Оршил: Бяцхан Монголд өрнөсөн хэврэг тэмцэл хэрхэн төгсөх нь бүрхэг-эрсдэлтэй 90 онд босогчдын араас ил гарч нүүрээ харуулаагүй Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Баттулга гурав ардчиллын ховор ялалтын буянаар Төр засаг жолоодож үзлээ. Харамсалтай нь Н.Алтанхуяг намаа самарч, нөгөө хоёр нь орос олигархиудад үйлчилж, том төслүүдээ гацааснаар Монгол сэхэлгүй шувтрах шив. Хөгжилд хүргэсэн хүмүүний туршлага-онолтойгоо цуг Монголд үнэ цэнээ алджээ. Оюунлаг чадварлаг журамлаг хөдөлмөрч орнуудыг дэвшилд түүчээлсэн хөрөнгө оруулалт Монголд эдийн засгийн алуурчаар хочлогдон гологдов.
Партизанууд өвгөрч-хоцрогдож болох ч 90 оны өвлийн тэсгим жаварт цуурайтаж асан үзэл баримтлал ялагдсанд өвгөн зохиолч харамснам. Тиймээ, ардчиллын үнэт зүйлс замхарлаа. М.Энхсайхан, Э.Бат-Үүл, Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Баабар, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар хужаа, эрлийз, хурлийз, барууны гар хөл гэгдэн адлагдаж, АН-д шургалсан-хил дамжин “гахай” чирж хөлжигсөд харь оронд ханилж яваа нутаг нэгтнээ хулхиддаг сэтгэхүйгээр аварга ордуудаа булаацалдав. Булчинлаг ганзагачдад оюунлаг ардчилагчид ялагдаж шоронд хоригдлоо. Тэднийг Бодоо Данзан Лосол Догсом Гэндэн Дэмид Амар Лхүмбэ нар шиг арай ч тонилгочихгүй биз-ардчиллын буянд. Х.Баттулга, З.Энхболд хоёрын өнгөнд-дээгүүрээ эвгүй хүйт даасан шүү. Халуун амь бүү хилстүүл гэж мөргөе.
Гашуун сухайтын төмөр замыг олон жил гацааж 20-30 ч юм уу тэрбум долларын ашиг хааж, эх орноо хорлосон бөгөөд 280 сая доллар шороонд булсан Х.Баттулга яллагдагчаар татагдаад байсан ч гэм бурууг шүүх шийдвэрлээгүй байна гээд АН ерөнхийлөгчид дэвшүүлж, сонгогчид түүнийг төрийн оргилд залсан.
Асар их бэл бэнчин, ханахгүй хэрэглээгээр дэлхийн бизнесийг татсан хаяа нийлэгч-хамар дорх Хятадгүй хөгжих итгэл төгс Ерөнхийлөгч тэртээ дээр омогших сүрдэм байв. Омог бардам түүний толгой дээгүүр овжин гадныхан өмнөд хөршөөс олз ууталсаар. Энэ урсгалыг тэр бээр спорт костюмтай сөрөн гүйж яваа самбоч.
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоод телевизээр ард түмэндээ албан ёсоор хандсан анхны мэдэгдэлдээ: “Орос металлургийн орон... хил давахад тэнд тэд төмөр замаа барьчихсан. Манай нүүрсийг Иран, Пакистан авъя гэж байна. Тиймээс бид хэвтээ тэнхлэгийн төмөр замаа яаж ийж байгаад барих хэрэгтэй... Бид урд хөршөөс хараат болчихсон байна. Бурхан шашнаа шүтэх асуудал ярихад шүтэж болохгүй гэж байна. Далай ламаа урья гэхээр болохгүй гэж байна шүү дээ. Үүнийг мэдээж урд хөрштэйгөө ярина... Манай бүтээгдэхүүнийг битгий хямд авч бай гэж ийм л асуудлыг ярина” гэв.
Зүүлт: Анхныхаа мэдэгдлээр ийнхүү омогшиж асан Ерөнхийлөгч маань хоёр жилийн дараа цар тахал дундуур 30 мянган хонь билэглэх том пайз өмнөө бариад Ши жиньпин даргын өмнө бөхөлзөв. Малчдаас төсвийн мөнгөөр авсан 30 мянган хонио хувиасаа өгч буй мэт дүр эсгэсэн нь бага буурай ч гэсэн нэг улсын Ерөнхийлөгч гэхэд зуль зальтан харагдаж билээ. Цар тахал дундуур эр зориг гаргаж гадаадад айлчилсан дэлхийд ганцаараа удирдагч гэж түүний цолыг дуудсан магтаал одоо ч Монголд цуурайтсаар.
