Mongolian Economy сэтгүүлийн тусгай дугаарт ОХУ-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хийсэн айлчлалаас үүдсэн үзэл бодлоо дүгнэлтийн хамт бичсэнээ бүрэн эхээр нь дор буулгав. Хичээн соёрхоно уу.
Өмнөх өчил
Монголчуудын гонгинуур зан барагдах биш. Бас примитив горьдлого нь тасрах биш. Төрийн тэргүүн ОХУ-д айлчилсны дараа ярих хэлэх шүүмжлэх эрх чөлөөгөө эдлээд баахан гонгиноон урсгана. Бэлгийн хороолол, СОТ нэг ба хоёр, хуримын ордон, олон тэрбум рублийн буцалтгүй тусламж амлуулж ирсэнгүй, жижүүрийн хэдэн үгс урсгаад ирсэн мэт Ерөнхийлөгчийг баална.
Ерөөсөө л бэлэнчлэх сэтгэлгээ. XXI зууны өнөөгийн шинэ Оросыг аль дивангарын СССР-тэй андуураад Халхын голын байлдаан, Эх орны дайны бэлгээрээ түрээ бариад баахан сул олз олчих санаатай юмдаг аа даа?
Монголын өнөөгийн ядуурал, эдийн засгийн бүтэлгүйтэл, байгаль орчны доройтол, мөнгөний хоосон орон зайг нь Орос бөглөж байх албатай биш гэсгээд би үндсэн сэдэвтээ оръё.
Айлчлалын ёслолын арга хэмжээг чамлагсдад зориулсан үгс. Оросын зэвсэгт хүчний гурван замын хүндэт харуул угтлаа. Төрийн дууллыг маань эгшиглүүллээ. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд нь угтлаа. ОХУ-ын Төрийн ёслолын журмаар ГХЯ-ны чиглэл хариуцсан дэд сайд нь чиглэлийнхээ (жишээ нь Зүүн Ази, Азийн) улсын Төрийн тэргүүнийг угтлаа. Үүнд ямар буруу оршино вэ? Ковидын цар тахлын хүнд үед ёслолын ба зочлолын арга хэмжээг хялбаршуулсан байна, заримыг нь болиулсан байна, үүнд Монголын Төрийн тэргүүнд хүндэтгэлгүй хандлаа гэж гөрдөх ямар үндэслэл байна вэ?
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй хийх хэлэлцээ, уулзалт, ажлын зоог айлчлалын гол арга хэмжээ байлаа. Түүнийгээ бүр давуулан хийлээ. Үүнд баярлана уу гэхээс шүүмжлэх үндэслэл огтоос алга хэмээн Кремльд уг уулзалтыг дэргэдээс нь харсан, мэдэрсэн ахмад дипломатч хүний хувьд би олзуурхан бичиж байна.
Путин юу амлав
Монгол Улс өнөөдөр Орост хэрэгтэй байна, тогтоосон харилцаагаа эрхэмлэж байна, 100 жилийн түүхэн харилцааны энэ шатыг өндөрлөөд хоёр дахь зуун руугаа алхлаа. Энэ цаг үед мега том төслүүд, том бүтээн байгуулалт чухал байна, түүний төлөө ажиллахад Орос бэлэн байна хэмээн В.Путины амаар хэлүүлнэ нотлуулна гэдэг нь хамгийн чухал билээ.
Путины мэдэгдлээс монголчуудад шинэлэг байж мэдэх гол голыг эшлэбэл:
-
Бид Монголын нөхөдтэйгөө найрсаг түншлэлийг хөгжүүлэх сонирхолтой нь мэдээжийн хэрэг.
-
Орос, Монголын хамтын ажиллагаа бэхжиж, бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан хөгжиж ирсэн.
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дүнгээр Улс төрийн тунхаглал гаргалаа. Энэхүү баримт бичиг нь 2019 онд гарын үсэг зурсан хоёр улсын Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хөгжүүлэхэд чиглэсэн. Тунхаглалд хоёр талын харилцааг бүх чиглэлээр цаашид гүнзгийрүүлэх тодорхой чиглэлүүдийг тусгасан.
-
ОХУ бол Монгол Улсын гадаад худалдааны томоохон түншүүдийн нэг. Коронавирүст цар тахлын амаргүй нөхцөлийг үл харгалзан, энэ оны 10 сарын байдлаар манай худалдааны эргэлт 24 хувиар нэмэгдсэн.
