Оросын баатар цагаан хааны элч, судлаач, аялагч, эрдэмтэн Пржевальский номондоо Монголд малынхаа тоог мэдэхгүй баян хүн түүний зарц хоёрыг гаднаас нь дээл хувцсаар нь ялгах аргагүй юм гэж тэмдэглэсэн нь бий. Баян барлаг хоёрын идэж уудаг хоол унд ив ижил агаад суудаг суудал тулгаа тойроод ямар ч эрэмбээр суух чөлөөтэй. Энэ гайхалтай тэгш эрх, даруу зангаас Европын баячууд үлгэр аваасай гэсэн утгатай бичсэн байсан санагдана. Бидний дээдэс одоогийн хэллэгээр ардчилалтай л амьдарч байж. Яг үнэндээ баячууд бүү хэл манай хаад ч малчин ардтайгаа ав адил соргог бэлчээр даган нүүж, харин арай томхон гэрт суудаг байсан байх. Зуух яндангүй. Тулганд гал түлж, гэрт хорогдсон утаа майд хаан хатан хоёр хан хүүд, хонгоруудтайгаа нүдээ хорсгон заларч суусан биз. ХХ зууны эхээр Оросын элч Коростович Чингисийн залгамж их хаантай уулзахыг зорьж, сураглан хайсаар Түшээт хаан Дашнямынд очтол хаан өөрөө хонь хариулаад явчихсан эзгүй, мал төллөж асан улирал тул хааны гэрийн тал хагас хөгнөөтөй хургаар дүүрэн байжээ. Манай нутагт эзэн Чингисийн алтан ураг-гал голомт Түшээт хааны өвөлжөө гээд өтөг бууцанд дарагдсан жирийн нэг жалга л байдаг. Гайхуулах юм биш ч гэлээ үнэн маань тэр.
Сэцэн хан Шолой Түшээт хаан Гомбодоржийнд хоёр ч удаа ирж, шинэ төрөх хүүхэд нь хөвүүн байвал Халхын шашны тэргүүнээр өргөмжлөхийг зөвлөж, өөрийн Гэгээн цолоо өргөхөөр амлаад буцсан ба дараа нь Түшээт хааны шинэ хөвгүүнд нутгийн дархчуудаар гурван төмөр бүстэй өлгий хийлгэж өгчээ. 1639 онд Халхын ноёд Ширээ цагаан нуурт цугларч 5 настай Занабазарыг халх Монголын шашны тэргүүнээр өргөмжлөв. Уг түүхт явдлыг тохиолдуулан Шар бөсийн орд байгуулсан нь Халхын Их хүрээний үүсэл болжээ. Тийнхүү Занабазарыг Монголын анхдугаар богд Живзундамба буюу Өндөр гэгээн гэж алдаршуулсан нь шашнаар Монголыг нэгтгэх оролдлого байлаа.
Халхын энэ оролдлогыг төвдүүд далай ламтай нэр нөлөөгөөр өрсөлдөгч богд Монголд тодорлоо гэж болгоомжилсон болтой. Учир нь шарын шашнаар морьтон монголчуудыг номхруулах Төвдийн ашиг сонирхол хөндөгдсөн байх. Далай ламын нэр нөлөөг Монголд бууруулах эрсдэлтэй Богдод дургүйцэх төвд хар санаа бугилсаар өндөр Гэгээнийг Галдангаар хөнөөлгөх самуунд хүрсэн юм бус уу гэх таамгаа илэрхийлэхийг оролдсоноо хожуу дэлгэрүүлье. (Залуус та нарт заасан маньд заагаагүй түүх нуршиж буйдаа уучлалт гуйя. Эдүгээ илэрч буй-миний заалгаагүй түүхийн үнэн намайг зүй ёсоор догдлуулдаг. Миний хувьд МАХН-ын түүх, КПСС-ын их-бүгд хурлуудын материалыг бусдын адил чамгүй судалсан хоосонгүй кадр шүү).
Түүхч На.Сүхбаатар “Галдан бошигт Манжтай дайлалдах цагт Халхын ихэнх аймаг хошуу говь гатлаад урагшаа нүүсэн” гэж “Өдрийн сонин”-ы 2009 оны 6-дугаар сарын 8-ны дугаарт ярилцлага өгчээ. Хачин юм. Ойрад Манж хоёр нутаг дээрээ тулалдахад халхууд Ойрад ах дүүс өөдөө нүүлгүй яагаад дайсан руугаа урагшаа зугтсан юм бол? Амь гаръя гэвэл ах дүүсээ барааддаг атал алуулъя гээд дайсан руугаа дүрвэж байдаг. Халхуудын тэнэгийг түүхч үүгээр цухуйлгажээ.
ХVI зуунд нийт Ойрад 40 хошуутай, хүчирхэг гүрэн байсан гэж бахархдаг. Харамсалтай нь хаан ширээний төлөөх ноёдын дажин ойрадуудыг Ижил мөрөн, Баруун Сибирь, Хөх нуур, Төвд рүү дүрвүүлжээ. Зүүнгар нутгаа сахиад зүгээр суусангүй. Дайтлаа. Хил залгаа сул дорой орныг довтолж хүчээ сэлбэв. Дотоод эв муудсаныг далимдуулан Самарканд, Ургенч, Хами хотыг дайрлаа. Хөршүүдээ ямагт ялдаг гэх домогоор ойрадууд гайхуулдаг удамтай. Одоо ч бахархдаг. Харин тэднийг Дундад азийхан жунгар хэмээн айж, Чингиз Айтматов нэг зохиолдоо жуан жуан гэж тун эвгүй өнгөөр бичсэн. Ер нь Чингисийн дайнч омог ойрадуудад онцгой шингэсэн гэхээр ул мөр түүхэнд бишгүй үлджээ.
Чухам юуны төлөө ингэж хил залгаа улс орон луугаа байн байн уулгалан довтолж, цус урсгаж асан юм бол гэхээр зэргэлдээ орнуудын зах зээл рүү морьтон монгол цэрэглэн довтолж, хүнс бараагаа дэлгэн суусан явган нүцгэн наймаачдыг дээрэмддэг байсан гэхэд жаахан базаахгүй. Тархай бутархай цөөхөн нүүдэлчдэд малаас өөр эд бараа байсангүй. Маш хүйтэн уур амьсгалтай Монголын хатуу хөрсөнд тариа, жимс ургахгүйгээс гадныхан манай нутагт шунаж, булаахаар довтлох утгагүй агаад тийм тохиолдол алга. Малаа зав зайгүй тойлсон нүүдэлчдэд тариалан, гар урлал эрхлэх боломж гараагүйгээс гурил будаа, бөс бараагаар ямагт гачигдаж байсан нь мэдээж. Гэхдээ худалдаж авахгүй булааж байсан нь бахархах байтугай өмөөрөх аргагүй гутамшиг. Ямартай ч олон орон дийлж явсан гэж онгиромгүй, гадныхан асуухгүй бол чимээгүй баймаар намтар.
