x

Хөгжлийн банкинд нүүрлэсэн ХУЛГАЙ ба ЯЛГАА

Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргэн төлөлгүй “Чанаргүй” зээлийн ангилалд орж, шүүхийн нэхэмжлэл хүлээж авсан 25 компанийн нэрийг олон нийтэд зарлав. 2011 онд банк байгуулагдсанаас хойш 74 удаагийн зээл олгосны 53 хувь нь /зээлийн дүнгээр/ чанаргүй зээлийн ангилалд багтжээ.

Асуудал өндрөө авч, хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа 40 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн гэнэ. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 17,5 тэрбум, Ч.Ундрал 3,6 тэрбумын зээлээ 100 хувь төлж барагдуулсныг зарлав. Гэхдээ энэ хоёр хүний зээл Хөгжлийн банкнаас зарласан 26 зээлдэгчийн жагсаалтад байхгүй. Зээлээ эргэн төлөөгүй 52 иргэн, аж ахуй нэгжийг АТГ-т шилжүүлсэн, данс, хөрөнгийг битүүмжилсэн тухай өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн. Зарим зээлдэгчийг Эрүүгийн цагдаагийн газар “мөнгө угаасан” хэргээр шалгаж эхэлсэн гэв.

Чухамдаа зээлийн асуудлыг өндөр авахуулж, олны анхааралд оруулсан эзэд нь УИХ-ын гишүүд өөрсдөө. УИХ-д шинээр сонгогдсон гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар дундын компаниараа дамжуулж 33,15 тэрбум төгрөгийн зээл авчээ. Хүн тус бүрт 11,05 тэрбум төгрөг оногдож байгаа нь сонирхолтой биш гэж үү. Яг ЖДҮХС-гаас авдаг 950 сая шиг. Учир шалтгаангүй юм гэж хорвоод байдаггүй гэдэг дээ.

Мөн гишүүн С.Бямбацогт 80,6 тэрбум, гишүүн асан М.Билэгт 51,6 тэрбум, А.Сүхбат 23,5 тэрбум, Б.Элдэв-Очир 28,1 тэрбум, Ц.Гарамжав 112 тэрбум, Б.Ундармаа 75,5 тэрбум... гэх мэтчилэн зээл авчээ. 2016 оны сонгуулийн дараа МАН эрх мэдэл аваад Хөгжлийн банкинд томоохон шалгалт оруулсан. Шалгалтын дүгнэлт мэдээж эрх барьж байсан АН-ынхныг чиглэсэн байсан ч тэд нь арай ч эдэн шиг хувийнхаа компаниар зээл автлаа цагаандаа гараагүй байсан юм даг уу.

Жишээ нь, манай экс Ерөнхийлөгч Х.Баттулга гуай МоАХ-ны байрыг барьцаанд тавиад ямар нэг компанид 22,9 тэрбумын зээл авч өгсөн тухай ярьж байна. МоАХ-ны нөхөд өөрсдөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандаж, өөрийнх нь эзэмшилд байгаа газар болон үл хөдлөх хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан эсэх талаар тодруулжээ. Эргэлзэж байхыг бодоход оргүй зүйл биш бололтой. “Азаар” нөгөөх нь ч зээлийн асуудал босч ирэхээс урьтаж Сингапур луу зугтсан гэх...

Хөгжлийн банкинд нүүрлэсэн ХУЛГАЙ ба ЯЛГАА

Хөгжлийн банкийг тоносон нөхдийг хоёр ангилж болох юм. Нэгдүгээрт, албан тушаал, эрх мэдэл, улс төрийн нөлөөгөө ашиглаж, хууль зөрчиж (ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн) зээл авсан УИХ-ын гишүүд, улстөрчид. Өмнө нь ЖДҮХС-г дампууруулсан нөхдийг мартаагүй л биз дээ. Хоёр дахь нь улстөрчидтэй үүсгэсэн холбоо сүлбээгээрээ дамжуулан хууль зөрчиж (зээлийг зориулалт бусаар зарцуулсан) зээл авсан бизнес бүлэглэлүүд.

