Тойргийнхоо ахмадуудад хэвийн боов тараасан хэргээр өнгөрөгч долоо хоногийн турш шүүмжлүүлсэн, эцэст нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нарыг "УИХ-ын гишүүн иргэдэд эд зүйл тараахыг хориглох" тухай хууль санаачлах шалтаг болсон Н.Учрал гишүүн тун ч "ууртай" байна. "Уур биеийг зовоодог" ёсоор долоо хоногийн эцэст ээлжит бус чуулганы хуралдаан дээр бас дахин "фаактлав".
Чуулганаар ахмадын тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж байтал "ууртай" гишүүн маань "Өнөөдөр ахмадууд үнэхээр ядуу амьдарч байна. 80 хувь нь хөдөлмөрийн хөлснөөс доод хэмжээний орлоготой. Би тэтгэвэрийн шинэчлэлийг олон жил ярьсан.
Тэтгэврээр их улс төрждөг боллоо. Нэг хууль санаачилж үзээгүй Т.Доржханд гэдэг поп нөхөр С.Одонтуяа гэдэг хүний тархийг угаагаад ул боов тараахыг хуульчлах юм гэнэ. Нэг ийм хийх ажилгүй нөхөртэй боллоо. Хэдэн жагсагчдад мөнгө өгөөд наадамгүй болгосон. Бөх нь ч барилдаж чадахаа больсон. Сүүлдээ цагаан саргүй болж, ахмадаа дээдэлж хүндэлж чадахаа болих юм байна.
АН-ын мөнхийн дарга С.Эрдэнэ гэдэг хүнээс Нийгмийн даатгалын мөнгийг олж авмаар байна. Тэр хүүд нь гудамжинд жагсаж байхаар аавынхаа гэрт очиж мөнгө олж ир гэж хэлье. Одоо дуртай болгон нь дуугардаг, жагсдаг болох нь” хэмээн баахан хүмүүс рүү дайрч давшилж бухимдлаа гаргасан билээ.
Энэ бол ганц Н.Учрал гишүүний гаргаж буй авир биш. Ихэнхдээ манай улстөрчид, ялангуяа УИХ-д олон удаа суусан "архаг" парламентчид өөрийг нь чиглэсэн, хатгасан, хүнд байдалд оруулсан аливаа асуудал, шүүмжлэлтэй яг ийм маягаар тэмцдэг, ихэнхдээ бүтэлгүйтдэг.
Тийм болохоор Н.Учрал гишүүний хэлсэн дээрх үгэнд ямар алдаа гарсан, аль нь үнэн, худал байсан талаар СЭЗДС-ийн багш С.Өнөр /Unur Sukhbaatar/ дараах задаргааг хийж, нүүр номдоо хуваалцсаныг уншигчиддаа хүргэж байна.
"Н.Учралын хэлсэн 2 минутын үгэнд нухацтай сэтгэлгээ [critical thinking]-гээр задалгаа хийе.
1. Эхлээд сүрлэн хүний төөрөгдөл [straw man fallacy]: Асуудлын мөн чанарыг гажуудуулж, өөр зүйл болгоод түүндээ хүчтэй шүүмж өгөх.
Т.Доржханд, С.Одонтуяа нар УИХ-ын гишүүн тойргийн ахмадууддаа бэлэг сэлт тараасныг сонгогчдын санал худалдан авах үйлдэл гээд буруу гэж мэтгэсэн. Гэтэл энэ аргументийг "ахмадаа хүндэтгээгүй, уламжлалаа үгүйсгэсэн" шинжтэй болгож хувиргаад өөрийгөө өмөөрч байна.
2. Уламжлалаар түрий барин мэтгэх [appeal to tradition bias]
Уламжлал л байвал зөв гэх хандлага. Гэтэл уламжлалыг өөр зүйлтэй холиод байвал дандаа зөв байх албагүй. Тэгэхээр энэ тохиолдолд "уламжлал"-аар өнгөлөн далдлалт хийж байж болзошгүй.
3. Субъектийн төөрөгдөл [ad hominnem]. Тухайн хүний ярьж байгаа асуудал, аргументад бус, харин хүнийг нь муулах.
Т.Доржханд муу хүн учраас түүний ярьж байгаа зүйл буруу. Т.Доржханд хууль санаачлаагүй учраас, түүний аргумент алдаатай гэж үзэж байгаа нь логикт нийцэхгүй.
4. Хуурамч ацан шалаа [false dilemma]
Ахмадууддаа УИХ-ын гишүүн цагаан сараар ямар нэг юм тараахгүй л бол хүндэтгээгүй гэх сонголтод шахах. Ахмадаа хүндэтгэх өөр маш олон арга зам байгааг ойлгох хэрэгтэй.
5. Хэтрүүлэг [hyperbole], сэтгэл хөдлөлөөр түрий барин мэтгэх [appeal to emotion]
Т.Доржханд С.Одонтуяагийн "тархийг угаасан". Энд зүгээр л нэг сэтгэл хөдлөлийн элемент байна. С.Одонтуяа нь үнэхээр тархиа угаалгахуйц хүн мөн эсэхийг бид бүрэн мэдэхгүй.
6. Хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргах [fallacy of irrelevance]
Э.Одбаяр "no double standard" гэж жагсах нь түүний эцэг С.Эрдэнэ тэтгэврийн сангийн мөнгийг шамшигдуулсан эсэхтэй хоорондоо хамаарал байхгүй юм. Энд мөн л ad hominem дайралт явж байна.
Нухацтай бодоцгооё!"