Богино зайн атаархал. МСS олон улсын биржид гарч, гадныхан тэднийг хамтрах хэмжээнд дөхсөн менежменттэй Монголын ганц компани гэлээ. Тэгтэл ерөнхийлөгч маань “хувийнхан надаас томрох ёсгүй” гэж баадуурав. Оджаргал Нянтайшир нарын босгосон бүтээн байгуулалт тэдний өмч биш газрын баялаг гэж ҮАБЗ-ийн гурван өндөрлөг аягүйрхэж бурганалаа. Уул уурхайгаас баяжсан 30 гэр бүлийн хөрөнгийг нийгэмчилье. Гурвуулаа авилгад гар тосохгүй болтлоо цулайя гэж чих чихэндээ шивнэлдсэн юм байх.
Гадны хомхой олигархиудын далд хатгаасаар олон тэрбум доллар олох том төслөө түгжиж байгаад өөрсдөө баяжиж буй бүлэглэл нэг л биш ээ. Мега төслөөр хэдэн арван тэрбум доллар олохын дэргэд хоёр гурван өндөрлөг баяжих-дусал төдий агаад зүдүү ард олны амьдралд нэмэр болсонгүй. Эрх мэдэл эд хөрөнгөөр хол тасарч бүр хаан болох мөрөөдөлтэй Х.Баттулгын дургүйг баян Оджаргал Нянтайшир хоёр хүргээд байсан бол сүүлдээ Сү.Батболд нэмэгдэж уурыг нь шатаав. “Хэн ч надаас илүү баяжих ёсгүй” гэж тэр бээр хөмсөг зангидаж хөмхий зууна. Харанхуй баатрын өөр нэг онцгой араншин гэвэл орос хулгайчдын өмнө өмдөндөө шээс алддаг атлаа гэмгүй нөхдөө хилсдүүлэхдээ чулуу шиг. Хар аминыхаа төлөө харц ардаа хоосолчоод ханасангүй, өөрийгөө ерөнхийлөгчид дэвшүүлсэн андуудаа араандаа зуусаар АН-аа хөнтөрч орхив. Ганзагачдын хаанчлал хэврэг үү бөх үү. Харъя. Тэд ардчиллын хараацай нараа шоронд хийж дөнгөсөн ч егзөр пости коммунистуудыг барсангүй. Богино зайн жөтөө нөхөддөө эр бар ч орос олигариудад эрх хавсар. Монгол атаа угаас тийм хэмжээтэй юм байх.
Танк их буу. Өмнөд хил рүүгээ 267 км уурхайн экспортын төмөр зам тавивал Монгол тусгаар тогтнолоо алдах онол Х.Баттулга Зам тээврийн сайд болмогц гаргаад үзэж тарав. Танк их буугаа галт тэрэгний цуваагаар ачаад орж ирэхэд л муу Монгол конец гэнэ. Ийм тэнэг онигоо Төрийн бодлого болоод, хүн ам дагаж намирсанд ичиж үхмээр. Баттулгад бус түүнд хууртсан маанаг ард түмэндээ уур хүрнэм. Хөгийн онигоо 10 жил манай руу урсах олон тэрбум доллар хаав.
Өргөн царигаа Зүүнбаян, Гашуунсухайт хоёр чиглэлд тавиад одоо дуусаж буй нь “танк их бууны аюул”-ыг Монголын төр иргэддээ сануулсаар буйн баталгаа гэж дотоод гадаадад ойлгов. Нэг үгээр танк их бууны аюул Монголд арилаагүйг-өргөн царигийн хэрэгжилт нотоллоо. Танк их бууны айдас хэн хэндээ ашигтай, найрсаг харилцаа дээд түвшиндээ тохирсон БНХАУ-д ямар санагддаг бол. Нарийн цариг тавьсан бол танк их буугаа ачиж ирээд эзлэх дайсан нь БНХАУ гэдэг хэлүүлэлтгүй тодорхой. Энэ айдсыг масс дэмжээд уухайлаад байдаг нь хачин.
