Дэлхий улс орнуудад мөн адил инфляц ээлжит сорилт болж, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээ оны өмнө мэдэгдсэн.
Цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом агшсан эдийн засаг эргэн сэргэх дохио хадаж эхэлсэн. Үүний түүчээ нь “Оюутолгой” төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх анхны тэсэлгээ байв. Гэхдээ баярлахад эрт байна. 2022 онд томоохон уршиг тарьж мэдэх өөр нэгэн эрсдэл бий болсон нь инфляц. Үнийн өсөлтийг илэрхийлэх уг индекс сүүлийн есөн жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд ирлээ. Үндэсний статистикийн хорооны 2021 оны 12 дугаар сарын нийгэм, эдийн засгийн тайланд улсын хэмжээнд инфляц 13.4, нийслэлд 14.8 хувь хүрснийг зарласан юм. Төв банкны 2022 оны мөнгөний бодлогын зорилтот түвшнээс ийнхүү инфляц давж, өрхийн орлого буурах, иргэдийн худалдан авах чадвар тэр хэрээр доройтох нөхцөл байдал үүсэв. Өөрөөр хэлбэл, инфляц хоёр дахин нэмэгдэж, төв банкны төдийгүй төсвийн таамгийг эвдлээ.
Өндөр инфляцын өмнө төв банк хүчин мөхөсдөж байна. Үнийн өсөлтийн эсрэг хариу үйлдэл нь бодлогын хүүгээ нэмэгдүүлэх замаар мөнгөний нийлүүлэлтийг хумих. Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар 2021 оны нэгдүгээр сарын 28-ний өдөр хуралдаж, бодлогын хүүгээ засварлав. Тодруулбал, 0.5 нэгж хувиар бодлогын хүү буюу төв банкны үнэт цаасны хүүг нэмэгдүүлж, 6.5 хувь болголоо. Инфляцын өсөлтийг тогтоон барих гэж байгаа төв банкны оролдлого энэ. Шийдвэрийн агуулга нь бодлогын хүүгээ чангалах “мессеж” зах зээлд өгөх төдий байлаа.
Мөнгөний бодлогын мэдэгдэлд дурдсанаар, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчнын төлөв, эрсдэлийг харгалзан үзээд дээрх шийдвэрт хүрчээ. Тодруулбал, “Омикрон хувилбарын тархалт эрчимжиж, дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх төсөөллөөс муудаж, тээвэр, логистикийн саатал, нийлүүлэлтийн гинжин хэлхээний доголдлоос үүдэн зардлын инфляц олон улс оронд огцом нэмэгдэж байна. Манай улсын хувьд мөн адил гадаад худалдааны тээврийн саатал үргэлжилснээр импортын барааны үнэ нэмэгдлээ. Мах, хүнсний ногоо, шатахуун, импортын барааны үнэ нэмэгдсэн нь бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг хүлээлтээс ихээр өсгөлөө.
Жилийн инфляц 2021 оны 12 дугаар сард улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувьтай гарав.Эрэлтийн шалтгаантай инфляц эдийн засгийн идэвхжилийг даган алгуур нэмэгдэх хандлага хэвээр байгаа бол нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын цаашдын төлөв хилийн хязгаарлалт, тээвэр, логистикийн саатлыг хэр богино хугацаандшийдвэрлэхээс голлон хамаарахаар байна” хэмээн Мөнгөний бодлогын мэдэгдэлд өгүүлжээ. Эндээс инфляцын өсөлт цаашид үргэлжлэх тохиолдолд төв банк бодлогын хүүгээ өөрчлөх буюу нэмэгдүүлэхэд хүрч болзошгүй байгааг харж болохоор байна. Хил гааль дээр он дамжсан хүнд суртал, хорио цээр, хатуу дэглэмийн хажуугаар шатахууны үнийн нэмэгдэл, малын гоц халдварт өвчний улмаас малын махны үнэ өссөн нь инфляцын өсөлтийг улам дэмжив.
Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн эрсдэлийг төв банк удирдах боломжгүй. Бараа бүтээгдэхүүний хилээр орж ирэх урсгал саатах, өмнөд хөрш хилээ удаан хугацаагаар хаах, хатуу хөл хорио тогтоох, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд огцом өсөх зэрэг нь бусдаас ихээхэн хамааралтай, үйлдвэрлэгч бус хэрэглэгч эдийн засагтай орны сул тал юм. Сул талаа бид энэ үед илүү мэдэрч байна. Инфляцын дарамтаас гарахад Засгийн газар, Төв банкны гүйцэтгэх үүрэг, оролцоо жин дарна. Дан ганц мөнгөний бодлого инфляцтай хөөцөлдөх бус төсвийн бодлого мөн адил өрхийн орлогыг хамгаалахад онцгой үүрэг хүлээх ёстой. Экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гадаад эдийн засгийн хамаарлыг бууруулахын тулд төсөв, мөнгөний бодлого уялдах эсэхээс дунд хугацааны инфляцын төсөөлөл хамаарахаар байна.
