Хүний нийгмийн зарим нь байгальд бэлэн ургасан жимс ургамал түүж идэн амьдардаг байсан бол зарим нь хамтарч ан хийсээр ирсэн. Түүхэнд энэ үеийг түүгч анчидын үе ч гэдэг. Иргэншил бий болох хүртэл энэ үе үргэлжилсэн. Аяндаа хүмүүсийн ан илүү том, илүү аюултай болох тусам тэд улам илүү хамтарч ажиллаж, илүү сайн зэвсэгтэй болох хэрэгтэй болсон. Энэхүү ан гөрөө хийх ур чадвараас дайнч ур чадвар урган гарч ирснийг морь унаж ан хийх ур чадвараа бусад хүмүүсийн эсрэг хэрэглэсэн нүүдэлчин хүмүүсийн түүх харуулдаг.
Нүүдэллэгч омгийнхон суурин нийгмийг байлдан эзэлж байсан явдал Тангуд, Хитан, Хүннү, Зүрчин, Ари, Монголчууд, Викингчүүдийн давалгаагаар түүхэнд үлдсэн юм. Германы төр улс ч мөн ийм байдлаар байгуулагдсан. Үүнээс үүдэн хамгийн анхны төр улс яг ийм маягаар байгуулагдсан уу гэдэг асуулт юм.
Хитан, Тангуд, Зүрчин, Монголчууд цөм Хятадын газар нутгийг байлдан дагуулсныхаа дараа эцэст нь Хятадын төрийн инстүүцийг бэлнээр авч хэрэглэж байсан ч тэдний аль нь ч хойноо үлдэцтэй томоохон улс төрийн эерэг өв үлдээгээгүй юм. XIII зуунд Монголчууд дэлхийн талыг эзэлж Хятад, Перс, Араб, Түрэг, Армян, Гүрж, Солонгос болон католик ертөнцийн зүүн хэсгийг эзэлж зарим иргэншсэн хэсгийг нь зуу зуун жил ноёрхож байсан авч төр нийгмийн бүтэц байгууламжид нь үлдээсэн өв гэж үгүй. Монголчуудаас өмнө ч Төв Азийн нүүдэлчид олон удаа Хятадын иргэншлийг эзэрхийлж байсан боловч бас үлдээсэн өв гэж байгаагүй, харин ч өөрснөө уусан шингэж байжээ. Хүннү, Аварчууд Европын нутагт өөрийн төрийг байгуулж байсан авч өдгөө тэдний тухай бүрэн мартагджээ.
Хамгийн их нөлөө үзүүлж өөрсдийн төрийн болон цэрэг дайны өвөө мартагдахааргүйгээр үлдээсэн газар бол Орос! Киевийн Русь манай эриний мянгаад онд үүссэн бөгөөд хэрэг дээрээ зүүн славчуудын дунд скандинавын вариагуудын бий болгосон төр юм. Нэлээд хүчирхэгжиж байсан Русь задран сульдсан үед нь Бат хаан, Сүвээдэй нарын тэргүүлсэн монголчууд 1230-аад онд дайран эзэлснээр төрийнх нь залгамж чанар бүрэн тасарсан аж. Монголчуудын ноёрхол тэнд 250-300 жил үргэлжилжээ. Тэр үед өнөөгийн Орос гүрний нутаг нь Отоман, Куман зэрэг газартай худалдаа хийдэг, тэднээс их хамааралтай, Европын иргэншил нэвтрээгүй Ази маягийн соёлтой, тав хуваагдан задарсан сул дорой төрт улсууд байсан аж.
