Хорвоо дэлхий хурдацтай өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад одоогийн тоглоомын дүрэм ч гэсэн өөрчлөгдөх ёстой, дэлхийн хүчний дахин хуваарилалтыг хийх цаг болсон гэдэг гүнзгий санааг Орос, Хятад хоёр дэлхийд шууд зарлачихлаа. Үүнийгээ дагуулаад бүс нутагт терроризм, эмх замбараагүй үйл явдал гаарах шинжтэй болох гээд байгаа тул батлах хамгаалах, аюулгүй байдал чухал, үүнийг сахиулах манлайлал туйлын эрхэм гэж онцолжээ. Улмаар зарим улс бусад улс орны дотоод асуудалд бүдүүлэг байдлаар хөндлөнгөөс шууд оролцох гэж завддагийг хүчтэй шүүмжилжээ.
Талууд ардчилал гэдгийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйл болохоос биш цөөн хэдэн улс орны эдэлдэг эрх, ямба биш гэж тодотгоод ардчиллыг хамгаалж, түгээх нь дэлхийн бүхий л улс орны хамтын үүрэг, дундын хариуцлага гэж мэдэгдлийнхээ хамгийн эхэнд дурджээ. Цаашлаад улс гүрэн бүр өөрийн ондоошил, ижилсэл, өвөрмөц байдалтай байдаг тул ардчилал гэдэг ганцхан түлхүүрээр тэр бүх улс орнуудын хаалгыг онгойлгоно гэж байхгүй ээ гээд аваад хаясан байна. Ийм учраас ардчиллыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дэлхий улс орнуудад өөрийн онцлогтоо тааруулах, соёл, уламжлал, шинэчлэлдээ тохируулах, авахыг нь авах, хаяхыг нь хаях, эдгээрийг бүгдийг нь харгалзан үзэж нийгэм, улс төрийн системээ өөрсдөө сонгон бүрдүүлэх эрхтэй шүү гээд ер нь бол хатуухан хэлжээ. Ардчилал гэдэг нэрээр битгий байнга түрий бариад байгаарай дурак аа гээд хэсэг бүлэг хүнд хандсан бололтой.
Манай хоёр өөрсдийгөө Орос, Хятад гүрнүүд бол эрт дээр үеэсээ ардчиллын өлгий болж, мянга мянган жилийн турш ард түмнийхээ сонирхол, хүсэл эрмэлзлэлийг дээдлэн яваа гэж бичсэн байсан нь халуун цай уугаад уншиж байсан намайг хахааж орхив. Хамтарсан мэдэгдлийн нэгдүгээр хэсгийн дунд хэсэгт үүнийгээ Rule of law болон Rule by law-ийг янз бүрээр тайлбарлан, албаар шахуу хольж байгаад өөрсдийн өнцөг, үзэл бодлоо зөвтгөхийг хичээсэн гэж уншигдав. Үүнийгээ батлахын тулд зарим улс бусад улсуудад өөрсдийн “ардчиллын стандарт”-ыг хүчээр тогтоох гэж оролдох, ардчиллын үнэт зүйлийг монополь байдлаар “эзэмших” гэж оролдож буйг буруушаажээ. Үүнээс болж бүс нутаг, дэлхийн энх тайванд эрсдэл, бүс нутгийн тогтвортой байдалд аюул үүсгэж, дэлхийн хүчний тэнцвэрт заналхийлэл бий болгож байна гэдгийг онцолсон нь өөрийн эрхгүй анхаарал татав. Мэдээж энэ нь АНУ-д шууд тулгаж хэлж буй мессеж болов уу.
Цаашлаад ардчиллыг далимдуулан, хүний эрхээр түрий барьж улс орнууд нэг нэгэндээ дарамт шахалт үзүүлэх ёсгүй гэж хүчтэй хэлсэн байна аа Ши, Путин дарга хоёр. Улмаар улс орнууд бие биенийхээ ялгаатай талыг хүндлэх ёстойг дурдаад зогсолгүй “жинхэнэ” ардчиллыг дэлхий даяар бэхжүүлэн хөгжүүлэх үйлст манлайлан оролцоход бэлэн гэсэн байна. Энэ зорилгод нэгдэх улс орнуудыг тавтай морил гээд урихаа мартсангүй. Бөмбөгөр зах дээр монгол төмс гэсний хажууд жинхэнэ монгол төмс гэж бичсэн байдаг лангуунууд шууд санаад орж байлаа. Гэхдээ энэ санаагаа зөвтгөн батлахын тулд дараах аргументийг дэвшүүлжээ. Улс орон бүр өөрсдийн өвөрмөц соёл, дахин давтагдашгүй зан заншил, түүх, нийгмийн байгуулалтын системтэй байдаг. Ийм учраас ардчилал гэдэг гэрлийг тухайн улс болгоны үндэстний “призм”-ийг онилон тусган нэвт гарган газардуулж, олон талт бодит нөхцөл байдалтай нь уялдуулан хөгжүүлэх ёстой гэдэг санааг гаргасан байна. Хүний эрхийн асуудлыг олон улсын түвшинд бүх улсууд тэгш эрхтэй ярьж хэлэлцэх ёстой шүү, тэрнээс биш нэгэндээ барьдаг хөзрийн мод байх ёсгүй юм аа гэж мэтгэжээ.
