Орос, Украины дайн үргэлжилж байна. Лав ойрд дуусахгүй сунжирна. Дэлхийн улсууд дайныг тууштай эсэргүүцэн, Оросын түрэмгийлэл, хүчирхийллийг хамтаараа буруутгаж байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулганаар Украин дахь цэргийн ажиллагаагаа зогсоож, цэргээ гаргахыг ОХУ-аас шаардсан тогтоол гаргахад тус байгууллагын гишүүн 193 орны 141 нь дэмжсэн. Монгол Улс түдгэлзсэн байр суурьтай байгаа. Үүнтэй залгуулаад манай Гадаад хэргийн сайд нь Орос, Украины дайнд Монгол Улс ямар байр суурьтай байгаа талаар доошоо харж байгаад сулхан дуугаар юм уншихдаа “...холбогдох талууд яриа хэлэлцээр хийх замаар дипломат үйл ажиллагаа болон сайн санааны үндсэн дээр галыг даруй зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь зүйтэй гэж үзэж байна. Цаашдаа ҮАБЗ-ийн гишүүдтэй зөвлөлдөж, шаардлагатай бол ойрын хугацаанд мэдэгдэл гаргана” гэлээ. Дайн эхлээд хагас сар өнгөрөхөд өнөө мэдэгдэл энэ тэр ч таг.
Засаг төртэйгөө зэрэгцээд манай олон нийт ч мөн л айсан, Оросыг зусардсан өнгө аястай яриа хөөрөө өрнүүлж байна. “Оросуудын зөв. Путины зөв” гэж улайм цайм хэрэлдэж, “Бид одоо бензин шатахуунаар тасарвал яах вэ. Цахилгаанаа орос ах нар өгөхөө боливол чи яах юм” гэцгээн гоншигнолдож байгаа. Болоогүй үйл явдлаас айж, үхэх нь холгүй байгаа хүмүүст Америкийн сенатч Крис Кунсийн мэдэгдлийг хүргэе. Тэр эрхэм “Нефьтийн үнэ огцом нэмэгдэж өндөр болох нь тодорхой. Гэхдээ энэ бол эрх чөлөөний төлөө төлж байгаа үнэ” гэж хэлсэн юм. Одоо Америкт бензиний үнэ 70 гаруй хувиар өссөн мэдээ явж байгаа. Харин украинууд эрх чөлөөнийхөө үнийг амиараа төлж эхэлсэн. Орост хориг тавьсан Европын орнуудад ч эдийн засаг нь тогтворгүй, юмны үнэ өссөн. Тэр улсууд ч эрх чөлөөний төлөө, хүчирхийллийн эсрэг эдийн засгаараа төлөөс төлж байгаа юм.
Дэлхийн хоёрдугаар дайнд монголчууд чадлаараа Оросыг дэмжиж оролцсон. Нойр хоолгүй дулаан хувцас оёж, агт морьдоо ч хэдэн мянгаар нь илгээж, байгаа бүгдээ илүүчилж дэмжсэн. Харин өнөөдрийн дүр зураг, үйл явдал үүнээс огт өөр юм. Путин маш олон жил төрийн толгойд сууж, бусдаасаа, нийгмээсээ, дэлхийгээсээ тасартал ваакуумжсан хүн гэж судлаачид хэлж байгаа. Түүний өнөөдрийн энэ үйлдэл, дайн самуун бол ганц Украин биш, дэлхийн эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн, улс орнуудын эсрэг хийж буй хүчирхийлэл гэж олон улс үзэж байгаа учраас хориг тавьж, эсэргүүцээд байгаа хэрэг билээ. Хаяа дэрлэн амьдардаг манайхан ч энэ дайнд тун анхааралтай, хэрсүү хандах хэрэгтэй юм.
Америк тэргүүтэй олон улсууд Орост эдийн засгийн хориг тавилаа гэж мэдээлж байна. Тэд Оросын бараа бүтээгдэхүүнд 40 хүртэлх хувийн татвар ногдуулж буйгаа зарласан. Гэтэл хөрш монголчууд бид Орос руу бараа бүтээгдэхүүн гаргахдаа 40-120 хувийн татвар төлдөг, одоо ч төлсөөр байгааг манайхан мэддэг болов уу.
