Үндсэн хуулийн Цэцийн дарга хийгээд УДШ-ийн Ерөнхий шүүгч нарын тэмцэл “эв найрамдлын” замдаа орсон бололтой. Өчигдөр хуралдсан Цэцийн их суудлын хуралдаанаар УДШ-ийн Ерөнхий шүүгч Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцээд “Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй” хэмээн үзэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон байна.
Ер нь бол Цэц Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэх эсэхийг хэлэлцэхдээ Их суудлын хуралдаан зарладаггүй. Энэ асуудлыг Цэцийн Бага суудал буюу гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэж шийдвэрлэдэг (Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3). Харин Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дунд суудлын дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй болон урьд шийдвэрлэсэн маргааны талаар шинэ нөхцөл байдал илэрсэн тохиолдолд Цэц их суудлаараа хуралддаг.
Тэгэхээр энэ удаагийн Их суудлын хуралдааны зорилго нь Ерөнхий шүүгчийн асуудлаар маргаан үүсгэх эсэх тухай биш, мөн Ерөнхий шүүгч Үндсэн хууль зөрчсөн эсэх ч биш, Үндсэн хууль зөрчсөн шалтгаанаар Ерөнхий шүүгчийг огцруулахад чиглэсэн байжээ гэсэн үг. Гэтэл өчигдөр хуралдсан Их суудлын хуралдаанаас “Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулаагүй” хэмээн үзэж, "маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болголоо" гэсэн нь хоёр тал нэлээдгүй сайн “тохиролцоонд хүрчээ” гэж хардахад хүргэж байна.
Магадгүй, энэ нь Цэц уг асуудлаар маргаан үүсгэснээс хойш буюу Цэцийн хуралдаан зарлагдсанаас хойш Цэцийн даргын эсрэг явуулсан сөрөг пиартай холбоотой байх. Үүнээс болж хоёр тал аль аль нь албан тушаалтайгаа үлдэх боломжийг эрэлхийлж, түүнийгээ олжээ гэж ойлгож болох юм.
Бүр тодорхой хэлбэл, УДШ-ийн Ерөнхий шүүгчтэй холбогдуулж Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн шалтгааныг Цэцийн дарга Н.Чинбат тэтгэврийн насанд хүрсэнтэй холбон тайлбарлаж, УДШ-ээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зогсоохын тулд хийж буй явуулга хэмээн буруутгасан нийтлэлүүд хэвлэлүүдээр битүү явсан. Нэгдүгээрт үүнийг нотлох болон үгүйсгэх боломж байхгүй. Хоёрдугаарт, Ерөнхий шүүгчийг Цэц дээд дуудах шалтаг болсон иргэн Т-гийн гомдол нь 2019 онд буюу Д.Ганзориг гэдэг хүн УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилогдохоос бүр өмнө Цэцэд хаяглагдсан байдаг. Тэр утгаар нь Цэцийн их суудал маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон байж болно.
Гэвч энэ нь Д.Ганзориг гэдэг хүн огт гэм зэмгүй нэгэн гэсэн үг биш. Хуулийн систем дотроо бол нэлээдгүй “том бараан” толбонд орох байх шүү.
Намтрыг нь үзвэл 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1999-2004 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2013 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч, 2013 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УДШ-ийн шүүгчээр, 2020 оны зургадугаар сарын 02-ноос УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байгаа.
Тодорхой хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухаасаа жилийн өмнө Д.Ганзоригийг УДШ-ийн Ерөнхий шүүгчээр томилжээ. (Олон жил хамтарч ажиллана гэж найдсан ч байх) Тэр цагаас хойш өнөөдөр “улс төрийн хилс хэрэг” гэж нэрлэгдээд байгаа маш олон хэрэг дээр УДШ-ийн Эрүүгийн танхимын шүүгч нар алх цохисон байдаг юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээны, Дубайн төлөвлөгөө, Тавантолгойн цахилгаан станцын гэх мэт тухайн үеийн шийдвэр гаргагч нар, төрийн томчуудыг ороосон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан маш олон хэрэг дээр Дээд шүүх ялын тогтоол уншсан. Зарим хэргийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө барьж ирээд УЕП-т үүрэг өгч байсан, тухайлбал М.Энхсайханы хэрэг.
Тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар нар Эрүүгийн шинэ хууль батлагдсанаас хойш буюу 2017-2020 онд “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон бүх хэргийг сэргээн шалгах” хуулийг (Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай) УИХ-аар батлуулж, Дээд шүүх нөгөө нөхдөд толгой дараалан ял өгсөн. Х.Баттулгад түүний нэрийг санал болгосон хүн нь Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж юм гэнэ лээ гэдэг яриа ч бас бий. Хэзээ нэгэн цагт энэ хүн шүүхийн системээс явж гэмээн "Женкогийн угсарсан "махны машины" оройд сууж байсан" гэдгээр л түүхэнд үлдэх болов уу.
Түүнээс жилийн дараа буюу 2020 оны арванхоёрдугаар сард Үндсэн хуулийн Цэц уг хуулийг “Үндсэн хууль зөрчсөн” тухай дүгнэлт гаргаж, УИХ баталсан хуулиа хүчингүй болгосон. Гэвч ял авсан нөхдийн ялын тогтоол одоо хэр нь хүчин төгөлдөр хэвээрээ. Үндсэн хууль зөрчсөн, хүчингүй болсон хуулиар ял сонссон хүмүүс нь "Ялыг хүчингүй болгож өгнө үү” хэмээн Дээд шүүхэд удаа дараа хүсэлт гаргасан боловч одоо болтол хариу үйлдэл байхгүй. Ийм тохиолдолд УДШ-ийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж хэлэх үндэслэл бага.
Уг нь бол шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар ҮХЦ-эд гомдол гаргасан даруйд шүүхийн процесст хуулийн үйлчлэлийг түдгэлзүүлээд, хэрэг шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах эрх нь УДШ-д өөрт нь байсан шүү дээ.
Б.СЭМҮҮН