Нэг. Байгалийн цагтай Монгол хүн
Өвлийн наран 9 цаг мандана. Ажил алба 9 цагт эхэлнэ. Ургах нартай уралдан ирнэ, болж байна. Харин зуны нар таван цагт мандана. Гэхдээ ажил 9 цагтаа л эхлэх тул юун нартай уралдах вэ, үд хавьцаа ажил албандаа морилно, өнөөгийн байдлаар шүү.
Гэтэл, Монголчууд нэн эртнээс цагаа шилжүүлж, “Daylight saving time” (DST) буюу “Зуны цагийн хуваарь”-шилжиж байсныг та анзаардаг уу?
Нүүдэлчин монголчууд маш сайн цагийн хуваарьтай байсан юм. Тэдний гэрт ч, гарт ч хронометр байгаагүй боловч нар, сараар баримжаалан гайхалтай зөв тооцоолно. Монгол тооллоор зөвхөн 15-нд сар хиртэж, битүүнд нарны хиртэлт тохионо. Манайхан 29,5 (бутархай тоотой) хоногтой сарны циклийг битүүн(сар харагдахгүй), 15-н(Тэргэл сар) хоёр дээр нь яс тааруулан, илүүдсэн дутсан “бутархай” хоногийг хасч, нэмж тааруулна. Саяны цагаан сараар шинийн гурван нь алга болсны учир энэ.
Хамаг буруу нь зарим хүний боддог шиг “монголчууд хоцрогдсон, мангар тоололтой”-д байгаа юм огт биш ээ. Яг үнэндээ бол “нөхөр Сар” өөрөө буруутай. Ямар ч монгол хүн түүний хурдыг тохируулж, календарийн 30 хоногтой циклийг нь өөрчлөн, “29,5” болгож будилуулаагүй билээ. Сар л өөрөө бутархай хоногтой циклтэй байсан, яг л “Би чамд хайртай” кинон дээр “Баяраа өөрөө уначихсан юм билээ” гэдэг шиг.
Засах боломжгүй ч юм биш. Учир нь тооллын системийг хүн зохиосон болохоос сар зохиогоогүй юм хойно. Тасарч, давхарладаггүй хоногтой билгийн тоолол зохиоход амар боловч, сарны арвидал хомсдол замбараагаа алдан, нар сарны хиртэлт хаашаа ч шилжиж болзошгүй. Тооцоолоход амархан л даа, гэхдээ замбараа муутай болчихно.
Угаасаа, Монголчууд тэнгэр өөр хараад л хэдэн болж байгааг мэддэг байлаа. Хөдөөнийхэн байтугаа, аймгийн төвийн гаралтай манай хүн хүртэл 13-ны сарыг 14-нийхөөс хараад л ялгана. Монгол хүний календарь ба цаг агаарын мэдээ тэнгэрт бичээстэй байдгийн учир энэ. Сэтгүүлч-цаг уурч Д.Шагдарсүрэн номоо “Тэнгэр унших эрдэм” нэрлэсэн нь ч үүнтэй холбогдоно.
Хоёр. Монголын цагны “зүү”
Монголчууд сар хоногийг мэргэн тооцоолдог шигээ өдрийн цагийг ч ухаалгаар зохицуулна. Өвөг дээдсийн маань цагны түлхүүр байгальтайгаа холбоотой тул гараар түлхэх, ухраах ямар ч хэрэггүй. Аян зам, ажил хөдөлмөрийн цагийн хуваарийг зохицуулдаг “Үүрийн гэгээнээр”, “Нар уулын толгойд тусах”, “Уулын сүүдэр хүүшлэх”, “хонь бэлчиж байхад”, “Хонь хотлох үед” гэх мэт “цаг”-ийг дэлхий тэнхлэгээ эргэх зуураа түлхүүрдэн тааруулдаг.
Өвөл “үүр цайх” цаг өөрөө ухран орчин үеийн цагаар бол 7-8 цагийн үед очих бол зун урагшлан 04.30-5.00 шиджинэ. “Мал сүрэг хотлох цагаар чамайгаа, санаад санаад ханашгүй яа хө” гэж дуу байдаг даа. Энэ бол, өвөлдөө 17 цагийн үед, зун бол арай аажуухан 21,00 хавьд л хайртай хүн нь бодогдоод байна аа гэсэн үг.