Юутай ч Монголчуудын байлдан дагуулал хожмын Оросын улс төрийн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн ба дийлэнх нь сөрөг нөлөө байжээ.[1] Юуны түрүүн Оросыг шашин, соёлынх нь үндэс болсон Визант, Ойрх Дорнодтой тогтоосон худалдаа, сэтгэлгээний харилцаанаас нь тасалсан. Түүнчлэн Европтой харилцах харилцаанд нь саад болсноор Орос оронд Дахин сэргэлт, Реформац, Соён гэгээрүүлэл, Аж үйлдвэрийн хувьсгал гэсэн Европыг өөрчилсөн дөрвөн том хувьсгал тэнд болсонгүй. Хоёрдугаарт Монголчуудын дарангуйлал Киевийн Русийн улс төрийн хөгжлийг саатуулсан тул зүүн словянчуудын анхны суурингууд мөхсөний дараа улс төрийн хөгжил гэх ойлголтыг дахин цоо шинээс эхлэхэд хүрчээ. Европын феодализм найман зуу орчим жилийн хугацаанд хувьсан хөгжсөөр өнөөгийн зэрэгт хүрсэн бол Оросын хамжлагат төр III Иван төрийн эрх авсан 1500-аад оны дунд үе хүртэл хоёр зуу илүү жил болсон төдийгүй монголчуудын үлдээсэн төр улсын монгол хэлбэрийн хамжлагат ёс нь II Алесандр хааныг хүртэл буюу XIX зууны эцэс хүртэл үргэлжилсэн.
Эцэст нь Монголчууд Оросуудын Византаас өвлөн авсан хууль зүйн уламжлалыг тасалснаар улс төрийн амьдрал нь илүү зэрлэг, харгис болж хувирсан ажээ. Монголын байлдан дагуулагчид нь зөвхөн олз ашиг хайсан халдан довтлогч нар учир эзэлсэн хүн амаасаа аль болох их эд баялаг гаргуулж авахыг зорилгоо болгож байсан. Үнэндээ омгийн түвшний хүмүүс байсан учир ямар ч улс төрийн инстүүц, эзлэгдсэн улсын хүн амд хуулбарлуулах эрх зүй, шударга ёсны тухай онол тэдэнд байгаагүй юм. Газар тариалангийн нийгмийн ноёдоос ялгаатай нь цаг хугацаа хязгаарлагдмал тул аль болох богино хугацаанд их эд баялаг гаргуулж авахыг зорьж байж. Тэд харгис хатуу шийтгэлтэй, зүгээр л бусдад нь сургамж болгох үүднээс бүхэл бүтэн хотын хүн амыг тэр чигт нь хядана. Тэд мөн татвар цуглуулагчаа болгон янз бүрийн Орос ноёдыг өөрсөндөө элсүүлсний дотор Москвагийн ван ч тэнд багтаж байсан, тэд хожим нь Оросын төрийг байгуулсан юм. Тэд хааны төлөөний хүнийг нутаг болгонд суулган татвар, өртөө, цэрэг татлагын асуудлыг хариуцуулсан. Хураасан татварынхаа зохих хувийг татвар хураагчид өөрснөө авдаг байсан нь нутаг нэгтнүүдээ монголчуудын нэрээр дээрэмдэх явдал элбэгшиж, улмаар авилгажсан төрийн суурь болжээ. Энэ мэтчилэнгээр Монголчууд хэдэн үеийн Орос удирдагч нарыг өөрсдийн арга барилаар дадлагажуулсан аж. Тэгээд ч өөр хоорондоо гэрлэцгээж байсан тул Оросын хүн амтай ч генетикийн хувьд холбогджээ.
Оросууд европчуудаас улам тасран монгол, татаар, түрэг нартай цус холилдох нь ийнхүү улам түгээмэл үзэгдэл болсон. Ийнхүү монголчуудын довтолгоон хийгээд олон жилийн ноёрхол нь нэгд, Киевийн соёлыг устгасан, хоёрт, дорнод славянчуудыг Өрнөөс тасалсан, гуравт, Московитийн орос үндэстнийг буй болгосноор үл барам дорнод славянчууд дундаа үнэмлэхүй ноёлох хүч нь болгон хувиргасан ажээ.
Новгород, Тверь хоёрыг II Иван Их ван өөртөө нэгтгэснээр бие даасан хүчирхэг Орос орны суурь тавигдлаа. Бие даангуутаа л монголчуудын уламжлалыг үргэлжлүүлж эгшин зуур нутаг орноо тэлэх, булаан эзлэх дайнд мордов. Зуухан жилийн дотор газар нутгаа зуу дахин тэлжээ. Ингэсээр өргөн уудам нутагтай Орос орон анх удаа нэгэн бүхэл нэгдмэл нутаг болж чадсан юм.
