Нэгэн хаант улсад гадаадаас хоёр луйварчин ирээд хаанд нь өөрсдийгөө үйлчин хэмээн танилцуулж хачин гоё хувцас оёж өгөхөөр амлаж гэнэ. Луйварчдын нотолж буйгаар энэ оёх хувцас нь тэнэг хүнд харагдахгүй, ухаантай хүнд л харагддаг аж. Луйварчид юм оёж, эсгэж буй дүр үзүүлэн дуусгаад гоё ганган хувцсанд донтой хааныг шалдлан өнөө хувцас гэдгээ хий өмсгөж гэнэ. Хааны хатад, түшмэд, бараа бологсод, тэр ч байтугай нүцгэн хаан өөрөө хүртэл тэнэг хүн болчихвий гэсэндээ “ямар гоё сайхан хувцас вэ?” хэмээн ам амандаа байхгүй хоосныг гайхан шагшралджээ. Хаан уламжлал ёсоор шинэ хувцсаа ард түмэндээ үзүүлэхээр бараа бологсодоо дагуулан шалдан чигээрээ гудамжинд гарлаа. Ард түмэн хааныхаа нүцгэн байгааг улайм цайм харсан авч хүн бүр дор бүрнээ тэнэг болчихгүйн тулд өнөөх хувцас гэгч байхгүй юмны уран гоё хийц, зохицол чимэглэлийг нь магтан сайшааж гарав. Гэтэл нэгэн жаал хүү “Хаан шалдан байна!” гэж байдгаараа хашхирах нь тэрээ!
Данийн их бичгийн хүн Ханс Кристиан Андэрсоны Хааны шинэ хувцас гэдэг энэ үлгэрийн энэхүү этгээд хачин амьдралаар бид олон жил амьдарч ирлээ.
“Маршал Чойбалсангийнхаа үндсэн хуулийн наранд ээн бүлээцэж сууна, хүү минь!” гэсэн тайлбартай эх хүү хоёрын зураг сэтгүүлд хэвлэгдэж байсан цаг тийм ч өнө эртний хэрэг бишээ.
“Нар дэлхийг гэрэлтүүлэхээс цаашгүй атал Лениний сургаал тархи оюуныг цэлмэдэг тул Ленин нарнаас хавьгүй илүү ачтай” хэмээн ойн том хурал дээр учир мэдэхгүй нялх хүүхдээр хэлүүлж байсан цаг саяхных! Шалгарсан манлайгаас авхуулаад тэргүүний төмөр замчин хүртэл хэдэн зуун алдар цолтой хайрт эцэг халамжлан хүмүүжүүлэгчийнхээ гуншинг ам өрсөлдөн дуржигнуулж байсан цаг дөнгөж өчигдөр!
Бид хүн ч үнэмшихгүй, өөрөө ч үнэмшихгүй иймэрхүү марзан юмыг олон жилийн турш өдөр бүр давтацгаах байлаа. Үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох сонгогдох гэх мэтийн наад захын эрхээр боогдож байсны үр дүн энэ болой. Ардчиллын хамгийн үнэт эрдэнэ, гол ноён нурууны нэг нь үг хэлэх эрх юм. Хүн бодохоосоо айхгүй байх, бодсоноо чөлөөтэй илэрхийлэхээс эмээхгүй байх, таашаагдаагүй зүйлээ илээр шүүмжлэх бололцоотой байх нь хувь хүн бүрийн ХҮН хэмээгдэх ариун нэрийг өндөрт авч явах ба сэтгэх бодох хүрээ нь чөлөөтэй тавиран тэлэх бололцоогоор хангагдана. Үүнээс гадна үг хэлэх эрх, ардчилал хоёр хамт байх ёстой гэсэн зарчимд өөр нэг том үндэслэл бий. Юу гэвэл Үг хэлэх эрх нь ардчилсан ёсыг өөрийг нь оршин тогтнуулах том баталгаа болж өгдөг.
Үг хэлэх эрх нь төр засаг удирдлагаас алдаа гаргах, нугалаа завхрал үүсгэх, хямралд ороход нийгэм олны өөрийгөө хамгаалах лут зэвсэг болж өгнө. Гэтэл хүнийг дээрээс чимээгүй байхыг албадах, үүнээс долоон дор юм болох өөрийн бодсоны эсрэг зүйл ярихыг шахах нь үгүйдээ л хүний хүн нэрийг гутамшигтай муухайгаар доромжилж буй хэрэг. Үг хэлэхийг хориглосон хорио нь нийгмийг бүхэлд нь буюу ихэнхид нь хамраад удаан үргэлжилбэл нийгмийн гишүүн бүр аяндаа энэ байдлыг албадлага гэж үзэхээ болиод угаасаа байх ёстой зүйл мэтээр хүлээх авдаг болчихдог юм байна. Ингээд хүмүүсийн нийгмийн сонирхол унтран бөхөх, улмаар ерөөсөө өөрийн сэтгэхүйдээ ийм хязгаарлал тогтоодог.
Үг хэлэх эрхийг боогоод ирэхээр хүмүүсийн бодож сэтгэх хумигдаад ирж байна.
Үг хэлэх эрхийг боогоод ирэхээр хүмүүсийн нийгмийн харилцаа ой гутам муухай хэлбэртэй болж биендээ үл итгэх, биенээ тагнаж мөрдөх, биенээсээ айж цэрвэх байдал үүсэж байна.
