Ц.Нямдорж сахал Эрдэнэбилэгийг үзээд үхэх юмсан гэдэг бол халхын хүү би түүнээс дутахгүй гээд нүүрсээ төмөр замаар экспортлох өдрийг үзээд үхэх юмсан гэдэг. Том лидертэй зиндаархаж алдарших гэсэн миний болхи далим л даа. Шоронд хийе гэснээ хийдэг, гаргая гэснээ гаргадаг, хувийн өмч шүүхийн тогтоолгүй булааж шахаагаа гавъяа болгодог, шижээргүй бардам-номер нэг хуульчийн сүр хүчний өөдөөс гонгүйдээ бухимдаж явдаг, ёс зүй гэх үглэлээс цаашгүй өчүүхэн зохиолч л доо би. Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэг, огцордог соёл айсуй.
Нямдорж маань үхэх байтугай Засгийн гал тогооны бүх ил далдыг эзэрхэж буйг харахад нөгөө Сахлаа үзээгүй л яваа болтой. Би ч гэсэн мөд үхэхгүй нь. Нүүрсээ галт тэрэгний цуваагаар хил давуулж, доллар хахтал уутлаагүй цагт би үхэх ёсгүй юм чинь. Амиа бат юманд дэнслэхээ зөнөг толгой мэдэхтэйгээ. Путины олигариуд манайхыг нүүрсээ төмөр замаар экспортлуулаагүйд цөхрөөд би тэгж ам гарсан юм. Монгол Япон биш, амласнаараа үхэхгүй нь мэдээж. Нямдорж мэттэй шөргөөцөлдөх зохиолч хүнд илүү зан. Хөршөө хөгжүүлдэггүй Орос бол том сэдэв.
Оросын сайт юу гэж байсныг сануулъя: “Энержи Ресурс”-ийн монгол залуус Якунин Дерипаска нарын хөзрийг үхүүлж орхив. Тэд төмөр зам барих төсөлдөө хөрөнгө босгожээ. ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр зам уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрөх билээ. Энэ зам хэрэгжвэл ОХУ-ын нүүрсний төслүүдийг нураана. Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг яаралтай зогсоох тушаал өгсөн билээ. В.Якунины боловсруулсан “1520-ийн цариг” нэртэй комбинацад Монгол улсыг ч оруулсан. Монгол улс Путины онцгой анхааралд өртсөн орон” гэж Оросын www.asiarussia.ru цахим сайт бяралхаж байв.
Гашуун сухайтын төмөр замаа Хятадын замтай уулзуулахгүй гэж хорь гаруй км зөрүүлж, холбохгүй гэж суурь бүтцийнхээ төгсгөлийг 8-9 давхар байшин шиг өндөрлөх зэргээр 10 гаруй жил “бүтээлчээр” гацаасан ч эцэстээ хоосорч холбохоос аргагүйд шаагдахад орос тушаал биелүүлэгч чухал хүмүүс Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр замаас ээлжит булталтаараа зайлсхийж, Таван толгой-Зүүнбаянгийн төмөр замыг 2022 оны 07-р сарын 20-нд дуусгахаар гөжүүдлэв. Зүүнбаянд нүүрс валют болохгүй шүү дээ. Зүүнбаянгийн 416, Хангийн 230 км-ийг ухнатах хугацаанд Гашуун сухайтаа аль эрт хөдөлгөөд нүүрсээ ковидын үед ханатал экспортлох байв. Малтмалын үнэ хадсан мөчлөгт төмөр замгүйгээс болж, цар тахлын хорио цээрт улсаараа сөхөрч туйлдахад Засгийн газар дахь чухал хүмүүст зэвүү яасан их хүрнэм бэ.
Чухал хүмүүс нүүрсээ галт тэрэгний олон чингэлгээр экспортолж, орос ахаа хилэгнүүлэхгүй гэж бялдуучилдаг бөгөөд Зүүнбаян Ханги гэж цувчуулах хугацаанд иргэд эрс ядуурав. Гашуун сухайтын замыг Зүүнбаянгийнхаас өмнө ашиглалтад оруулсан бол цар тахлын үеэс өдийг хүртэл нүүрс хүдэр зэсээ саадгүй экспортолж байгаа. Ийм олдошгүй завшаанаараа манай томчууд орос ахаа зуйрдаг жишээний нэг-Ханги. Хангийг ашиглалтад оруулж, хойд хөршийн эрдэс Наушки-Хангиар өмнөд хөрш рүү цутгахад Гашуун сухайтын боомт-машины очер, ковид, чингэлэг терминалаар маргалдсан шигээ бахь байдгаараа заваарна.
“Оросын төмөр замууд” НХН-ийн орлогч С.Павлов Хангийн боомтыг нээхэд яарч манай муусайн сайд, элчин нарт дээрэлхэж, “РЖД”-гийн ерөнхий захирал О.Белозеров, тэр ч бүү хэл В.Путины нэрийг барьж сүрдүүлэх нь аймаар. Оросын малтмал Хятад руу Хангиар урсаж ханасны дараа Гашуун сухайтын төмөр замаар манай нүүрс экспортлогдоно гэж горьдох уу? Гэвч хөршөө хөгжүүлдэггүй орос зан тэр цагт нугарах нь юу л бол. Тувагийн Арцсуурь-өмнөговийн Шивээ хүрэнгийн 1300 км төмөр замыг дуусгаж байж манайх Гашуун сухайтаар нүүрсээ төмөр замаар экспортлохыг хүлээвэл би мөнхрөх биз. Нямдорж сахал Эрдэнэбилэгийгээ үзэж л таарна. Харин би нүүрсээ төмөр замаар экспортлохыг үзэхгүй-дийлдэшгүй Нямкаг давах уу? Үгүй ээ, тэр надад элбэгдэнэ. Уг нь би дийлдвэл Монгол нүүрсээ галт тэрэгний урт цуваагаар экспортолж, хөгжил хурдаа авах юм.
