Өчигдөр шөнөхөн болсон явдал. Манайхны нэг сайт айлын хаалга өшиглөж ороод зууханд асч байсан түлшийг нь онгичсон байна. Айж сандарсан гэрийн эзэн “Түлээ байдаггүй, түлш асахгүй болохоор нь ороолтоо хийчихсэн юм аа” гэнэ. Мэргэжлийн хяналт нь очоогүй манайхан яахаараа ч очдог юм. Нэг л их хүний өмнөөс хүн загнаж зандарсан улс. “Иргэдийн гомдлоор ирлээ” гэж байгаа ч Н.Уртнасан сайдын өгсөн үүрэг даалгавар гэдэг нь тодорхой л доо. Ингэхэд Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөө Эрүүгийн хуулиар хамгаалагддаг. Үүнийг сэтгүүлч ч бай, сайд ч бай зөрчих эрхгүй. Эрүүгийн хуулийн 13-р бүлэг “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг” гэдэгт “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх нь гэмт хэрэг мөн” гэж бичсэн байгаа. 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтай. Тэгэхээр хууль зөрчсөн хариуцлагыг сайд хүлээх үү, сэтгүүлч хүлээх болов уу?
Өчигдөрхөн Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болсны 30 жилийн ойг манай дарга нар тэмдэглэн өнгөрүүлсэн. Түүний өмнөх өдөр нь “Үндсэн хууль ба Хэвлэн нийтлэх эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болсон юм байна. Хэвлэлийн хүрээлэнгээс зохион байгуулсан энэ хэлэлцүүлэг дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан, хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт УИХ-аар шийдвэрлэнэ. Эрүүлгийн хуульд заасан "ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ" гэсэн заалтыг "ГҮТГЭХ" гэж өөрчилнө. Ингэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлсэнтэй нь холбоотойгоор хардаж, сэрдсэн үндэслэлээр бичвэл гүтгэсэнд тооцохгүй” гэж ярьсан байна. Мэдээллийг нийтэлсэн сайт нь Б.Энхбаяр гишүүнийг гүтгэчихээгүй бол шүү дээ.
Ингээд “Бүх амьтад тэгш эрхтэй, гахай илүү их эрхтэй” гэдэг шиг сэтгүүлч гэдэг бас нэг бусдаас давуу эрхтэй анги бий болох нь л дээ, хуулийн агуулгыг нь харвал. Удахгүй бас “Бусдын орон байрт сэтгүүлч нэвтэрвэл нэвтэрсэнд тооцохгүй” гэж бичих үү?
Миний санахад энэ хүн 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байхдаа яг ийм зүйл ярьж байсан. Зөрчлийн тухай хуульд байсан “Гүтгэх” заалтыг Эрүүгийн хуульд оруулахдаа хуулийн заалтын ард “Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлсэнтэй нь холбоотойгоор хардаж, сэрдсэн сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа үүнд хамаарахгүй” гэдэг тайлбар бичээд МСНЭ рүү төслөө явуулсныг нь манай сэтгүүлч нар үзээд “Сэтгүүлч, хэвлэн нийтлэгч нар жирийн иргэдээс илүү эрх дарх эдэлж болохгүй ээ” гээд энэ тайлбарыг хасуулж байсан. Одоо ч гэсэн шинэ төслийнхөө талаар “Улс төрд нөлөө бүхий этгээдийн албаны бүрэн эрхтэй холбогдуулж хардсан, сэрдсэн иргэд, сэтгүүлчдийг цагдаагаар шалгуулдаг явдлыг хязгаарлана” гэсэн байна.
Гэхдээ санаа нь зөв ч суурь нь дахиад буруу байна. Хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэд нээлттэй, хүндэтгэлтэй ханддаг орнуудад бол сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдэд ялгавартай хандах биш, харин улс төрд нөлөө бүхий гэж үзэгддэг тэр хүмүүсийг хязгаарлахад хуулийн үзэл санаа, зүйл заалтаа чиглүүлдэг. "Та нэгэнт олон нийтийн өмнө ил байдаг, шүүмжлэлд өртөмхий этгээд буюу “паблик фигур” учраас хэрэв та өөрийгөө гүтгэгдсэн, эрх нь зөрчигсөн гэж үзэж байгаа бол няцаалтаа эхлээд хий. Хэрвээ танд өөрийгөө бүрэн дүүрэн хамгаалах үндэслэл бүхий баримт нотолгоо байхгүй шүүхэд гомдол гаргах эрхгүй" гэж хэлдэг. Хэвлэлийн эрх чөлөө өндөр хөгжсөн орнуудад бол хуулинд нь тийм заалт байхгүй байсан ч шүүх нь ингэж ажилладаг. Сэтгүүлчийн эсрэг гаргасан улстөрчдийн гомдлыг хэлэлцэхээсээ өмнө ийм үүргийг өөрсдөд нь хүлээлгэдэг. Хэвлэлийн эрх чөлөө болон үүгээр дамжиж хэрэгждэг иргэдийн мэдэх эрхийг ингэж хамгаалдаг. Хэрвээ тухайн этгээд няцаалтаа хийсэн, үндэслэл бүхий баримт нотолгоо гаргасаар байхад сэтгүүлч үргэлжлүүлсээр байх юм бол сая шүүхийн шат руу оруулдаг тухай сонсч байсан юм байна.
Герман зэрэг Европын улс орнуудад төрийн албан хаагч энэ албан тушаал дээр ажиллаж байгаа тохиолдолд өөрийнх нь талаар олон нийтийн дунд ямар нэг байдлаар хэлэлцүүлэг өрнөж буй тохиолдолд өөрөө албан ёсоор хариу тайлбар, мэдээлэл өгсөн байхыг төрийн албаны болон илтод байдлын тухай хуулиар үүрэгжүүлдэг. АНУ-д бол official болон public figure гэж нэр заагаад зөвхөн албан тушаалтнуудаар хязгаарлагдахгүй урлагийн одууд, нийгмийн зүтгэлтнүүдэд "Холбоотой мэдээллээр өөрөө олон нийтэд хандаж, албан ёсны няцаалт хийгээгүй тохиолдолд асуудлыг шүүхээр оруулахгүй" гэдэг хориг тавьдаг.
Энэ бол сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдийг хамгаалсан гэхээсээ илүү “улс төрд нөлөө бүхий” гэж үзэгддэг этгээдүүд, шийдвэр гаргагч нарыг жирийн иргэдээс ялгавартай үзэж, тэдний эрх хэмжээ, хэвлэл мэдээлэлд үзүүлж болох шахалт дарамтыг хязгаарлаж, нөгөө талаас иргэдийн мэдэх эрхийг хамгаалж байгаа хэрэг юм.
Гэвч манай шүүх тэр байтугайг хийх чадваргүй, хүний эрхийн наад захын мэдлэг, мэдрэмжгүй учраас хуулиндаа “ба, бэ”-гүй суулгаж өгөх ёстой байх л даа. “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрийн нэр төр хохирсон гэж үзвэл уг асуудлаар үндэслэл бүхий баримт нотолгоо гаргаж, няцаалт хийх үүрэгтэй. Үүнээс хууль, шүүхийн байгууллага гомдлыг хүлээж авахгүй” гэдэг ч юм уу.
Тэгэхгүй, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн онцлог яриад байхаар өнөө хэд нь “бид эрх чөлөөтэй хүмүүс” гээд дүрдээ итгээд, бусдын эрхийн дээгүүр дэвслээд байх хандлагатай ч болж байна...
Б.СЭМҮҮН