Хятадын хилд тулгуу орших Өмнө говийн Таван толгой ордоос Сибирийн трассаар Восточный хүртэл 6000 км, Тувагийн Арцсууриас Шивээ хүрэн хүртэлх баруун босоо 1200 км, зүүн босоо мянга гаруй км, хэвтээ нь хэдэн мянга ч гэлээ, ийм гурван үлгэр ярьж Гашуун сухайтын 267 км-ээс бултаж, нүүрс зэс хүдрээ галт тэргээр экспортлохыг Х.Баттулга олон жил тууштай гацаасан этгээд.
Өргөн нарийн цариг. Мангуу онигооны цаана муу нэрт монголчуудын өрөвдөм эмгэнэл оршдогийг бид өөрсдөө дэлхий дахинаас нуудаг. Танк их буу ачаад орж ирнэ гэх Х.Баттулгын онигоонд мань итгэж дөнгүүлсэн юм огт биш. Овор их чулуу шороо экспортлогч манайд дэлхийн стандарт нарийн цариг сэлгүүлэн ачих шаардлагагүй маш ашигтайг хэлчих сачий бидэнд байдаггүй юм. Энэ нь хэлмэгдлээс угшилтай эмгэг. Уурхайн мухар замыг ямар царигаар тавихыг УИХ шийдэж байхыг нээлттэй үлдээсэн ч Х.Баттулгын тулгалтаар ҮХЦ сэм хаачихаж. Нарийн царигтай бол өдөрт зуугаад вагоны нурмаг ачаа сэлгүүлэх чирэгдэлгүй асар их мөнгө цаг хэмнэхийг монголчууд мулгуу ч мэдэхтэйгээ.
Таван толгойн нүүрсээ төмөр замаар бүү тээвэрлэ гээд орос олигархиуд шивнэснийг Х.Баттулга мэтийн манай хүрэн бөөртүүд төрийн нууц гээд хав дардаг. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого гэж томорч буй нь ийм учиртай. Архивт үлдэх баримтгүй орос ахын нууц аман тушаалыг задруулах зориггүйдээ “өргөн нарийн цариг” гэж маанаг монголчууд талцан маргаж буйгаар дотоод гадаадад ойлгуулж, ард түмнийхээ нүүрийг хулчгар Төр засаг нь хөөддөг гээд ойлгочих. Яг үнэндээ харанхуй бүдүүлгээрээ дуудуулдаг монголчууд өргөн нарийн цариг гэж мангартаагүй. “Царигийн маргаанд орос ах огт хамаагүй. Дүнхүү бид л хоорондоо маргаад төмөр замаа 10 жил тавьж чадсангүй” гэж өөртөө бурууг тохож, орос ахынхаа нэрийг цэвэрлэдэг юм чааваас.
Төмөр замаар аварга хэрэглэгчтэйгээ холбогдоод нүүрс хүдэр зэсээ саадгүй урсгах-бидний шийдэх манай ажил уг нь. Олон жил гацав. БНХАУ, Австралийн харилцаа хүйтэрсний хударгаар ОХУ нүүрсний экспортоо нэмж буйг бид шүүмжлэх эрхгүй-хөршийн асуудал. Гашуун сухайт руу эрдэс тээвэрлэх манай төмөр замыг гацаасан орос олигархиудыг сөрөх-харин манай хэрэг байв. Х.Баттулга “жа” хэмээн бөхөлзөж олон тэрбум доллароор эх орноо хорлож байхад дуугараагүй атлаа “Австралийн нүүрсний экспорт зогссон үед Орос манай нүүрсний экспортыг шахлаа” гэж гоншигнох зохимжгүй. Угаасан коксоо төмөр замаар 10 жил зөөсөн бол бид баяжсан. Үгүй ядаж ковидын үед нүүрсээ галт тэргээр саадгүй тээвэрлэж байгаа. Хөрөнгө оруулагчид манай ордуудыг төмөр замгүй гээд буцдаг.