Энүүхэндээ зовлонгоо ярихад нүүрсээ төмөр замаар бүү экспортол гэх битүү хатуу даалгавар яалт ч үгүй. Төр засаг төмөр замын хэвтээ босоо тэнхлэг гэж арга буюу олон жил пиардав. Үл бүтэх сүржин төслүүд хуучнаа хүсэгчдэд коммунизм шиг л сонсогддог байлгүй. Эгдүүцэм нь: нүүрсээ төмөр замаар экспортолж эхлэх жил, өдрөө огт товлодоггүй юм. Би чих тавиад суугаа өвгөн. Үр өгөөжийг ная гарсан зөнөг хүртэхгүй ч хойч үеэ мөд хүртээсэй гэж яарна. Үнэ цойлсон мөчлөгийг ашиглахсан. Яая даа байз хүүхэд минь. Өвгөн надад бичихээс ондоо нэмэр алга.
Яагаад чулуу шороогоо заавал машинаар зөөх гэж мунгинаад байдаг улс вэ гэж сонирхтол манай жолоодогчид В.Путины тойрон хүрээлэгч-нүүрс эрчим хүчний магнатуудад төмсөгдүүлчихсэн юм гэнэ. Төмсөгдсөн орос олигархиуд яадгийг үзээгүй, харин хонины сүүлнээс үмхсэн чоно тас хазаж байж л зайлдгийг бишгүй харсан. Төмсөг-сүүлнээс дутуугүй чухал, нандин, эмзэг эрхтэн болохыг эрчүүд андахгүй. За тэр яахав нүүрсээ төмөр замаар экспортлох өдрийг үзээд үхэх юмсан. Унан байж морио, ханилан байж нөхрөө тань гэх ардын минь сургаалыг ямар ч ган бат найрамдал орлохгүйг мэдээд авбал ХХI зууны олз.
Цар тахлын хорио цээрт орлогогүй гуриатав. Хил дээр жолооч нар ковидын шинжилгээнд олноороо бүдэрнэ. Төмөр замын гацаа ял нэхэв. Гэвч гацаагчид бууж өгсөнгүй. 280 сая доллароор далангийн шороо овоолсон Гашуун сухайт руу бус, нүүрс худалдан авагч Хятад руу ч бус, хэвтээ тэнхлэгийн 416 км өргөн төмөр замыг ТЭЗҮ-гүй, гео судалгаагүй Зүүнбаян руу зүтгүүлэв. Санхүүжилт нь төрийн нууц гэж байгаа. Сийрэгхэн жаалж буй биз. “Бид бие дааж төмөр зам тавив” гэж харанхуй массаа малласнаар рейтенгээ өсгөв.
Гашуун сухайтаар гармагц валютад хувирдаг нүүрсээ Зүүнбаянд галт тэргээр зөөж овоолох-ерөнхийлөгч Баттулгын эх орондоо сүндэрлүүлсэн хав хар нүүрсэн Уул болж үлдэх байв уу. Овор их-нурмаг экспортоо хямд агаад ихээр тээвэрлэхгүй гэсэн тангарагтай мэт заавал хойшлуулж, эдийн засгаа хорлодогт гайхаш барагдаж гүйцлээ. Мега төслүүд 10 жил, 20 жил, бүр 60 жил гацав. “Цаг хугацаа асар их өгөгдөл болох”-ыг ойлголгүй Шри Ланкын араас орох вий дээ. Нам уриалаад, масс уухайлсаар барианы зураа бүдгэрэв. Нүүрлээд ирсэн хөгжлөө үргээчих юутай харамсалтай вэ.
Өнөөдөр өргөн ч гэлээ төмөр зам 10 гаруй жил баарсаар яаж ийгээд Гашуун сухайт хүрчээ. Айлын замтай холбосноор санасандаа хүрнэ. Холбоход бүх хүчээ хуу төвлөрүүлээд хэдхэн хоногт хийчих. Нүүрсээ галт тэрэгний урт урт цуваагаар сая сая тонн экспортолж валют хүүдийл. Маниусын ингэж баяжихыг л тэвчихгүй гацаадаг. Өргөн царигаас нарийн руу сэлгүүлэх гэж бид хэдэн зуун саяа үрнэ. Гоё дөнгөсөн байгаа биз. Холбох цэгээ урд хөрштэй тохиролцоно гэж цаг барах арга саам зохионо. Монгол орос олигархиуд гацаахдаа мануустаа л эр бар. Зовхи нь өөдөө үндэстнийг бол тэд яаж ч чадахгүй. Унхиагүй монголуудаа зовхио сөхөөч.
Ц.Доржготов /baabar.mn/
Сэтгэгдэл (1)