Э.Бат-Үүл маань шоронд оров. Олон жил араандаа зуусан занал. Өө хайгаад л явсан. Э.Бат-Үүл С.Зоригийг хөнөөсөн нь нотлогдоосой хэмээн байж яддаг этгээдүүдтэй би цөөнгүй таарч явлаа. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж буриад хөвүүн Бат-Үүлийг буриад оросын эрлийз анд Зоригийнхоо эхнэртэй садарлаж байж алсан болгох гэж шоронд хориод, нотолж чадалгүй суллаж байв даа. Ю.Цэдэнбалын үед бол муу Үүл Д.Төмөр-Очир шиг-өөдгүй хүн алуулах зөв гэсэн нууц хаягтай дурсагдахгүй мартагдах байсан биз. Д.Төмөр-Очирыг дурсаж буйтай таарсангүй. Төмөр-Очир устгалд өртсөн золбин нохой мэт өнгөрөх хэнд ашигтайв.
Хотын дарга байхдаа хүүдээ боломж олгосон гэж Бат-Үүлийг 4 жилээр ялласан ч М.Энхсайханд тулгасан хорлон сүйтгэгч гэх зүйл анги шигээ бас л нотолсонгүй. Женкогийн тавиул-хуулийнхан албаны машины үнийн зөрүүгээр Энхсайханыг ялалсан. Хүүдээ боломж олгох буруугаар барахгүй гэмт хэрэг. Гэтэл Ц.Нямдорж хүүдээ тэрбумаар Эрдэнэтэд шахаа хийх боломж олгосноо телевизээр нийтэд сайрхаж гайхуулдаг. ЖДҮ сангаас У.Хүрэлсүх төрсөн дүүдээ 1,3 тэрбумын зээл авч өгснийг шударга ёс гэж үнэлсэн сонгогчид түүнийг ерөнхийлөгчөөр залсан бол томчуудын дунд хавтгайрсан “боломж олголтоор” Бат-Үүлийг ялалжээ. Үүлийг хүүдээ боломж олгосныг нотолж чадахгүй бол арга буюу суллаад нэрээ цэвэрлэхээр “өршөөх” гэнэ. Түрүүчийн хэд гэмгүй учраас бүү өршөө харин цагаатга гэсэн. Юутай ч бүгд суллагдсан. Өршөөл үү цагаатгал уу? Цагаатгасан бол хилсдүүлсэн прокурор шүүгчдийг ядаж зарлаач. Сургамжтай. Масс шаардаач.
Ялын захиалгыг ерөнхийлөгч асан Х.Баттулга шүүгчдэд тушаадаг гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэвлэл мэдээллээр цацсан. Нямбаатарыг гүтгэлээ гэж Баттулга шүүхэд өгснөө нийтэд зарласан. Тэгтэл Нямбаатар сайдад өнөө Баттулга нь зөвлөх эрх үүрэгтэй томорчээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Баттулга Нямбаатар сайдад зөвлөхдөө томордог биз. Үүлийн шоронд орсныг эндээс хай.
Гадны хатгаас Х.Баттулга З.Энхболд хоёрын далд аман шийдвээр шоронд хоригдсон “хорлон сүйтгэгчийн” гэм бурууг нотолж чадалгүй сулалсан уурандаа Бат-Үүлийг шүүрэв. Үүнд МАН буруугүй. Адгийн Монголд ардчилал өрнүүлсэн Бат-Үүл нарыг намнах зорилго алсынх. Сөнөж асан бүдүүлэг монголчууд багцаагаа мэдэхгүй хүний эрх, эрх чөлөө, парламент, ардчилал, чөлөөт зах зээл, хуулийн засаглал сонгож, гурав дахь хөрш хэмээн сэвж буй нь Бат-Үүл, саяхан шоронгоос суллагдсан хэдээс үүсэлтэй гэх улаантны танил хардлага өвгөн надад үнэртэх шиг.
