Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн долоо хоногт амласан амлалтандаа хүрч өчигдөр хотын төв талбайд “Эх орноо Белорусс болгохгүй” эсэргүүцлийн цуглаан зохион байгуулав. Сайтар бодоод үзвэл цуглааны зорилго нь Путины хийж буй дайн, эсвэл Путиныг өөрийг нь эсэргүүцэхэд биш, харин Монголд шургалсан Путинчдыг Монголын төр, Монголын улс төрөөс хол байлгахад чиглэгдсэн гэдгийг анзаарч болно.
Тэр өчигдөр болсон цуглаан дээр АН үнэт зүйлийн суурь нь үндэсний эх оронч үзэл юм болохыг сануулаад “Путины Украин руу халдсан түрэмгийлэл дэлхийн ардчилалд зарласан дайн, хөрш зэргэлдээ ардчилсан жижиг улсуудын ардчиллыг устгах зорилготой болох нь өдөр ирэх бүр тодорхой болж байна. Путин хөрш жижиг улсуудад дарангуйллын дэглэм тогтвол өөрт нь дуулгавартай захирагдах дагуул тоглоомын улс болно гэж Беларусийн туршлагаас олж харсан. Тиймээс монголчууд улс эх орноо Белорусс шиг болгохгүйн тулд хатуу тэмцэх ёстой. Х.Баттулга өөрийн эрх ашгийн төлөө олон Путинг сөрөг хүчин болгож ашиглаж байна. Путины гар, хөл болсон Х.Баттулгыг Ардчилсан намаас зайлахыг бид шаардсаар байх болно” гэсэн юм.
Цуглааны үеэр АН-ын гишүүд ардын хувьсгалын дараа Зөвлөлтөд цаазлагдсан Монголын Ерөнхий сайд /Д.Бодоо, А.Амар, С.Данзан, П.Гэндэн/ нарын хөргийг Хэлмэгдэгсдийн хөшөөны өмнө байрлуулж, хүндэтгэл үзүүлсэн билээ. Гэвч энэ үеэр цуглааныг эсэргүүцсэн хэсэг залуус үймээн дэгдээж, Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам руу гурил цацаж “дэггүйтсэн” нь уур амьсгалыг хурцатгав. Эсэргүүцэгчдийн нэг нь “Орос оронгүй Монгол Улс хэзээ байсан юм. Оросууд 1921 онд манжийг хөөгөөгүй бол Монгол Улс тусгаар тогтнох байсан уу?” хэмээн ярьсан нь бүр ч их эмзэглэл төрүүлэв.
Одоог хүртэл монголчуудын зарим нь Оросыг “ах дүү орон” хэмээн эндүүрч явдаг, тэр нь бүр залуу үеийн тархинд бат суусан гэвэл эндүүрэл болох биз. Харин ингэж итгүүлж үнэмшүүлэх сонирхолтой улстөрчид байсаар байгаа нь бол бодит зүйл юм. Тухайлбал, цуглаан болохоос хоёр хоногийн өмнө буюу тавдугаар сарын 9-ний өдөр ерөнхийлөгч асан Х.Баттулга ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн нь “хазгар хүүхэн хадамсаг” гэгчийн үлгэр болов. (Өмнө нь 2019 оны есдүгээр сард Ерөнхийлөгч байхдаа Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үед хамтдаа цэцэг өргөж байв) Ялангуяа, өнгөрөгч ням гаригт ОХУ-ын Элчин сайдын яамнаас Ялалтын баярыг угтан парад зохион байгуулсны дараа.
Тусгаар тогтносон улсын нутаг дэвсгэрт гадаад улсын ЭСЯ ялалтын парад явуулна гэдэг Монгол Улсыг илтэд дорд үзсэн явдал. Шуудхан хэлэхэд өдөөн хатгалга. Гэтэл энэ улсын тэргүүн байсан хүн өөрөө тэр үйлдлийг нь зөвтгөсөн, илтэд дэмжсэн үйл ажиллагаа явуулсан нь “муу дээр муухай, муухай дээр улцан” гэдэг болов. Тэгээд үүнийгээ ОХУ-ын Украинд хийж буй дайныг ээргүүцэж буйгаа эхнээс нь зарласан АН-ын нэрийн өмнөөс хийсэн нь байдлыг улам хурцатгасан билээ. Харамсалтай нь түүний энэ үйлдэл анх удаагийнх биш гэдгийг эх сурвалж хэлсэн байна. 2014 онд ОХУ Украйны газар нутагт халдан довтолж, Крымын хойгийг эзлэн түрэмгийлэх үеэр Монгол Улсын Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга энэхүү ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлэн ярилцлагыг Оросын хэвлэлд өгч байжээ. Тухайн үедээ гадаад харилцааны нэг цонхны бодлого, дипломат ёсыг зөрчсөн хэсэг шуугиад өнгөрсөн ч өнөөдөр дахин давтагдахад хүрэв.
Ер нь бол өнөөдрийг хүртэл манай монголчууд, тэр дундаа манай улстөрчид дэлхийн хоёрдугаар дайныг “аугаа их эх орны дайн” хэмээн ярьж хэлсээр, төөрөлдсөөр ирсэн байдаг. Нэг ёсондоо хоёр иргэншилтэй мэт явж ирсэн гэсэн үг. Харин сүүлийн үед “Эх орны дайн гэдэг чинь Оросын ард түмний л хэлэх үг юм шүү” гэдэг үзэл газар авч байгаа ч одоо хэр нь өөрөөр томьёолж хэлж чадахгүй яваа нь үнэн. Гэсэн хэдий ч Х.Баттулгын одоо хийж буй хорлон сүйтгэл бол үүнээс огт өөр зүйл юм. Чухам юуг зөгнөсөн болохыг нь тааварлахад ч бэрх.
Монгол Улс хоёр том хөрштэй. Тиймээс өөрийн орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хамгаална. Энхийг эрхэмлэж, төвийг сахисан гадаад бодлого явуулна гэдгээ дэлхий нийтэд зарласан. Гэтэл энэ дайн ганц Орос биш, дайн дэлхийд нийтэд сөргөөр нөлөөлж байгаа. Орост бол бүр ч халтай тусч байгаа нь ч үнэн. Орос орон бүрэн ганцаардсан нөхцөлд дайнаа үргэлжлүүлж байгаа. ОХУ-ын эсрэг тавьсан бүхий л хориг арга хэмжээнүүд эдийн засагт нь нөлөөлөөд эхэлчихсэн. Тиймээс Э.Бат-Үүл нарыг “Эх орноо Белорусс Болгохгүй!” гэдэг айдас харин бодитой зүйл юм.
Б.СЭМҮҮН