x

Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг Үндсэн хуулиар хамгаалъя!

Монгол Улс улстөрчдийнхөө "толгой"-д найдах биш инженерүүдийнхээ ур чадварт итгэх түүхэн циклийн өмнө нэгэнт иржээ. Хүссэн ч, эс хүссэн ч цаг үеийн энэхүү шаардлага ирэх өвлөөс бидэнд илүү мэдрэгдэх бололтой. Ийн тодотгох болсон нь Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн Эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгээс улбаатай. Гэдэг нь "Бид маш хүнд байдалд байна. Үүнээс гарах ёстой. Хэрэгцээг хангахын тулд шинэ эх үүсвэрүүд бий болгох шаардлага туллаа. Ирэх өвөл маш хүнд өнгөрнө. Хязгаарлалт хийхээс өөр аргагүй. XXI зуунд хязгаарлалтын тухай ярих нь маш бүдүүлэг" хэмээх хэдхэн өгүүлбэрээс ойлгогдоно.

Үндсэндээ 1992 оноос Засгийн газрын гишүүнээр ажилласан, намын томилгоотой явж улстөрчдийн хажууд цахилгааны инженер мэргэжилтэй сайд Н.Тавинбэхийн үг хамгийн бодитой бас ханатай. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрчим хүчний салбарыг удирдан чиглүүлж, бодлого зангидаж ирсэн сайд нараас Н.Тавинбэхийн хэлсэн шиг бодит байдлаа хүлээн зөвшөөрч, ойрын ирээдүйд гарч болох эрсдэлийг сануулж байсан нь үгүй. Улстөрчийн нүдээр бус цэвэр инженер хүний байр сууриас, тэгэхдээ сайдын хувиар эрчим хүчний доголдол Монгол Улсад бий болох эрсдэл үүссэнийг хэлж сануулсан нь өөрөө хүлээн зөвшөөрөх шалтгаан гэдгийг тодотгоод байгаа хэрэг. Эндээс өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээгээ Монгол Улс хэрхэн хуваарилж, хэвийн горимд барих вэ? гэсэн асуулт ургана.

-1-

Оюу Толгойг хөдөлгөж, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ, Засгийн газрын шийдвэр, тогтоол гарсан үеэс Монгол Улс дэлхийн уул уурхайн салбарын өрөг дээр гол тоглогчоор нэрлэгдэж асан нь нэгэн аравны өмнөх үйл явдал. Гуравдагч хөрш бүхий гаднын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах санал, гэрээний төслөө цүнх дүүрэн чигчихээд Эдийн засгийн форумын индэр дүүргэж, эрх баригчдын үүдийг сахиж л явлаа. Яг энэ цаг үед Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос нэгэн дүгнэлт бүхий сануулгыг гаргасан нь эрчим хүчний шинэ эх үүсвэр барихгүй бол өвлийн улиралд улсаараа хөлдөх эрсдэл үүсэх тухай. 10 жилийн өмнөх эл сануулгыг ойлгох улстөрч, албан тушаалтан байсангүй. Уул уурхайн ашигт малтмалын үнийн үсрэнгүй өсөлт буюу "Супер цикл"-д нийтээрээ бялуурсан. Уг нь Сү.Батболдын Засгийн газрын үед буюу 2012 онд ТЭЦ-V цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг бэлэн болгосон ч сонгуулийн жил таарснаар дараагийн танхимдаа үлдээсэн түүхтэй. Гэвч М.Сономпил, Д.Зоригт нарын сайдтай 2012-2016 оны үед эрчим хүчний тавдугаар эх үүсвэр тухай яриа урагшлаагүй, улам алдуурсан юм. Энэ хугацаанд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлсэн ч том санхүүжилт, тодорхой хугацаа шаарддаг эл бүтээн байгуулалт мөн л замхарсан, хойд хөршийн эсэргүүцэл, шахалт ч үүнд нөлөөлсөн байдаг. 

Ингэж явсаар П.Ганхүү, Ц.Даваасүрэн нарын залгамж бүхий "ТЭЦ-5" төслийн тендер 2017 онд хүчингүй болж, хэрэгжүүлэх саналаа өгч явсан хөрөнгө оруулагч нь гараад явчихаж байлаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс эрчим хүчний шинэ эх үүсвэрээ барих гэж шийдвэр гаргах түвшиндөө 10 гаруй хөнжлөө жийлцэж байх хойгуур нь хөрөнгө оруулагчид нь үргэчихсэн хэрэг. Эцэстээ Монголын мега төсөлд хөрөнгө оруулах гадаадын хөрөнгө оруулагч үлдсэнгүй. Ердөө 10 жилийн өмнө хөрөнгө оруулах төслөө бариад дугаарлаж явсан тэд бүгдээрээ гарчихсан гэсэн үг. Хатуухан хэлэхэд Орос, Хятад гэсэн урд, хойд хөршийн төрийн өмчийн оролцоотой компаниуд л Монголыг сонирхохтой, үгүйтэй байна. Хэдийгээр хөрөнгө оруулагч гэдэг талаас нь зөвтгөж харж болох ч гаднын төрийн өмчийн оролцоотой компанитай харилцах нь өөрөө Үндэсний аюулгүй байдал талаасаа анхаарах асуудал. Учир нь, том төслийг хэрэгжүүлэх, хэлэлцээний ширээний ард суухаас эхлээд манай талын бус гаднын Засгийн газрын ашиг сонирхол илүү шингэх эрсдэлтэй. Эндээс дотоодын нөөц боломжоо ашиглах, хувийн хэвшилдээ ачаа үүрүүлэх зүй ёсны шаардлага бидний өмнө ирснийг харж болно. Эрсдэл талаасаа ч өөрийн хүнтэйгээ өөрсдийнхөө түвшинд л ярина.

