Монголын оюун санааны удирдагч хэн бэ? Монгол Улсын үнэ цэн, даган мөрддөг философи юу вэ?
QUARTZ сайт дээр Olivia Goldhill энэхүү нийтлэлээ оруулж, тухайн үедээ буюу 2018 оны дэлхийн улс төрд тэргүүлэх таван философичийг нэрлэн, үүнийгээ батлахыг оролджээ.
Хятад: Күнз
Хятадын лидер Ши Жинпин бол Күнзийн үнэнч фэн. Хятадын эдийн засаг ба улс төрийн эрх мэдэл дэлхийн даяар цуурайтах тусам бусад улсууд Шигийн улс төрийн нүүдлийг 2500 жилийн настай Күнзийн сургуулийн сургаалийг нь уншин тааварлахыг хичээж байна. Күнзийн өөдрөг сургаалиудыг мань эр нэлээд дагадаг бөгөөд Америкийн зарим “галзуу” улстөрчид Библийг эш татдагтай адилтган үзэж болох юм. Күнзийн сургаалийн эрэмбэ дээр суурилсан концепцийг (өвөг дээдсээ шүтэх ёс) ашиглан Хятадын нийгмээ тогтуун “барих”, цаашилбал орчин цагийн хятад үнэ цэнийг бий болгохоор зорьж буй ажээ.
Яагаад гэвэл орчин цагийн хятад залуус коммунист үзэл сурталд итгэх нь улам бүр багассаар байна. Иймээс Күнзийг ашиглан “энгийн” бөгөөд жирийн хятад иргэдийг аз жаргалтай байлгахын тулд төр эгэлгүй ганц зорилгоор ажиллах ёстойг батлахыг зорьж байна. Күнзийн сургаальд төрийн албаны шударга ёсыг эрхэмлэдэг бөгөөд энэ ч зорилгоор Ши авилгын эсрэг хүчтэй акцыг дэлхий даяар хийж байгааг тодотгожээ. Гэхдээ хэт “Күнз”-дээд Хятадын залуу нийгмийг удаан барьж чадахгүй гэдгийг Йэйлийн философийн профессор дүгнэжээ.
Орос: Александр Дугин
Дугин магадгүй сайн философич биш байж магадгүй ч “Путины тархи” хочийг зүгээр нэг аваагүй биз ээ. Түүний дагадаг хүн нь Martin Heidegger бөгөөд технологийн давуу талыг үл хүлээн зөвшөөрөх, технологийн хөгжлийн ашиглахын эсрэг үзэл суртлаараа алдартай нэгэн.
Дугин АНУ-ын Ерөнхийлөгч асан Трампийн шүтэн бишрэгч бөгөөд түүнийг “Америкийн Путин” хэмээдэг. Түүний гол үзэл суртал нь дэлхий дээр хэд хэдэн супер гүрэн заавал байх ёстой бөгөөд эдгээрийг ЗХУ нэгэнтээ базаж байсан шиг ОХУ тэргүүлэх ёстой гэж үздэг нэгэн аж. Оросын эзэмшлийн бүс нь шатлан захирах ёс, уламжлал, хатуу чанд хуулийн шүүхийн систем дээр суурилж, харин Хойд америк ба Европ нь либерал худалдаа, хувь хүний эрх чөлөө, чөлөө зах зээлийн зарчим дээр суурилж, энэ хоёр ялгаатай систем нь дэлхийн хүчний туйлыг тэнцвэржүүлэх ёстой гэж номлодог. Хэдийгээр Дугины бичвэр, номлолууд нь хоорондоо авцалдаа муутай, дүгнэлтүүд нь тодорхой биш ч Путин одоо хүртэл түүнийг анхааралтай сонсч, уншихаар барахгүй Дугин Оросын философийн нэрт сэтгэгчид зүй ёсоор тооцогдсон хэвээр байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй.
