Бямбажавын Цэнддоо нарт хорвоод хүмүүн биеийн сүүдрээ тухайлаад 60 жил болжээ. Монголчууд урт хугацааг жарнаар тоолдог. Хүний амьдралд ч жаран бол амьдралын нэгэн том тоолол, нэгэн том тайлан. Энэ хорвоод ирээд юу бүтээв, юу амжуулав, юу дутуудуулав, ямар буян нүгэл үйлдэв гэдгээ эргэж нэг тайлагнах тооцоо.
Цэнддоо бол яруу найрагч. Наяад оны үед тэрээр найраг сонирхогч залуучуудыг хуйлруулж байсан. Учир нь түүний шүлгийн мөрүүд Монголдоо цоо шинэ амьсгал байлаа. Манайд ардын яруу найраг гэж байлаа, дараа нь хувьсгалт яруу найраг гэж байлаа, тэрний дараа ухуулгын яруу найраг бий болсон, удалгүй суртал нэвтрүүлнийн найраг ноёлох болсон, энэ бүхнээс залхсан уу яасан уянгын найраг гэх төрөл түрж орж ирлээ. Харин Цэнддоо манай уран зохиолын салбарт урьд үзэгдээгүй шинэ хэлбэрээр мэндэлсэн. Тэрээр яруу найраг гэдгийг ердөө л сэтгэл хөдлөл гэдэг талаас нь харсан хүн. Түүний бүтээлд ямар нэг үйл явдлын тухай зураглал байдаг бол тэр нь бага залуу насных нь бичлэг байх. Түүний найраг зургаар бол ердөө л өнгө будгийн композиц, зохилдлого, сэтгэгдэл, уярал, тайвшрал, оргазм…
Найраг бол юун түрүүн төгслөг яруу байх ёстой гэж төсөөлдөг учраас орчуулсан номондоо таарсан олон шүлэг найраглалыг өөрөө чадахгүй учир Цэнддоог гуйн түүгээр хөрвүүлүүлсэн. Маркс, Мао, Сталин… нарын найрагийг надад орчуулж өгсөн. Дээрх хүмүүс хэрэв улс төрч болоогүй бол гайхамшигт найрагчид байсныг судлаачид нэгэн дуугаар баталдаг. Тэдний найраглал их битүүлэг, их философилог, мундаг цохилттой. Чухам Цэнддоо л тэр нарийн утга, тэрслүүд уянгыг нь мэдэрч оновчтой орчуулж чадсан. Тэрээр Шэкспир, Эмил Диксон, Шиллэр, Хайнэ, Байрон нарын найргийн мөр бадгийг ч сэтгэлд хоногштол орчуулж байсан. Цэнддоогийн эрхлэн орчуулсан Уран зохиолын товч түүх хэмээх Оксфордын нэг сэдэвт том бүтээл номд олон найраг монгол орчуулгууд нь бий.
Зонхов гэгээний Бодь мөрийн зэрэг бүтээл анх 1639 онд монгол хэлээр орчуулагдсан авч өдий хүртэл өөрчлөгдөөгүй явсаар ирсэн. Энэ хооронд хэл ихээхэн өөрчлөгдөж орчин үеийн монгол хүн ойлгоход тун бэрх болжээ. НЭПКО-ын саначилга удирдлагаар энэ бүтээлийг олон хэлний орчуулгатай тулган лам хар хүмүүс нийлж орчин цагийн монгол хэлээр дахин хөрвүүлсэнд тэнд буй маш олон шүлэг найргийг Цэнддоо даан авч орчуулсан. Буддизмын анхны бүтээл болох Дармапад сургаал нь урд өмнө монгол хэлээр долоон удаа долоон янзаар орчуулагдсан бол найм дахь цоо шинэ хөрвүүлгийг Цэнддоо хийсэн.
Цэнддоо бол хошин зохиолч. Гэхдээ хошин зохиолын фельтон, памфлет, егөө, наргиа, сатир, сарказм, хоржигнол талыг нь барьсан хошин зохиол. Угаасаа тэрээр төрлөхийн шооч нэгэн. Тэр лав хэдэн зуун фельтон бичсэн байхаа. Фельтоны нэг сул тал нь тухайн үедээ нийгэмд болж буй үйл явдлыг шоолж миалдаг ч цаг хугацаа өнгөрөхөөр үйл явдалтайгаа хамт мартагддаг талтай. Ерөөсөө фельтон бол сонины төрөлд хамаардаг, цаг үетэйгээ зэрэгцэн явсаар хуучирдаг эд л дээ. Гэхдээ түүний бичсэн Ерээд оны тунгалаг Тамир, Голын тэртээх гацааны хавар, Өвөл Хавар, Монгол 11 үгээр зэрэг туужууд нь хошигнол элэглэлийн аймагт багтааж болохуйц ч үлдэх бүтээл юм. Ерээд оны тунгалаг Тамир элэглэлийг нь ардчилсан хувьсгалын үед бараг хүн бүр уншсан төдийгүй олон хүн цээжилчихсэн явсан. Тухайн үед хүмүүс хоорондын ярианы нэг том сэдэв байлаа. Тэндээс эшлэх нь моод байсан юм. Голын тэртээх гацааны хавар бол бага насны дурсамж мөртөө маш хошинолтой, юу гэх юм бэ дээ, Жэром Жэром, Марк Твэйн маягийн гэх юмуу даа? Цэнддоогийн фельтонууд цагийн аясаар үйл явдалтайгаа хамт мартагддаг юм гэхэд түүний яруу найраг, шүлэг, эсээ, хошин дурсамж юутай цагийг туулах чадалтай бүтээл.