-2-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ойрын болон урт хугацаандаа хэрэгжүүлэхээр зорьсон, зорьж буй хамгийн том амбийц нь "Шинэ сэргэлтийн бодлого". Бодлогын хүрээнд эрчим хүчний салбар руу чиглэсэн 22 төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Багцалбал: 

  • Чойбалсан-Багануур чиглэлд цахилгаан дамжуулах шугам сүлжээ байгуулна.

  • Багануурын дулааны цахилгаан станцыг өргөтгөнө.

  • ДЦС-3-ыг түшиглэн 400Мвт-ын шинэ эх үүсвэр байгуулна. 

  • Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн тохируулга хийх, 160Мвт-ын цэнэг хураагуур байгуулна.

  • Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх замаар нэгдэх судалгааг эхлүүлнэ.

  • Эгийн голын усан цахилгаан станцын биологийн олон янз  байдлын судалгааг эхлүүлнэ.        

  • Багахангай дүүрэгт 300Мвт-ын станц байгуулна.

  • Амгалан дулааны станцыг 2025 онд өргөтгөж дуусна.

  • Эрдэнэбүрэн-Мянгат зэрэг хэд хэдэн чиглэлд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам барихаар төлөвлөжээ.

Үүнээс хамгийн томоохон, үр өгөөжийг улсаараа хүртэх боломжтой хувилбар нь Тавантолгой цахилгаан станц. 450Мвт-ын хүчин чадалтай уг станцыг барьж, ашиглалтад оруулснаар говийн баялгийг бүхэлд нь эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэнэ. Өвөрмонголоос өнөөдрийг хүртэл хамааралтай явж ирсэн Оюу Толгойг эрчим хүчээр хангаж, жил бүр 120 сая ам.долларыг дотооддоо шингээх учиртай. Н.Тавинбэх сайдын мэдэгдсэнээр Засгийн газар өөрөө санхүүжүүлж барих 2020 оны дөрөвдүгээр сард гарсан тогтоолын дагуу 30 хувийг хувьцаа эзэмших замаар "Эрдэнэс Тавантолгой" хариуцах гэнэ. Үлдсэн 70 хувьд Засгийн газрын баталгаа гаргаж, зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирчээ. Харин яаж...? "ТЭЦ-V" төслийг хэрэгжүүлэх гэж 10 гаруй жил мунгинаж, эргэж, буцсан шийдвэрийн уршгаар "хөөгөөд" гаргачихсан хөрөнгө оруулагчидтайгаа эргээд нүүр тулж, гар барих орон зай бидэнд үлдсэн үү? Бараг л үгүй. Дэлхий нийтээрээ тэр дундаа эрчим хүчний салбарын аварга хэрэглэгч урд хөрш нь хүртэл нүүрсний хэрэглээрээ хумих бодлогоо улам лавшруулж байхад мөрөөдөх ч хэрэггүй. Ийм нөхцөлд хувийн хэвшлээ түших, дотоодын нөөц боломжоо ашиглахаас өөр сонголт бидэнд алга.  

"Ухаа худаг"-ийн бэлээхэн жишээ, бодит үр дүн нь ч байна. Монгол инженерүүдийн 10 жилийн өмнө үндэсний компаниуд хамтраад цахилгаан станц барьж, байгуулсан эл станц өнөөдөр бүрэн бүтэн, хэвийн л ажиллаж буй. Өөрөөр хэлбэл, говийн нөхцөлд цахилгаан станц хэрхэн ажиллуулж, ашиглах 10 жилийн туршлага, ур чадвар, нөөц боломж тэнд байна. Хэдий болтол гаднаас хөрөнгө оруулалт хайж, хэн нэгэн сайд даргын ашиг сонирхлын хүрээнд том төслүүдээ гацаах ёстой гэж. Эрдэнэбүрэнгийн 90 Мвт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг ч эхлүүлж, баруун аймгуудаа хойд хөршийн эрчим хүчний дөнгөнөөс салгах нь энэ Засгийн нэн тэргүүний үүрэг. Юу үнэн гэвэл энэ л үнэн.