Дөрвөн Ойрад үүссэн түүх гэвэл арван түмэн Монголын дөрвөн түмтийг Мөнхтөмөр ноён салган хант улс болгосноо зарласан мөчөөс эхтэй. Улмаар 1393 онд Мөнхтөмөрийг бие барахад гурван хүү нь болох Махмуд, Тайчин, Батболд нар Монголын хаанд хэзээ ч захирагдахгүй гэдгээ тунхаглав. Тэд Мин улсын хаанаас 1409 онд хэргэм зэрэг хүртсэнээсээ хойш ямагт дайн өдүүлэх болжээ. Дөрвөн ойрад монголчуудын их цэргийг хиар цохисон ч дараа нь өөрсдийн хүч хавсран дайтаж явсан хамсаатан Мин улсын цэрэгт ялагдсанаар Монголыг хэдэн зууны доройтолд унгасан балагтай. Ойрадын Эрдэнэбаатар хунтайж нас нөгчиж, түүний зургаан эхнэрийн арваад хөвгүүн эцгийнхээ олбогийг булаацалдан хоорондоо алалцсан шившигтэй. Тэдний нэг Галдан бошигт юм. Халхын хаад энэ үед туйлдсан юм уу яасан юм бэ арай намдуу амьдарчээ.
Галдан бошигтын төрсөн хоёр ах дүү аав Эрдэнэбаатарыгаа залгамжлан Зүүнгарын хаан ширээнд суусан Сэнгэ ахыгаа өргөөнд нь хаан ширээний төлөө алав. Галдан баруун Зуугаас яаралтай ирж, төрсөн ах дүүстэйгээ алалцаж, Ойрадыг атгахаар зүтгэжээ. Хүч мөхөстсөн Галдан Хошуудын чуулган дарга Очирт сэцэн ханы хүчийг ашиглахын тулд Очирт сэцэн ханы охин бөгөөд төрсөн ах Сэнгийнхээ бэлбэсэн хатан Анударьтай гэрлэв. Хаан ширээний төлөөх тэмцэлд Очирт сэцэнтэй хүч хавсарсан Галдан бошигт ялж, дараа нь хадам эцэг Очирт сэцэн ханыг эрх мэдэл булаацалдах нь гэж сэрдээд түүнийг даржээ. Сэнгэ хааны хүү Цэвээнравдан сүйт бүсгүйгээ авга ах Галданд булаалгаад амь зулбан Эрээн хавирга руу дайжив. Галдан түүнийг усгахаар мянган цэргээр нэхүүлсэн ч бүтсэнгүй. Бошигтыг Халх руу дайлаар мордсоны ар хударгаар Цэвээнравдан өөрийгөө Зүүн гарын хаан ширээнд сэм залжээ. Хаан ширээ булаацалдаж алалдсан түүхийг уншихад эмгэнэнэлтэй.
Засагт хан Норов нас барж ууган хүү Чу мэргэн залгамжлах байтал хоёр дахь хүү Ванчиг хан ширээг булаав. Гэтэл Засагт ханы хотгойд ноён Лувсан тайж цэрэглэн довтолж, Ванчигийг алаад Чу мэргэнд хан ширээг өгчээ. Галдан бошигт хадам эцэг Очирт сэцэн ханыг хөнөөхөд Очирт сэцэн ханы ач Лувсангомборавдан Түшээт хааны зүг тусламж гуйхаар зугтсан юмсанж. Засагт ханыхан ухаан хомс Чу мэргэнийг хан ширээнээс буулгаж Ванчигийн дүү Цэнгүнийг хан ширээнд залав. Ингэмэгц Занабазарыг устгах даалгавар Төвдээс тээж ирсэн Галдан Засагт хан Цэнгүнийг хамсаатнаа болгохоор Ванчиг ханы талынхнаас зугтаж дэргэдээ амь хоохойлсон хотгойд Лувсан тайжийг Цэнгүнд тушаагаад Түшээт хааны эсрэг хамтран дайтахыг ятгажээ.
Хаан ширээний төлөө Засагт ханыхан хямралдаж, энэ хямралаас дүрэвсэн ард иргэдийн зарим Орос руу тэнүүчилж, зарим нь Түшээт хааны нутагт оргонов. Хан ширээнд суусан Цэнгүн Галдангийн ятгалгаар өмнө нь Засагт ханыхны хямралаас дайжиж Түшээт хааны нутагт дүрвэсэн харъяатуудаа нэхсэн авч Засагт ханыхан дайн самуунтай төрсөн нутагтаа эргэж очихгүй, ус бэлчээр сайтай эндээ сууршина гэж хүссэнийг Чихундорж харгалзан тэднийг Цэнгүнд өгсөнгүй. Очирт сэцэн ханы хатан Доржравдан Түшээт хааны эмэг эхийн эгч байсан (Чихундорж Занабазарын ээж, Түшээт хаан Гомбодоржийн хатан Ханджамцын ээжийн эгч байжээ) мөн Очирт сэцэний ач Лувсангомборавдан Түшээт хааны охинтой гэрлэсэн зэргээс Чихундоржийг эхийн талын цус мөн худ ургийн холбоо нь Хошуудын чуулган дарга Очирт цэцэн ханыг өмөөрч Галдантай эвдрэлцэхэд нөлөөлсөн байх магадлалтай ч тэдний хооронд үүссэн гол зөрчил Төвдийн сайд дэсрид Санзайжамцын захиалгаар Галдан бошигт халхын богд өндөр гэгээн Занабазарыг далай ламтай зиндаархагч, дээр нь “улаан”-ы шашинт гэж хөнөөхөд оршиж байв. Төвдөд олон зуун жил ужгирсан улаан шарын тэмцэл Монголд ийнхүү үсэрхийлээд цаашид Ойрад Халхыг дайсагнуулах гай уджээ.
Засагт ханыхны тэмцэл Халх Ойрадын хямрал болон тэлэхэд Энх-Амгалан хаан Далай лам руу яаран элч илгээж, байдлыг намжаах чуулган хуралдуулах зарлиг буулгажээ. 1686 онд Халхын Засагт хан, Түшээт хаан хоёрыг эвлэрүүлэх чуулганыг Манжийн хаан зохион байгуулж, Далай ламын элчийн удирдлага дор Хүрэн бэлчирт хуралдуулав. Тус чуулган дээр Манжийн хааны найрамдуулах зарлигийг уншин сонсгож, Түшээт хаан, Засагт хан нарыг тэврэлдүүлэн эвлэрүүлж, найрамдлын тангараг өргүүлжээ.