Төмөр замын гацаа. Төмөр замын гацаа хаанаас хэнээс анх үүссэнийг эргэн харъя: Элс дүүргэсэн гялгар уутны ёроолыг хадаасаар хатгачиж, цоорсон нүхнүүдээр элс асгарч буйг телевизээр харуулаад, төмөр зам Хятад руу тавивал манай баялаг ингэж гоожоод дуусна гэх зохиомжоор олон жилийн гацаа эхэлсэн түүхтэй. Энэ тухай Х.Баттулгын цуврал нэвтрүүлэг бий. З.Энхболд “төмөр зам хэрэггүй, нүүрсээ машинаар зөөвөл маш олон жолооч ажилтай болж Монголд илүү ашиг өгнө” гэж 10-аад жил зүтгэж санасандаа хүрсэн лидер. Түүнд хариу болгож Баабар “Нүүрсээ төмпөнгөөр зөөвөл бүр олон хүн ажилтай болох юм биш үү” гэж ёжилж байлаа. Аварга даацын 20-30 мянган самосвалиар олон жил онгон говио там болгож тээсэн нүүрснээсээ олсон орлогоос шатахуун, сэлбэг, зам засварт өм цөм залгиулдаг. Эрсдэх аюултай харгуйд жолоо мушгиж, нэмэх хасах 30 хэмд кабиндаа хагас бүтэн сараар амьдарч буй жолооч нарыг тоодоггүй. Хэд нь амиа алдсанд эмзэглэдэггүй. Энэ нүгэл бурхны номоор Х.Баттулга, З.Энхболд хоёрт үсрэх ёстой.
Нүүрсээ угааж экспортлоогүй нь бидний буруу бус манай түүхий нүүрсийг хямд авч-шулах хятад хорон санаа гэх суртал Х.Баттулга дэврээсэн. Хөршийнхөө дургүйг хүргэж өдөхийн оронд нүүрсээ өөрсдөө баяжуулаад хорон санааг даваач. Дор дороо олз хайж шоргоолж шиг язганасан хятадуудад манай түүхий нүүрс хил давмагц бизнес бололгүй яахав. Нутагтаа нүүрс баяжуулсан хятадуудыг буруутгах шалтаг манай хоёрт баймгүй. Шинхуа айл хүний амь нэг хамтаръя гэдэг. Манай нүүрсийг Сумитомо ази хөршийн хувьд борлуулж өгье гэдэг. Ядуу биднийг дэмжье гэсэн чинээлэг хөршүүддээ багцаагаа мэдэхгүй пээдийгч хоёрт Хятад Японы тэвчээр барагдсан байлгүй. Амиа хичээх шуналаар тэр хоёр баяжаад буусан ч ард олны алдсан боломжийг нөхөхөд хэдий анзааны хөрөнгө хугацаа орох бол.
Эрдэс түүхий эд шингээх ходоодоор дэлхийд нэгд эрэмбэлэгдэх манайдаа далайн гарц-аварга захын хажууд коксжих нүүрсээр энгүй арвин Таван толгой орд маань азаар оршдог. 267 км төмөр замаа тавьсан бол машинаар тонныг нь 34 доллараар тээвэрлэдэг нүүрсээ галт тэргээр тонныг нь 8 доллараар, тонн нь 70 доллар дөнгөж хүрдэг нүүрс маань тонн нь 150 долларт хүрэхийг эдийн засагчид сануулсаар. Олон тэрбум доллар олох азхүү буурай Монголд нүүрлэснийг Х.Баттулга хаачихсан. Багахан хэсгээр нь бүх айлаа орон сууцаар хангаж утаанаас салах мөнгө гэнэ. Өөдлөх замыг минь хааж дөнгөсөн комбинаци ердөө танк их буу онигоо. Тэнэг онигоо хуучраад араас нь Ханги, Бичигт, Хөөт гэх үлгэр залгав.
Х.Баттулга нийгмийн эсэргүүцэлд шаагдаад 280 сая доллароор овоолсон гэх далангаа хятадуудын манай төмөр замтай холбохоор бэлдсэн нүдэнд харагдах үзүүрээс 20 км албаар зөрүүлээд, бас болоогүй, овоолгынхоо төгсгөлийг 8-9 давхар байшин хэртэй зориуд өндөрлөөд орхисноо-уулзах цэгээ урд хөрштэй тохиролцож чадахгүй байна гэж өөрийн балгийг хөршдөө наах улстөр дэвэргэж, нүүрсний орос магнатуудад олон жил хожих боломж олгосон юм. Ерөнхийлөгчийн засаглалын төлөө Х.Баттулга улсаа ийнхүү хорлож, өөрөө Путин шиг насан турш ерөнхийлөгчөөр залрах гэснийг УИХ-ын 76 чагталсан нь их юм шүү.