Инфляц хоёр оронтой тоонд хүрсэн нь төгрөг үнэгүйдэх, ядуурал нэмэгдэх, дундаж давхаргын нийгэмд эзлэх хувь хэмжээ буурна гэсэн үг. Хүн амын ядуурлын түвшин 2018 онд 28.4 хувь байсан бол 2020 онд 27.8 хувь болж, ойролцоогоор нийт хүн амын 903.4 мянга нь ядуу амьдарч байна. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн үг. 2020 онд эдийн засаг, бизнесийн орчин харьцангуй тогтвортой, инфляц нам түвшинд буюу зургаа дахин бага байлаа. Тэгвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд албан ёсны тоогоор 60 гаруй мянган ажлын байр зах зээлээс арчигдаж, ДНБ-ий хэмжээ 5.3 хувиар, гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар тус тус буурсан. Мөн 30 орчим мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон гэсэн мэдээлэл ар араасаа залгаж байна. Энэ байдал өрхийн амьжиргаанд хамгийн том цохилт төдийгүй ядуурал, ажилгүйдэл нэмэгдэх үндэс шалтгаан юм.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа “Бид инфляцын 6 хувийн зорилтыг хангах, бүр цаашилбал зорилтыг бууруулаад, 4-5 хувь орчимд хүргэхийн тулд дөрвөн бараа бүтээгдэхүүн (мах, хүнсний ногоо, бензин, гэр хорооллын түлээ нүүрс)-ий нийлүүлэлт, хангамжийн асуудал, улирлаас улирлын хооронд бий болдог хэлбэлзлийг бууруулж, нийлүүлэлтийн гинжин хэлхээг төгөлдөржүүлж, сайжруулах ёстой.Ердөө энэ дөрвөн бараа, бүтээгдэхүүн л инфляцын 40-60 хувийг бий болгодог” гэж инфляцыг тодорхойлсон.
Хилийн хязгаарлалтаас үүдсэн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол энэ оны эхний хагас хүртэл үргэлжлэх эрсдэл байна. Өмнөд хөрш энэ оны турш цар тахлын эрсдэлийг бууруулах хатуу бодлого хэрэгжүүлэхээ удаа дараа мэдэгдэх болсон. Өвлийн олимп дууссан ч хатуу чанга байдал ирэх намар хүртэл хэвээр байх талаар олон улсын зарим хэвлэлүүд бичиж буй. Манай улс бүтээн байгуулалтын идэвхтэй улирал буюу 4 дүгээр сар эхлэх үед одоогийн үүссэн нөхцөл байдал хэвийн байдалд шилжих эсэх нь тодорхой бус хэвээр.
Эдийн засагч Г.Батзориг “БНХАУ-ын хувьд олон улсын болон дотоодын томоохон арга хэмжээнүүд энэ жил давхцаж байгаа учраас ковидын тархалтыг аль болох бага түвшинд байлгахыг зорьж, маш хүчтэй хөл хорио тогтоож байгаа нь тэдэнтэй гадаад худалдаа хийдэг улс орнуудад хүчтэй нөлөөлж байгаагийн нэг нь Монгол Улс болоод байна. Саяхныг хүртэл нийлүүлэлтийн сүлжээ нь дэлхийн эдийн засгийн хурдасгуур болсон маш чухал систем байлаа. Гэтэл ковид гарч ирээд, нийлүүлэлтийн сүлжээний гинжин хэлхээг тасалчихсан. Ингэхээр нэг бүтээгдэхүүн нэг улсаас хамаарахаа больсон учраас шууд л гацчихаж байгаа юм. Энэ тохиолдолд хэчнээн эрэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлээд, үр дүнгээ өгөхөөргүй болчихсон” хэмээн инфляцын талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Нийлүүлэлтийн сүлжээнээс шалтгаалж инфляцын хоёр дахь үеийн давлагаа эрчимжих эрсдэл хамгийн өндөр байна. Үүнээс гадна төрийн зохицуулалттай эрчим хүч болон усны хэрэглээний төлбөр нэмэгдсэн нь инфляц болон өрхийн амьжиргаанд ээлжит дарамтын нэг юм. Монголбанк инфляцын төсөөллөө эргэн харж, бодлогын хүүгээ үе үе тодотгох суурь нөхцөл нь эдийн засагт бүрджээ. Дэлхий улс орнуудад мөн адил инфляц ээлжитсорилт болж, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээ оны өмнө мэдэгдсэн. Эдгээр нь олон улсын хөрөнгийн зах зээлд, тэр тусмаа виртаул хөрөнгийн зах зээлд томоохон уналтын шок үүсгээд байна.
Б.Билэгт. "Монголын үнэн" сонин