Анх Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай зэрэг шахуу “хамаарал бүхий этгээд”-ээр нэр усаа дуудуулсан ч түүнээс хойш бүтэн гурван сар ам нээгээгүй Ерөнхий сайд асан н.Алтанхуяг өчигдөр 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагын цагаар анх удаа ам нээв. Учир нь түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УЕП Б.Жаргалсайхан УИХ-ын бусад гурван гишүүний хамт өнгөрөгч даваа гаригийн орой УИХ-д оруулж ирсэн билээ. Тиймээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн энэ удаагийн ярилцлага зөвхөн ам нээгээд өнгөрөх бус, Хөгжлийн банк болон хэрэг дээр ажиллаж байгаа хуулийнхны “ходоодыг эргүүлэх” хэмжээний мэдэгдэл болов.
Түүнийг АТГ-ын мөрдөгчид Хөгжлийн банкны асуудлаар өнгөрөгч даваа гаригийн үдээс хойш 16.00 цагийн орчимд буюу түдгэлзүүлэх асуудал УИХ руу орж ирэхээс хэдхэн цагийн өмнө анх удаа дуудаж мэдүүлэг авсан гэнэ. Үүний дараа УЕП-ын УИХ-ын даргад хаягласан “гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах тухай” албан бичиг эзэддээ илгээгдсэн бололтой юм. Магадгүй, Н.Алтанхуяг гишүүүний өөрийнх нь хэлсэнчлэн “МАН-ын гишүүдийн Хөгжлийн банктай холбоотой хэрэг уул овоо шиг байсан учраас АН-аас ядаж нэг хүнийг шонд өлгөх” шаардлага эрх баригч намынханд үүссэн байх л даа. Гэвч энэ удаад “Шинэ төмөр зам” болон зөвлөхийнх нь оролцсон “Шинэ Яармаг” төслөөр ороогдож байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын биш, харин Н.Алтанхуягийн нэр дангаараа орж ирсэн нь сонирхолтой.
Уг нь бол Хөгжлийн банкы хэрэг анх задарснаас хойш Н.Алтанхуягийг Хөтөлийн цемент, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулсан “Кью Эс Си” компанитай “хамаарал бүхий этгээд” хэмээн зарлаж байсан ч АТГ-ын мөрдөгчийн өөрт нь танилцуулсан хэрэг огт өөр байсан гэв. Түүнийг одоогоос есөн жилийн өмнө MCS группийн барьсан авто замын асуудалтай холбон шалгаж байгаа, Ерөнхий сайд байхдаа тус компанид давуу эрх олгосон байж болзошгүй гэж сэрдэж байгаа юм байна. Товчхондоо эрх баригч намын зүгээс ямар нэг аргаар АН-ын лидерүүдээс аль нэгийг нь асуудалд хутгах сонирхол байгаа бололтой.
Гэсэн хэдий ч Н.Алтанхуяг Ерөнхий сайд асны хувьд 2012-2014 онд Хөгжлийн банкнаас босгосон Чингис бондын 1,5 сая ам.долларын зээл, түүний зарцуулалтын талаар нэг ч саар үг унагасангүй. Эндээс санхүүжилт авсан арав гаруй компаниас эргэн төлөлтөө хийгээгүй нэг ч компани байхгүй гэв. Харин ч “Түүнээс хойш гурван ч Чингис бондтой тэнцэх хэмжээний бонд босгосон, түүгээрээ юу хийсэн бэ?” гэдэг асуултыг одоогийн эрх баригчдад сөргүүлэн тавьж байна.
Яг үнэндээ бол Хөгжлийн банкнаас олгосон зээлээр хамгийн их бүтээн байгуулалт хийсэн нь Н.Алтанхуягийн Засгийн газар. Жилдээ гурван сая тонн цемент боловсруулах хүчин чадал бүхий гурван том үйлдвэр байгуулсан, аймгийн төвүүдийг нийслэлтэй, хилийн сумдаа боомттой холбосон 5500 км автозам (энэ замыг барих тухайд гэхэд 2011 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тогтоолыг батлуулчихсан байсан) болон нийслэлд хийгдсэн “Гудамж” (нийслэлийн төв замуудын бүх уулзварыг шинэчилсэн) төсөл, эрчим хүчний системийн өргөтгөлүүд гээд нүдэнд үзэгдэж, гарт баригдаж үлдсэн бүхэн Н.Алтанхуягийн Засгийн газраар овоглодог.
Харин түүнтэй нэр холбогдоод байсан “Кью Эс Си” компанийн хувьд 2009 онд буюу С.Баярын Засгийн газрын үед, Ц.Элбэгдорж гэдэг хүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Хар төмөрлөгийн үйлдвэрийн төсөл рүү орж ирсэн, тус компанийн Төмөрлөгийн үйлдвэрээс Төрөмтэйн орд руу тавсан 37 км төмөр замыг төрд худалдаж авсан 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал Ч.Сайханбилэгийн Засгийн газартай холбоотой гэдгийг шуудхан хэлэв.
Бүр тодорхой хэлбэл, 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа Ч.Сайханбилэгийн үед төмөр замын концессийг (барих ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй) баталсан УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулж, “30 жил ашигласны дараа төрд шилжүүлэх” заалтыг хасаад шууд төр худалдаж авсан юм байна. Угаасаа компани төмөр замыг төрд худалдсан нь 2015 оны үйл явдал. Түүнээс хойш мөнгө нь шилжих дээр харин хугацаа авсан байх.