Галдан ажиглагчаа оролцуулан чуулганыг хүчингүй болгохыг оролдсон ч амжилт олсонгүй. Галдан Хүрэн бэлчирийн чуулганы шийдвэрийг эсэргүүцсэнээр барахгүй Түшээт хаанд цэрэглэн орохоо зарлажээ. Төвд Өөлэдийн эрх ашгийн үүднээс Халхыг эзлэхээр Дэв Санзайжамцтай Галдан бошигтын хийсэн “нууц тохиролцоо” хэрэгжихэд Халх 7-н хошууг нягтрахыг уриалсан Хүрэн бэлчирийн чуулган тээг болох нь мэдээж.
Засагт хан Түшээт хаантай эвлэрсэнд Галдан бачимдахдаа Манжид элч зарж, Гадаад Монголын төрийг засах яам, улмаар Энх-Амгалан хаанд бичиг илгээж, түүндээ “Богд эзний (Манжийн хааны) суурин шашин хэмээвээс Шар малгайн шашин, лам хэмээвээс Далай лам болой” гээд Өндөр гэгээнийг “Умар зүгийн амьтны итгэл-Богд Живзундамба хутагт” гэсэн Банчин богд Далай лам нарын зарлигийг үгүйсгэжээ. Мөн Хүрэн бэлчирийн чуулганд ирсэн Далай ламын элч Галдан ширээттэй Занабазарыг мөр зэрэгцэн суулаа гэж эгдүүцэж байсан нь Галдан Монголын төр шашнаа Төвдийн төр шашнаас доогуур эрэмбэлж явсныг нотолдог юм. Галдан Халх руу цөмрөн орох бэлтгэл болгож өөрийн дүү Доржжавыг гурван зуун цэргийн хамт Засагт хан Шарын дэргэд байрлуулж, өөрийн өргөөг зүүн тийш нүүлгэн Засагт хантай чуулган нийлжээ.
Энэ үед Түшээт хааны эзэмшил нутаг Сэлэнгэ, Цөх гол орчмоор Оросын тосгоны нүүдэл нүүгэлтэн түрэх болсонд Чихундорж удаа дараа хориг тавьж, нүүн одохыг шаардсан боловч оросууд тоосонгүй. 1681, 1682, 1685 онд Сэлэнгэ, Үдэд суурьшсан Оросын цэргийг Чихундорж бүслэн хаасан ба Сэлэнгэ, Цөх, Жид голоор байрласан орос тосгодыг хөөн зайлуулахаар удаа дараа довтолжээ. 1685 оны 6-р сарын 11-нд халхууд дахин Сэлэнгийн шивээг бүсэлж Монгол нутгаас гар гэж шаардав. Бүслэлт сар орчим үргэлжлээд амжилтгүй дууссан аж. 1687 онд Түшээт хааныхан Оросын элч Ф.А.Головиныг Үдэд ирэхэд буриадуудыг буцааж өгөх, Оросын шивээг Монгол нутгаас даруй гарах шаардлагыг тавьсан байна. Головин хэлэлцээр хийхээс татгалзаж, би бие дааж шийдвэр гаргах эрхгүй, Москватай зөвлөлдье гэж хариу өгсөн нь цаг хожих заль байв. Бүслэлт гурван сар үргэлжилж, Чихундорж тэргүүтэй монголчууд Сэлэнгэ, Үд голоор нутагладаг өөрийн харъяат буриад зоныг зэвсгийн хүчээр эргүүлэн авахыг оролджээ. Гэвч нум сумтай монголчууд Сэлэнгийн шивээг хамгаалахаар ирсэн Москвагийн буучдын галт сумны өөдөөс хүчин мөхөстөж, Түшээт хааны ах Баатар цэргээ авч буцсан аж. Оросын давшингуй түрэлт Чихундорж Занабазар нарыг Манжийн хаанд улам ойртох бодит шалтаг болов. Өөр түших улс байсангүй.
Чихундорж нутаг руугаа дур мэдэн орж ирсэн Оросын тосгоны түрэлтийг зогсоох гэж тэнцвэргүй хүчээр сөргөлдөж явахад Галдан Төвдийн шаардлагаар Занабазарыг даран сөнөөхийн тулд Оросоос зэр зэвсэг байн байн гуйж явав. 400 сая хүн амтай Чин улсаас бэргэсэн Орос Галданд тусламж өгөөгүй ч Галдан Орос улс надад өч төчнөөн галт зэвсэг, өдий төдий үхэр буу өглөө гэх цуу тарааж, Түшээт хааны хүч, бодлогыг тарамдуулж байлаа. Энэ түүх хэн нь хэн байв гэдгийг хэлээд өгдөг.
Халх руу хойд хөршөөс нөмөрсөн алсдаа онц аюултай энэ чимээгүй түрэлтийг Галдан далимдуулан Засагт хантай хүч хавсран Түшээт хааны нутагт довтлохоор тулж ирэв. Энэ талаар чихраа авсан Чихундорж Оросын түрэлт дээр Галдан бошигтын халдлага нэмэгдлээ хэмээн балмагдаж Энх-Амгалан хаанд захидал илгээжээ. Уг захидалд “1687 оны 6-р сарын хөх нохой өдөр Засагт хан Галдантай чуулган нээсэн... Эдүгээ чимээ авбаас ман дор цэрэглэмүй гэх. Хэрвээ сэргийлэхгүй болбоос суусаар байлдах дайтахыг хэлмүй. Сэрэмжилсүгэй хэмээвээс бас урьтсан болбуузай” гэж дурджээ. Үүнээс харахад Чихундорж тийм ч ойворгон хөнгөн хуумгай нэгэн байгаагүй нь нотлогддог. Энх-Амгалан хаан өмнөх тангаргаа сахь. Галданг бүү дайл гэсэн хариу өгчээ. Гэтэл Галдан завдал өгөлгүй Халхын баруун хязгаар луу уулгалан дайрлаа.
Түшээт хаан Чихундорж Манжийн хаанд дахин мэдээ өгч амжилгүйгээр хүргэн Лувсангомборавданы хамт түмэн цэргээр Галданы довтолгооны эсрэг сөрөн дайтаж, энэ тулалдаанд Засагт хан Шар болон Галдангийн дүү Доржжав нар амь үрэгдэв. Чихундорж Галданы гурван анги цэрэг дөхөж ирснийг сонсмогц тосож хориглохоор цааш хөдлөв. Тэр үед Далай ламын зарсан элч Түшээт хаантай учирч Богд хаан (манжийн хаан), Далай лам нарын хэлүүлсэн бүү байлд, чуулган нээ гэснийг Чихундорж сонсоод зөрчсөнгүй цэргээ авч хойш эргэж Цогдос нуурын дэргэд чуулганыг хүлээн суужээ. Энэ хооронд Галдангийн их цэрэг Чихундоржийн ар хударгаар Халхын нутагт хулгайгаар цөмөрчээ. Манжийн хаан, Далай лам хоёрын элчийн үгээр Цогдос нуурт чуулган чуулахыг хүлээж суусан Чихундорж Галдан нэгэнт Халхад цөмөрснийг сонсоод Эрдэнэ зуугийн зүг яаравчлав.