Франц: Paul Ricœur
Францын Ерөнхийлөгч Макроны үе үе хэрэглэдэг хэлц нь “et en même temps” буюу “ийм гэхдээ бас тийм”. Үүнийг Францын философийн нэрт зүтгэлтэн Paul Ricœur-н нөлөө гэж ярьдаг аж. Энэхүү эрхэм 20-р зууны нэрт сэтгэгчдийн тоонд зүй ёсоор тооцогдох агаад 2005 онд тэнгэрт хальжээ. Философийн гол концепц нь нэг байр суурь дээр хатуу зогсохгүйгээр асуудлыг хоёр зөрчилтэй байр сууринаас харж шийдвэр гаргах байв. Макрон улс төрд орохоосоо өмнө хоёр жил Ricœur-тай хамтран ажиллаж, шавилан сууж байжээ. Ийм ч учраас өнөөгийн Францын Ерөнхийлөгч прагматик бөгөөд ямар нэг улс төрийн үзэл баримтлал, намын догмад баригдаагүй яваа. Баруун ба зүүний чиг баримжаатай аль ч намын үзэл баримтлалд нээлттэй байж, авахыг нь авч, хаяхыг нь хаяж, холихыг нь хольж чаддаг түүний улс төрийн нүүдлийг тааварлахад бэрх байдаг нь түүний багш, нэрт философич Ricœur-той холбоотой гэнэ.
Европын холбоо: Jürgen Habermas
Европын холбооны лидерүүд философийн олон урсгалыг судлаад байх шаардлагагүй гэнэ. Өдгөө 88 насыг зооглож буй 20-р зууны агуу сэтгэгчдийн нэг Jürgen Habermas тэдний чигийг заах алтан гадас нь ажээ. Энэхүү эрхэм Франкфуртын сургуулийн нэрт сэтгэгчдийн клубт харьяалагддаг агаад Европын холбоо цул байж гэмээнэ хүчтэй байж, тэр хэрээр ардчиллын үндэс, үнэ цэнийг хадгалж үлдэнэ гэж номлодог. Европын холбооны өнөөгийн удирдагчдад таагүй ханддаг тэрбээр унтаж буй арсланг сэрээх осолтой тоглоом тоглож буй мэт бусад супер гүрнүүдтэй харьцаж байгааг хатуу шүүмжилдэг. Европын холбоо задрах тусам европ тивийн хүч сулрах болно гэдгийг байнга сануулдаг.
Үндсэрхэг үзэлтнүүд: Nick Land
Үндсэрхэг үзэлтэй цагаан арьстнуудыг “Alt Right” гэдэг. Эдгээрийг “гэгээрсэн” улс төрийн хөдөлгөөн гэж тооцож болохгүй ч яах аргагүй ямар нэг, эсвэл хэн нэгний философийн үзэлд хөтлөгдсөн байж таарна. Иймээс энэхүү хөдөлгөөний загалмайлсан эцгийг Британийн нео-фашист философич, “харанхуйн сэргэн мандал”-ын эцэг Ник Ланд гэж үздэг. Гайхалтай нь философийн энэхүү урсгалыг өнөөгийн цахиурын хөндийнхөн хурдацтай нутагшуулж байна.
Энэхүү үзэл суртлыг фашизмд хүргэх капитализмын хурдасгуур гэж ярьдаг бөгөөд гол суурь баримтлал нь технологи, феодализм, корпорацийн хэмжээлшгүй эрх мэдэл, тэмцэл, дайн, арьс өнгөөр ялгаварлах үзэл юм. Үе үеийн фашистууд философичид, нийгмийн сэтгэгчийн үзэл санааг өөрсдийн зорилгодоо ашиглахын тулд албаар мушгин гуйвуулдгаараа алдартай. Dark Enlightenment буюу “Харанхуйн сэргэн мандалт” бол үүний нэг жишээ юм.
Философи өнөөдрийн хүртэл нийгмийн чиглүүлэгч хүч байсаар ирсэн. Тэр ч утгаараа аливаа нийгмийг захирч буй удирдагчдын оюун санааны алтан гадас нь болдог. Иймээс бид бүхэн, ялангуяа залуус Күнз, Ricœur, Habermas зэрэг философийн сэтгэгчдийг судлан, тэдний бүтээлийг унших ёстой. Эдний бүтээл сонирхолтойгоос гадна эдгээрийн шавь болсон улс төрийн манлайлагчид ямар бодлогоор дэлхийн ертөнцийг хэрхэн удирдах нь бидэнд бүр сонирхолтой билээ.
Гэснээс Монголын оюун санааны удирдагч хэн бэ? Монгол Улсын үнэ цэн, даган мөрддөг философи юу вэ?
В.Ганзориг /baabar.mn/