Н.Алтанхуягийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин хожим сонгуулийн дараа Засгийн газар огцорсон шалтгааныг “Хуулийн салбарт хийгдсэн шинэчлэлээсээ болж огцорсон юм бишээ. ХХБ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах асуудал дээр гарын үсэг зураагүй учраас огцруулсан юм шүү” гэдгийг тов тодорхой хэлсэн байдаг. Худалдан авалт 2016 оны сонгуулийн өмнө хийгдсэн гэдгийг ч бас санах ёстой. Тэгэхээр Н.Алтанхуягийг “Кью Эс Си” болон ХХБ-тай холбох нь угаасаа утгагүй болж байгаа юм.
Ийм тодорхой бус үндэслэлүүдээр Н.Алтанхуягийг оролцож эхэлсэн нь цаанаа өөр шалтгаантай байж таарна. Магадгүй, 2014 оны сонгуультай холбоотой, нэгэнт дэвэрсэн Хөгжлийн банкны асуудлыг сонгуулийн өмнө яаж ийгээд хаах, ингэхдээ АН-д хаяглаж үлдээх сонирхол МАН-д байж болох.
Гэвч баталгаатай хэлж болох нэг зүйл бол Н.Алтанхуягийн үед Хөгжлийн банкнаас олгогдсон зээл бүгд хуулиар хамгаалагдсан. Тодруулбал, банк зөвхөн “УИХ, Засгийн газраар баталсан", "экспортыг дэмжих, импортыг орлуулах” төслүүд дээр зээл олгож байсан. Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат энэ тухай өмнө нь маш тодорхой тайлбарласан. (Харин 2017 онд хуульд өөрчлөлт оруулж, банкны ТУЗ, зээлийн хороо бие даан шийдвэр гаргадаг болсноос хойш асуудал бишидсэн харагддаг)
Ингэхдээ төслийг бүхэлд нь биш, 30 хувьд нь л Хөгжлийн банк зээл олгосон юм байна. Н.Номтойбаярын хамаарал бүхий гэгдээд байгаа “МАК” компани гэхэд Европын сэргээн босголтын банкнаас хөрөнгөө босгож ирээд үлдсэн 30 хувьдаа Хөгжлийн банкнаас зээл авсан. Хөтөлийн цементэд хөрөнгө оруулсан “Кью Эс Си” гэхэд үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлд зориулсан 200 сая долларын 60 саяыг нь Хөгжлийн банкнаас зээлсэн байдаг. Нэгэнт мөнгө нь алга болоогүй, босгосон үйлдвэрүүд нь байж байгаа тохиолдолд Засгийн газар өнгөрсөн хоёр, гурван жилд эдийн засагт үүссэн хүндрэлээ тооцоод, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчтайгаа тохироод зээлээ төлүүлээд явах ёстой гэсэн байр суурийг Н.Алтанхуяг хэлсэн. Юун төрд авах...
Ингээд Хөгжлийн банкны найдваргүй зээл, бондын хөрөнгө шамшигдуулсан хэргийн “гол сэжигтэн” уснаас хуурай гараад явчихвал УЕП-ын УИХ-д оруулж ирсэн гишүүдийн бүрэн эрх яах нь эргэлзээтэй. Ямар ч байсан МАН-ын бүлэг гурван гишүүнээ дангаар нь үдээд явуулж чадахгүй нь тодорхой. Гэтэл энэ асуудлыг анхлан хэлэлцэх ёстой Халдашгүй байдлын дэд хороо хуулийн зайлшгүй үндэслэл, хэргийн нотлох баримт дээр тулгуурлаж шийдвэрээ гаргах ёстой. Яг одоогийн нөхцөлд бол Н.Алтанхуягийн тухайд АТГ ямар ч нотолгоогүй л явж байгаа юм байна гэж ойлгогдлоо.
Харин Г.Амартүвшингийн хувьд бол аль хэдийн буруугаа хүлээгээд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн, Х.Ганхуяг нь зээлээ аваад зарцуулчихсан. Ё.Баатарбилэгийн хувьд илүү ноцтой, хөгжлийн банкнаас зээл авсан “НВЦ”-ийн захирлаас (өөрийнх нь амьдай) хахууль авсан хэргээр шалгагдаж байгаа. Өндөг үйлдвэрлэдэг компанид 20 сая долларын зээл олгоно гэдэг яаж бодсон хэвийн зүйл биш л дээ.
Тэгэхээр хэрэв МАН 2024 оны сонгуулиа бодвол “гуя дагаж хүзүү” гэдэг шиг Н.Алтанхуягтай нь хамт олонхиороо кноподчихож магадгүй л юм. Ингэвэл 2016 оноос хойш өөрсдийнх нь зарцуулсан зээлийн асуудал хаагдаад, Хөгжлийн банкны хэрэг ганц Н.Алтанхуяг гэдэг хүн дээр хаяглагдаж үлдэнэ гэсэн үг. Эсрэгээрээ Н.Алтанхуягийг явуулж чадахгүйд хүрвэл нөгөө гурваа ч гэсэн ямар нэг аргаар хэргээс мултлах арга сүвэгчилж таарна.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (3)