x

ПУТИНЫ ДАРААХ ОРОС

“Чөлөөт Орос сан” хэмээх байгууллагад АНУ-ын ТТГ-аас захиалга өгч 2030 он гэхэд Орос улс хэрхэн өөрчлөгдөх талаар прогноз судалгаа хийлгэжээ. Оросын өөрийнх нь эрдэмтэн судлаачид уг төсөлд ажиллан “Орос 2030: Нурж унах сценари” бүтээл хэвлүүлжээ. Эрдэмтэд өөр өөрийн мэргэшсэн салбарт судалгаа хийн 12 салбарыг хамарсан нь: Эрчим хүчний хараат байдал, Элитийн нягтрал ба төрийн эргэлт, Цэргийн мөргөлдөөн, Хятадын хүчин зүйл, Салан тусгаарлалт, Орон нутгийн зэвсэгт мөргөлдөөн, Өрнөдийн хоригийн нөлөөлөл, Путины дараах Орос орон гэх мэт. Болзошгүй эдгээр сэдвээр маш магадлалтай судалгаа хийсэн нь өнөөдөр Путины сөргөлдөж буй НАТО болон АНУ төдийгүй хуучны ЗХУ-аас салан тусгаарласан орнууд, Оростой хиллэж буй жижиг буурай орнуудын ч сонирхолыг ихэд татан шуугиж байна.

Цөмийн зэвсэгтэй энэ гүрэнд тогтворгүй байдал нүүрлэх нь өөрт нь төдийгүй бүс нутагт, улмаар дэлхийн нийтэд тун аймшигтай аюул үзүүлэх болно. Хуримтлагдсан хөнөөлт зэвсэг, тэр нь элдэв бүлэглэлд алдагдах аюул, үндэстэн болон шашин хоорондын мөргөлдөөн, салан тусгаарлал, терроризм, Путины хувийн араншин, түүний магадгүй үхэл, хавтгайрсан гэмт хэрэг, нийтийг хамарсан юунд ч хамаагүй буруутгах хэлмэгдүүлэл, үй олон иргэдийн гадагш дүрвэлт гээд олон үзэгдэл болж болохыг прогнозлоод сэдэв болгоны эцэст нь өгсөн шинжилгээний хариу нь “Орос орны дараагийн задрал” гэсэн дүгнэлт аж. 

Ерөнхийлөгч Путинтэй тэрслэгч талийгч Немцов тэтгэвэртээ суух Маргарэт Тэтчэртэй хэд хэд уулзахад авгай түүнд Британийн Эзэнт гүрний тухай ярьдаг байв. Немцов түүнээс яагаад уулзах болгонд зөвхөн энэ сэдвээр ярьдагийг нь асуухад “Орос ч, Британи ч асар уудам колонитой Эзэнт гүрэн байсан. Бид үүнээ больсон, үүнээ мартсан, тиймээс илүү аз жаргалтай амьдарч байна. Харин та нар Эзэнт гүрний элийрсэн сэтгэлгээнээсээ хагацаж чадахгүй өөрснийгөө ч, бусдыг ч зовоосоор явна. Үүнийг л би чамд ойлгуулах гэж дахин дахин ярьсан хэрэг" гэжээ.

Үнэхээр Оросын ард түмнээс их гүрний сэтгэлгээ салдаггүй, үүнийг нь ч төр засгаас байнга сануулан догиосоор ирсэн. Мюнхэний уулзалтад Путин “Зөвлөлт гүрэн задарсан нь ХХ зууны хамгийн том гамшиг байлаа” гэж мэдэгдсэнээр Оросын ард түмнийг сэргээсэн бол бусад орныг цочирдуулан айлгасан.

Мизэсийн 1961 онд бичсэн “Дайны эдийн засгийн шалтгаан” зохиолд “… Хүн төрлөхтөн хэдэн мянган жил утга учиргүй дайн хийн хоорондоо байлдаж зэрлэгтдэг байсан бол XVIII зуунаас дайн байлдаан эдийн засгийн шалтгаантай болсон. Хурдацтай хөгжил түүхий эдийн өлсгөлөнд хүргэсэн учир дайны утга учир дандаа эдийн засгийн шалтгаантай болжээ”. Мизэс Оросын хийдэг дайныг онцолж, ямар ч түүхий эдээр дутахгүй баялагтай оросууд эдийн засгийн шалтгаангүй байлддаг нь газар нутгаа л томсгох гэсэн хэвээр хадгалагдсаар буй эртний бүдүүлэг авиртай нь холбон тайлбарлажээ. Австри- Пруссын дайн дэгдсэний дараа III Петр хааны үед “Орос бол их гүрэн учир энэ дайнд заавал оролцох хэрэгтэй” гэдэгт санал нэгдсэн ч аль талд нь орж байлдах талаар санал хуваагдан маргалдаж байсан гэдэг.