Дайн, хүчирхийллийг эсэргүүцсэн, Путиныг унаасай гэсэн үзэл санаа илүү их дэлгэрч, жагсаал цуглаан болж, хүмүүс үгээ хэлж, үзэл санаагаа нэгтгэх хэрэгтэй байна. Үүний тулд монголчууд бид ч эрсдэл үүрэх учиртай. Хотдотроо явган алхах, нийтийн тээврээр хөл дүүжлэхийг урьтал болгох. Мөн зуны дэлгэр цагт Улаанбаатараас Увс нуур гарч давхиад, хоёр ч хоноогүй байхад Буйр нуур дээр явж байдаг дэмий зардлаа ганц хоёр жилдээ хэмнэх хэрэгтэй байна. Монгол Улсын шатахууны хэрэгцээ нэг их биш. Оросын нефтийн нэг том компанийн жилийн үйлдвэрлэлийн 10 хувь нь манай хэрэглээг хангадаг гэдэг. Тийм байхад бид өөр олон эх сурвалжаас үнэтэй ч хамаагүй шатахуун оруулж ирж болно. Азид шатахуун үйлдвэрлэдэг, манайхтай дажгүй харилцаатай улс Вьетнамаас эхлээд хэд хэдээрээ бий. Тийшээ хандаж хүсэлт явуулж, олон эх сурвалжтай холбогдохгүй бол дургүйгээ хүрэхээр үнээ нэмж, урсгалаа хаадаг ганц эх сурвалж биднийг өөрийнхөө хүслээр удирддаг гэдгийг өмнөх жилүүдийн туршлага харуулж байна.
Мөн Оросоос цахилгаан авдаг гээд олон хүн айгаад байгаа билүү. Тэгвэл орой үдэш гэрэл цахилгаанаа хэмнэе л дээ. Телевизээ унтраачих, илүү өрөөнийхөө
гэрлийг унтраагаад эрт унтаж хэвшье. Өглөө яагаа ч үгүй нар мандаж байгаа ирж яваа цаг байна даа, эрт босоод ажил төрлөө амжуулъя. Олон олон хүний ийм үйлдэл хэмнэлт гаргах нь гарцаагүй. Мөн л цахилгааны дотоодын
болон гадаадын хэд хэдэн эх сурвалжтай болох талаар бодох ёстой.
Энэ бүхэн бол бид дайны төлбөрт, эрх чөлөөнийхөө төлбөрт төлж байгаа төлөөс юм.
Орос орон хөрш рүүгээ араа шүдээ арзайлган дайрдаг дарангуйлагчаасаа салж, энгийн орон болтол бид илүү зардлаа тэвчих, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй байна. Энэ бол ардчилал, эрх чөлөө, Оросын ард түмний төлөө хийж байгаа бидний тэмцэл. Үүнээс айж жийрхэх хэрэггүй.
Хэдий олон жил төлөвлөж, бэлдэж хийж байгаа дайн боловч олон улсын хоригт орсон оросууд өнөөдөр дайны утаанд ядарч зүдэрч байгаа шинжтэй. Дайнч баатарлаг ард түмэн гэсэн хийрхэл нь дарагдаж байна уу гэмээр харагдаж байна. Өнөөдөр бид мэдээллийн хэрэгслээрээ
оросууд хил даван цагаачлан орж ирж байна гэж сүржин мэдээлэхээ больчих хэрэгтэй байна. Энэ хийрхэл тэр ядарсан хүмүүст гай л болно уу гэхээс гавьяа болохгүй. Найрсаг хөршийн харилцаагаа бодсон ч бидэнд ийм ээлж бий. Тэд энгийн оросууд, дайнаас зугтаад л ирээ биз, орж ирж амьдарч л байг ээ, Монголд. Дайн дуусаад тэд эх орон руугаа яваад өгнө. Оросын дарангуйлагчийн эсрэг дэлхий хориг тавьж байгаа болохоос биш Орос орон, Оросын ард түмэнтэй дэлхий муудаагүй билээ.
Монголчуудыг ажил хийж үзээгүй, зовлон туулаагүй болохоор гэнэн ард түмэн гэсэн шүүмж байдаг. Үнэндээ бид Япон, Солонгос шиг нэн шинэ түүхэндээ дайны хөлд талагдаж, өлсгөлөнд нэрвэгдэж үзээгүй хувьтай улс. Тэглээ гээд өнөөдрийнх шиг ард түмэн нь гэнэн, ойворгон, гоншигносон улцгар зантай байж болохгүй. Засаг төр нь өнөө маргаашийг аргацаасан бодлого гаргаж, албан тушаалын төлөө улайрч баймааргүй байна. Өнөөгийн дэлхийд болж байгаа үйл явдал бидний байгаа байдал, амьдрал ахуй, хандлагыг улам л тод томруун гарган өгч байна. Дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүй, зөвхөн гадаад худалдаан дээр суурилсан эдийн засагтай улс хэрнээ ард түмнээ халамжаар угжиж байгаа нь монголчууд ядуу амьдрах хамгийн том шалтгаан гэж эдийн засагчид дүгнэдэг. Мэдээж, бага багаар ч болтугай засагдаж сайжирна гэдэгт итгэж байна. Үүнтэй нэгэн адил дэлхийн эрх зүйн хэм хэмжээнд захирагдаж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө алдчихалгүй явах нь Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Үүний төлөө, бүр тодруулбал, эрх чөлөөнийхөө төлөө бид ч бас төлөөс төлөх ёстой. Холыг харсан бодлоготой, хатуу чанга сэтгэлтэй байж л бид дэлхийн улсуудтай зэрэгцэн орших болно.
Г.Гэндэндарам /Өдрийн сонин/
Сэтгэгдэл (1)