Ойрадын хэт давуу хүчинд хэд хэд салам цохиулсан халхуудад амиа аврах зам эцэст нь ганц үлдэв. Тэр зам нь хаяа нийлсэн Манжийн эзэмшил нутагт шурган орох гарц байлаа. Галдангийн их цэрэг Эрдэнэ зууг түйвээхэд Занабазар Түшээт хааны эхнэр хүүхдийг авч Жанчидаар дайрч зүүн тийш эргэн Ерөөгийн рашаан, Шарлин гол, Сарьдагийн нуруу, Аяагийн гол, Хагийн хар нуур зэрэг газруудаар дамжин дайжсаар Сэцэн ханыг түшихээр очтол тэр үед Сэцэн хан Норов нас барсан байсан тул Хэрлэнгийн Баян улаанд бүгж байгаад цааш Сөнидийн нутгийг тэмцэн бараадахаас өөр замгүй болжээ.
Чингис хаан гал голомт руугаа зэвсэглэн халдахгүй байх тангараг үр хүүхдээрээ андгайлуулсан түүхтэй. Гэтэл Галдан анх удаа энэ тангаргийг зөрчиж, эцэг Чингисийн гал голомтыг самрахаар Түшээт хаан руу довтолжээ. Энэ дайралтыг Манжийн эсрэг тэмцэл гэж өмөөрөх ямар ч үндэсгүй түүх болохыг хойно өгүүлье.
Галдан Занабазарыг мөрдөн хөөж гүйцэхгүйгээ мэдмэгц хойш эргэн Олгой нуурын хөвөөнд Түшээт хааны цэрэгтэй хэд хоногийн турш алалджээ. Уг тулалдаанд Түшээт хааны цэрэг махан овоо цусан далай болтол ялагдаад, амьд үлдсэн нь арайхийж бүслэлт сэтлэн гарч говийг гатлан Өндөр гэгээний араас зугтан очжээ. Галдан Занабазарын Хэнтий нурууны гал элгэнд сүндэрлүүлсэн Сарьдагийн хийд буюу Риво-гэжай-гандан-шадавлинг Хөгнө ханы Өвгөн хийдийн адил үнсэн товрог болгон газартай нь тэгшлэв. Лам хуврагууд нь ойрадуудаас дүрвээд эзгүйрсэн хүнгүй хийдийн гоёмсог сүм дуган бурхан тахилыг Зонховын нэрийн өмнөөс нурам болгож буй нь тэр. Галдан Төвдийн шар малгайтны шашны бүлэглэлд зарагдаж явсны баталгаа нь тэр бээр Өндөр гэгээнийг уулгалан элдэхдээ зам зуур таарсан халхын сүм хийдүүдийг “улааны талынх” хэмээн шатааж, лам хуваргыг хядсан яргалал нотолдог. Дашрамд дурдахад Гүүш хаан мөн Төвд даяар улааны шашны сүм хийдийг үнсэн товрог болгосон аж. Галданд Манжийн эсрэг Түшээт хаантай хүч хавсаръя гэсэн өчүүхэн ч бодол эхнээсээ байгаагүйг түүх гэрчилдэг.
1688 онд Галдан бошигт Манжийн хаанд дахин илч зарж Өндөр гэгээнийг “Зонховын шашныг хиртээсэн хүмүүн,.. шашныг эвдэж хоёрын хооронд муухан явах хүмүүн, аливаад сайн үгүй. Эдүгээ түүнийг сөнөөвөөс Дундад улсын Хуанди болон Далай ламын сэтгэл ч амар болох буй за” гэж хэлүүлсэн энэ хэдэн үг Галдан Занабазар хоёрын зөрчил Манжтай огт хамаагүй зөвхөн ламын шашны “шар”, “улаан” гэх хоёр урсгалын тэмцэл байсан нь илэрдэг.
Энэ түүхэн баримтыг орчуулж, судалсан доктор Л.Хүрэлбаатар агсны хэрхэн дүгнэснийг толилуулъя: “Энэ бол нэгд, Төвдийн дэсрид Санзайжамцын Далай ламын хуурмаг нэрийг барьж (Далай ламын жанч халсныг 15 жил нуусан хүн бол Санзайжамц) үйлдэж байсан ажлын нэг жишээ, хоёрт, Төвдийн төрийн хатгаас Галдан бошигтын явдал хоёр нэг хөлтэйн баримт, гуравт, Галдан бошигт Өндөр гэгээн хоёрыг хавиралдуулсан хэрэг явдлын цаад үндсийг Төвдийн төрийн бодлогоор атгаж суусны гэрч, дөрөвт, Өндөр гэгээн нарын Манжийн хилийн харуулын дотор шургалж орсон нь урваж бус, амь гуйж орсон аргагүйдлийн илрэл, тавд, тухайн тэр үед Манжийн Энх-Амгалан хаан нь Халх Ойрад хоёрыг хүчий нь тарамдуулан, цувруулан идэж дуусгахад бус, эебээр засан зохицуулахад чиглэсэн, их улсын хаяа хилээ хамгаалсан бодлогыг илүү чухалчилж байсны гэрч болно... Үүнээс Галдан бошигтын зорилгыг ажиглахад Живзундамба нарыг Дундад улсын хилийн харуулын дотор оруулахгүй, улмаар баривчилж өгсөн нөхцөлд Манжийн Энх-Амгалан хаан, Төвдийн Далай ламын төр шашны бодлогоос огт гажихгүй, чухамхүү “цавхийтэл” нийлэлцэх тухай өгүүлсэн нь Галдан бошигт Манжийн төрийн эсрэг монголчуудын хүчийг нэгтгэн тэмцэх зорилгыг анхнаасаа агуулаагүй нь илэрхий байна” гэж СГЗ доктор Л.Хүрэлбаатар түүх шашны сурвалж бичгүүд судлан байж дүгнэжээ.
Далай лам 1682 онд таалал болсон. 1696 онд Энх-Амгалан хаан дэсрид Санзайжамцад бичсэн захидалд, “Бид нар Далай ламын лагшин ажираад өнө удаан болж буй хэмээхийг сонсож мэдлээ. Чи түүний ажирсныг эдүгээ болтол нуун дарж суусаар тодорхой эс хэлэв. Далай ламын амьд сэрүүн байх цагт урт хэрмийн гадна талд 60 гаруй жилийн турш цаг амгалан тогтож байсан болно. Чи Галданд цэргийн үймээнийг өдүүлэн босгох муу сануулгыг дахин дахин шаардаж босгоод бусдыг зовоон хөнөөж байгаа нь бурхны дээд номын чинь ёстой тохирох юм хаана байна вэ?.. Чи муу явдалт Жирүн хутагтыг илгээж Улаан будангийн газар байлдааныг хийлгэсэн… Тэр бүгд Галдангийн ард чи байснаас болсон” гэжээ. Тэр цагийн хямралыг илчилсэн энэ мэт бодит чухал эх сурвалжийг Холбоот орос улс нууцлахыг тулгасан гэх хардлага төрдөг. ХОУ Монголыг Хятадаас салгаж авахдаа түүхийг муйхраар гуйвуулсан булхай олныг үйлдсэн билээ.