Оросын төр бүх түүхэндээ дотоодын өөрөөр сэтгэгчидтэй харгис хатуу тэмцэж байсан. Орост төрсөн аугаа ухаантан цөөнгүй авч тэд хэзээ ч нийлж зохион байгуулалтад орж байгаагүй учир сөрөг хүчин гэж нэрлэх аргагүй, бие даасан суут хүмүүс л байлаа. Бүх түүхэндээ зохион байгуулагдсан улс төрийн сөрөг хүчингүй явсаар ирсэн учир төрийн төвшний зохицол, эвлэрэл, харилцан буулт, хүлцэл гэсэн туршлага үгүй. Төрд гарсан бүлэг заавал дийлж байж л салдаг.

1918 оны Оросын Эзэнт гүрний задрал, 1991 оны Зөвлөлтийн Эзэнт гүрний задрал нь эрчимтэй хурдан өөрчлөгдөж буй хүн төрлөхтний сэтгэлгээний дэвшил, дэлхийн улс төр нийгмийн шинэчлэлтэй дасан зохицоогүйн үр дүн, үүнд оросуудын өөрсдийнх нь буруу. Гэвч Эзэнт гүрний задралын бурууг дандаа гаднаас хайж бусдыг буруутгасаар ирсэн. Зөвлөлтийн эзэнт гүрэн задрана гэдгийг хэн ч урьдчилж таагаагүй боловч задарлын дараа үүнийг жам ёсны болох үйлтэй процесс байсныг бүгд хүлээн зөвшөөрдөг. Оросууд л өөрснөө зөвшөөрдөггүй. Тэгсэн мөртөө Австри-Унгарын, Германы, Османы, Британий Эзэнт гүрнүүд ХХ зуунд задарсныг жам ёсных байсан гэж сургуульд нь заадаг. 

Орос улс байгуулагдаад удаагүй байхад Догшин Иван хааны байгуулсан “опрочина” өөрийн дотрох дайснуудтайгаа зэрлэгээр тэмцэж байсан төрийн машин цаг өнгөрөх тутам улам боловсронгуйжсаар Зөвлөлтийн Эзэнт гүрний үед төгс хэлбэрээ олсон юм. Төрийн удирдлагад таашаагдаагүй бүлэглэл болон хувь хүмүүст өгч байсан нэр хоч нь хувьсгалын эсэргүү, ардын дайсан, нударган, хөрөнгөтний үзэлтэн, гадаадын тагнуул, антисоветчик гэсэн олон нэртэй байсан, тэдэнтэй тэмцэгч төрийн машин ч ЧэКа, ОГПУ, НКВД, КГБ, ГРУ, ГУЛАГ гэх мэтээр төрөлжсөн байв. Одоо эдгээр нэршил террорист, гадаадын агент, урвагч гэх мэт нэрээр орлогдох болсон ба үүн дотроос нэн аймшигт тодотголтой хүндрүүлж авч үздэг нь русофоби юм. Энэ нэршлийг гадаадын дайснууддаа өгдөг ба дотроо орос биш үндэстнүүдийг ялладаг.

Зөвлөлтийн Эзэнт гүрэн 1991 онд задарснаар үүнд нэгдэж байсан 15 бүгд найрамдах улсын хувьд гэнэтийн бэлэг байлаа. Дайны дараа эзлэгдсэн Балтийн гурван улс үүнийг олон жилийн колончлолоос салж улс орноо дахин сэргээсний баяр хөөр болгов. Гүржийн сэхээтнүүд өөрсдийгөө энэ мөчийг 200 жил хүлээсэн гэж байлаа. Эзэнт гүрэн тарах санаачлагыг Беловежийн уулзалтад Украины Ерөнхийлөгч сэдэн бусдыгаа уруу татан шахсан байдаг. Гэвч өнгөрсөн хугацаанд Зөвлөлтийн олон дахин давтагдсан засаг захиргааны хуваарь нь үндэстнүүдийн уламжлал, газар нутгийн маргаан, угсаатны ялгарал зэргийг огт харгалзлалгүйгээр хамаагүй хольж бантагнуулснаас болж тусгаар болонгуутаа угсаатан хоорондын мөргөлдөөн, зарим газар дайны байдал үүссэн юм. Тулалдаан Эзэнт гүрэн тарахаас ч өмнө Армен-Азербайжаны хооронд болсон нь хожим болох олон мөргөлдөөний дөнгөж эхлэл байв. Гэтэл Эзэнт гүрний холбоонд бүгд найрамдах улсын зэрэг дэв аваагүй олон үндэстэн угсаатан, хоосон хоцорсондоо нэн гомдолтой үлдэв. Ингэж Чечений дайн эхэлсэн. Цаашилсаар энэ нь геноцид болсон. 