Жишээ нь, “Чингис хаан” банкны Д.Батаа гэж нөхөр байна. 2022 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үед Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Сангийн сайд Б.Жавхланд хандаж, “Чингис хаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Засгийн газар сүүлийн гурван жилд мөнгөө авч чадахгүй байна. Чингис хаан банкинд НДС-ийн үлдэгдэл 100 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөг байгаа. Энэ мөнгийг авч чадсан уу?” гэж асуусан. Авлаа гэж лав сонсогдоогүй.

Тэгсэн чинь мань Д.Батаа Хөгжлийн банкнаас 2014, 2019 онд хоёр удаа нийт 38 тэрбум төгрөгийн зээл аваад 38,6 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, зээлийн төлөлт 25 сараар хэтэрчихсэн явж байна. 2022 оны нэгдүгээр сарын 23-ны мэдээ. Банк барьцаа хөрөнгийг нь 62 тэрбумаар үнэлсэн атлаа бүхэл бүтэн хоёр жил өр төлбөрөө авч чадаагүй. Үүнийг тэгээд Д.Батаагийн буруу гэх үү, банкны ажилтнуудын буруу юу?

Гэтэл зээлийн асуудал гэрэл цохисны дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 31-нд хашир 2019 онд авсан 25 тэрбумын зээлээ бүрэн төлөөд, 2014 онд авсан 13 тэрбумын зээлээс тэрбум 153 сая төгрөгийн өртэй үлдсэн байх жишээтэй. Нөгөө Н.Учрал шиг, Ц.Анандбазар, Ч.Ундрал хоёр шиг “өдөрт нь” төлөөд төлөөд явчихдаг нөхөр аж. МАН-ын томоохон санхүүжүүлэгчдийн нэг, хотын фракцийн том төлөөлөгч гэсэн. Зээлийн зориулалтыг нь харсан чинь “мөнгөн хадгаламж” гэнэ ээ. Хөгжлийн банк арилжааны банкинд мөнгө хадгалуулдаг юм байна, тэрийг нь бид зээлдэг юм байна.

Зээлээ төлөөгүй компаниудаас хамгийн өндөр дүнтэй буюу 212 тэрбум төгрөг өр төлбөртэй нь “Сахал” хочит Т.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Кью Эс Си” компани. Оффшор бүсэд хамааралтай гэгддэг энэ компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам, ачиж, буулгах терминал барихаар Хөгжлийн банктай 2014 онд зээлийн гэрээ байгуулж, 71.3 сая ам.долларын зээл авчээ. Гүйцэтгэгч компани энэ ажлыг 60 тэрбум төгрөгийн төсөвт багтаан дуусгаж, 2015 онд хүлээлгэж өгсөн, захиалагч нь 120 сая доллараар (концессоор) Засгийн газарт худалдсан тухай чих дэлсэж байсан ч Хөгжлийн банкнаас авсан зээлээ одоо болтол төлөөгүй гэх. Бас л том толгой яа... 

Зээлдэгчдийн дотор УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нэр дахиад заларч байна. “Монгол Мах Экспо”, “Монгол Эм Импекс”-тэй хамтарч төсөл хэрэгжүүлэхээр “Бишрэлт групп”, “Бишрэлт пропертиз” компаниараа Хөгжлийн банкнаас 2017, 2018 онд нийт 39,17 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээлийн өр, төлбөр нийлээд 43,5 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн 33 сар... ЖДҮХС-г хоослоод, НДС-г дампууруулаад явж байхдаа Хөгжлийн банкийг бас зэрэгцүүлээд тоночихсон байх жишээтэй. “Шийдчихсэн хүүхэн” гэдэг чинь энэ юм биш үү?

УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий (банкны нийт хувьцааны 99.9 хувийг “Бишрэлт холдинг” эзэмшиж байв) “Капитал” банкаар гурван удаа нийт 48 тэрбум, ХОМ-тээ бүртгүүлсэн “Доктор МЭИК” компанидаа 700 саяын зээл авсан. Капитал банк дампуурахад Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, ЭМДС-гийн 136 тэрбум гэх мэт нийт 31 байгууллагын 375 тэрбум төгрөг салхинд хийссэн. Атал шүүх түүнд 40 сая төгрөгөөр торгох ял өгсөн дөө.

Тэгэхээр МАН-ын сонгуулийн санхүүжилт Б.Ундармаагийн “Капитал” банкаар дамждаг нь үнэн байх нь. Банкийг дампууруулсан шалтгаан ч бас энэ. Сая Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нар дотор “Капитал” банк явж л байна. 2014 онд авсан 59,5 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй, 54,4 тэрбум төгрөгийн шүүхийн нэхэмжлэлтэй.

Өр, төлбөрийн хэмжээгээр “Сахал” Т.Эрдэнэбилэгийн дараа УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын “Монполимет” компани жагсаж байна. 2014 онд авсан 65 сая ам.долларын зээлээ төлөөгүй, 113,5 тэрбум төгрөгийн өртэй. 2014 онд гишүүн болохоосоо өмнө үйлдвэрлэлийн зориулалтаар зээл авсан нь түүний хувьд хүндэтгэх ганц шалтгаан. Бусад гишүүдийн хувьд хэн, хэзээ, ямар шалгуур, ямар зориулалтаар зээл авсан, хэрхэн зарцуулсныг хуулийн байгууллага нягталж шалгах биз. Гэвч нэг зүйлийг сануулахад, сонгогдохоосоо өмнө хуулийн дагуу зээл авсан байлаа гэхэд сонгуульд оролцох нэр дэвшигч “Хугацаа хэтэрсэн зээлийн өр, төлбөргүй байх” гэдэг хуулийн шаардлага бас бий шүү.

УИХ-ын гишүүн Ц.Бямбацогт лав өөрийн хамаарал бүхий “Вестернхолд” компанийн тухай “Би зээл авахад нь ямар нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлөөгүйгэдгээ хариуцлагатай мэдэгдэж байна. “Ховд-Эко цемент” бол хөгжлийн төсөл, 2019 оны тавдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шавыг нь тавьж эхлүүлсэн” гэж томорсон байна лээ. Томрохоо ч хат даа. Хууль бол “Энэ зээлийг авахад та нөлөөлсөн үү? гэж асуухгүй. Сонирхлын зөрчлийн тухай  хуульд (“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 20.2) “Нийтийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд (эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээд) төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч ААН-ийн хувь, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байж болохгүй” гээд заачихсан. “Нийтийн албан тушаалтан” гэдэгт Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, ҮХЦ-ийн гишүүн, УДШ-ийн Ерөнхий шүүгч, шүүгч, УЕП-оос эхлээд  УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байсан болон эрхэлж байгаа бүх хүн багтсан.

Гэтэл гишүүн байсан нэг бөх “Би гишүүн болохоор миний дүү бизнес эрхэлж болдоггүй юм уу?” гээд хаалгаа савж байна лээ. Ядаж ийм боловсролтой, тийм бодолтой хүмүүсийг огт дахин сонгомооргүй байна, одоо байгааг нь явуулчихмаар байна. Ядаж энэ хуулийг хагас хугас уншчиж, ойлгочихоод УИХ-д орж ирээд бүлт бүлт үсэрдэг баймаар байна.

