МАН-ын дарга асан У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа буюу өнгөрөгч есдүгээр сард “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан билээ. Манай дарга нар, яам, агентлагийн албан хаагч нар хөтөлбөрийн логотой хүрмээр гангарч, нэг хэсэг зураг татуулсныг уншигчид санаж байгаа байх. Хөтөлбөрөөсөө биш, хүрэмнээсээ болоод шүүмжлэлд өртөж байсан “Тэрбум мод”-ныхон энэ хавар дахин “амь орж”, төрийн байгууллага, албан хаагчид олноороо мод тарьж эхлэв. Угаасаа Ерөнхийлөгчийн суудалд суусан хүн бүр л өөрийн гэсэн ямар нэг өв үлдээх гэж зүтгэдэг.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үлдээсэн өвийн нэг нь жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь бямба гаригийг бүх нийтээр мод тарих өдөр болгон зарласан явдал. Энэ хөдөлгөөн өрнөсөөр даруй 12 жил өнгөрч. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр манай улсын ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ сүүлийн таван жилд 0.2 хувиар нэмэгдэж, нийт газар нутгийн 8 хувьд хүрчээ. Арав гаруй жил тарьж, ургуулсны үр дүнд шүү дээ. 2005 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрын эхлүүлсэн “Ногоон хэрэм” хөтөлбөрөөс тоолбол 17 жил өнгөрсөн байна. Мод тарина, ургуулна гэдэг хавар нь суулгаад намар нь хураадаг ургацтай адил биш. Хамгийн багадаа арав, цаашлаад хорин жилийн уйгагүй хөдөлмөр шаарддаг. Үүний дараа л суулгасан мод өөрөө бие дааж ургах чадвартай болдог.
Атал салбарын яамнаас 2024 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6 хувь, цаашлаад 2030 он гэхэд 9 хувьд хүргэх зорилтууд тавьж байгаа гэв. Өмнөх жилүүдийн хүрсэн үр дүнтэй харьцуулбал хэд нугалсан том тоо. Монголчууд жилд дунджаар 1.2 сая мод тарьдаг гэсэн албан бус тоо байдаг аж. Нийслэлд гэхэд энэ жил 228 мянган мод тарина гэж байна. Энэ ч гэсэн том тоо(өнгөрсөн онд 19 мянгыг тарьсан), хэрвээ ургадаг бол шүү дээ. Үүнээс хэд нь ургадаг, эсвэл ургах боломжтой вэ гэдэг бас өөр тоо. Ерөнхийдөө бидний хувьд ургуулахаасаа тарихыг урьтал болгодог, ургуулсныг нь биш, тарьсныг бүртгэж ирсэн нь ч гэсэн бодит байдал.
Юутай ч 2005 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрын эхлүүлсэн “Ногоон хэрэм” хөтөлбөр 16 жилийн дараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн малгай дор “Тэрбум мод” хөтөлбөр болон өргөжиж байна. “Ногоон хэрэм”-ийг "Тэрбум мод"-оор аврахаар болов. Аль аль нь манай өөрсдийн гэхээсээ өмнөд хөршийн маань шаардлага, шахалтаар үүсгэгдсэн зүйл л дээ. “Ногоон хэрэм” хөтөлбөрийг эхлүүлэх үед Монголын орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан цөлжилт, хуурайшлаас үүдэлтэй шар шороон шуурга буюу түйрэн Хятадын хойд мужуудыг бүрхэж, экологийн хувьд хөнөөлтэй болж ирсэн учир Хятад улс хойд хилээ дагуулан ойжуулах ажлыг эрчимтэй явуулж эхэлсэн. Тэгсэн ч Монголын нутгаас ирж буй шороон шуургыг хазаарлах боломжгүй байсан учраас манайд үлэмж хэмжээний хөнгөлөлттэй зээл, тусламжийг амласны хариуд манайх “Ногоон хэрэм” хөтөлбөрийг эхлүүлсэн хэрэг.
Сүүлд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөтөлбөрийг санаачилсан явдал ч гэсэн Хятад улсад албан ёсны айлчлал хийгээд ирсний дараа болсон зүйл. Ард нь мэдээж санхүүгийн асуудал дагалдаж яваа. Тэгэхээр “Тэрбум мод” хөтөлбөрийг үр дүнд хүргэх нь зөвхөн төрийн тэргүүний хувьд үлдээх өв, хувь улстөрчийн амбиц биш байх ёсгүй. Найрсаг харилцаатай хөрш улсынхаа өмнө авсан амлалт юм.
Өөрөөр хэлбэл, бид хичнээн мод тарьж, хэдийг нь ургуулж чадах вэ гэдэг ганц манай улсын байгаль экологитой ч холбоотой биш, хоёр улсын эрх ашиг, харилцааны асуудал. Нэг үгээр “нүглийн нүдийг гурилаар хуурч” болохгүй шүү, ард нь заавал үр дүн байх ёстой гэсэн үг.
Б.ЗАЯА