Өдгөө Кремль тодорхойлолтыг нь өгч буй русофоби гэх хараал хэдэн зуун жилийн өмнөөс Оросын түрэмгийлэл өртсөн газар бүрт байсан. Русофоби гэдэг нь оросуудад харшилтай, тэдэнд дургүй, элэггүй гэсэн утга санаа агуулдаг. Ийм төстэй нэршил болох синофоби, ниппонофоби, афрофоби, юдэнофоби, англофоби, ксэнофоби гээд элбэг байдаг ч тэр болгоныг дэвэргэж дайсан тодруулаад явдаггүй. Орост русофоби олон жил далд байснаа Эзэнт гүрэн задрангуут ил гарч эрчээ авчээ. Үндэстнүүдийг хооронд нь хүчирхийлэн хольж оросчилсон нь эргээд сөрөг хариу болон тодров. Тажикийн иргэний дайны үеэр бараг бүх орос үндэстэн тэндээс дайжсан. Балтийн орнуудад хүн амын нэлээд хэсгийг бүрдүүлэх болсон оросууд өөрснийгөө гадуурхагдах боллоо гэж Москва тийш байнга гомдол гаргах боллоо. Киргиз, Казахстанд үйлчилгээний газар орос хэлээр ярьсан хүмүүсийг гадуурхах хандлага гарч эхлэв. Азербайжанд орос хэл, орос хүн сураггүй алга болов. Украинчууд гадаад оронд орос хэлээр ярихаас цэрвэх болов. 

Дээр өгүүлсэн “2030 он” төслийн судалгаа хийсэн эрдэмтэд өнөөгийн тогтолцоо нь цааш үргэлжилбэл Оросын дараагийн задрал гарцаагүй гэж дүгнэцгээжээ. Одоо Орос улс 85 субъекттэйгээс 72- т нь орос үндэстэн олонх хувь эзэлж байна. ХХ зууны эхээр Оросын Эзэнт гүрнийг бараг 200 үндэстнээс бүрддэг гэж байсан бол зуун жилийн дараа нэг зуу орчим гэж тодорхойлох болжээ. Энэ бол оросчлон уусгах олон жилийн уйгагүй туршилтын үр дүн юм. Зөвлөлтийн үеийн Казахстаны хүн амын гуравны нэг нь хасаг үндэстэн байсан, 1990 оноос хойш миграцийн үр дүнд уугуул иргэдийн эзлэх хувь тавин хувиас давсан авч 18 сая иргэдийн 2-3 сая иргэдийн эх хэл нь хасаг аж. Дайнаар далимдуулан Сталин Бэссарабийг булаан авсан ба дайны дараа Молдавын намын даргаар Брежнев ажиллаж байхдаа хүн амын албадан шилжүүлэлт эрчимтэй явуулж өөр газар цөлөгдсөн молдавчуудын оронд дайнд ядарсан орос, украин үндэстнийг авчирч суурьшуулжээ. Үр дүн нь гэвэл Молдав улс тусгаар тогтнолоо зарлахад цагаач оросууд энэ нутагт Днестрийн бүгд найрамдах улс гэх тоглоомын улс байгуулж Москвагийн хамгаалалтад оров. Буриад Монголын бүгд найрамдах улсыг засаг захиргааны удаа дараагийн шинэчлэлээр ихэнх газрыг нь Оросын холбоонд нийлүүлж өөрсдийг нь бие даасан буриадын гурван субъектэд хуваасан ба сүүлчийн буриад бага сургуулийг 1957 онд хаав. Шинэ зуун гарсны дараа буриад хоёр субъектыг нь устгаж “ард түмнийх нь хүсэлтийн дагуу” зэргэлдээх Оросын субъектэд нэгтгэлээ. Үлдсэн ганцад хүн амын ердөө 24 хувийг буриадууд эзэлдэг. 