Хамтарсан мэдэгдлийн хоёрдугаар хэсэг “Энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа бол орчин цагийн олон улсын харилцааны системийн тулгын гурван чулуу юм” гэж эхэлж байна. Мэдэгдэл дунд нилээд олон удаа НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд, хүний эрхийн түгээмэл тунхаглал, Парисын гэрээг дурдсан нь сонирхолтой байлаа. Байгаль орчин, уул ус, ан амьтнаа хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй хатуу тэмцэнэ, үүний төлөө бүхий л нөөцөө зориулна гэж хэлжээ. Энэ зорилгын төлөө хөгжингүй улс орнууд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд жил тутам 100 тэрбум ам.долларыг ялангуяа хөгжиж буй улсуудад зарцуулна гэдэг амлалт дээрээ тууштай байгаагаа нотолжээ. Энэ сэдвийг Америк, Европ тэргүүтэй улсууд манлайлаад байдаг харагддаг хэдий ч манай хоёр хөрш тууштай тэмцэхээ энэхүү хамтарсан мэдэгдлээр хэлчихлээ. Баярлалаа!
Энэ хэсгийн бидэнд сонирхолтой хамгийн чухал зүйл бол бүс нутгийн интеграцийн асуудал байлаа миний хувьд. “Евразийн эдийн засгийн холбоо” ба “Бүс ба Зам” төслүүдийг нэгтгэн холбож ажиллах замаар Ази, номхон далайн бүсийг Евразитай холбоно гэж байна. Үүний тулд “Greater Eurasian Partnership” буюу Евразийн их түншлэлийг байгуулж, бүс нутгийг интеграцийн утгаар нь хийнэ ээ гээд мэдэгдчихлээ. Евразийн эдийн засгийн холбоо буюу зүүн Европ, төв ба баруун Ази тивийн эдийн засгийн хамтын ажиллагааны тус байгууллага нь 2014 онд ОХУ, Казахстан болон Беларусийн төрийн тэргүүн нарын санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай. Харин манай Гадаад харилцааны яам энэ холбоог ”Монгол Улсын олон улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа үндсэндээ нэг орноос хэт хамаарах болсныг өөрчлөх цорын ганц зам нь Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах зам” гэж дүгнэсэн нь яамны ЭНД байна билээ.
Шинжлэх ухаан, тэр дундаа эрүүл мэндийн салбарт Орос, Хятад улам нягт хамтран ажиллана. Коронавирус бол шинжлэх ухааны л шийдэх асуудал. Хоёр хөршийн гаргасан ковидын вакциныг улстөржүүлээд дэмий дээ, бид дэлхийн бүхий л эрдэмтдийг урьж улам хүчтэй хамтран ажиллаж, бүс нутгийн эрүүл мэндийн асуудлыг ирэх жилүүдэд онцгойлон анхаарна аа гэж мэдэгдлээ. Цаашлаад хоёр хөрш маань Арктикийг харилцан ашигтай, тогтвортой, өгөөжтэй ашиглана гээд хэлж орхив.