Үнэ хүрэх овор бага баяжуулсан нүүрс, ДЦС, төмөр зам мөрөөдөх нь богино хугацаанд ахиу ашиг олж, дав даруй дэд бүтэцтэй болох хэрэгцээ хөгжлөөс хоцорсон биднийг яаруулж байна. Гацаад буй төмөр замаар Таван толгойн нүүрснээс гадна зэсийн баяжмал, дорно өмнийн бүлэг ордуудын баялгийг ихээр хямд тээвэрлэж далайд гаргах боломж бүрдэх юм. Тиймээс оросууд ад үздэг зам.
Тэгтэл Зүүнбаянгийн төмөр зам гялс бүтэв. Галт тэрэгний урт цуваагаар Таван толгойгоос нүүрсээ ачаад Зүүн баянд очно. Нүүрсээ Зүүн баянд зөөснөөр зорилго биелэхгүй. Эцсийн өгөөж-төмөр зам тавихад бус нүүрсээ худалдаж зоос олох! 807 тэрбумын шинэ төмөр замаар галт тэрэг өдөрт хэд ч сүнгэнэсэн ээрэм говьд түгжрэлгүй. Мунадаг амжилт, өнгөц харвал. Гэвч нүүрсээ Зүүн баянд Шилийн богд шиг овоолоод ч ганц доллар олохгүй. Харин тээврийн зардлаар шатна. Үүнийг л хөндөх гэв. Сайншанд өртөөнд хүргэе. Сайншандад нүүрс мөнгө бус мөн л овоолог үүсэгнэ. Урагш Эрээн, хойш Наушки гэх хоёр гарц бий. Таван толгойн нүүрсийг Зүүнбаянд 807 тэрбумын замаар зөөгөөд худалдан авагчдаа хүрэх байтугай ойртсонгүй. Ийм зам эхэлж тавьдаг мөрөн дээрх толгой манайх уу хүнийх үү. Суурь бүтцэд 280 сая доллар булчихсан, хил давмагц түүхий нүүрс авдаг хэрэглэгчтэй, 10 жил гацсан төмөр замын урдуур дайрсан төсөл гээд бод.
Энэ бол Оросод тал зассан Х.Баттулгын бялдуучлал. Гэхдээ тэр өөрт ашиггүй бялдуучилдаг гар биш. Нүүрсний орос магнатуудтай хавсайдаж төмөр замаа олон жил гацааж цавчсан мөнгөө Сингапурын оффшор бүсэд охиныхоо нэр дээр байршуулжээ. Түүний оффшор дахь хадгаламж 58 сая ам. доллар болохыг олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг мэдээлэв. Таван толгойн коксыг хэрэглэгч рүү нь төмөр замаар зөөвөл доллар манай руу урсахыг хааж, орос олигархиудыг хожуулсны хариуд Х.Баттулга дархлааждаг юм.
Байдгаа сэгсэрч эхлүүлсэн Зүүн баянгийн 415 км төмөр зам чинь бүтнэ. Харин нүүрсээ өндөр үнээр борлуулж мөнгө олох чинь эхнээсээ худал байсан нь хоног хоногоор тодорно. Энэ удаа овоолог шороо бус овоолог нүүрстэй л үлдэх вийвий. Ийм ил мангуу залиар дөнгөөд буй нь бидний лоймлынх. Өөр хэний ч буруу биш. Ард түмэн минь тэнэг духаа шаа. Би ч гэсэн юм ухаардаггүй маанаг духаа шаангаа энэ нийтлэлийг бичив. Шулуулдгаа ухаардаггүй маанагууд шулаачаа магтаж мөргөсөөр хувхайрах тавилантай. Хойд хөрш бидний урдуур нүүрсээ борлуулснаар хожих юм биз. Бяцхан Монгол гацсаар бахь байдаг зүдүү хэвээр шар нар бор хоног элээх аугаа Оросын хөгжилд хурд нэмнэ гэж үү? Хятадын мангас шиг хэрэглээ Орос Монголын нүүрсийг залгиад Австрал Индонез зэрэг улсаас авч буй тул аугаа Орос ядуу Монголыг дэгээдэж унагах гоё гэж үү.
