэггүй. Харин манай тал хийсэн үү, “дайсны бөх”-ийн мэх үү гэдгийг л мэдэхийг хүсдэг. Хүний талынх эхлүүлсэн бол өөрт мянга ашигтай байгаад нэмэргүй, нураалцах үйлст ханцуй шамлан орох жишээний.
Улс оронд хэрэгтэй маш олон шинэчлэл, бидний амьдралыг шинэчилж болох байсан алхмууд ийм үзэл санааны золиос болон нурж унасан.
(Бүтээсэн эздээ сүйдлэнгээ алдсан ч өөрөө тэсээд үлдсэн Оюутолгой төсөл яагаад бүрэн сөнөчихөөгүй үлдсэн бэ гэхээр ийм юм. Ардын намын С.Баяр, Ардчилсан намын С.Баярцогт хоёр оройлсон, хоёр намын эвслийн засаг хийсэн учраас л гол намын гишүүдэд “яалтч үгүй манай талын ажил” болж таараад тэссэн хэрэг шүү дээ)
Төрөө, засгаа өөрчлөхийг хүсч байгаа бол бид эхлээд өөрчлөгдөх ёстой болж байна. Манайхан юм бол “Японы сайд ийм алдаа гаргаад уучлал огцорлоо. Хэзээ манай сайд нар ийм болох вэ”, “Шведэд улс төрчид нь ийм байдаг” гэхчлэн халагладаг. Үнэндээ бол тэдний улстөрчдийг үүнээс өөрөөр байх аргагүй болгодог ард түмэн цаана нь байдаг. Хэрвээ тэднийг монгол сонгогчдоор солих юм бол мөнөөх гайхалтай ариун улстөрчид чинь дорхоо банкаа идээд, хамуу “ждү”-ндээ баригдаад авна. Мөрийцсөн ч алдахгүй гэдгийг давтан хэлэхдээ таатай байна.
Бид улс орныхоо толгой талыг өөрчлөх хэрэгтэй, ингэхийн тулд илүү холыг харах учиртай болоод байна. Тэгэхгүй бол цаадуул чинь бидний харааны талбайд тааруулж тоглоод байна.
Хүсэн хүлээсэн шинэтгэлийг хийж, бидэнд хэрэгтэй авралын хаалгыг нээх боломж зөвхөн миний дэмждэг нам, дэмждэг хүмүүст л олдох учиртай юм шиг бодож явсан маань ч төөрөгдөл ажгуу. Мөрөөдөл биелүүлэх хүн нь заавал манай өнөө хэн байх ямар албатай юм бэ?
Хөгжингүй орнуудын тусламж, дэмжлэг ч гэсэн “тус хэрэгтэй”-д нь гэхээсээ илүү “туслахад урамтай” руу нь чиглэх боллоо. Афганистанд үргүй тусалсаар урам хугарсан Америк болон баруун өнөөдөр Украинд ямар их урам зоригтойгоор гараа сунгаж байгааг хар л даа!
Б.Цэнддоо /baabar.mn/
Гэрэл зургийг Г.Аргуужин