ЯЛ ба ХАРИУЦЛАГА

"Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийг УИХ 2012 онд баталсан. Энэ үед МАН УИХ-д 45 суудалтай олонхи байсан ч хоёр нам хамтарч засаг байгуулсан, хамтын зөвшилцлөөр бүх асуудлыг шийдсэн. Тийм учраас МАН-д лав өнөөдөр “Энэ хуулиа больё” гэж хэлэх эрх байхгүй. С.Бямбацогт гишүүн ч гэсэн “Би нөлөөлөөгүй” гэж ярих хэрэггүй. Зүгээр л хуулиа биелүүлэх үүрэгтэй.

Г.Амарбаясгалан, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хувьд ялгаатай нь, УИХ-д сонгогдохоосоо өмнө буюу 2020 оны нэгдүгээр сард зээл авсан. Тиймээс энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Гэвч Д.Дамдинням нь 2020 онд гишүүнээр сонгогдохдоо “Вертекс майнинг партнер” компанийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байдаг. Зээлийн асуудал босч ирсний дараа “Тэр компаниа зарчихсан, зээл надад хамаагүй” гэж мэдэгдсэн. Атал уг компани нь төрсөн эгчийнх нь нэр дээр бүртгэлтэй байх жишээтэй. Нэг талаар хуулийг маш сайн мэдэж, судалж хийсэн, нөгөө талаас санаатай мэдэн будилж байгаа л хэрэг юм даа.

Тийм болохоор “Хөөн хэлэлцэх хугацаа дуусчихлаа” гэж ярихаасаа өмнө төрийн, нийтийн албан тушаалтны анхдагч барих ёстой зарчим болох Сонирхлын зөрчлийн хуулиа л хэрэгжүүл. Хөгжлийн банкны тухай хулиа ч гэсэн хэрэгжүүл. Хууль зөрчсөн этгээдүүддээ хариуцлагыг нь тооц. Өнөөг хүртэл монголчууд огт хуульгүй амьдарч ирсэн юм шигээр ярих бүр хэрэггүй. Тэгээд мэдээж дараа нь Хөгжлийн банкаа цаашид яах ийхээ ярих ёстой.

Сонирхлын зөрчлийн тухай хуулийн 29-р зүйлд “Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг бичихдээ ”Энэ хуулийн 20.2-д заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, байгуулсан гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, авсан зөвшөөрлийг хүчингүй болгоно” гэсэн байна. Энэ хариуцлага биш юм уу? Авсан зээлийг нь хураагаад, тэрнээс гарсан хохирлыг бүгдийг нь тооцоод нэхэмжил. Хөөн хэлэлцэх хугацаа энэ тэрээр хий хоосон төөрүүлэх шаардлагагүй.

Хоёрт, Хөгжлийн банкны өөрийнх нь хууль байна. Энэ хуулийн тавдугаар зүйлийн 5.1-д "Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой ашгийн төлөө хуулийн этгээд байна", наймдугаар зүйлийн  8,2-т "Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх, баталгаа, батлан даалт гаргах нийт санхүүжилтийн дүнгийн 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулна” гэсэн байгаа. Тэрийгээ л хэрэгжүүл.

Зөрчсөн тохиолдолд ямар ямар хариуцлага хүлээлгэх талаар дээрх хоёр хуульд бичихдээ “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол...” гэсэн санкц бий. Өөрөөр хэлбэл, "эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, нөхцөл" бас бий шүү гэдгийг хэлж байна. Өнөөдөр жишээ нь ЭЦГ-аас зарим зээлдэгч нар дээр мөнгө угаасан хэргээр (зээлийг зориулалт бусаар зарцуулсан) эрүүгийн хэрэг үүсгээд явж байна гэдгээ зарлачихлаа. Харин үүн дээр тэртэй тэргүй нөгөө хөөн хэлэлцэх хугацаа чинь орж ирнэ. Түүнээс наана хуулийн өчнөөн зохицуулалт, хариуцлагын олон хэлбэр байна. "Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй" гэдэг байх аа.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 4 цаг 28 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 4 цаг 45 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 5 цаг 27 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 5 цаг 37 мин Номын хураангуй: The Power of the Other 20 цаг 2 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top