Эзэнт гүрний мэдэлд байсан эдгээр олон үндэстэн хэдэн зуун жилийн туршид Орост хүчээр эзлэгдсэн боловч эднийг бүгдийг нь өөрсдийн сайн дураар нэгдсэн гэсэн түүхийн гүтгэлэгт суртал нэвтрүүлэг байнга зохион үүнд нь зориулсан хөшөө дурсгал босгон, ойг нь сүр бараатай тэмдэглэж, шинжлэх ухаанжуулсан ном бүтээл туурвин, зориуд зохиомлоор түүхчилсэн урлаг уран сайхан бүтээсээр ирсэн. Энэ нь аль ч үндэстний хувьд үндэсний бахархалыг гутаасан доромжлол юм. Орос хүмүүсийн чөлөөт цагаараа зугаацан хөхрөлддөг ярианы гол сэдвийн нэг нь өөрийн харъяалалд буй үндэсний цөөнхийн тухай доромж онигоо хуучлах байдаг. Армян, жүүд, гүрж, украин, узбек, чукоток, кавказчууд, умарт туйлын угсаатныг үндэстнийх нь хувьд гутаан доромжлох, инээдам болгох, бах тав хангах энэ зугаацал нь ил тод төдийгүй мэдээллийн хэрэгслэл, ном зохиолоор дамжин нийтэд түгдэг. Буурай үндэстний эсрэг яриа өрнүүлэхэд “водка улам хатуурч, талх улам амттай болдог” гэсэн хэлц үг ч бий.

Одоо Путин үхэх, эсвэл эргэлтээр зайлуулагдан улс төрийн амьдралаас бүрмөсөн холдоход Орос орныг нийтэд нь хамарсан бужигнаан үүснэ гэж дээрх шинжээчид оношилжээ. Үүнтэй зэрэгцээд түрүүчийн задралаас хоосон хоцорсон олон үндэстэн сэргэх болно. Хамгийн түрүүн асуудал үүсгэх нь Хойд Кавказ. Энэ жижиг орон зайд Вавилоны цамхаг шиг маш олон үндэстэн оршин суудаг. Зөвхөн Дагистанд гэхэд хоорондоо шал өөр хэл соёлтой 6-7 үндэстэн бий. Дайны үед эдгээр ард түмнийг өвлийн хүйтэнд хуугаар нь таваарын богоонд чихээд Сибирь, Дунд Ази руу цөлсөн. Чечень, Балкар, Ингуш, Ичкер, Карач, Черкес, мөн Татар, Халимаг нар зөвхөн цөллөгт ачигдах замдаа үй олноороо үхжээ. Хүүхэд хөгшид эмэгтэйчүүд… энэ бол үндэстний ой санамжид үүрд үлдсэн өширхөл. 

Хойд Кавказын зарим бүс нутагт бий болсон үндэсний болон шашны хөдөлгөөн голдуу Оросын эсрэг шинжтэй аж. Оросуудад дайсагнах хандлага Хойд Кавказын бараг бүх уугуул угсаатны дунд өргөн тархсан. Кавказын урт удаан, цуст дайны (1817-1864) үр дүнд лал шашинтай орон нутгийн бараг бүх угсаатныг оросууд байлдан дагуулсан бөгөөд энэ нь тэдний түүхэн ой санамжинд "Оросын эсрэг" хэмээн хадгалагдан үлджээ. Түүхийн турш Оросын дотоодод өөрийнх нь төр л русофоби төрүүлсээр ирсэн. Хожим Эзэнт гүрэн задарсны дараа оросууд хоёр удаа дайн (Чеченийн нэг, хоёрдугаар дайн) хийхдээ үндсэндээ геноцит үйлдсэн юм. Ерээд оны дундуур Кавказад энд тэндгүй наасан бичигт “Оросууд аа, та нар эндээс битгий явцгаа л даа, бидэнд боол, янхан хэрэгтэй байна”. Чечений дайны үед баривчлагдсан орос цэргүүдэд “Чи орос хүн учраас л буруутай” гэж хэлдэг байж. Эндээс төдийгүй нийт Хойд Кавказаас оросууд зугтаагаад дууссан. Хойд Кавказын аль ч районд оросуудын хүн амд эзлэх хувь нэг процентоос доогуур байна. Хамгийн олон оростой Карачаев Черкест л 32 хувь.