МАН-ын дарга, ерөнхий сайдын мөрөн дээр сууж чихэнд нь шивэгнэдэг зөвлөхөөр Баттулгыг хэн тавьчихав аа? Ерөнхий сайдын ах Баатарыг мань эр найзын хувьд ашиглав уу? УЦС, ДЦС, төмөр зам олон жил гацааж, хэт өндөр үнэтэй эрчим хүчээр шулж, нүүрсний экспорт хорлосон орос магнатууд-бууны нохойгоо тулгачихав уу? О.Дерипаска тэргүүтэй орос баячууд манууст тусгаар тогтнол олгоогүй. Дерипаска нарыг Женкогийн атаа жөтөө-Сү.Батболд, Оджаргал, Нантайшир гээд л ойлгочих. Бат-Үүлийг түргэн түүхий ялласан нь Баттулгын тавиулуудын үйлдэл гэх сэжиг төрөв. 90 оноос хойш төрөгсөд ба ер 40-өөс доош насныханд зориулж Үүлийг ойлгуулахын тулд номынхоо өмнөх үг, ардчилал хэрхэн өрнөснийг бичсэн хэсгээс толилуулъя.
Муу нэрт монголчууд-муу нь муу. Гэхдээ муугийн маань цаана бидний хүч мөхөстсөн эмгэнэл оршдог. Ядмаг арчаагүйгээ бид соёлт ертөнцөд таниулж чаддаггүй бүрэг дорой амьтад. Маниус социалист лагерийн харанхуй мухарт хашигдаж, холын байтугай ойрын мэдээгүй хууртсаар ХХ зууныг барсан. Цөөн буурай бидэнд зөв юм байдаг ч хэлэх эрхгүй явж ирлээ. Зөв нь буруугаа зөөлөн нь хатуугаа элээдэг жамтай аваас түүнд энэхүү номоороо даган баясав. Бичихээ больё гэсэн ч тэвчсэнгүй. Сургуульд заалгасан хичээл, гэдэс тэжээсэн мэргэжил дон болж архагшаад салахгүй янзтай. Томчуудын үг Төр засгийн мэдэгдэл болдог тул тэд үгээ цэнэдэг. Тэдний (тухайлбал оросуудад) илэрхийлэлгүй залгисан үгийг түгээх боломж ардчилал надад олгожээ. Бичиж түгээх нь зохиолчийн үүрэг.
ЗХУ-аар толгойлуулсан социалист лагерийн орнуудаас хамгийн буурай, хамгийн бөглүү Монголд 1990 оны өвөл ардчилсан давалгаа хуйларсныг гадныхан байтугай бид өөрсдөө анх талбай дээр очоод нүд чихэндээ итгээгүй. Арга ч үгүй. Тэр үед монгол хүн Улс төрийн товчоог огцор гэх лоозон бариад Ордон өөдөө орилолдох бүү хэл байгууллагынхаа хурал дээр даргыгаа нэр цохож шүүмжлэх осолтой байв.
90 оны өвөл яасан ч айхтар хүйтэрсэн юм. Уухилсан жагсагчдын булгилагч зүрхний буцлам халуурал идэр есийн жаврыг уятуулж дийлэхгүй, хөлдүү орчлонд тэдний амьсгал хэсэг зуур уур унтуу савсуулаад замхарна. Гэвч тийм их хилэн, тийм их нягтрал 70 жил зүрхээ зүсүүлсэн аймхай монголчуудын хаана бүгж байв аа? Овоо доо муу тэнэг ард түмэн минь! Дор бүрнээ ингэж бахархсан. Цуглаан ганц удаа болоод унтраагүй. Цааш юунд ч хоригдохооргүй өрнөсөн нь нийт олонд горьдлого бүү хэл итгэл төрүүлж, эх орноо, ард түмнээ гэсэн омогшил аяндаа амилан дүрэлзлээ.
Зөвлөлт империйн мөхөл, социалист системийн нуралтад адгийн муу Монгол хүртэл зоригжсонд адгуус хэлд орсон мэт гайхаж ад нь хөдөлсөн зэвүүцэгч дотоод гадаадад бишгүй нь мэдрэгдэв. Найрамдал-дружбагийн нялуурлаас ядмагт дээрэлхүү өнгөлөн далдалсан нууц бүлтэрсэн нь тэр. Их задралыг далимдуулан эх орноо гадны дарамтаас салгаж, өөрсдийн хүсэл, өөрсдийн үзлээр өөд татъя гэх зорилгод бүгд нэгдсэнээс, ардчилал зах зээлийг ашиг завшаан болгоё гэх аминч санаа хараахан төрөөгүй, нилэнхүйдээ эх оронч хөөрлийн зурвас агшин байлаа.