Зүүн баянгийн 415 км төмөр замд баясахын хамт энэ замаар тээвэрлэсэн нүүрснээсээ цэвэр ашиг хэдийг хүртэв гэх эцсийн үр дүн Монголд наалдах хөгжил. Үүнийг л хэлэх гэж нуршив. Юун түрүү суурь бүтцийн голыг 280 сая доллароор овоолчихсон 267 км-ийг ЭТТ-н ашгаар түрүүлж тавьсан бол түүхий нүүрс авдаг хамгийн ойр хэрэглэгчдээ шууд хүрэхээс гадна ядаж ковидоор экспорт тороогүй.
Юу үнэн бэ? Х.Баттулга Англи Шведээс элчин сайдуудаа татаж авчраад шоронд хорьсон нь үнэн ч тэдний гэмийг нотолж чадаагүй нь бүр үнэн. Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд хоёр М.Энхсайханыг Таван толгой ордоо харьд 100 жил зүгээр өгсөн гэж шалгуулаад Шүүх түүнийг эх орноо хорлон сүйтгэхийг завдсан гэх зүйл ангиар шоронд хорьсон. М.Энхсайханы эсэргүү гэрээний нооргийг УИХ-аар шууд хэлэлцүүлж, урвасан хулгайг 76 гишүүн хөдлөшгүй илчлэхээс З.Энхболд яагаад бултуулав? Хорлон сүйтгэх гэрээг 76 тэнэг баталчих нь гэж айв уу? “Аварга ордоо харьд зүгээр өгсөн, хорлон сүйтгэх ажиллагаа” гэгчээ УИХ-аар хэлэлцвэл гүтгэснээ илэрнэ гээд Энхболд чуулганд оруулалгүй хорьсноор олны анхаарлыг сарьнуулсан юм биш үү.
Ерөнхийлөгч Х.Баттулга Сү.Батболд төрийн эргэлт хийв гэж зарлав. Юу заавал үнэн байх ёстой вэ? Ядаж ерөнхийлөгчийн мэдэгдэл наад зах нь ортой байх учиртай. Тэгэхээр Сү.Батболд төрийн эргэлт хийж У.Хүрэлсүхийн засгийн газар огцорчээ. Би зөв ойлгосон байгаа биз. Намайг буруутгах хүн байна уу? Байвал ерөнхийлөгч Баттулгын УИХ-ын индрээс мэдэгдсэн “Сү.Батболд төрийн эргэлт хийв” гэсэн бичлэгийг үз. Ингэж илэрхий худал хэлэх ард түмнээ элэг барьж буй юм уу эсвэл доромжилж буй юм уу.
Ялын захиалгыг ерөнхийлөгч асан Х.Баттулга шүүгчдэд тулгадаг гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэвлэл мэдээллээр цацсан. Нямбаатарыг гүтгэлээ гэж Баттулга шүүхэд өгснөө нийтэд зарласан. Тэгтэл Нямбаатар сайдад өнөө Баттулга нь зөвлөх эрх үүрэгтэй томорчээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Баттулга Нямбаатар сайдад зөвлөхдөө томордог биз. Үүлийн шоронд орсныг эндээс хай.
Мангаа До, хар хуульт Жамбалдоржтны сүнснүүд. Хууль бол шинжлэх ухаан. Шийдвэр-тогтоол нь нотолгоотой байдаг. Алив шинжлэх ухааны гаргалгаа нэмэх хасах хэлбэлзэлтэй ч нэг бол 10 жилээр яллах, эсвэл суллана гэж тийм хол хэлбэлзэхгүй. Балар цагийн ноёны шийтгэл тийм хол зөрж байсан ч юм уу үгүй ч юм уу. Харин хуулийн мэдлэггүй харанхуй бүдүүлэг эрх баригчид Шүүх, Прокурор, АТГ-ын том том тавиулдаа амныхаа багтаамжаар ялын захиалга буулгаад тэр нь үнэнд гүйцэгдвэл өршөөл ч биш цагаатгал ч бишээр замхардаг боллоо.
Тангараг өргөсөн хуулиа нулимаад, томилсон ноёныхоо нууц зангаагаар шилдэг сэхээтнүүдээ хилсдүүлсэн Мангаа До, Жамбалдоржтны залгамж халаа прокурор, дээд шүүхэд оодров. Тэд дээрээс буух дохио зангаагаар гэмгүй хүмүүс хилсдүүлэх боломжтой өндөр сэнтий бөглөж сууна. Танил технологи байгаа биз.