Хамтарсан мэдэгдлийн гуравдугаар хэсэгт дэлхийн хүчний баланс, хоёр хөрш өөрсдийн бодлогоо дурдав. Орчин цагт дэлхийн ямар ч улс өөрийн аюулгүй байдлаа дангаараа шийдэх боломжгүй болсон. Ер нь дангаараа шийдэх ч ёсгүй гэж мэдэгдсэн байх юм аа. Чиний юм бол миний юм, миний юм бол миний л юм гэж надад уншигдав. Энэ мэдэгдлээр Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг шүү, үүний эсрэг байгаа талуудтай тууштай тэмцэнэ гэдгээ Ши дарга хэллээ. Энэ хэсгийн хамгийн хүчтэй мэдэгдэл бол “Орос, Хятад хоёр хөрш зэргэлдээ бүс нутгийнхаа аюулгүй байдал, тогтвортой байдлыг алдагдуулах аливаа оролдлого, энэ бүс нутгийн тусгаар тогтносон улсуудын дотоод хэрэгт гадны хүчин ямар нэг байдлаар хөндлөнгөөс оролцох болон өнгөт хувьсгалыг эсэргүүцэх бөгөөд энэ салбар дахь хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлнэ” гэсэн өгүүлбэр байлаа. Цаашилбал АНУ дэлхийн цагдааг ганцаараа хийхгүй ээ, терроризмтэй хийх тэмцлийг НҮБ базаж, терроризмын эсрэг тэмцэх дэлхийн ганцхан бөгөөд нэгдсэн олон улсын фронтыг бий болгох ёстой гэдэг мессежийг өгчээ. Түүнчлэн НАТО буюу Умард Атлантийн эвслийг өнгөрсөн баларсан хүйтэн дайны аюулаар дэлхийн түмний толгойг угаан үзэл сурталжилж буй шүүмжлээд авчээ.
Хоёр хөршийн тэргүүн Ази, номхон далайн бүст хаалттай блокийг улс гүрнүүд тусдаа байгуулахыг сайшаахгүй гэдгээ илэрхийлэхийн сацуу АНУ-ын Индо-Пасификийн стратеги, үйлдлийг цаг үргэлж анхааралтай ажиглана гэдгээ уламжлав. Гэхдээ бүс нутгийн энэхүү нэгдэл нь аливаа нэг гуравдагч улсын эсрэг чиглээгүй шүү гэж хэлэхээ манай хоёр мартсангүй. Мөн цөмийн зэвсэгтэй гүрнүүд хүйтэн дайны үеийн комплексээсээ салж, цөмийн зэвсэг болон балластик пуужингийн хамгаалалтын системд зарж буй их мөнгөө багасгахыг уриалсан байх юм. Орос, Хятад хоёр Австрали, АНУ, ИБУИНВУ-ын гурвалтай цөмийн зэвсэг, цэнэг хошуу бүхий шумбагч онгоцны асуудал, Ази, номхон далайн бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах хамтын ажиллагааны стратеги дээрээ нилээд нухацтай буйгаа илэрхийлжээ.
Яг энэ цаг үед Монгол Улс өөрийн "цөмийн зэвсэггүй бүс" статусаа дэлхийд болон хоёр хөршдөө сурталчлан, дипломат арга ажиллагаа, акц хийх ёстой бус уу?
ОХУ-аас тавьсан Европ тивийн аюулгүй байдлыг урт хугацаанд хангах баталгааны саналыг Хятад нааштай хүлээж авч санамж бичгийн хүрээнд биш хууль зүйн хүрээнд үүрэг хүлээн дэмжин хамтрана гэдэг өгүүлбэр энэхүү мэдэгдэл дунд яах аргагүй онцгойрч байлаа. Цаашилбал биологи, бактерлогийн зэвсгийн тухай, мэдээллийн аюулгүй байдал, хакер, хиймэл оюун ухааны тухай энэ зэвсэг, технологитой хэсэг дээрээ хэд хэд дурдсан байх юм аа. Мэргэжлийн хүмүүс нь энэ мэдэгдэл дээр бүрэн хэмжээний анализ хийж, дүгнэлт гаргавал гөө мөн сонирхолтой бас чухал байхаар байна даа. Мөн сансрын уудмыг зөвхөн энх тайвны зорилгоор ашиглана шүү нөхөд минь ээ гэж манай хоёр хөршийн тэргүүн мэдэгдэлдээ дурдан сануулжээ. Эс бөгөөд Хятад, Орос хоёр сансрын уудмыг хамтран хамгаалж бусад улстай тэмцэх бөгөөд энэ зорилгоор хамтарсан гэрээ байгуулах тухайгаа дурджээ. Энэ хэдийн дайны стратеги, энх тайвны сахин хамгаалах бодлого нь ийнхүү дэлхийгээс халиад явчихлаа даа.