Үг хэлэх эрхийг боогоод ирэхээр улс орных нь соёл урлаг, эдийн засаг, нийгмийн хөгжил айхтар сааталд орж зан заншил, уламжлал, ёс суртахуун нь сүйрэл мөхлийн замд ордог юм байна.
Үүнийг хүн төрөлхтний өнгөрсөн түүх ч гэрчилнэ, бид ч бие дээрээ амсаж байна. Ямар ч харгис хатуу дэглэм ард түмнийг дан ганц цэрэг цагдаа хүчирхийллээр айлган бариад байж чаддаггүй, хуурах мэхлэх ятгах мунхруулах аргыг хослуулдаг. Энэ ов мэхийг үг хэлэх эрх л үнэ цэнэгүй болгож чадна. Дарангуйллын засаг захиргаа өөрсдийгөө алдаа гаргадаггүй гэдэгт бат итгэдэг. Үг хэлэх эрх л үүнийг худлаа хэмээн хуудууг нь илчилж чадна. Ингэхээр үг хэлэх эрх нь нийгмээс хувь хүнд өгч буй бэлэг, эрх дарх төдий зүйл биш, энэ нь цаанаа нийгмийн, улс орны их ач холбогдолтой зүйлээ. Үг хэлэх эрх бол ардчиллын оршин тогтнох том баталгаа юмаа.
Сталинизм Монгол оронд “төрийн айлчлал” хийсэн тэр үеэс эхлэн үг хэлэх эрх бидний хувьд тас хориотой зүйл болсон. Үг хэлэх эрхээр боогдсон ард түмэн “хааны гоё ганган хувцсыг” шагшин магтах эрхээр бүрэн хангагдсан байдаг төдийгүй ерөөс ийм үүргийг үүрч явдаг жамын дагуу бид 50-60 жилийн турш шалдан хааныхаа дэгжин хувцсыг зогсоо зайгүй магтан дууллаа. “Хаан шалдан байна” гэж хөнжил дотроо өөр зуураа шивнэхээс ч айдаг байлаа, бид. Бид эрх чөлөөтэйгээ уянгалуулан магтахын хэрээр эрх чөлөө маань төдий хумигдан боогдож байв.
Сүүлдээ нарсанд биш наранд байгаа л бол түүнээ эрх чөлөө гэж ойлгодог болчихжээ. Бид тос өөхөнд пологтож буйгаа шүлэглэн сайрхахын хэрээр өлсөж байв. Сүүлдээ биологийн хувьд оршин тогтож, турж үхчихээгүй л бол түүнийгээ хангалуун амьдрал гэж ойлгодог болчихжээ.
Ингэсээр ёроол гэж байдаг бол түүнд бид хүрлээ!
Гэвч хаврын урин цаг ирлээ. Харгис хатуу болгоныг энэхүү хаврын урь зөөллөж эхлэв. Нөлөөгөөр нь түрүүчийн хөхөөнүүд ч дуугарч эхлэх нь тэр. “Хааны хувцас тийм ч гоё биш юм”, “Хааны хувцас аягүй бол бүрэн биш бололтой”, “Хааны хувцас энд тэндээ цоорхойтой юм” гэж түрүүчийн хөхөөнүүд дуугарч эхэллээ.
Гэтэл бидний дундаас гэнэт Андэрсоны жаал хүү гарч ирээд “Хаан шалдан байна!” гэж хашхирах нь тэрээ!
Олон жилийн турш “хувцасны магтаалаар” гэдсээ тэжээж явсан хүмүүс, мөн хувцастай байна гэж ярьсаар байгаад сүүлдээ түүндээ үнэмшин нүцгэн хүнийг хувцастайгаар хардаг болчихсон хүмүүс энэхүү гэнэтийн үнэнд балмагдан сандарч “Арай ч үгүй шүү!”, “Байчихаад хааныгаа шүүмжилдэг болох нь үү?”, “Ичгэвэрээ хаасан самбай байх нь ч байнаа хөө!”, “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөв гэгчээр” гэцгээнэ. “Хаан шалдан байна” гэсэн яриа гаргахгүй байхад хамаг ажил нь чиглэгдсэн олон олон аппарат одоо жаал хүүг намнахаар цахилгаан лантуугаа далайн хөөж явна.
Гэвч өнөөдөр цаг өөр болжээ. “Хаан шалдан байна” гэсэн яриа ард түмний дунд энд тэндгүй гарах болов. Тэр болгоныг намнаад байх лантуу хүрэлцэхээ болилоо. Ийнхүү манай ард түмэн өөрсдийнхөө тэмцлээр өөрсөддөө ҮГ ХЭЛЭХ ЭРХИЙГ олж авч эхэлж байна. Ийнхүү манай ард түмэн өнөөгийн соёлт аль ч ард түмний өдөр тутмын норм хэмжээ байх ёстой АРДЧИЛСАН тогтолцоотой учран золгох гэж байна. Ийнхүү манай ард түмэн өөрийн соёл, уламжлал, зан заншлаа сэргээж эхэлж байна. Ийнхүү манай ард түмэн улс Монголоо айлын дайтай айл шиг авч явах эрхийг олох гэж байна.
Бидний нүд нээгдлээ - ХААН ШАЛДАН БАЙНА!
Б.Баабар /1990.2.18/