Монгол нүүдэлчний амьдралын хэмнэл нь ч байгалийн цагийн хуваарьтаа зохицоно. Өвлийн өглөө малаа аажуухан бэлчээнэ. Улаанбаатарын буюу тэр жил “ухраагаад мартсан цаг”-аар бол бараг 10-11 хавь байх шүү. Хэтэрхий эрт халуун хэвтрээс нь хөөж гаргасан мал зутардаг. Малчид “Дунд идэш дулаан хэвтэр” гэдэг нь ийм учиртай. Харин, зун хамаагүй эрт бэлчээнэ. Ялангуяа хонь ямааг “үдлүүлээд”өдөрт хоёр удаа саадаг үед бол үүрээр бэлчээрт гаргадаг.
Манайхан бугуйндаа цаггүй ч гэртээ “нарны цаг”-тай байв. Тэр нь “Нар тоононы цамхраанд байхад”, “Нар ханын толгойд тусах”, “Нар ханын элгэнд буух” гэхчлэнгийн “зүү ба тоотой” бөлгөө. Хонь хариулж яваа хүүхэд тойрог зураад голд нь шилбүүрээ хатган, сүүдэр-зүүгээр нь гэрийн хаана нар байгааг мэднэ.
Монгол гэрийн үүд зүүндүү урагшаа буюу ертөнцийн салхины эсрэг зүг рүү харах тул тойрогтоо үүд эхэлж зураад, тавилгаа дараа нь “байрлуулах” ба шилбүүрийн сүүдэр унаж байгаа газарт тооноор туссан нарын гэрэл очсон гэсэн үг. Мэдээж энэ цаг өвөл, зуны хуваариар өөр байх ба эзэн нь андуурч, хөхөө өвлийн хүйтэнд зуны цагийн хуваарь хэрэглэнэ гэж байхгүй.
Дашрамд дурьдахад, монголчууд, нарны цагны тусламжаар хэзээ “нар буцах”-ыг андахгүй мэддэг байжээ. Дэлхийн бөмбөрцөг гэдийж, түүний умарт хагасад өдөр богиносохын хэрээр тооноор туссан нарны гэрэл (цагны зүү ч гэмээр юм уу?) тусах зам богинохон бөгөөд дээгүүр байна. Тооноор орж ирээд унины дундуур хөндлөн яваад буцаад гарна гэмээр ч юм уу. Нар ташуу тусахын хэрээр гэрийн унины углуурга буюу тоононд угсрагдах хэсэг рүү дөхнө. Тэгснээ, тодорхой нэг цэгээс цааш явахаа болиод бууж эхэлнэ. Яг энэ мөчийг “нар буцах” гэж байгаа юм. Тэнгэрт байгаа нарны явдлыг жирийн нүдээр анзаарах хэцүү ч, гэртээ байгаа нарны явдлыг бол хараад мэдэхэд амархан.
Дэлхийн бөмбөрцаг урагш тонгойн, умарт хагасын зун болохын хэрээр нар дээш хөөрч, тусгал нь ширээн дээр, зуухны тэнд ирээд бас буцахыг анзаарах ч мөн хэцүү биш. Монголчууд ямар ч календарь харахгүйгээр жил бүрийн 6 сарын 22, 12 сарын 22 болон билгийн тооллын битүүн, 15 –ныг андахгүй мэддэг байсны учир энэ.
Гурав. Чи юу гэх гээд байна, гэхээр...
Чи юу гэх гээд байна гэхээр, Монголчууд эртнээс нааш өвөл зуны цагын хуваарьт шилждэг байжээ. Зуны цагт “Үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрдэг” явдлыг буруушаан шүүмжилдэг, нар шарж эхлэхэд хэвтэрт байх нь биед муу хэмээн хэмээн сургадаг байсан уламжлал юу хэлээд байна гэхээр, хүмүүний амьдралын хэмнэл байгалийн цагаар зохицуулагдаж байх нь эрүүл амьдралын хэв маяг гэж үзэж байсантай холбоотой. Зун эрт босч, өвлийн өглөө аажуу сэрэх буюу “цагийн шилжилт” хийхийг дэмждэг, хэрэгжүүлдэг гэсэн үг. Хүмүүн болбоос амьдралын хэмнэлээ байгалийн цагийн хуваарийг дагуулах нь эрүүл мэндийн эх булаг гэдгийг мэддэг байж. Шууд хэлэхэд, зун цагийн хуваарь нь зөв амьдралыг хэв маяг гэж үздэгээ л гэсэн үг.