Тийм өөдгүй прокурор шүүгчдээс хариугаа заавал авч бай. Тэгвэл нийгэм цэвэршинэ. Гэмгүй нөхдөө сүйд хийвэл хариу нь ирдгийг тэд зовлогоороо эдлэх жамтай. Бас сургамж болно. Хэлмэгдлийн үед тийм ногоон малгайт мөн ч олон гэмгүй хүн хөнөөсөн дөө. Х.Баттулгын тавиулууд нөлөөлөөд байх шиг. Тэднийг давруулаад байх уу таслан зогсоох уу. Х.Баттулгын зөвлөх Б.Баасанцогтын-шүүгч нарыг авилгадсан баримт дэлгэгдсэн-яаж төгссөн бэ Нямбаатар сайдаа. Яагаав нөгөө Таны телевизээр үзүүлсэн схем гэгч баримт. Хойд хилээр орж ирсэн 20 сая долларын хэрэг яасан? Гэмгүй хүмүүс захиалгаар хилсдүүлж, гэмт хэрэгтэнд ял завшуулсан прокурор шүүгчдийг шийтгэхгүй бол шинэчлэл яриад утгагүй сайдаа.
Хөсрий яс цагаатгах хүсэмгүй өршөөл. Ардын дайсан, японы тагнуул гэж хилс цаазлаад хөсрий ясыг нь цагаатгасан гашуун түүхээ санаж яв. 90 оны тэсгим жаварт эрх чөлөөгүй ядуу дорой олныхоо өмнө зориглон гарч 70 жилийн харгис системийн өөдөөс ардчилалд уриалсан хэдэн бөөдгөр дүү нарыгаа хэдий алдаж онолооч би ясандаа тултал өширхөж чаддаггүй өвгөн. Тэднийг гадны явуулгаар хилсдүүлэв зээ. Танил дайрлага дахин нүүрлэв үү яав. Зөвлөлт хуулиар Москвад буудуулсан 149 дээдсийнхээ араас сайнтай саартай нөхдөө хилсээр бүү тонилго гэж ерөнхийлөгчдөө сөхөрье. Гадны захиалга хуурамч агаад охор шүү. Үхсэн хойноо ясаа тоншуулахыг Чойбалсан Цэдэнбал мэдээгүй ч үр удам нь үзсэн.
Цаг цөвүүрвэл өөдгүй хүмүүс оодорч хэлмэгдэл идэвхждэг. Хэлмэгдлийн нэг тал хэлмэгдэгч нөгөө тал хэлмэгдүүлэгч. Хэлмэгдэгч хөөрхийсөө бид хайхрахгүй явснаа олон жилийн хойно ардчиллын буянд цагаадахаар нь гэнэт их харамссан. Улирсан баларсанд уйлах өнгөц хуурмаг мэт сэрдлэг төрүүлснийг хэлье. 9-р сарын 10-нд хэлмэгдэгчдийн өдрийг тэмдэглэж буйгаа хар. 50 юм уу 100 юм уу мянган хүний амь. Сэтгэл гаргалгүй оромдсон дурсгалын хөшөөрхүү юм нь гомдмоор.
Харин хэлмэгдүүлэгч нараа бид амьдад нь долигоноод үхэхээр нь хараадаг. Бид дийлсний талд орж дэлдийснээ элбэж барьдаг ноход. Мунхаг тэгээд цэвдэг этгээд нөхдөө хилсдүүлдэг. Атаа хорсол голлодог. Хэлмэгдүүлэгчдийн нийтлэг шинж тийм. Х.Баттулга авилгаа арчих нэрээр ардчиллаа баллуурдах гээд бүтсэнгүй. Монголчуудын заяа арай хаячихаагүй аж.
МоАХ-ны байрыг эзэмшигчээр 2015 онд ерөнхийлөгч асан Х.Баттулга бүртгүүлжээ. 2018 оны 6-р сарын 19-нд “Пирамид-Орд” ХХК “Буман залуус 296 айлын орон сууц барина” гэж Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авч, тус зээлийн барьцаанд МоАХ-ны байрыг тавьсан аж. Гэтэл зээлийн гэрээний хугацаа 2021 оны 11-р сард дуусаж, 23 тэрбум төгрөгийн зөрчил үүсчээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шалгаж буй аж. Хөгжлийн банкнаас түүний авсан нийт зээлийн өр 142 тэрбум гэж мэдээлэгдэв.