Өндөр гэгээнтнээс Энх-Амгалан хаанд айлтгахдаа, “Урьд Манжийн их эзэн Та бээр номын ёсыг хичээх хэрэгтэй хэмээн зарлиг буулгасан. Түүнчлэн (тэр) ёсоор номыг үйлдсээр суутал санамсаргүй өөлэд иргэд миний олон хийдийг эвдлэн галдаж ном бүхнийг оромгүй болгов. Миний шавь нар олон бөгөөд эдүгээ Манжийн их эзний төр түшиж амьдрахаас өөр аргагүй болов” гэж учирласан бол Түшээт хаан Чихундорж Энх-Амгалан хаанд, “Манай долоон засгийн халх хэдүй Галданд эвдэгдэж, цагийг мэдээд, хөвгүүн эм, харъяат харц, албатаа хамгаалан хааныг эрж олж ирэв” гэх ийм эх сурвалжууд Манжид Халх хүслээр очиж урваагүй хүчинд автсаныг баталдаг. Төрсөн ах дүү Чихундорж Занабазар хоёрын хүслээр бус Галдан бошигтын хүчинд автаж Манжийн хүрээнд шургаж орсон түүх тухайн хямралын үед халхуудад амиа хоохойлох цор ганц сонголт болжээ.
Манжийн вассаль-түшмэг улс болсон нь ойрадуудад ялагдаж доройтсон нөхцөлд золын заяа гэлтэй. Тээвэр харилцаа хөгжөөгүй дундад зуунд алс холын Манж өдөр болгон монголчуудыг дарлаад байж чадахгүй нэр төдий хоёр зуу гаруй жилийг элээснийг өдгөө Манжийн колончлол гэж сүржигнэх хэнд ашигтай вэ. Ойрадуудад уу оросуудад уу. Тархай бутархай малчдад Манжийн хааны сураг дуулдахаас хэтэрсэнгүй. Буурч доройтсон улсад аштай юу гэмээр ажин түжин нөхцөлд халхууд зөнгөөрөө малаа маллан аж төржээ.
Халхын хануудыг эх орноосоо урвагчид болгох гэж улайрах ашиг сонирхол хэнд яагаад гарав? ХОУ булаан эзлэх бодлогоо хэрэгжүүлэх явцад Бодоо Данзан Шагдаржав Лосол Догсом Гэндэн Дэмид Амар гэх мэт олон удирдагч ил далд дургүйцсэнд тэднийг цаазлаад, ойрадуудыг эх оронч гэж хөөргөж байгаад ашиглахаар шийдэж, Халхын хануудыг урвагч болгон гутаах зорилго тавьсан нь Монголыг дорно дахинаас тасдаж, нөлөөллийнхөө хүрээнд тулмайдан авах гэсэн Оросын геополитикийн нууц эдүгээ байтугай тэр үедээ ч тодорхой байв. Бодит үнэнийг сайтар ухаарсан халхууд гадаад дотоодын занал дор аргагүйдаж, ам хамхсан нь бүр ч илэрхий. Аюул зөөлөрсөнгүй. Бүр хожим манай өмнөө барьдаг түүхч Ш.Нацагдорж агсан “Занабазар бол урвагч бус, Галдан бол аврагч бус” гэж хэлсэн нь аргагүйдаж бэргэсэн эрдэмтний амнаас унасан үг. Дөнгөж цухуйлгасан үгэндээ эрдэмтэн унах дөхсөнийг шавь нар нь дурсдаг. Үнэнийг хэлбэл хэлмэгддэг харгислал ноёрхож байсныг энэ түүх хойч үед ухаарал болж шингээсэй. Эдүгээ ардчиллын буянд түүхээ зөв болгож авахад зөвхөн түүхч нараар хязгаарлагдахгүй, манай иргэн бүрийн чармайлт чухал. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин хоёр ижил гэж надад сургууль заасан. Бид алийн бүр ойд төөрсөн сармагчин явах вэ. Орос ахынхаа хүзүүгээр тэвэрсэн сармагчин бус хүн болъё л доо.
Хувилай хааны Юань гүрнээс хойш Төвдийн хуврагууд “шар” “улаан”-аараа талцан 300 шахам жил тасралтгүй тэмцэлдсэн түүхтэй. Шарын тал буюу Зонховын шашинд улааны шашны хуврагуудыг хядах зэрлэг хэрцгий торгон цэрэг чухал болов. Орхимж нөмөрч хонх дамар хангинуулсан шарын шашны төвд хуврагууд, улааныхаа ах дүү төвд хуврагуудыг өөрийн гараар хөнөөж, цустай хутгалдах нь хувраг улсад бас ч гэж эвгүй нь мэдээж. Тэгээд шарынхан Хошуудын Гүүш хан Төрбайх, түүний хүү Даян, ач Лхавзан нараар нядалгаа хийлгэж, өөрсдөө нүгэлгүй мэтээр маани мэгзэм уншин үлддэг байжээ. Улааны лам нарыг нь хядаж өгсөн Гүүшид Далай лам “Шашныг баригч номун хаан” цол хайрлаж, шашин төрөө мануулсан аж. Гүүш хаан Галдан бошигт нар Төвдийн төр болон ламын шашны шарын урсгалд зарагдаж, халх ах дүүсийнхээ цусыг урсгасан харгислалыг цаашид магтсаар байх уу гэдгийг хөндөв. Бошигтын элч гэлэнд өгч явуулсан захидалдаа өндөр гэгээн Занабазар бурхны сургаалийг шар улаанд хуваан дайсагнуулж болохгүй, бурхан багш амьтныг хайрлан нигүүлсэхийн тухайд нэг л номыг номносон гэж учирлажээ. Төвдийн хуврагууд шар улаан гэж хоорондоо тэмцэлдэх уршигтайг Өндөр гэгээн энэ захидалдаа сэнхрүүлэв. Улааны лам шар дотортой улаан малгайгаа эргүүлж өмсвөл шарын лам болж амь гардаг байсан гэдэг.
Улааны шашинт Цогт хунтайжийг Гүүш хан хэрхэн хүйс тэмтэрснийг аль тэртээ 1940-өөд онд Б.Ринчен кинондоо цухас шургуулсан нь юутай олзуурхам бэ. Их эрдэмтэн яг тэр цагт баларч мушгигдаж эхэлсэн халх ойрадын түүхээс ямар эгзэгтэй зурвас үе сонгосныг молхи толхи би бээр одоо л ухаарч сууна.