Нам засгийнхаа эсрэг ухуулах хуудас наах амиа хорлохтой дүйж байсан цаг. Намайг эсэргүү хуудас наа гэвэл эр зориггүй хулчгар би бээр айхдаа “за” гэхчихээд НАХ-д сэм матаж магад. Ухуулах хуудас нааж хэн хэн тэнэгтэв ээ гэвэл Бат-Үүл, Сосорбарам, Амарсанаа гэх зулдрайнууд тодорлоо. Тэднийг яах бол? Шоронд бол бат. Арай буудчихгүй байгаа. Индэрт заларч үг хэлэх Брежнев Цэдэнбал хоёрт оногдсон тусгай хувь заяа гэх хатуу ойлголттой цаг. Юугаар ч хамаагүй овойлгосон индэр маягийн юман дээр бээрчихсэн хэдэн жаал дэлхийд дийлдээгүй аюумшигт хэрцгий коммунизмыг устгая гэж уухайлах нь инээдэмтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг харагдаж билээ. Хэлмэгдүүлж гаршсан коммунист оронд индэр дээр гарч эсэргүү үг донгосох бүү хэл эхнэртээ хөнжилдөө цуурах осолтой үе. Гэтэл аймаар тэрс үг тэр хэдэн бөөдгөр жаалаас дэлбэрснийг би хувьдаа Монголын бахархал гэж хэзээ ч үнэлнэ.
Өөрийнхөө зохиосон “хонхны дуу”-гаар мэхлэгдсэн олноо сэрээсэн цоглог хөөрхөн С.Цогтсайханыгаа би мартахгүй. Бид хайртай ах дүү-багш шавь хоёр явав. Өдгөө хараал зүхлийн бай болсон жаалууддаа би мэхийж явдаг. Тийм эр зориг тэр үед социализмыг амьхандаа битүү егөх нууц санаа тээгч шог зохиолчид байгаагүй юм шүү. Үүрээр үстэй дээл өмссөн Баабар цуглаанд оролцох замдаа манайхыг дайрав. Ачигдвал үстэй дээл хэрэгтэй гэж аав нь захисан гэнэ.
Хоёр улаан хацар нь холцруутсан ч юм уу гэмээр малчин маркийн хүү Ц.Элбэгдорж явил биедээ дэндүү ахадсан, империалист Америк л хэлдэг эсэргүү үг индэр дээрээс цуурч соц. нийгмийн нүдийг орой дээр нь гаргав. Илтгэгч Элбэгдоржийн ард индэрт зогссон Зориг, Галсандорж, Батсүх нарын залуусыг өөрсдийгөө их жолоодогчдын зиндаанд тавилаа гэж шоолсон. Цуглааныг дэмжигч, ажиглагч, эсэргүүцэгч нар алаглаж байв. КПСС-ын дээд курс Москвад дүүргэсэн Дарханы нэхий дээл, орос булган малгайгаар гангарагч илүүдэл жинтэй идэрмэг албан хаагчид дооглох өө сэв хайж, цуглааны араар хямсагнах нь донжтой. Хачирхалтай нь ардчиллын үр шимийг тэд хүртэж, индэрт гарч адлагдсан анхны хараацай нараас лав л миний дурдсан гурвын нэг алуулаад хоёр нь наслаагүй.
Даварсан гэхэд дэндсэн том санаатай хэдэн бацааныг Санжаасүрэнгийн Зориг хэмээх монгол орос холимог цустай хүү толгойлж буй нь тэгсгээд илрэв. Орос ахаас угшилтай коммунизм гэгч ландрамыг тонилгох том санаа монгол оросын эрлийз хүүд төрсөн нь хувь тавилангийн хоржоон гэлтэй. Далан жил нар харалгүй гудайсан ард түмэндээ монгол орос эцэг эх учиртай хүү хайрлажээ гээд далдуур залбирсан хүн надаас эхлээд цөөнгүй. Жагсаал цуглааны цуурай гал цогтой бадарч өр зүрхэнд итгэл хуралдав. Иргэн баян бол өрх баян. Өрх баян бол улс баян. Хувийн бизнес, хувийн худалдааг дэмжинэ. Хэнд овсгоо байна, түүнд баяжих зам нээлттэй. Шинжлэх ухаанч үнэмшилтэй уриа, ардчиллын өлгий гүрнүүдийн онол, хэрэглэсэн туршлага, хүрсэн амжилт найдвар төрүүллээ.