Московитийн төрийн гол хүч чадавх нь цалин хөлсөндөө биш харин поместье гэж нэрлэдэг эдлэн газар авдаг морьтон дайчдаас бүрдсэн үйлчилгээний дундаж давхаргынхан. Эд байнгын арми бүрдүүлдэггүй, ноёдыг дуудахаар очиж үйлчилгээ үзүүлээд дууссаныхаа дараа газраар шагнуулна. Газар маш уужим тул тэлэн тэлсээр хэдэн зуун жилийн дараа Номхон далай хүрсэн билээ.
Монголчууд, ер нь нүүдэлчин дайчид хүн ам цөөтэй боловч байлдааны маш овжин арга заль ихтэй байсан. Тэд байлдаанд орохоосоо нэлээд өмнө эзлэхээр товолсон газартаа айдас үүсгэдэг. Тосгон, жижиг хот руу эхэлж дайран таарсан болгоноо алж, түймэрдэн шатаагаад эргэж зугтан алга болно. Хэсэг хугацааны дараа цуурхал таран нийтэд айдас үүсгэнэ. Ингээд монголчуудын их арми давшилтад ордог.
Крымын дайны үед буюу 1853 онд К.Маркс Европт учруулах Оросын аюул заналхийлэл хэмээх бичсэн өгүүлэлдээ “Оростой тохиролцох гэж буй бол гол нь тэднээс айж л болохгүй” гэжээ.[2] Эхлээд айлгах мэхлэх дарамтлах арга нь Оросын цэрэг дайны ялалтын 50%-ыг хангадаг түүхэн уламжлалтай. Өнөөлөр ч Украинд хийж буй дайндаа цөмийн зэвсгээр сүрдүүлэх, өнгөрсөн түүхийг гуйвуулан мушгих, цэрэг зэвсгийн давамгай байдлаа дөвийлгөх, иргэний байгууллагыг бөмбөгдөх, энгийн номхон иргэдийг алж хядах, хүүхэд хүртэл барьцаалах! Өдгөө үүнийг гибрид дайн гэж нэрлэх болж. Монгол хичээл!
Нүүдэлчид хүн ам цөөнтэй учир дайтахдаа эзэлсэн орныхоо иргэдийг цэрэгт татан дараагийн түрэмгийлэлдээ ашигладаг байжээ. 1242 онд монголчууд анх Орост хүн амын тооллого хийсэн нь тэднийг цэрэгтээ татан Европ руу хийх дайнд армидаа нэгтгэсэн. Хубилайн цэрэг Өмнөд Сүн улсад довтлоход нийт цэргийнх нь 70 хувь Хойд Сүн улсын иргэд байжээ. Мөн Япон руу хоёр удаа довтлоход дийлэнх цэрэг нь солонгосчууд байв. Оросууд Кавказыг эзлэхэд халимагууд гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Дэлхийн II дайны үед “торгуулын суман” гэж нэрлэгдсэн эрүүгийн болон улстөрийн хоригдлуудаас бүрдсэн анги нэгтгэлүүд тулалдааны тэргүүн эгнээнд их бууны зуушинд туугддаг байв. Албан мэдээгээр өнөөдөр Украинд байлдан үрэгдсэн хүний тоогоор хүн ам цөөнтэй Дагистан, Буриадын иргэд орж байна. Бас л монгол сургууль!
Монголчууд, түүнээс өмнөх нүүдэлчид хэзээ ч байнгын армитай байгаагүй. Гэтэл байнгын арми гэдэг нь нэн эрт Ром, Хятад, Энэтхэгт байсан зүйл. Нүүдэлчид дайн хийх болохоороо дайны олз гэдэг сэдлээр цэргээ бүрдүүлдэг байжээ. Оросууд ч Екатарина хааны үеээс л байнгын армитай болсон. Пётр хааны байнгын арми Шведтэй байлдахад л зориулсан цомхон байлаа. Монголчуудын салан тусгааралсан олон улс аймгийг мөн л монголчуудын аргаар дайны олзонд дуудан дэс дараалан эзэлж өөртөө нэгтгэсэн. Газар нутаг нь томрох хэрээр дайнд оролцсон тариачдыг үнэгүй газраар шагнаж байсан нь Номхон далай хүртэл нутгаа тэлэх үндсэн аргачлал нь байсан юм.