-
Дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, цахим технологи зэрэг салбарын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөө гаргасан.
-
“Улаанбаатар төмөр зам” бол арилжааны том төсөл. Хоёр талын ачаа тээвэрлэлт 15 сая тонноос 30 сая тонн болон өсч, хоёр дахин нэмэгдсэн. Монголоор дамжуулан ачааг төмөр замаар тээвэрлэх нь улам үр ашигтай болно.
-
ОХУ нь Монгол Улсын эрчим хүчний найдвартай нийлүүлэгч бөгөөд тус улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэгцээний 80 хувийг хангаж байна. Оросын эрчим хүчний компаниуд Монгол Улстай хамтран ажиллах, тэр дундаа Монголын шатах, тослох материалын зах зээл дэх орон зайгаа тэлэх сонирхолтой.
-
Монголын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хийн хоолойн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болно. Ажил амжилттай урагшиллаа. Энэхүү хоолой нь Оросын “Сибирийн хүч-2” хийн хоолойн үргэлжлэл болох боломжтой. Хамгийн оновчтой чиглэл, уртыг нь тодорхойлоод байна.
-
Улаанбаатар хотын IV цахилгаан станцын шинэчлэлийг амжилттай хийсэн. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний системийн хүчин чадлыг 15 хувиар нэмэгдүүлэв. III дулааны цахилгаан станцыг шинэчлэх өөр нэг хамтарсан төслийг боловсруулж байна.
-
Цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах ирээдүй байна. “Росатом”-ын шугамаар Монгол Улсад аж үйлдвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбарыг хөгжүүлэх үүднээс Цөмийн шинжлэх ухааны төв байгуулж, судалгаа хийх боломжийг судалж байна.
-
Орос, Монгол хоёр улс цаашид байгаль орчныг хамгаалах чиглэлд чухал төсөл хамтран хэрэгжүүлнэ. Тухайлбал, ЮНЕСКО-гийн өв хэмээн бүртгэгдсэн Байгаль, Тарь нууруудын өвөрмөц экологийн системийг бүрдүүлэх хил дамнасан гол мөрнийг хамгаалахад хамтран ажиллана.
-
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээ ажил хэрэгч, эерэг уур амьсгалд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад улсад хийж буй анхны айлчлалаа ОХУ-аас эхлүүлж буйд баяртай байна гэжээ.
Дэлхийн бодлого тодорхойлдог, чухамдаа даян дэлхийн хүчний тэнцвэрийг баригч их гүрний Төрийн тэргүүн Улаанбаатарын III, IV цахилгаан станцыг хүртэл нэрлэж хамтран ажиллана хэмээн хэлж байгаа маань чухал ололт, бүр алтан боломж бидэндээ биш гэж үү?
Транзит Монгол
Монгол Төрийн тэргүүний хувьд Ази ба Европын хооронд (бодитойгоор Орос-Хятадын хооронд) дамжин өнгөрөх тээвэр хөгжүүлэх, “Транзит Монгол” болох зорилтоо ОХУ-аар хүлээн зөвшөөрүүлж дэмжүүлсэн нь маш том ололт боллоо. Энэ хүрээнд Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, техник, технологийн болон суурь бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, хил дамнасан төмөр зам, авто зам, эрчим хүчний шинэ коридор бий болгох талаар идэвхтэй хамтран ажиллана. Харин ч шинэ коридор гэдгээ баруун, төв, зүүн болгож шат ахиулна.
Транзит гэдэг нь ердөө холболт гэсэн үг юм. Монголын газар зүйн ашигтай байршлын давуу байдлыг бүрэн дүүрэн ашиглахын тулд ийм холболт хийчихэд л чухамдаа болох юм. Холболт гэдгээр хурдны зам, төмөр зам, түүнийг дагасан дэд бүтэц, суурьшил, суурин хот, ажлын байр гээд цааш нь ургуулан бодож болно. Энд зөвхөн авто замаар төсөөлж болохгүй. Энэхүү транзит–холболт бол Монголын хөгжлийн судас юм. Ухаан нь төв тэнхлэг, хойноос урагшаа 1000 км урттай, болбол 3 км өргөнтэй чөлөөт бүс хэтдээ байгуулагдлаа гэж бодъё. Тэр нь Евразийн босоо тэнхлэгийн ХАБ болж болно. Энэ бол чухамдаа амьд хөрөнгө оруулалт татах бэлээхэн талбар болно. Орос ба Хятадын эдийн засгийг Монголын нутгаар холбочихлоо гэж төсөөлбөл хөрөнгө оруулалт хийгдэж, суурьшлын бүс бий болж, суурьшлыг дагалдан хавь ойрын гадаад улс орнуудын шунал хөдлөх болно гээд мөрөөдөж болж байна. Эерэг мөрөөдлөөс л бодит ажил ундардаг.
“Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал”, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр” нь чухам“Транзит Монгол”-ын хүчээр л биеллээ олох юм. “Транзит Монгол”-ын нэг чухал хэсэг нь ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төсөл юм. Энэ тухай Монгол, Орос хоёр улс дээд түвшиндээ нэгдсэн ойлголттой боллоо. Эрх бүхий аж ахуйн нэгжүүдээ энэ чиглэлээр нэгдсэн үйл ажиллагаанд оруулах л үлдэж байна.
Энхийн атомын эхлэл
Монгол-Оросын хамтын ажиллагааны нэгэн шинэ боломж Москвад яригдсан нь хэтдээ Монголд хөгжилд бас нэг “алтан боломж” гарч ирлээ хэмээн үзэхэд буруутахгүй. Тэр нь цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах явдал. “Росатом”-ын шугамаар цөмийн шинжлэх ухааны төв байгуулж, судалгаа хийх дардан зам нээгдэж байна. Цөмийн эрчим хүчний реакторын бүтээн байгуулалтаар Орос дэлхийд толгой цохидог. Оросын реактор манай өмнө хөршөөс авахуулаад Энэтхэг, Турк гэхчлэн дэлхийн олон оронд сүндэрлэж байна. Монголын хэрэгцээ бага, нэг их зардал чирэгдэл орохгүй, манайд бэлээхэн түүхий эд нь байна. Иймд жижиг оврын цөмийн реактороор манай эрчим хүчний хэрэгцээг өлхөн хангачих бололцоотой. Монгол–Францын бодит хамтын ажиллагааны биелэл болох цөмийн эрчим хүчний түүхий эдийн олборлолт эхлэлээ тавьж байна. Орос, Франц нь чухал түншүүд, олон жилийн уламжлалт найрсаг харилцаат орнууд. Монгол–Орос–Францын гурван талын цөмийн эрчим хүчний хамтын ажиллагааны үндсийн үндсийг Москвад ярилцчихав уу гэсэн итгэл надад төрөх шиг болсон. Гэхдээ мэдээж цаашаа ихээхэн ажил сэдэж өрнүүлэх ёстой. Санаачилга монголчуудын гарт ирж болно. Ийм цоо шинэ салбарын хамтын ажиллагааны талбарт азаа сориод үзэхэд буруутахгүй болов уу.
Гадаад бодлого
Монгол, Орос хоёр улсын хоёр талын харилцаанд улс төрийн асуудал гэж үгүй. Иймд олон улсын тавцанд санал нийлэх, тэр нь Монголд ашигтай байж таарвал хамтран ажиллах боломж, гарц хувилбар олон гарч ирж болох юм. Хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалт, хэлэлцээний дүнгээр гаргасан Улс төрийн тунхаглалд ингэж заасан байгаа. Үүнд НҮБ, АСЕМ, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, АСЕАН-ы Бүс нутгийн чуулга (АРФ), ШХАБ зэрэг олон улсын байгууллага, механизмын хүрээнд хоёр тал хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов гэжээ. Дэс дарааллыг анзаар даа: 1. НҮБ; 2. АСЕМ; 3. АХАИББХ; 4. АРФ; 5 ШХАБ гэжээ.
Монголчуудын эмзэглэдэг сэдэв тухайлбал ШХАБ-д жинхлэхийг шахах, эсвэл ОДКБ-д (Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага) ажиглагч болгох гэхчлэн асуудлыг Оросын талаас хөндсөнгүй.
ШХАБ-ын тухайд энэ байгууллагын үйл ажиллагаа, түүний дотор эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мэдээлэл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн механизмууд дахь Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв гэсэн байгаа. Энэ нь жинхлэх, тэгснээрээ цэрэг-улс төрийн асуудлаар Оросыг дагах, эсвэл ШХАБ-ын гурван хорт хүчинтэй (терроризм, экстремизм, сепаратизм) тэмцэхэд нь Монголыг заавал оролцуулах гэх тулгалт Оросын зүгээс илэрхийлсэнгүй ээ хэмээн үзэх үндэстэй болж байна. Харин ч эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мэдээлэл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа хэмээн тодорхой салбарыг зааж өгснөөрөө ШХАБ-ыг Монгол Улсын хөгжил дэвшилд хэрэгтэйинтеграцын байгууллага болоосой гэсэн монголчуудын чин хүслийг тусгасан мэт сэтгэгдэл төрүүллээ.