Өрнөдөд ХХ зууны эхээр туршин, дунд үеэс нь нийтлэг мөрдсөн Daylight saving time (DST) буюу “Зуны цагийн хуваарь”-ыг Монголчууд нэн эртнээс мэддэг, мөрддөг байжээ. Нэг зүйлээр ялгаатай нь “зуны цагийн хуваарь” руу орох шилжилт Өрнөдийнх шиг нэг өдөрт бус аажмаар явдаг байв.
Хаврын дунд үеэс өдөр уртсахыг даган малчны цаг түлхэгдсээр зун оргилдоо хүрээд намар тийшээ өвлийн цагийн хуваарь луугаа буцна. Аажим аажмаар цаг нь ухарсаар “ес” эхлэхэд оргилдоо очно.
Харин хот суурины ертөнцөд ингэж аажмаар шилжих бололцоогүй учраас 3 ба 10 дугаар сард буюу өдөр шөнө тэнцэх үеийн ташруулан Зуны цагийн хуваарьт орж гардаг болсон байна.
ХХ зуунд хотшин суурьшсан Монголчууд эхэн үедээ цагийн хуваариа өөрчлөн бичих замаар өвөл, зуны цагт шилжиж байлаа. Өөрөөр хэлбэл, өвөл 9 цаг ажил сургууль эхэлдэг байсныг 8 болгон урагшлуулах гэх мэт.
Дөрөв. Монголд албан ёсоор “Өдрийг гэрлийг ариглах” болов.
Харин 1980-аад оноос Зөвлөлт Холбоот Улсын жишгээр “Зуны цагийн хуваарь”-т шилжин цагаа түлхэж ухраах болжээ. Өрнөдийнхээ бол “Өдрийн гэрлийг ариглах” гэж ойлгогдмоор “Өдрийн гэрэлд илүү илүү ихийг бүтээх” агуулгатай нэршлийг нь орос хэлний “ Летнее время” гэдгээс орчуулан “Зуны цагийн хуваарь” хэмээн нэрийдэв. Энэ нь Москвагийн шууд удирдамж байсан уу, уламжлал ёсоороо тэнд хийсэн болгоныг ухамсаргүй дагасны нэг байсан уу, бүү мэд. Харин, Зөвлөлт Холбоот улс тарж ОХУ болохтой давхцан Москва зуны цагийн хуваариас татгалзжээ. Улаанбаатар ч ухамсаргүйгээр дагажээ.
Өнгөрсөн гучаад жилд нэг бус удаа зуны цагийн хуваарьт шилжиж, больж үзсэн байна. Намын байр суурь гэхээсээ илүү, засгийн тэргүүний хувийн байр суурь нөлөөлж байсан бололтой. Жишээлэхэд, МАН-ын Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа зуны цагийн хуваарьт эргэж орсон бол, АН-ын Ерөнхий сайд Ж.Наранцацралт болиулж байв.
Цаг шилжихээ больдог гаргалгаа нь ерөнхийдээ ойролцоо. Зуны цагийн хуваарьт шилжих үед хүмүүсийн “даралт ихэсч бие нь мууддаг” гэх гаргалгаа. Яг хийсэн судалгаа үгүй. Шинжлэх ухааны үнэ цэнийн хувьд бол “Чонын шөрмөс шатаахаар хулгайчийн гар татдаг” , “Тарвагын түүхий цөс залгиад л цөсний өвчин эдгэдэг” гэдгийн хавьцаа л гаргалгаа.
Орчин үеийн “Зуны цагийн хуваарь”-т шилжихэд, Монголчуудын уламжлалт аргаас ялгаатай нь нэг л өглөө цаг урагшилдаг учраас бид жаахан бухимддаг. Гэвч хоёр гурав хоногоос хэвийн байдалдаа ороод явчихдаг.
Тав.Цагийн зөрөө байтугаа цаг уурын зөрөөг бид давдаг.