Лигдэн хутагт хаан эхэн үедээ ламын шашны улаан ба шарын урсгалыг алагчлалгүй дэмжин дэлгэрүүлж байтал өвөр Монгол дахь шарын шашны томоохон хутагт лам нар Манжийн хаанд хүчин зүтгэх болсон нь Лигдэн хааныг улааны шашин руу түлхсэн аж. Лигдэн хутагт хаан Мин улстай холбоо тогтоон улам бүр өсөж буй Манжийн түрэлтийг сөрөн эсэргүүцэх бодлого баримталж байв. Манж Мин хоёрын анхны мөргөлдөөнд Лигдэн хаан Мин улсад тусалсны гороор эцэст нь Цахарыг Манжид алдсан гэдэг. Лигдэн хаан анхнаасаа Мин улстай хамтралгүй шинэ тутам хүчжиж эхэлсэн нүүдэлч угшлын Манжтай илүү ойртсон бол түүх хааш эргэх байсан бол? Манжийн хаан Нурхач хожим энэ зөрчилдөөний тухай тайлбарлан бичихдээ, “Мин улс хэмээгч миний өшөөт дайсан мөн. Урьд Цахарын Лигдэн хаан Мин улсын жил бүр өгсөн эдэд орж, намайг өшөөлж, Мин улсыг дайлуулахгүй бөгөөд бас цэрэг илгээж тусалсны тулд би ийнхүү цэрэг илгээж, Цахарыг дайлав” гэжээ.
Чухам энэ үеэс Лигдэн хүчжиж буй Манжийг сөрөх арга мухардсандаа улааны шашныг дэмжиж, Манж ба шарын шашинтны эсрэг хамтран тэмцэх зорилго бүхий Төвдийн хаад ноёдтой сүлбээлдэн цэрэг-улс төрийн холбоо бүрдүүлж, түүнд Халхын Цогт хун тайж нэгдэж, Хөх нуурт очив.
Төвд Монгол хаад ноёдын цэрэг-улс төрийн энэ бүлэглэлээс айсан Төвдийн шар малгайтнууд дөрвөн Ойрадаас тусламж гуйжээ. Шарынхны хүсэлтийг биелүүлэхээр Хошуудаас Гүүш хан Төрбайх, Дүүрэгч ноён, Цоросоос Баатар хунтайж, мэргэн Дайчин, Торгуудаас Мэргэн Тэмнээ, Мэргэн тайши, Бумба Илдэн, Хойдоос Сүлдэн тайши, Сүмэр тайши, Дөрвөдөөс Далай тайши нарын их цэрэг нэгэн дуугаар гайхалтайгаар бөөгнөрч, тэр ч байтугай Ижилээс хүртэл нэмэгдэл хүч ирж, улмаар Хөх нуурт очиж, Цогт хунтайжийн цэрэгтэй ширүүн тулалдаж, орчныхоо газрыг дөрвөн түмэн халх цусаар бялдсан бөгөөд Цогт хунтайж алагджээ. Цусанд будагдсан хоёр толгой Улаанхушуу нэртэй хоцорчээ. Амьд үлдсэн Цогтын цөөвтөр цэрэг зугтсан ч Төрбайхын хүү Даян тайж мөшгөн хөөж хүйс тэмтрэв.
Хаа хол Төвд улаан шар тэмцлийн үзүүрт монголчууд биенээ ингэж хядсан нь мөн ч тэнэг үйлдлээ гэж санаа алдахаас өөр яалтай. Төрбайх нар Төвдийн төр, шарын шашинд зарагдаж, монголоо хядсан бол Цогт Лигдэнгийн замаар замнаж, Манжтай тэмцэх зорилготой Хөх нуурт очсоныг санаж ав. Монгол улсын түүхэнд, “Хөх нуурын газар бэхжин хүчжиж, Төвдийн улаантны шашны бүлэглэлтэй холбоо тогтоон, шарын шашны бүлэглэл болон Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг хамтын хүчээр тэмцэхийг зорьсон Лигдэн хутагт хаан, Цогт хунтайж нарын тэмцэл харамсалтайгаар төгсгөл болжээ” гэж тэмдэглэжээ. Ойрадууд Цогтыг дарсан шигээ Манжийн эсрэг тийм их хүч хуралдуулж чадах л байж. Гэвч тэдэнд Манжийг сөрөн нэгдэх хүсэл байсангүй, харин Цогт хунтайжийг даран сөнөөх атаа жөтөө дүүрэн байжээ.
Хаад ноёдын иймэрхүү тэнэглэл чухамдаа Монголыг сульдуулах гай нь болж байв. Цогтыг дарсан Гүүш хан Төрбайх Хөх нуурт бэхжихийн хамт Төвдөд цэрэглэн орж, улааны шашинтан болон тэдний сүм хийдийг түүвэрлэн устгав. 1642 оны 3-р сарын 15-нд Төвдийн төр, шашны тэргүүнийг өргөмжлөх ёслол болж, Гүүш хан Төрбайхыг Төвдийн хаан ширээнд, V Далай лам Лувсанжамцыг Төвдийн бурхны шашны тэргүүнд тус тус өргөмжилжээ. Төрбайх 73-тайдаа Лхаст нас нөгчиж, түүний хүү Даян тайж, ач хүү Лхавзан нар Төвдийг 70 гаруй жил ноёлжээ.
Халхын Богд нарыг Төвдийн шар малгайтнаас тодруулж эхэлсэн нь дэв Санзайжамц Галдан бошигт суурийг нь тавьсан шар малгайтны бодлого үе дамжин хэрэгжиж ирснийг гэрчилнэ. Төвдийн улааны шашнаас Монголд богд залахгүй гэсэн Төвдийн шар малгайтны явцуу атгаг эрх ашгаас үндэслэж Ойрад Халх хоорондоо хямарсан мэт наанаа харагдавч, цаана нь Гүүш хаанаа залгамжлахыг мөрөөдсөн Ойрад хаадын нүдэнд Төвд-Монголын хаан ширээ солонгороод байсныг ХХ зууны манай нам засаг зориуд нуужээ. Галдан бошигт, Түшээт хаан нарыг манай нутгийн хаан, бидний удам угсаа гэж (нутгийнхаа бөх шиг) жалга довоор өргөмжлөхдөө жинхэнэ болж өнгөрсөн бодит түүхийг гуйвуулах уршигтай гэдгийг би сөхөх гэж мунгинаад буй нь энэ. Халхын богдуудыг Манжийн заавраар Төвдөөс залж байсан гэсэн зориудын худал суртлыг түүхийн сурах бичгүүдэд оруулсныг тайлахад уг нь хялбар, өнгөцхөн булхай л даа. Төвдүүд халхаас илүү Манжийг сөрөх тамиртай байсны илрэл нь Монголыг нөлөөндөө атгах бодлого идэвхтэй явуулсан нь Манжид илүү халгаатай байсан. Ийм нөхцөлд Манж нар Төвдийн эрх ашгийн төлөө халхын богдуудыг Төвдөөс тодруулж байсан гэдэг учир авцалдаагүй дүгнэлт болж байна. Манжийн хорон санаа монголчуудыг хүлцэнгүй үхээнц болгохын тулд шарын шашнаар хордуулсан гэж одоо ч улиглаж буй. Гэтэл Манжийн Энх-Амгалан хаан юу гэж вэ? “Монголчууд лам дор мунхарч, гэрийн адал хөрөнгөө түүний төлөө хоосолж амуй. Энэ болбоос аюул хөнөөл буян жаргалангийн сургаалыг хэтэрхий үнэмшиж, түүний эгнэгт тусгүй болохыг эс мэдсэн мунхаг хүмүүний явдал болой” хэмээсэн нь монголчуудыг шарын шашнаар зориуд хордуулах гэсэн хааны үг яавч биш бус уу? (Алтанбагана “Монголын эртний гүн ухааны товчоо” ӨМ 1993).