Шар феадлууд зурагтаар ном хурж даврав. Чоймаа монгол бичиг заагаад цэнхэр дэлгэцээс салахаа больсонд үндэсний үзэлтнээр баалуулж явсан яруу найрагч анд минь уйллаа. Социалист лагерьт ардчилал цунами мэт давалгаалав. Манай хэдэн жаал ч хоцорсонгүй өлсгөлөн зарлаж, үр дүнд нь Улс төрийн Товчоо ухаалаг алхам хийж огцорлоо. Бөөн баяр. Гэвч зарим нь УТТ огцорсонд бүтэж үхэх шахав. Тэд ардчилал гэж солиорогч бацаануудыг өндийхгүй болтол хашраагаад өгөөгүй Намаа “яачихав аа” хэмээн ууралж, цус урсгахаар ханцуй шамласан ч аугаа Зөвлөлт нь нүдний нь өмнө баларч, арга буюу шогнойв. Румыний удирдагч гэргийн хамт буудуулахыг, Зүүн Германы удирдагч амь хоохойлох нуувч олохгүй зугтаж явааг, Болгарын удирдагч гэмт хэрэгтний сандалд сууж буйг телевизээр бүгд харлаа. Гэлээ ч нууц хорсол буцалсаар. Тэд жагсаагүй ч ардчиллыг дэмжигчдээс туршлагатай нь яваандаа сонгууль бүрээр илрэв. Зуйрган генерал Ж.Жамъян 1990 онд АИХ-ын чуулган дээр “Монголд өлсгөлөн зарлах гэдэг адал муухай явдлыг одоо үзэж байна. Ийм балмад этгээдүүдийг зэвгийн хүчээр дарахбайсан юм” гэж бачимдаж байв.
ЗХУ болон Европын ах дүү социалист орнууд коммунист дэглэмээс эгнэгт татгалзаж, коммунист намаа татан буулгаж хөрөнгийг хураав. Гайхалтай нь КПСС-ын үнэнч шавь-хувьсгалт намаа Монгол аваад үлддэг байна шүү. Аугаа октябрийн хувьсгал төрийн эргэлт байсныг ах нар албан ёсоор зарлаж тэмдэглэхээ цэглэв. Октябрийн хувьсгалаас үсэрсэн “оч” гэж өргөмжилдөг (болъщевик оросуудын зохиол) ардын хувьсгал гэгч үлгэрээ бид жил бүр ардын наадмын далбаан дор тэмдэглэн бахархсаар.
Сонс Бат-Үүлээ. Бичих сэдэв надад ганц хоёр үлдсэн. Нэг нь чиний тухай. Чамайг дэмждэг минь ах чинь хэврэгшиж буй ардчиллаа л хайрласан юм. Чи Ц.Элбэгдорж, Х.Баттулга шиг Ерөнхийлөгч, Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайд, З.Энхболд шиг УИХ-ын дарга байтугай шилэн Цогоо шиг орлогч сайд ч болоогүй. Болгоогүй. Чамайг голсон юм биш. Чиний дэвэргэдэг-хуулийн өмнө бүгд тэгш байх, үг хэлэх эрх, хашааныхаа газрыг орон сууц болгох, шилэн данс гэх мэт зарчмаас айдаг юм цаадуул чинь. Чи ардчиллын онолд бузгай нэвтэрч, үнэт зүйлсээ хамгаалах ёс зүйгээр тууштай нь. Энэ үгэнд дэлбэрэх-чамд муу хүн бишгүй. Тэдэнтэй мэтгэлцээд зөв тодрохгүй. Тэд МАН-аа сонгодог дийдэшгүй олонх.
ХХI зууны аясыг сөрөлгүй дагаж-ардчилал чөлөөт зах зээлээр замнаж, гадны эрхшээлээс ангижирч, хөршүүдтэйгээ эрх тэгш, хэн хэндээ ашигтай харилцах гэсэн чиний тэмцлийг зохиолч би ажиглахын хажуугаар чамайг эрхэм журмын нөхөр С.Зоригийгоо алсан болгох гэж хэн хэн яаж яаж довтолсныг мэднэ. Баривчлагдан ачигдаж байгаа, аавынх шигээ цагаан халимгаа зулгаалгаж байгаа зэргийг чинь телевизээр хараад чамайг өрөвддөг. Биширдэг зохиолч-ааваас чинь болж би чамайг өмөөрөөгүй. 30 гаруй жил дүү минь чи өөрийгөө үзүүлсэн. Үүл хуралдвал хур бууж өн болдог. Аав чинь чамд Бат-Үүл нэр хайрлажээ. Хэцүү цагт аавын чинь хэлбэрэлтгүй баримталсан алсын хараа чамд бас надад нөлөөлсөн.