Хэрвээ, цаг урагшлахаар бидний бие муудаж, даралт ихсээд сүйд болдог бол эрт босох тоолондоо бид хүнд асуудалтай учрах ёстой. Улмаар, гадаадад байг гэхэд Монгол дотроо ийш тийш явахдаа ч хүнд өвчинд нэрвэгдэх нигууртай. Дорнод-Улаанбаатар, Улаанбаатар-Ховд, Баян-Өлгийн хооронд нэг, нэг цагийн зөрөө байдаг.
Цаг урагшилж, хойшлохоор л сүйд болоод байдаг бол Дорнодоос хотод ирэгсэд хэвтэрт ороод, Баян-Өлгий рүү эндээс очигсод носийлкоор буцаад баймаар. Бид огт анзаарахгүйгээр Буйр нуурт амраад, буцаад Алтай Таванбогд ороод ирдэг шүү дээ.
Цагийн зөрөөнөөс илүү бодитойгоор нөлөөлдөг зүйл бол цаг уурын зөрөө. Гэтэл бид ямар ч асуудалгүйгээр Өвлийн Монголоос зуны Мальдив руу аялаад ирж байна. Цагийн зүүг нэгээр урагшлахад хөмрүүлчих гээд байдаг эрүүл мэнд маань өвлөөс хаврыг алгасуулаад зун дээр шууд аваачихад гардаг зөрөөн дээр бол хиараад явчих учиртай. Сүйд болохын оронд сайхан амарч, шарлагын наранд борлоод улам ч эрүүлжээд ирдэг биз дээ.
Аялагчид ч гэж сүхэдсэн ч ажирдаггүй бух шиг эрүүл чийрэг улс байдаг байж гэж бодъё. Тэгвэл өвдсөн зовсон, энд оношлуулж, эмчлүүлэхэд хэцүүдсэн зарим маань Бээжин (өргөргийн зөрөөтэй), Сөүл, Токио (цаг болоод уртраг, өргөргийн зөрөөтэй), цаашлаад Америк (өдөр,шөнийн болоод улирлын зөрөөтэй) яваад, эдгээд эрүүлжээд ирдэг. Өвчтэй зовлонтой байхдаа ч өргөрөг уртраг, цаг уурын зөрөөг тоодоггүй монгол хүний бие “зуны цагийн хуваарь”-т орохоор сүйрчих гээд байна гэдэг бол зүгээр л үлгэр юм.
Гэхдээ л засаг нь түүнд итгээд, итгэхээсээ илүү эмээ уухгүй даралтаа ихдүүлчихээд засаг руу чихэхээс айгаад тээр жил ухраасан цагаа хөдөлгөлгүй өнөөг хүрлээ. Малчин хүнийхээр бол зун болчихоод байхад хонио 11 цагт бэлчээж, 17 цагт хотлуулаад л тарга хүч авахуулахгүй байгаа гэсэн үг. Улс орон ч тэр мэт эдийн засгаа “таргалуулах” боломжоо алдав. Зуны цагийн хуваарьт шилжсэнээр мал таргалдагийн нэгэн адил “Нарны гэрлийг ариглан” ашигласны үрээр улс орны эдийн засаг ч “таргалж” тэвээрнэ гэдэг.
Өдрийн гэрлийг бүтээлчээр ашиглах нь хүний төрөлх мөн чанартай ч бас холбоотой. Байгаль бээр амьтдыг өдөр, шөнийн амьдралтай болгон бүтээжээ. Энэ зориулалтыг өөрчлөх нь осолтой. Жишээлэхэд, сарьсан багваахайг өдрийн амьдралтай болговол төрөл, зүйлийн хувьд сүйрэх байх. Гэтэл өдрийн амьдралтай бүтээгдсэн хүмүүн бээр цахилгаан эрчим хүч, гэрэлтүүлэгтэй болсноор амьдралынхаа хэмнэлийг өөрчлөн шөнөөр “амьдрах” нь ихэсчээ. Үүнийг сөргүүлэн байгалийн хэмнэлээр амьдрахын чухлыг анагаах ухаантнууд сануулсаар байна. Иймээс, “Өдрийн гэрэлд илүү ихийг бүтээх” боломжийг ашиглах нь хүний эрүүл мэнд ба бүтээмжид шууд эерэг нөлөөтэй нь дамжиггүй.