Далай ламын нэр нөлөөг Монголд хүчгүйдүүлэх нигуртай өндөр гэгээн Занабазарыг Төвдийн төрийн сайд дэсрид Санзайжамц Галдангаар тонилгуулж, Халхаар Өөлэдийн хүчийг зузаатгаад, тэр хүчийг улсын дотоодод оруулж, Гүүш хааны угсаа залгасан 70 жилийн ноёрхлыг даруулах давхар далд санаа өвөрлөжээ. Дэсридийн энэ давхар зорилго яаж төгссөн бэ гэвэл, бүх Монголын хаан, улмаар Төвдийн шашин төрийг Төрбайх шиг атгах гэсэн Галдан Манжид дарагдаж, Хошуудын ноёрхлыг Галдангаар зайлуулах давхар санаа агуулсан дэсрид Санзайжамц Лхавзан нарт хорлогдож, Галдангаас зугтааж амь гарсан Цэвээнравдан хан том Цэрэндондовыг Төвдөд илгээж, Лхавзан хааныг устгуулав. Галдан бошигтын болчимгүй санаархал ойрадын ард иргэдийг үеийн үед үгүйрүүлсэн гашуун зовлонгийн үрийг тарьжээ. Зүүнгар эзгүйрч хоосроод Галдан нутагтаа өлбөрч туйлдаж үхсэн гэдэг.
Монгол Төвдийн энэхүү сульдалт Манжид импер болоход түлхэц өгсөн нь мэдээж. Манж гүрэн бүх хүч анхаарлаа далайн уур амьсгалтай үржил шимт өмнөд Хятад, Тайвань, Солонгосын зүг төвлөрүүлж байсан ч ардахь хүйтэн орны тархай цөөн нүүдэлчид хоорондоо алалдан явдал удаж, хүч тарамдуулах вий гээд анаж байсан биз. Тэгтэл Төвд Монголын хаад ноёд өөрсдөө Манжийн хоол болжээ. Үүнийг хэний буруу гэх вэ, та? Мэдээж Манжийн буруу л гэх байх даа. Хэрэлдсэн хоёр хүн гэр гэртээ хариад нэг нь өөрийнхөө зөв гэсэн бүхнээ цуглуулж, нөгөө нь өөрийнхөө буруу гэсэн бүхнээ цуглуулсан гэдэг. Хэнд нь илүү ашигтайг тунгаа. Улс гүрэн ч ялгаагүй юуны өмнө түүхээсээ буруу гэсэн бүхнээ цуглуулж, дүгнэж, сургамж болгох ёстой гэж шүүмжлэлт зохиол бичдэг хүний хувьд би захих гээд байна. Эзэн Чингисийн удам, дээд тэнгэрээс заяатай дэлхийг эзэлсэн түүхтэй гээд биеэ ичдэг хүн ичмээр мөн ч сүрхий магтах юм даа. Залуус та нар монголчуудын түүхэндээ алдсан бүх алдааг цуглуулаад, тархиныхаа лабораторид шинжлээд, сургамж болгож ав гэж захья. Бидэнд ийм зан үгүйлэгдээд байна. Хошин шог зохиолоос тэнэг хүн бусдын гэмийг олж инээдэг, ухаантай хүн өөрийнхөө гэмийг олж инээдэг гэсэн үг бий. Манай хан ноёд хоорондоо нүдэлдээд байснаас хэн нь ч Манжтай байлдаагүй. Харин хоорондоо үзэлцээд ялагдсан тал Манжаас тусламж гуйдаг. Монголчууд хажуу хавирганыхаа суурин улс орны зах зээлийг дээрэмдсэн, хэрцгий бүдүүлэг улс байжээ. Үүний баталгаа нь урт цагаан хэрэм. Мөн дундад Азийхны айдас түүх шашдирт бий. Түүхийн энэ гашуун үнэнийг нэрэлхэлгүй зөвшөөрч чадваас бидний сэтгэхүй эрүүлжих учиртай. Монголын морин цэрэг явган тариачдад Гитлерийн танк Польшийг хэрхэн эзэлсэн шиг тухайн үедээ тийм давуу хүч байсан гэж нэг араб эрдэмтэн ярьж байна лээ. Үүл хуралдвал бороо ордог, монголчууд цуглавал дайн гардаг гэх Манж хаадын үг бий гэсэн.
Өндөр богд, Түшээт хаан хоёр Галдангаас зугтаасныг буруу гэх аргагүй. Нутагтаа сууж байгаад Галданд алуулаагүй нь Хаан Гэгээн хоёрын алдаа гэх нь бүү хэл, зугтааж байж гэмээнэ амь гарсан нь халх түмэн эдүгээ энэ дайтай бүрэн бүтэн улс үлдсэн гэлтэй. Дайнаас зугтах онодог. Ойрадууд дайтаж бутарсаар хүчгүйдсэн. Тэд нэгдэх чадвараар дулихан, эв эе муутай улс явжээ. Хаад ноёд нь тэрсэлдээд, харц ард нь тарж бутраад л явж. Халхууд Галданд эзлэгдсэн аваас ойрадын замаар сарних эрсдэл өндөр байв.
Төвдийн засгийн тэргүүн дэсрид Санзайжамцын зараалаар Монгол дахь улааны урсгалын нөлөөг үгүй хийхээр халх руу довтолсон ойрадын цэрэг 1690 оны 7-р сарын сүүлчээр Улхуйн голоос хөдөлж, 8-р сард Улаанбутангийн газар очсон бөгөөд Галдан Манжийн цэргийн жанжинд элч зарж, “Бид дайсныг мөрдөн хөөхөд тэд харуулын дотор орсон тул энд хүрч ирэв. Зоргоор омтгойлон явсан газаргүй. Түшээт хаан, Живзундамба хутагт нарыг тавьж өгнө үү” гэж ирсэн зорилгоо таниулж байв. Ялагдсан халхууд Түшээт хаан, Өндөр гэгээн хоёрыгоо дагаж Манж руу зугтан цагаан хэрмийн дотор орж, Өндөр гэгээний шавь Манжийн Энх-Амгалан хааны нөмөрт арга буюу шургаж амь гарсан билээ.