Халдашгүй суут ганц нам бус олон нам ухаан уралдуулан улсаа жолоодох замыг Бат-Үүл нар сонгосон. Гэвч тэднийг тоох хүн ховорджээ. Тэдний алдаа ардчиллыг дэмждэгт минь саад болохгүй. Өдгөө нэр дэвшигч хэн бэ гэж шилэхээс илүү сонгогчид хэн бэ гэдэг хөндүүр сэдэв болж. Сонгогчид гэгээрвэл зөв лидерүүд гарч ирнэ. Сонгогчид харанхуй бол Будда ч дэвшээд нэмэргүй. Сүүлийн хоёр сонгуулиар нэг нам 65-62 суудлаар ялав. Буруутгах аргагүй. Шилэгдээд л үнэмлэхүй олонх болсон. Харин ухаан уралдуулах сөрөг хүчин АН-ыг Х.Баттулга Н.Алтанхуяг хоёр самарчихаад байхад буруугаа МАН-д тохох тэнэглэл.
1990 онд сонгосон үзэлдээ тууштай, тэмцэх туршлагатай Бат-Үүлээс давуу лидер миний санаанд ордоггүй. Бат-Үүл үзэл бодлоор мэтгэлцэх зарчим сахьдаг. Зөвөө баталж үнэмшүүлэх чанар нь Ц.Нямдоржоос ондоо. Тэр АН-д маш хэрэгтэй улстөрч. МАН-аас угшилтай төрийн гурван өндөрлөг, 62-ын өөдөөс цагаан толгойтой ганц баавайн хуцах чимээг (сонсох мэдэх эрхээ алдаж буй иргэд) анирдаж суувал ардчилалтай улсад амьдарч буй санагдах сан. Дангаар ноёрхож дураар дургисан хэт олонхийг АН хазаарлах нь МАН-д ч хэрэгтэй.
Бат-Үүл хашааныхаа газраар орон сууцанд орох төсөл зүтгүүлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр олон мянган өрх тохилог сууцтай болсон. Төслөөс бус хүнээс шалтгаалж орж чадаагүй нь ч бий. Улсын төсвөөр сантехникийн шугам тавиад өгье, айлууд хашаандаа өөрсдийн сонирхлоор тохилог сууцаа барьцгаа гэж уриалсан хотын дарга бол Бат-Үүл. Энэ төслийг үргэлжлүүлж хашааг орон сууц болгож утаа арилбал Бат-Үүл мандана гэх тэнэгүүд муулсаар хашааны газар сууц болох төсөл унтарсан. Өнөөдрийн утааг хар.
Бат-Үүлийг “баатар”, “ардчиллын анхны хараацай” гэхэд тэчъядсан атаа хорсол дэлбэрдэг. Бат-Үүл шиг шинэлэг лидерт баатар гэх хоцрогдсон алдар хэрэггүй байсан юм. Зохиогүй. Өндөр албанд тавиагүйн төлбөр гэж би харддаг. Коммуны хуаранд доромжлогдсон хөөрхий олноо эрхтэй, өмчтэй болгосон зүтгэлд чинь ирээдүй мөргөнө. Баатартай баатаргүй Бат-Үүл миний бахархал. (Аавд чинь өргөж буй үг).
Өлсгөлөн зарлаж Улс Төрийн Товчоог огцруулсан, ардчилсан сонгууль, олон намын систем, өмч хувьчлал зэргийг анхны хэд эхлүүлсэн-үнэн биз дээ. 200 000 түшмэл хуйгаараа МАН-ын татаас байхад ардчилагчид Төр засгийн ажилд яаж оролцох билээ. Энэ гажуудлыг залруулах лидерүүдийг сонгогч олон гаргах эрхтэй.