Зуны цагийн хуваарийг сэргээн мөрдөх нь нэг талаасаа хүн амын эрүүл мэндэд, цаашлаад улс орны бүтээмжид эерэг нөлөөтэй болох гээд байна.
Нүүдэлчин хүний хувьд байгалиа дагасан цагийн шилжилт нь сэтгэл зүйд эерэг нөлөөтэй байхаар явдаг. Жишээлэхэд, босох, малдаа гарах(буюу ажилдаа явах)цаг нь урагшилдаг боловч “үүр цайх”, “нар хөөрөх” нэршил, гэгээ орсон гэрэлтсэн байдал бол хэвээрээ үлддэг. Энэ нь сэтгэл зүйн хувьд таатай, зуны өглөө 4-5 цагт боссон биш, хэзээ язааныхаараа “үүр цайж” байхад л мориндоо мордсон жирийн явдал болж бууна. Ийм учраас нүүдэлчдэд стресс гэж бараг байсангүй.
Яг түүн шиг цагийн хуваарийг өөрчлөн 08,00-д ажил дээрээ бэлэн байх, “Зуны цагийн хуваарь”-т шилжээд хуучин шигээ 9.00-д оофистоо очих хоёр нь хотын хүний стресст шал өөрөөр нөлөөлнө.
Зуны цагаар 07.00-д гэрээсээ гараад түгжрэх, цагаа түлхэлгүй 06,00-д яваад бөглөөнд гацах хоёр угтаа адил боловч хүний сэтгэхүйд хоёр янзын ул мөр үлдээнэ.Яаж ч бодсон хуучнаасаа цагийн өмнө гэрээсээ гараад түгжирсэн хүн илүү бухимдана. Иймээс, зуны цагийн хуваарь нь нийгмийн сэтгэл зүйг эмчлэх, стрессийг багасгахад бас сайн нөлөөтэй.
Иймээс, Ковидын жилүүдэд алдсан боломжийг нөхөх, аягүй бол залгуулаад дайны байдалд шилжиж мэдэшгүй болсон цаг үеийн бухимдлыг нимгэлэх, хотын түгжрэл зэргээс үүддэг нийгмийн стрессийг нимгэлэх, дор хаяж гурван чухал шалтгаанаар “Зуны цагийн хуваарь”-тээ эргэж ормоор байна.
Цар тахлаар амиа алдахгүй байх баталгаа нь хүний биеийн дархлаа байдаг. Харин эдийн засаг дампуурахгүйн баталгаа нь бизнес өөрөө өөрийгөө нөхөн хөгжих бололцоо, бүтээмжийн өсөлт нь юм. Хөнгөлттэй зээл, цахилгаан дулааны хөнгөлөлт зэрэг нь ийм дархлаа бий болоход хэрэгтэй зүйлс болохоос дархлаа нь өөрөө биш. Гэхдээ, хүний бүтээмж бололцоог нэмэх нэгэн аргыг бид мэдэхгүй биш мэднэ. Тэр нь яг юу вэ?
Зуны цагийн хуваарьт шилжснээр, орой эрт ажил тарж, чөлөөт цаг нэмэгддэг гэдэг нь асуудлын зөвхөн нэг тал нь юм. Хамгийн гол нь үүр цайхаас, нар мандахын хооронд сэргэдэг өдрийн амьдралтай ухаант хүн-Хомосапиенсийн ой ухаан, биеийн хүч чадлын хамгийн сэргэг үе өглөө таардаг. Монголчуудч үүнийг ажиглаж мэдсэн тул “эрт босвол нэгийг үзнэ”, “өөдлөхөд санах сэрэх, уруудахад унтах идэх”, “Болжмор мэт эрт сэрж, адуу мэт орой унтаж яв” гэхчлэн сургасаар иржээ. Эрт боссноор малчин хүний ажлын цаг уртсахдаа биш, хамгийн сэргэг бүтээмжтэй үеэ ашиглахдаа юм. Хүний хамгийн өндөр бүтээмжтэй үеийг ашиглах боломжийг зуны цагийн хуваарь олгодог гэсэн үг.
Б.Цэнддоо 2021-2022