Галдан Далай ламыг Манжийг ятгаад миний хоёр дайсныг хэрэмнээс гаргаад өгөөч гэж элч заржээ. Төвдийн сайд дэсрид Санзайжамцаас Энх-Амгалан хаанд хэлүүлсэн зүйлд “Гагцхүү Түшээт хаан, Живзундамба хутагтыг барьж Галданд өгвөөс амьтанд тус болмуй. Энэ хоёр хүний амийг би батлах буй” хэмээжээ. Энх-Амгалан хаан хариу хэлэхдээ “Эдүгээ Түшээт хаан, Живзундамба хутагтыг барьж, Галданд өгвөөс нэгэн этгээдэд хэлбэрсэн болой. Ийнхүү болбоос бидний угаас Өөлд Халхыг харилцан зохицож, сайн аж төртүгэй хэмээсэн санаанд нийлцэх буюу... барьж түүнийг өшөөтэй хүнд өгвөөс болох буюу би... ийм лам хамаг амьтанд тус хаяж явахын тулд (энэ илчийн) айлтгасан үг юуны ламын үг аж. Үнэхээр лам айлтгаваас бичиг бичиж үл айлтгах буй асан уу? Миний дотор сэжиглэх тул тусгай зарлигийн бичиг илгээв” гэжээ.
Манжийн хилийн дотор амь хоохойлсон монгол хүн мал нутагшдаггүй, Галдангийн их цэрэг хэрмийн гадаа тэднийг тосож устгахаар сахиад зайлдаггүй. Ийм хэцүү нөхцөл үүсээд удав. Галдан Энх-Амгалан хаанд миний хоёр дайсныг хэрэмнээс гаргаж надад тушаавал би буцна. Манжид бид ямар ч гэм тарихгүй гэсэн бичиг, элч илгээсэн ч Энх-Амгалан хаан хоёр дайсныг нь гаргаж өгсөнгүй.
Эцэст нь Халх Манж хоёр Галданг хөөхөөр хэрэмнээс гарч байлдсан аж. Нэг тулаанд Галдан ялагдаад одоо дахиж та нарын өөдөөс тэрсэлдэхгүй гэж бууж өгч амь хэлтэрсэн ч тэр нь муу заль байв. Галдан хэрмийн гадаа халхуудыг тосож хиар цохихоор хүчээ сэлбэн отсоор. Халхын нутгийг бүрэн эзэлсэн Галданг хөөхгүйгээр төрсөн нутагтаа хүн мал очиж амьдарч чадахгүйг ухаарч манж монгол цэргүүд хамтарч Галдан бошигтыг цус урсгасан олон тулалдааны эцэст даржээ.
Нотлох баримтгүй шахам бараг хоосон домгоор Манжийг зуун жил үзэн ядсанаар бид аль зүгийн нүглийг далдалж, хэнийг алдаршуулж, юу хожив? Ганц улаан оросыг шүтэх өвчинд мунхарсан нь хожоо гэж үү? Улаан оросод яаж ч алуулж, яаж ч шулуулж байсан мөргөж л байдаг сэтгэцийн эмгэгтэй болсон нь гэгээрэл гэж үү? Түүхийн үнэнийг улайм цайм мушгиж, Галдан бошигтийг мандуулж, Занабазар, Түшээт хааныг ялалсан нь хөгжил гэж үү? Дундад зууны ховор зэвэр бөглүү нутгийн монголчуудад манжийн зүгээс гурил будаа даалимба даавуу цай зэрэг наад захын хэрэгцээт барааны наймаа нээгдсэн болтой. Ойрад халх хоёр хоёул хүнс, эд бараа үйлдвэрлэж чадахгүй, чаддаг нь харилцан малаа хуйлгайлахаас хэтрээгүй. Манайтай хил залгаа орос тосгоныхон угаас цөлөгдсөн боолчуудын ядуу удам угсаа. Хөлдүү зах хязгаарын хаягдмал оросуудад бусдад илүүчлэх арилжаа байтугай өөрсдөө турж үхэж байв. Дайтахаас өөрийг бараг мэдэхгүй шахам манай ноёд өвөр хоорондоо сэнтий булаацалдаж, хэн нь хэнийгээ орон нутагтаа үгүй хийв, тэр болгонд Манжийн хорт явуулга гэх үзэл сурталжсан хаяг хадахаа болиуштай. Гол буруу-биенээ хөнөөсөн монгол хаад ноёдын хэнээрхэл түүхээс ил харагдаж байна.
Их гүрний үзэл суртлын тулгалтаар зохиогдсон ташаа түүх биднийг тэр улсын хүлцэнгүй зарц, үндэс угсаагаа санах ой санамжгүй боол болгожээ. Тийм зарц тийм боол эдүгээ алхам тутам таарч ахуйд түүхээ буртаггүй болтол ариусгахыг хүсээгүй түүхчид хачирхалтай. Яасан ч идэвхгүй хойрго юм. Сүүлийн үед үнэнд дуртай түүхчид түүхийн гажуудлыг залруулсан бүтээл бузгай бичжээ. Гагцхүү тэд бичсэн бүтээлээ сурталчлах аргаа олдоггүй, мөн манай иргэд түүхээ сонирхож, ариун тунгалаг байлгахын төлөө ямар ч идэвхгүй хөлдүү зантай нь харамсалтай. Ташаа түүхээ залруулах, залруулснаа сурталчлах талаар Түүхийн хүрээлэн, Академи юу хийдэг нь мэдэгдэхгүй юм. Өвгөд өтгөсийн минь замнаж ирсэн, бидний шүтээн байх ёстой түүхийг гадныхан дур зоргоор мушгин гуйвуулж гутаан доромжлоход үг сөрөх эрхгүй явсан цагийн сүүдэр ариллаа. Хүн бүр түүхээ сонирхон дээдлээч.
Сэтгэл сэргээсэн сэхээтнүүдийн шинэ үе айсуй. МАН-ын залуу улстөрч Я.Содбаатар өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа “Өндөр гэгээн Манжтай холбоотны гэрээ байгуулж нэгдэхдээ монгол угсаатныг, монгол цусаа хамгаалах нарийн гэрээ хийж, өөрөө 88 нас зооглож тэнгэрт халих хүртлээ Манжийн бодлогод нөлөөлж, Монголын талаар явуулах бодлогыг тусгайлсан бодлого болгох, Манж Чин гүрний дотор нөлөө бүхий үндэстнээр Монголыг дархлах, Манжийн төрийн бодлогоор дамжуулж Монгол үндэстэн, улсаа аварч гарсан түүхэн гавъяатай хүн” гэж дүгнэсэн нь монголчууд гадны үзэл сурталд хялбар мэхлэгдэхгүй хэмжээнд гэгээрч буйн дохио билээ*.
*Олбогны төлөөх тулаан гэх үргэлжлэл бий.
Ц.Доржготов /baabar.mn/