Оросын бүрэлдэхүүнд Тува “сайн дураараа нэгдсэний” 70 жилийн ойг 2014 онд тэмдэглэхээр төлөвлөжээ. Гэтэл “70 жилийн ойгоор 70 орос буудаж ална” гэсэн цуу дэгдсэнээс болоод тэмдэглээгүй. Эзэнт гүрэн задарсний дараах ганц жилд эндээс 20 мянган орос зугтан дүрэвжээ. Тэдний ихэнх нь энд цөллөгөөр ирсэн аж. Одоо Тувагийн хүн амын 80 гаруй хувийг тувачууд эзэлдэг. “Хостуг Тыва” (Эрх чөлөөт Тува) хэмээх ардын фронт ил цагаанаар Туваг тусгаар тогтнуулахыг уриалдаг. Үндэсний хөдөлгөөнүүд нь Оросоос тусгаарлах, ихэнхдээ шилжин ирсэн орос үндэстэнд дайсагнасан шинжтэй.

Орос улсын өнөөгийн экспортын 80 хувийг байгалийн түүхий эд хангаж байгаа. Оросыг тэжээж байгаа хоёр субьект болох Татарстан, Башкир дахь хүн амын бүтцэд оросуудын эзлэх хувь 50 хувьд хүрдэггүй, Татарстанд 40%, Башкирт 34%. Түүхэн утгаараа бас л русофоби. Догшин Иван Сибирийн Татарыг эзлэхэд уурссан Крымын татарчууд Орост халдан Москваг шатааж байв. Догшин Путин Крымыг эзлэхэд Татарстан хамгийн түрүүнд баяр хүргэж байв. Үүнийг түүхэн ач холбогдолтой гэж үзсэн Кремлийн шахалт байх л даа. 

Халимагууд нутагтаа 70 хувь. Нийслэл Элстэйн дарга нь хүлээн зөвшөөрөгдөөгүй Донбассын бүгд найрамдах улсын саяхны тэргүүн байсан Дмитрий Трапезников гэгч дээрэмчин. Донбассын эрх мэдлийн төлөө бүлэглэлүүд нь хоорондоо өрсөлдөн нэгнийгээ дэлбэлж алсны дараа тэндээс зугтсан энэ эрийг номхон дарууг нь элэг барьж халимагуудын удирдагчаар Путин томилжээ. Халимагууд эсэргүүцэл илэрхийлж нэг хоног төв талбай дээрээ жагсмар болсон ч Москва үүнийг нохой хуцаж байгаа чинээ анзаарсангүй. 

Москвагаас хамгийн их татаас авдаг субъект нь Якут. 3 сая гаруй ам км-т ердөө ганц сая хүрэхгүй хүн амьдардаг болохоор тэр биз. Энд оросуудын эзлэх хувь 40%. Якут байгалийн баялаг ихтэй ч өнөөдөртөө алмаазнаас бусад баялагийг ашиглах технологийн боломж хязгаарлагдмал. Ерөнхийлөгч Николаевын үед Якут нэрээ сольсон төдийгүй үндэсний гол баялаг алмаазад тулгуурлан салан тусгаарлах санаархал цухалзуулж байжээ. 

Орос задарвал төвөөс хэтэрхий хол, эдийн засгийн хувьд Москвагаас гэхээсээ өндөр хөгжилтэй хөршүүдтэйгээ шууд хиллэдэг Алс Дорнод, Дорнод Прусс мэтийн үндсэндээ орос үндэстэн хүн амыг нь бүрдүүлсэн хязгаар нутагууд ч зүгээр суухгүй байх магадлалтай. Британий Эзэнт гүрнээс салсан Өмнөд Африк, Шинэ Зеланд, Австралийн жишээг ч дагаж болох.

Орос улс задрах дээрээ тулбал энэ нь дэлхийн гамшиг болно. Хэдийгээр муу муухай ч Саддам Хуссейн, Муамар Каддафи, Хосни Мубаракийн дэглэм юутай ч улс орондоо хяналт тогтоож байсан, харин дэглэм унасны дараа хаос үүсэн дэлхийг донсолгож гарсан. Путины дэглэм унавал үүнээс олон арав дахин гамшиг дагуулна. Орос улс Борис Годуновын дараах самуурал, ХХ зууны 20-иод оны иргэний дайны байдалд ч орж болзошгүй. Хэрэв ингэвэл дэлхийн хамгийн олон хөрштэй орны хувьд Дэлхийг донсолгосон 10 хоног болно. Жон Рид 10 хоногийг нь үзээд л үхчихсэн болохоос түүнээс хойш донсолгоо хэдэн жил үргэлжилсэн юм.

Б.Баабар /2022.2.21/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 4 цаг 41 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 4 цаг 58 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 5 цаг 40 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 5 цаг 50 мин Номын хураангуй: The Power of the Other 20 цаг 15 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top