Харин манай улс Их Евразийн түншлэл байгуулах Оросын санаачилгыг дэмждэгээ илэрхийлсэн нь шинэлэг гэмээр үзэгдэл юм. Их Евразийн түншлэл бол одоогоор саналын түвшинд байгаа. Дашрамд сонирхуулахад 2018 онд ОХУ-ын Гадаад хэргийн сайд ноён С.В.Лавров нэгэн шинэ механизмын тухай анх удаа тодорхой ярьсан нь ОХУ-ын геополитикийн дараагийн томхон тоглолт буюу «Их Евразийн түншлэл»-ийн орон зайд хамтран ажиллах тухай сэдэв байв. Тэр орон зай нь гурван том эвсэл-механизмын нийлбэр талбар буюу ЕАЭС+ШХАБ+АСЕАН гэж мэдэгдэж байсан бол гурван жилийн дараа СНГ, ОДКБ-г нэмж нэрлэжээ. Евразийн түншлэл нь Ази-Номхон далайн бүс нутагт баримтлах норм хэм хэмжээ тогтооход голлох үүрэг гүйцэтгэнэ хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгдэж байв. Энэ тухай хоёр Ерөнхийлөгч нарийвчлан ярилцсангүй. Тэгэх зорилго ч тавиагүй болов уу. Тэгэхлээр Монгол, Оросын эрдэмтэд судлаачдын түвшинд хэлэлцүүлэг маягаар манай тэрхүү дэмжлэг үргэлжилнэ хэмээн би хувьдаа төсөөлж байна.
Дүгнэж үзвээс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаас бид юу хүсэх вэ гэдэгт дээр бага зэрэг ойлголт өгсөн болов уу. Хамтын ажиллагааг бодитой хэрэгжүүлж чухам түүнээс ашиг хүртэх эсэх нь монголчууд Та биднээс ихээхэн хүчин чармайлт, овсгоо самбаа шаардсан их ажил болж таарна. Хамтын ажиллагааны аар саар жижиг сажиг асуудал ямар ч гэсэн яригдсангүй. ОХУ одоо Монголтой тогтоосон харилцаанаасаа шал өмнөө, өөр, бодитой, том үр дүн хүлээж байна.
“Транзит Монгол” үзэл санааг дэмжсэн, гурван улсын эдийн засгийн коридор байгуулахаар зориг шулуудаж байгаа, хийн хоолойг бодитой эхлүүлэх мэссэж өгсөн, атомын эрчим хүчний хамтын ажиллагааг хөндсөн гэхчлэн Оросын талаас гаргасан нааштай алхмууд юуны өмнө өмнөд хөрш–Хятадад томхон мэссэж болж очно. Хамтын ажиллагаанд санаачилгаа Орост алдчихгүйн тулд илүү өөр алхам, санал санаачилга Бээжингээс дэвшүүлэхийг хэн байг гэхэв. АНУ, Япон, Өмнөд Солонгос, Өрнөд Европ зэрэг гуравдагч хөрш орнуудад бас мэссэж болж очно. Их Орос жижиг хөрш Монголдоо яагаад ингэж гэнэт ээлтэй хандав гэсэн асуулт тэдгээр орнуудын эрх баригчдын тархийг нэг хэсэгтээ эзэмдээсэй билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын улс төрийн дээд бүх удирдагчидтай уулзсан, тэд Монголын удирдагч руу зэрэг зэрэг найрсгаар хандсан нь шинэлэг түүхэн алхам болж үлдлээ.
ОХУ хэн бэ, ОХУ-тай хэрхэн харилцах ёстой вэ, харилцааг нэг түвшинд, эсвэл ахисан түвшинд хэрхэн хадгалж явах ёстой вэ гэдэгт л энэ айлчлал хариу өгчих шиг боллоо. ОХУ-д Монгол хэрэгтэй, нэн чухал түнш нь, анд нөхөд нь гэдгийг Оросын улс төрийн дээд удирдагчдаар нотлуулж чадсанд айлчлалын улс төрийн ач холбогдол оршино.
О.Баярхүү /baabar.mn/