Эртний ба дундад зууны нүүдэлчдийн хувьд дайн бол газар нутаг тэлэхээс гадна олз омог олох эх сурвалж байв. Энэ нь тэдний үндсэн бизнис нь байсан юм. Чингис хаан Тангадыг довтлон сүйтгээд тэдэнд татвар тогтоочихоод орхиж яван Хорезмийг дайтахаар одсон. Түүнээс хойш үргэлж “Өмнө зүгт Тангад улс байгааг өглөө болгон надад сануулж бай” гэж зарлигдсан гэдэг. Тэрээр олзны дайн дуусаагүй, өөр бизнис цаана нь байгаа шүү гэж дайчдаа зоригжуулж байсан санаа гэж зарим судлаачид тайлдаг. Хот балгад хэрэм эзлээд цэргүүдээ амраахаар хэд хоног хотод дураар нь дургиулдаг байжээ. Энэ нөхцөлд дээрэм тонуул, аллага хядлага, хүчин замаа алдаж байсан нь тодорхой. Хот хэрэм эзлэх гэж хохирсны өс хонзонд энгийн иргэд тоолшгүй олноороо хядуулдаг байжээ. Дундад зуун шүү дээ!
Аян дайны олзыг алс холоос Монгол руу илгээнэ. Хархорум үнэндээ нийслэл хот гэхээсээ тонуулаар ирсэн барааны агуулах байсан гэлтэй. Хотын амьдрал мэдэхгүй хаад уудам талдаа билчээр, улирал даган нүүдэллэнэ. Төрийн шийдвэр Хархорумд биш байнга нүүдэллэх хааны эсгий гэрээс гарна. Хаад ноёд чуулга уулзалт хийх гэж л хааяа Хархорумд болзоно.
Украинд Киев орчмыг Оросын арми эзлээд сар хүрэхгүй “буудаллан амрахдаа” энгийн номхон иргэдийг олноор нь хядаж, айлын эд хогшлыг дээрэмдэн шуудангаар гэр рүүгээ илгээсэн нь дэлхий дахиныг цочирдуулав. Оросын төр ч дайныг далимдуулан Украины улаан буудайг маш ихээр нь хулгайлан зөөсөн байна. Энэ бол Оросын армийн хувьд шинэ үзэгдэл биш. Дэлхийн II дайны төгсгөлөөр зүүн Европ, Германы зүүн хэсгийг Берлинтэй эзэлсэн зөвлөлтийн улаан арми дайн нэгэнт дуусгавар болсон хойно тэнд хэрхэн “амарсан” тухай хачирхам баримт бий. Дайн өдөөсөн, Зөвлөлтийн олон сая иргэдийг алж хядсан учир германчууд энэ талаар бараг дурсдаггүй. Дэлхийн II дайны тухай зохиол кино зурагтын нэвтрүүлэг ч тууривдаггүй дөлдөг ард түмэн. Харин өрнөдийн эрдэмтэн түүхчид энэ талаар нэлээд судалгаа хэвлүүлсэн.
Британий түүхч Макс Хастингсийн Armageddon: The Battle for Germany, 1944-1945 зохиолд энэ талаар тодорхой баримт гаргаж иржээ.[3] Сүүлийн үед Оросын түүхчид ч олон баримт илрүүлсэн. Тухайлбал Оросын судлаач М.Семиряга, Б.Кнышевский нар архивын олон баримт дэлгэжээ. Ердөө 2-3 сарын дотор эзлэгдсэн Германы хэдэн зуун мянган бүсгүйчүүд хүчиндүүлжээ. Тонуул дээрэм бол замаа алдсан. Улаан армийн цэрэг болгон гэр рүүгээ олзоо илгээх зөвшөөрөл дээрээс олгож. Офицер дарга нарт илгээмжийн хязгаар үгүй.
