Аугаа Оросын үзэл суртлын шинэ үзүүлэнгээр украин чавганц тодорлоо. Алх, хадуурт Зөвлөлтийн далбаа барьсан чавганцыг “Бабушка с красным флагом” гэж нэрлэжээ.
Умард хөршийн Украинд өдөөсөн дайн эхлээд ная орчим хонолоо. Дотроосоо шатахын хамт гадагшаа гарах бүх гүүрээ шатаачихлаа. Тэвэрт багтамгүй орон нь тэр чигтээ галд автжээ. Одоо Орост үзэл суртлын машин л ажиллаж байна. Тэдний ярихаар энэ дайнаар дэлхий дахинд шинэ дэг тогтох юм гэнэ. Ийм аугаа зорилгын төлөө хөрш ахан дүүсээ хөрстэй нь тэгшлэх ёстой аж. Гэвч Оросын энэ аугаа зорилгыг өөрсдөөс нь өөр ойлгож дэмжих амьтан алга. Оросууд III Алексей хааныхаа “Бидэнд арми, флот гэдэг л хоёрхон холбоотон бий” гэснийг давтах дуртай. Авчиг дэлхий нийтийг сөрөн зогсоход өнөө хоёр нь хаана ч үгүй л байна.
Шинэ дэг журам гэдэг уул нь шинэ агуулга, шинэ хүчний төв, уухай түрлэг. Ядаад л найдвартай дэмжлэг хэрэгтэй. Адгийн Ленин хүртэл Германаас вагон дүүрэн мөнгөтэй ирж улсаа самарсан байдаг. Гэтэл НҮБ-ын зуу гаран гишүүдээс дөрөв нь л Оросыг дэмжжээ. Урьдын түншээ байг гэхэд өчигдрийн холбоотнууд нь нүүр буруулчихлаа. Казахстан, Киргиз хоёр яав? Казахстан санхүү төсвийн хүндрэлээс үүдээд “5 дугаар сарын 9”-д парад хийж чадахаа болив. Киргиз харин Донбассын тухай үзэл суртлын кино гаргахыг зүгээр л хорьчихсон. Өчигдөрхөн ширээнд хамт суугаад нефьтээс нь идэж байсан Европ түншүүд нь ичсэндээ хамт авахуулсан зургаа устгаад огт танихгүй мэт царайлав. Ингээд “шинэ дэг журам” тогтоох гэсэн Орос гахай явган нохой нүцгэн хоцорлоо.
Оросын үзэл сурталчид телевизээр Орост хориг тавьсан орнуудыг өнгөөр ялгасан дэлхийн газрын зураг үзүүлэх дуртай. “Ердөө л Европ, Америк, Австрали, Япон, Солонгос, за тэгсхийгээд л боллоо. Газрын зургийг хар бусад нь манай талд...” гэж мангартана. Чухамдаа бол тэдгээр улс дэлхийн эд баялгийн 40 хувийг үйлдвэрлэдэг. Энэ үзүүлэлтэд Оросын эзлэх хувь ердөө л гурав.
Хятад байхад дэлхийгээр яахав гэсэн өнгө ая бас цухалзуулна. Харин өнөөх нь “Хоёр барын тулааныг уулан дээрээс харна”. Америктай уралцвал Хятад дэмжинэ гэж бодсон бололтой. Дэмжих, түншлэх хоёр өдөр шөнө лугаа адил ялгаатай аж. Орос дайн эхлүүлмэгц Хятад хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд явсан Төв Азийн улсуудтай идэвхтэй яриа хөөрөө хийж гарсан. Өнөөдөр “хоригоос болгоомжлоод” Huawei, Unionpay зэрэг нээлттэй хувьцаат компаниуд нь үйл ажиллагаагаа зогсоов. Яагаад гэвэл Орос, Хятадын бараа эргэлт 88 их наяд доллар харин АНУ, Хятадынх 521 их наяд.
Хятадын цаг иржээ. Америктай муудалцахгүйгээр Оросын байгалийн баялгийг хямдхан тоншино. Хятадад итгэсэн Путин Өвлийн олимпыг нь гутаахгүй гэсэндээ Украин руу дайрахаа хүртэл хойшлуулсан ч хятадууд өнөө л ясны прагматик зангаа харуулав. Олон улсын тавцанд ч “аугаа эзэнт гүрний хэнээндээ гүн хордсон” Оросыг хажуудаа суулгах нь юу л бол. Харин Америктай заамдалцахдаа тулбал “Тэнэг Иван”-аараа түрүү барьчихна.
Хоёр сар хагас дайтаад оросууд барууны ертөнцийг тэр чигт нь нэгтгэснээс өөр эерэг үр дүнд хүрсэнгүй. Өнөөдөр тэдний техник, технологи, хөрөнгө мөнгөний өөдөөс цор ганцаараа дайтаж байна. Орос дангаараа хийж чадах юм үнэндээ л алга. Үндэсний брэнд УАЗ 469-өө үйлдвэрлэе гэтэл хэлхээ рамнаас бусад нь импортынх болж таарав. Оросын телевизээр “Харин ч үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх сайхан далим гарлаа” гэж байгаа ч хэзээ юм? “Орос ах нар” маань чадна, чадаж л таарна. Гэхдээ тэгээс эхлэхэд цаг хугацаа чамгүй орно л доо. Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко саяхан Орос хадаасаа импортоор авдгийг мэджээ. Тэгэхээр танкаа өөрөө хийдэг болтол хугацаа бий.
Дэлхийн урлаг, спорт оросуудын өмнө черта зурчихлаа. Ядаж л 100 гаран жилийн өмнөх Октябрийн хувьсгал нийгмийн инженерчлэл гэдэг утгаараа зарим хүний сонирхлыг татсан юм. Адаглаад “Октябрийн хувьсгал” гэдэг соусаа түрхээд юухан хээхэн борлуулдаг байж. Үндэсний ганц брэнд нь “коммунизм”. Өнөөдөр Орост юу байна? Орос дэлгүүрийн шилэн хоргонд Дэлхийн II дайнд амьд үлдсэнийх нь төлөө орон байр, хоол ундны оронд өгсөн хэдэн тэмдэг. Түүхийн тоосонд дарагдсан одонгууд аль ч утгаараа үнэтэй учир ач нь өнөөдөр зарах гээд сууж байна. Сүүлийн хэдэн сар Кремль өөрийгөө зөвтгөсөн ганц өнцөг.
Брежнев, Андропов, Черненко, Горбачев, Ельценийг элээсэн, Путиныг ч элээх Пугачёва Оросыг хаяад явлаа. Засаг төрөөсөө юу хүсэж байгаагаа шууд хэлж чадахаа больсон оросууд модон жорлонгийнхоо ханан дээр эрээчиж сууна. Өнөөдөр Ялалтын баяр. Алив, хийгээрэй. Дэлхийн II дайны фронтод өгч байсан 100 грамм спирт ч Америкаас ирж байлаа.
Кремль үзэл суртлынхаа үзүүлэн болгосон украин чавганц Анна Ивановна өнөөдөр Харьковын больницод хэвтэж байгаа. СССР-ийн далбааг харуулбал амь аврагдана гэж тооцсон ч Оросын арми байшинг нь бөмбөгдөөд хаячихаж. Гэлээ гээд бид хөршөө дэмжиж байгаа. Хөрш амгалан бол нойр бүтэн.
Б.Батбаяр /baabar.mn/