Өнгөрсөн хоёр өдрийн турш шуугисан хүүхэд зодсон багшийн асуудлыг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хаав. Ингэхдээ маш олон алдаа хийлээ. Сайд "30 жил ажилласан туршлагатай, зөвлөх багш боловч хүүхэд зодсон үйлдлийг нь хэрхэвч зөвтгөж болохгүй, хариуцлага тооцох ёстой" гэжээ. ЗӨВ.
Сайдын хэлснээр бол багш нар ачаалал ихтэй, цалин өндөр авах ёстой гэнэ. Бас л ЗӨВ. Тэгээд багш нартаа өндөр цалин өгдөг болсон уу? ҮГҮЙ. Гэлээ ч гэсэн "хүүхдийн хувь заяаг шийдвэрлэж буй чухал ажил тул бид үүрэг, хариуцлага шаардаж ажиллана" гэжээ. Эндээс ам, ажил хоёрын ялгаа гарч ирж байна. Багшид үүрэг хариуцлага гэж байдаг бол Боловсролын төв байгууллага буюу яаманд үүрэг хариуцлага бий юу? Багш нарынхаа ачааллыг багасгах, цалин хөлсийг нь бусад улс орнуудынх шиг өндөр биш гэхэд ядаж хэвийн дундаж түвшинд авчирахын төлөө юу хийсэн бэ? 6 настай 60 хүүхдийн дунд ганцхан багш тавьчихаар хэвийн, дундаж хүн бол сарын дотор галзуурна. Дээр нь "сургасангүй" гэж нэг загнаад, "ширүүллээ" гэж хариу зодоод байвал боловсролын салбарт ажиллах, багшлах хүн олдох уу?
Тэгээд хамгийн болчимгүй бөгөөд болгоомжгүй мэдэгдэл нь "Нийгэм хоёр хуваагдаад байна. Нэг тал нь багшаа өмөөрөөд, нөгөө тал нь багшийг буруутгаж байна. Ард түмэн үнэн мөнөөр нь шүүх ёстой" гэнээ.
Салбар хариуцсан сайд нь, яам тамга нь багшийнхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх, ачааллыг нь багасгах талаар юу ч хийхгүй, өөрсдийнхөө яриад байгаа "хүмүүнлэг боловсрол, сэтгэл зүрхний боловсрол" гэж юу болох талаар "А" ч үгүй юм байж ажилдаа түүртсэн, ядарсан, бухимдсан багшийг "ард түмний шүүхээр оруулна" гэж яриад бичлэгийг нь цацах чинь огтхон ч "хүмүүнлэг" харагдахгүй байна. Харин ч хэрцгийлэл, хүчирхийлэл гэж хэлнэ.
Ингэхэд боловсролын салбарын төсвийн 70 хувь нь зөвхөн багшийн цалин. Нөгөө гуйлгачингийн уут шиг дундуурхан цалин нь нийт төсвийнхөө 70 хувь гээд бодчих.
Тэгэхээр Монгол Улс боловсролынхоо салбарт ямар ч хөрөнгө оруулдаггүй, юу ч зориулдаггүй, бүх ачаа дарамт нь ганц багшийн нуруун дээр явдаг гэсэн үг. Тийм байж яаж багштай үүрэг хариуцлага ярьж, гүйцэтгэл шаардаж чадаж байна аа.
Хариуцлага хүлээдэг байлаа ч хамтраад хүлээх ёстой биш үү? Атал өөрсдөө ямар хариуцлага хүлээсэн бэ?!
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (1)