Чанга гараар атгах нэг намын тогтолцоо-Орос Хятад шиг том гүрнүүдэд ашигтайг үгүйсгэхгүй ч Монгол шиг өчүүхэн эдийн засагтай 3-хан сая хүнтэй улс нэг намын ноёрхолд орвол нэгд-хүний эрх, эрх чөлөө хумигдах эрсдэлтэй, хоёрт-гадны нөлөөнд ганц нам, ганц хүн сөхрөх-хялбар. Тиймээс жижиг улсын Төрд хараа барааны хоёр нам зөвлөлдөж явбал ухаалаг шийд гарахаас гадна, гол нь олонх цөөнх-Чойбалсан Цэдэнбал хоёроос илүү дархлаатай. Мөн бодлогоо хамгаалахад хоёр нам ганцаардахгүй. Хоёр намын алиар МАХН-ыг орлуулж, олонх цөөнхөөс хэнийг Цэдэнбалын хойд дүрээр тодруулах-санасны зоргоор бүтэхгүй. Аль намыг, хэнийг тоглоомын этгээд болгохоо 76 гишүүнтэй парламент олонхоороо шийднэ гэхэд гадны урт хоншоор шогнойно.
Гэтэл ардчиллын энэ алтан боломж алдагдах ёр нүүрлэв. Гадна дотноос нөлөөллийн үл үзэгдэгч бүслэлт сэм хумьж эхэллээ. Сэхээнд орсон сөрөг хүчнийг сэргээх лидер АН-д ховорджээ. Бат-Үүлээс илүү хэлэх үгтэй хийсэн ажилтай, түүнээс ухаалаг, түүнээс туршлагатай тэмцэгч алга.
Хэрэв ардчилал коммунизм шиг нурж, нэг намд атгуулбал Бат-Үүлийн хийсэн ажил Бат-Үүлдээ хаяглагдана. Ардчилал сүйрвэл ардчиллаар эхэлсэн бүх ажил буруудаж таарна. Бурууг санаачилсан этгээд хэн бэ гэнэ. Өмч хувьчлалыг санаачлагч нар хэн бэ? Бат-Үүлийн нэр дуун дээр гарна. Иргэддээ гадаад паспорт олгохыг хэн сэдсэн бэ? Бат-Үүл. Нэгдлийг хэн тарааж, малыг малчдад хэн өгсөн бэ? Орон сууцыг хувьд өгсөн шийдвэрийн мөрөөр яллах эздийг хайна. Буруудагч нарын эхэнд шоовдор Бат-Үүл ял сонсоод цагаан халимгаа хийсгэж зогсох бий. Тариачдыг газартай болгох-тракторчдын самууныг хэн турхирлаа. Бат-Үүл. Эх орноо хоосолж, иргэдээ ядуурлын балчиг руу түлхсэн хамгийн том гэмт хэрэгтэн бол Бат-Үүл гэж бичихэд сошиалаар уухайлж гарна. Ардчилал нурвал Бат-Үүлийн амжуулсныг хэн ч булаацалдахгүй. Энэ өнцгөөр харвал Бат-Үүл ардчиллын бүх өөрчлөлтийг сэдсэн этгээд мөн нь нотлогдоно.
Бат-Үүлийн үзэл үйлдлийг дөвийлгөлгүй-бодит хэмжээгээр нь харуулахаас ч хулчийдаг. Тийм хүч идэвхжиж буй нь ардчилалд халтай. Үүлийг үнэлэх бүү хэл дурсахгүйг битүү хичээнэ. Ардчиллыг өмчлөх бодолгүй байхад нь “Бат-Үүл ардчиллыг өмчлөх эрхгүй” гэж ноцдог. Бат-Үүл бол харьшгүй ясны ардчилагч. Тийм ардчилагч манайд бий нь бий-даанч цөөн. Цус урсгасан 70 жилээрээ монголчуудыг чичрүүлсэн коммунист араатны өөдөөс амиа анх дэнсэлсэн Зориг Бат-үүл нарыг мангар жаалууд гэж дотроо басамжилж, хумсаа нууж явсан мань мэт Зөвлөлт импер сэхэмгүй хазаймагц ханцуй шамалснаа нуугаад яах билээ. Аюул суларсанд зарим нь анхдагч хэдийг бүдгэртэл ардчиллаар галзуурсан даа. Тэд эргээд Бат-Үүл нарыгаа намнах гэж олон жил өмхийрлөө. Гэмгүй хүн хилствэл цагаадах учиртайг мэдтүгэй.
Ц.Доржготов