Цэнддоо бол эсээчин (энэ нэршил зохиж байна уу, үгүй юу? Эсээ бичдэг хүнийг “эсээчин” гэж болох уу?).Эргэцүүлэл, улс төрийн шүүмж, монгол ахуйн араншин, хүний мөн чанар зэргийн тухай маш олон өгүүлэл нийтлэл түүний гараас гарсан. Хамгийн шилдэг нь этнопсихлоги, социопсихологийн талаас нь монгол үндэстний, монгол хүний, нүүдэлчний амьдрал ахуй, үүнээс улбаалсан сэтгэлгээний онцлогийг задлан шинжилсэн бүтээлүүд нь юм. Монгол хүн сэтгэлгээний хувьд бусдаас юугаараа ялгаатай, ялгаа нь ямар учир шалтгаантай, яагаад ингэдэг юм гэдгийг их гүн ухлаадастай тайлбарласан байдаг. Энэ бүхний нийлбэр оношилгоо нь түүний Монгол 11 үгээр бүтээлд цогцолсон. Монгол хүний сэтгэлгээний онцлогийг С.Дашдооров, Ц.Доржготов нар уран зохиолоор дамжуулан сайхан илэрхийлсэн байдаг бол Цэнддоо үүнийг бүр судлагдахуун болгож чаджээ.
Цэнддоо бол түүхч. Нэрийг нь мөнхлөх том бүтээл нь Соёлын довтолгоо хэмээх нэг сэдэвт түүхийн зохиол билээ. Монголын нийт түүхэнд гэхээ байг гэхэд ХХ зууны түүхэн дахь хамгийн том дэвшилтэт хувьсгал бол тавиад оны сүүлч жараад оны эхээр Монголд зохиогдсон “Соёлын довтолгоо”. Энэ бол маш том хувьсгал байсан. Дундад зууны хоцрогдлоос морио унаж модоо тохож ХХ зуунд давхин орж ирсэн монгол үндэстнийг чухам энэ соёлын довтолгоо хэмээх кампанит ажил богино хугацаанд орчин үеийн хомо сапиэнс болгон өөрчилсөн юм. Гэвч дарамт хүчирхийлэл хэрэглэн байж бүдүүлэг байдлыг халж чадсан энэ дэвшилтэт хувьсгалаасаа намзасаг ичдэг байж. Бүдүүлгийг халахын тулд нэлээд бүдүүлэг үзэж тарж таарна. Иймээс энэ кампанит ажлын тухай судалгаа огт байхгүй, түүхийн бүтээлүүдэд дөнгөж дурдах төдий өнгөрч байжээ. Материал, эх сурвалж нь ч улсын архивт бараг үлдсэнгүй. Цэнддоо Соёлын хувьсгалыг судлахад зургаан жилээ зарцуулсан. Удтал хайсны эцэст архивийн заримдаг материал, оочин цоочин эх сурвалж нь Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, НАХЯ-ы архив зэрэгт тасархай цооройгоор үлдсэнийг цуглуулан эвлүүлсэн. Олон ч хүнтэй уулзсан байх. Тэр үеийн хэвлэл номыг тэр чигээр нь онгичсон. Орчин цагийн Монголын түүхийн нэгэн чухал орхигдсон үе ингэж нөхөгдсөн юм. Энэ бүтээлийнх нь төлөө түүнийг Төрийн соёрхолоор шагнасан болой.
Цэнддоогийн бас нэг том түүхийн бүтээл бол Монгол улсын хоёр дахь Ерөнхий сайдын тухай Гончигжалцангийн Бадамдорж намтар ном юм. Монгол улсын тусгаар тогтнолын эцгүүдийн нэг, улс орноо бүтэн авч үлдэхэд амь амьдарлаа зориулсан энэ эгэлгүй хүнийг үзэл суртлын мангаслаг машин олон жил гутаан доромжилж, гүтгэн мохоосон билээ. Түүхийн уг сурвалжийг ухан үнэнийг тогтоосонд Цэнддоогийн түүхэн гавъяа оршино.
Цэнддоо бол уран үгийн мастер, оночтой хэллэг, гайхалтай зүйрлэл, хурц егөө, наргиантай дэгээний эзэн… Энийг түүний бүтээлийг үзээд өөрснөө үнэлэнэ биз, би тайлбарласнаас чи өөрөө унш!
Б.Баабар