Хамтарсан мэдэгдлийн дөрөвдүгээр буюу сүүлийн хэсэгт Орос, Хятад улс дэлхийн хүчирхэг улсын хувиар төдийгүй НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувиар дэлхийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангах эрхэм үүрэгтэй гэдгээ онцолжээ. Товчхонд олон улсын харилцааны олон талт систем байх ёстой, энэ ямар чухал гэдгийг хоёр тал байн байн цохон дурдсан байгаа нь хүчний тэнцвэр байх ёстой, ялангуяа евразийн бүс нутгаас Америк болон бусад холбоотнууд нь хол байгаарай гэж уншигдаж байна. Улмаар “Хятад, Орос хоёр улсын найрамдалд хязгааргүй гэж үгүй бөгөөд хамтран ажиллахад “хориотой” салбар чиглэл гэж байхгүй” гэж хамтдаа мэдэгдсэн нь нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгуулж байна. Талууд олон улсын хамтын нийгэмлэгийг хагалан бутаргах бус нэгдэх, сөргөлдөөн биш хамтран ажиллах шаардлагатайг хамтарсан мэдэгдлээрээ нотолж, сул дорой гүрэн хүчтэйгийн золиос болох үеийн хямралыг том гүрнүүдийн сөргөлдөөн болгохыг эсэргүүцэнэ гэсэн ухааны зүйл бас энэ мэдэгдэл дунд харагдах юм аа. Хоёр үзүүртэй зүү шиг л сонсогдож байна миний хувьд.
Дэлхийн худалдааны байгууллагыг чимхэхийн сацуу G20 буюу том 20 гүрний форматыг сайшаан дэмжиж долоо биш хориулаа цаашид нягт хамтран ажиллах ёстойг хоёр тал илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл цөөн хэдхэн улс дээр тогтсон дэлхийн хүчний төвлөрөлийг задлах, сарниулах зорилготой гэдэг нь ойлгогдож байна. Цаашлаад BRICS буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөх Африк гэсэн таван орны фракциа хүчирхэгжүүлэх, тэр дундаа улс төр ба аюулгүй байдал, эдийн засаг ба санхүү, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа гэсэн гурван хэсэгт стратегийн түншлэлээ улам зузаан болгон гэж мэдэгдлээ. Тэр дундаа нийтийн эрүүл мэнд, дижитал эдийн засаг, шинжлэх ухаан, инновац, технологи, хиймэл оюун ухааны салбарт энэ таван улс нягтран нэгдээд дэлхийд цахиур хагална аа л гэж байна. Чадах байх өө.
БРИКС-ээс гадна Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг дэлхийн хүчний төвийн нэг хэсэг болгоно гэж Хятад, Оросын тэргүүнүүд шууд хэллээ. Гэхдээ энэ байгууллагын цөмийг бүс нутгийн хэмжээнд терриризмтэй тэмцэхэд өргөтгөн чиглүүлнэ гэсэн утгатай өгүүлбэр харагдаж буй нь нэгийг бодууштай. Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь гишүүн орнууд дундаа худалдаа, үйлдвэрлэл, тээвэр ложистик, эрчим хүч, санхүү, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн, гааль, харилцаа холбооны харилцан ашигтай хамтран ажиллах, нөөцөө хуваалцах, эрчим хүчний хэмнэлттэй ногоон технологи, тэр дундаа мэдээллийн технологийг ахисан түвшинд хөгжүүлж, мэргэжилтнүүдийн тусгай бүлэг үүсгэнэ ээ л гэнэ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагааны хүрээнд Хятад, Орос хоёр соёл ба хүмүүнлэгийн салбарынхаа үйл ажиллагааг дараагийн шатанд гаргаж хөгжүүлж, аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, технологи, спорт, байгаль орчны асуудлууд дээрээ нягт хамтарна гэдгээ мэдэгдлээ.
Түүнчлэн Орос, Хятад хоёр АПЕК буюу Ази, номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг өргөжүүлэн хөгжүүлж, бүс нутгийн нээлттэй, тунгалаг, шударга, ялгаварлан гадуурхалтгүй худалдаа, хөрөнгө оруулалт бүс болгохыг эрмэлзэнэ гэдгээ ч давхар тунхаглав. Ялангуяа ковидын дараах эдийн засгийн сэргэлт энэ бүс нутагт маш их хамааралтай буйг талууд онцолжээ.
Эцэст нь талууд Орос–Энэтхэг–Хятад гэсэн форматаар шинэ хамтрал үүсгэх, улмаар Зүүн азийн хурлууд, АSEAN буюу Зүүн өмнөд азийн улс төр, эдийн засгийн холбооны үйл ажиллагаанд бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг дэмжих, терроризм болон улс дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр улам идэвхтэй оролцоно гэдгээ мэдэгдлээ. Эцэст нь ASEAN-ийг бүс нутгийн архитектурыг бүрдүүлэгч гол байгууллага гэдгийг онцолжээ.
Дахиад хэлэхэд энэхүү хамтарсан мэдэгдлийг мэргэжлийн хүмүүс нь бүрэн хэмжээний анализ хийж, дүгнэлт гаргаж, олон нийт, судлаачдын дунд мэтгэлцээн хэлэлцүүлэг өрнүүлбэл гөө мөн сонирхолтой бас чухал байхаар байна даа!
В.Ганзориг /baabar.mn/