Зөвхөн Зөвлөлтийн төрөөс дээрэмдсэн 2885 үйлдвэр, 400 мянган богоон эд хэрэгслэл, 96 цахилгаан станц, 1 сая 335 мянган толгой мал, сая тонн төмс, 2,3 сая тонн үр тариа, хагас сая тонн чихэр, 20 сая литр спирт гэж бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн боловч дарга нарт тарсан 60 мянган төгөлдөр хуур, 460 мянган радио хүлээн авагч, 940 мянган мебель, 265 мянган ханын ба ширээний цаг, 190 мянган хивс. Мөн бүртгэлгүй 1 сая 200 мянган польто, 1 сая малгай, 168 мянган богоон дарс гэж тооцоолж. Германчууд өөрснөө тооцоолоод одоо болтол 200 мянга орчим мүзэйн үнэт үзмэр Орос болон хуучин Зөвлөлтийн улсуудад хадгалагдаж байгаа гэжээ. Сталинаас маршал Жуковыг 1948 онд буруутгахын тулд Германаас хувьдаа зөөж авчирсан эд хэрэгслэлийг нь бүртгэн хурааж авсанд 194 мебель, 485 үнэт арьс, 4 мянган метр даавуу, 44 хивс, 55 мүзэйн зураг, 7 авдар болор эдлэл. Ачиж авчирсан унтлагаын хувцасныхаа зориулалтыг мэддэггүй байсан учир жараад он хүртэл Оросын ихэс амралт зугаалгын үеэр пижамаар гоёдог байлаа. Дараа нь пижам галзуугийн больницийн өвчтөнүүдийн өмсгөл болсон.[4]
Нүүдэлчдийн Европоос хамгийн их сонирхож байсан нутаг нь Паннаны хөндийн тал хээрийн билчээр. Хүннүчүүд, аварчууд тэнд нутаглаж байсан. Одоо бол Унгарын нутаг, унгарчууд ч энд ирэхдээ бүдүүлэг дайнч нүүдэлчид байсан. Монголчууд энэ нутгийг эзэлж байв. Нүүдэлчид газар тариалангийн иргэншсэн олон орон эзэлж байсан ч үүнээ хэзээ ч ашиглаж байгаагүй. Гэхдээ тариалангийн талбайг нь устган малын билчээр болгож байсан олон тохиолдол бий. Хоорондоо өрсөлдөх зорилгоор газар нутгаа улам томруулах сонирхол харин үргэлж байсан.
Мизэсийн Дайны эдийн засгийн шалтгаан зохиолд “… Хүн төрлөхтөн хэдэн мянган жил утга учиргүй дайн хийн хоорондоо байлдаж зэрлэгтдэг байсан бол XVIII зуунаас дайн байлдаан эдийн засгийн шалтгаантай болсон. Хурдацтай хөгжил түүхий эдийн өлсгөлөнд хүргэсэн учир дайны утга учир дандаа эдийн засгийн шалтгаантай болжээ”. Мизэс Оросын хийдэг дайныг онцолж, ямар ч түүхий эдээр дутахгүй баялагтай оросууд эдийн засгийн шалтгаангүй байлддаг нь газар нутгаа л томсгох гэсэн хэвээр хадгалагдсаар буй эртний бүдүүлэг авиртай нь холбооотой гэж тайлбарлажээ.[5]
Сүүлийн 500 гаруй жилийн Оросын түүх нь газар нутгаа томсгох үргэлжийн дайн юм. Тэд Сибирийн эзлээд 400 гаруй жил болсон ч үүнээ бараг хэзээ ч ашиглаж байгаагүй. Хаант засгийн үед цөллөг, Зөвлөлтийн үед ГУЛАГ. Газар дундын тэнгист гарцтай болохын тулд Түрэгтэй арваад удаа дайтаж байсан. Хөршүүддээ хамгийн халгаатай улс. Хятад, Перс, Түрэг, Афган, Төвд, Монгол, Шиньжаан, Манжуур, Япон, Финланд, Польш, Швед, Румын гээд бүх хөрш нь Оросын түрэмгийлэлд өртөж байсан, газар нутгаасаа ч булаалгаж байлаа.
Монголчуудын Орост үлдээсэн хамгийн том өв бол Оросын төрийн тогтолцоо, магадгүй орос үндэстний имиж байх.
[1] Fukuyama, Francis The Origins of Political Order. (New York, NY: Farrar, Straus and Giroux. 2011
[2] www.marxists.org/archive/marx/works/subject/russia/crimean-war.htm
[3] Hastings, Max Armageddon: The Battle for Germany, 1944-1945 Vintage 2005
[4] https://ru.wikipedia.org/wiki/пижама
[5] Robbins, Lionel The economic causes of war New York Howard Fertig 1968
Б.Баабар. 2022.5.9