Эцэст нь хэлэхэд эх орныг минь хорлогч гадны зэтгэртэй тэр хэт сүжирсэн. Тийм хий маян манай удирдагчдын тархийг гэмтээдэг. Чарлавааг ардчилал тохилгох бол уу гэж горьдсон чинь чадсангүй. Тэр тийрэн эрчим хүчний эх үүсвэр, эрдэс баялаг экспортлох төмөр зам гацаахаар аймшигтай улайрч буй. Баттулга Таван толгойг нарийнаар ганц модтой холбочихсон бол түүнд мөргөх сөн. Энэ төслийг Энержи Ресурс тендерээр аваад 2012 онд ашиглалтад оруулахаар шамдтал зогсоочихсон. Хувийн компани 60 сая доллароор шатсан мэдээ хэвлэлд үзэгдээд хэн ч тоогоогүй. Том хохирлын цоорхой ийнхүү онгойсон билээ.
Оросын www.asiarussia.ru цахимд ингэж бичиж байв: “ОХУ эрчим хүчний салбарт дэлхийн тэргүүлэгч лидер болохыг эрмэлзэж байгаа... Орост нефть, хий, нүүрс, уран байна... Энэ жагсаалтын сүүлийн 2-т бичигдсэн эх үүсвэр буюу нүүрс, уран нь Монголд бий... Зөвхөн нүүрсээр л гэхэд Монгол ОХУ-ын нүүрсний экспортод садаа болно... ОХУ шинэлэг зах зээл буюу Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэлээ өөрчилсөн. Үүнд Хятад, Солонгос, Япон, Тайвань гэх улс багтана.
Путин В.Якунин, О.Дерипаска хоёрт бооцоо тавьжээ. Нэгд, төмөр замын асуудлыг шийдвэрлэх, хоёрт, нүүрсний магнат болох. Монголын талын түншээр Х.Баттулга гэгч улстөрчийг сонгон авлаа. Якунинаар дамжуулсан Путины бооцоо нь Таван толгойн нүүрсний ордыг транс-монголын төмөр замтай холбох явдал байв. Учир нь УБТЗ-ын нийт хувьцааны тал хувийг ОХУ эзэмшдгийн хувьд Таван толгойн ордыг ОХУ автоматаар хяналтандаа авах боломжийг олгож байв. Дерипаскагаар дамжуулсан тоглолт нь Таван толгойг оролцуулан Монгол дахь хамгийн их нөөцтэй нүүрсний ордуудыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн эзэмшихэд агуулагдаж байв.
Гэтэл монголчуудын тоглолт оросуудыг хожив. Тэд Таван толгойн хамгийн амтат хэсэг болох Ухаа худгийг “Энержи Ресурс” нэртэй Монголын компанид өгчихөв. Харин бусад хэсгүүдийг тасдаж гадаадын компаниудад өгөхөөр шийдвэр гаргалаа. Оросууд яаж ч гүйж хөөцөлдөөд, бүх чармайлт бүтэлгүйтэв. Гэтэл тэд хэнд ч юу ч өгөхөө болчихлоо. Энэ шийдвэр оросуудад нааштай байв.
Тэгтэл өнөөх “Энержи Ресурс”-ийн монгол залуус Якунин Дерипаска нарын хөзрийг үхүүлж орхив. Тэд төмөр зам барих төсөлдөө хөрөнгө босгожээ. Манай залуус ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр зам уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрөх билээ. Энэ зам хэрэгжвэл ОХУ-ын нүүрсний төслүүдийг нураах байв. Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг яаралтай зогсоох тушаал өгсөн билээ” гэж Оросын www.asiarussia.ru цахим сайт бяралхжээ. Тус сайтад “Монгол улс бол Путины онцгой анхааралд өртсөн орон. Хятад-Киргизийг холбох төмөр замын төслийг ОХУ нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэлтэд хориг тавихаар айлгаж байгаад зогсоосон. В.Якунины боловсруулсан “1520-ийн цариг” нэртэй энэ комбинацад Монгол улсыг ч оруулсан юм” гэжээ.
Ц.Доржготов /baabar.mn/
Сэтгэгдэл (1)