-3-

Эрчим хүчний салбарын тогтвортой, хараат бус байдлыг хангахгүйгээр улс орны эдийн засгийг сэргээх боломжгүй нь туйлын үнэн. 21 аймаг бүрд мах, сүүний үйлдвэр барьдаггүй, барьсан тохиолдолд эрчим хүчний нийлүүлэлт, ачаалал нь дийлэхгүй болсон нь бас нэг үнэн. Төр өөрөө томоохон төслүүдээ урагшуулж, аж үйлдвэрээ шат дараатайгаар эрчимжүүлэхээр зорьж буй нь үнэн л юм бол эхний ээлжид эрчим хүчний тавдугаар эх үүсвэр барих зайлшгүй шаардлагатай тулгарсан нь бодит үнэн. Гэвч нөөцгүй, эвдрэл гэмтэл гарвал орлуулах тоног төхөөрөмжгүй байгаа нь гашуун үнэн. ОХУ, Украины дайны улмаас ДЦС-уудын тоног төхөөрөмжийн үнэ огцом өссөн нь энэ салбар дахин том сорилттой нүүр тулав. Дэлхий нийтээрээ технологийн өөрчлөлт хийж, нүүрснээс татгалзаж байгаа ч Монгол Улс хатуу түлш буюу нүүрсээр ажиллах эх үүсвэр барихаас өөр аргагүй. Үүнтэй хэн ч маргахгүй. Ямар ч "Мэргэжлийн" Засгийн газар, сайд гарч ирээд тойрохгүй дайрах нь бодит үнэн. Ерөөсөө л бидний онцлог нөөц боломж, байгаа сонголт нь л энэ юм.

Атал шинэ эх үүсвэрээ шийдээгүй, хөрөнгө оруулагчаа олоогүй, цаасан дээрх төсөөллөөрөө л явна. Ард нь зэс, ган хайлуулах үйлдвэр барьж, ашиглалтад оруулах тухай гоё сайхан дүрээр өөрсдийгөө хуурахаас өөрийг хийж чадахгүй л байна. Эрчим хүчний сайдынх нь хэлснээр, энэ салбарт үүссэн нөхцөл байдал гэвэл нийт хүчин чадлын 40 хувь нь хуучирч муудсан, дотоодын хэрэглээгээ ч бүрэн хангаж чадахгүй байдалд оржээ. Томоохон үйлдвэрүүд нь бүхэлдээ гаднын эх үүсвэрээр хангадаг хэлбэр рүү орсон гэх. Хамгийн том асуудал нь нийт цахилгаан үйлдвэрлэлийн дийлэнх нь "ТЭЦ-III", "ТЭЦ-IV"-өөс хамааралтай ч насжилт нь нормоос хэтэрч, хэзээ мөдхөн гал алдахаар байдалд шилжжээ. Урд хормойгоороо ардахаа нөхөж, амь аргацаах төдий явдаг цаг хугацаа улам богиносож байгаа гэсэн үг. Эндээс эрчим хүчний тавдугаар эх үүсвэрийн төслөө ойрын хугацаанд шийдвэрлэж, бодит ажил хэрэг болгохгүй бол улсаараа хөлдөх эрсдэл энэ өвлөөс мэдрэгдэж эхлэх нь. 

Дээрээс нь жил бүр 200 сая ам.долларын цахилгаан импортолж, нийт хэрэглээнийхээ 20 хувийг гаднаас авч, зөрүү нь нэмэгдэж байгаа энэ байдал явсаар Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулах эрсдэл ирснийг эдийн засагчид, энэ салбарынхан ил тод сануулж эхэлсэн лав сайны дохио биш. Уг нь эрчим хүчний нийлүүлэлтээ 100 хувь дотоодоосоо хангах нөөц боломж бидэнд бий юу, гэвэл бий. Гагцхүү улс төрийн эр зориг л дутаж байна. Хэрвээ эрчим хүчний тавдугаар эх үүсвэрийн төслийг энэ парламент шийддэггүй юм гэхэд дараагийн УИХ-д шилжиж таарна. Тэглээ гэхэд дор хаяж, 2025 оноос наашгүй. Гол нь тэр хүртэл эрчим хүчний асуудлаа шийдээгүйн гороор, улсаараа хөлдсөн байх вий гэдэг нь бидний жинхэнэ зовлон болчихоод байгаад энд сануулах хэрэгтэй. Тэгэхгүйн тулд эрчим хүчний шинэ эх үүсвэрээ урагшлуулъя. Бүр хэн ч Ерөнхий сайд болсон, хэнбугайн ч даргалсан улс төрийн хүчин Засгийн эрхэнд гарсан эрчим хүчний эх үүсвэртэй холбоотой бодлогыг гацааж, хойшлуулдаггүй, бусдаас хараат бусаар явуулдаг байхаар Үндсэн хуульдаа хуульчилж, хамгаалъя. Магадгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний тэргүүлсэн Засгийн газрын гавьяа нь энэ болж түүхэнд үлдэх үлдэнэ.

С.Гандөл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 55 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 1 цаг 12 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 1 цаг 55 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 2 цаг 5 мин Номын хураангуй: The Power of the Other 16 цаг 29 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top