-Э.Бат-Үүл шиг хотын дарга бидэнд өмнө байгаагүй, Э.Бат-Үүл л нийслэлийн өнгө төрхийг өөрчилсөн, нийслэлийн гудамжийг шээснээс нь салгасан, хашааны газрын үнийг өсгөсөн...
-Тэгсэн ч гэсэн хүүгээ тендерт шалгаруулдаг нь буруудсан юм. Тэр чинь ашиг сонирхлын зөрчил шүү дээ...
Ийм мэтгэлцээн шүүх хурлаас хойших сүүлийн хэд хоног олон нийтийн сүлжээгээр өрнөв. Шүүх хурлын дараа олонхи нь “Ямартай ч Э.Бат-Үүл авилга аваагүй, хувьдаа ашиг хонжоо олоогүй, улсад хохирол учруулаагүй” гэдэгт итгэлтэй болсон ч “ашиг сонирхлын зөрчилтэй” гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.
Хотын дарга Д.Сумъяабазарын шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхийн шийдвэрээр “улсад учруулсан хохирол” гэж тооцсон, Баянзүрх дүүргийн 12-р хороонд барьсан дэд бүтцийн шугамын өргөтгөлийн ажилд “давхардуулан олгосон” гээд байгаа 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хотын дарга Э.Бат-Үүл биш, Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга (тухайн үед НИТХ-ын дарга байсан) “Би олгосон юмаа. Бат-Үүлийн шийдсэн асуудал биш ээ” гэж шүүх хурал дээр мянга гэрчлээд, нотлох баримтаа гаргаж өгөөд шүүхийн шийдвэрт нөлөөлсөнгүй. Учир нь шүүхийн ард байгаа “эзэн”-д Д.Баттулга биш, Э.Бат-Үүл л хэрэгтэй байсан юмсанж.
Яг үнэндээ давхардуулан олгосон ч юм биш. Өргөтгөлийн ажлын цар хүрээ анх төлөвлөсөн хэмжээнээсээ давсан учраас нэмэлтээр олгосон санхүүжилт. Түүнийг нь шинжээчид “хохирол тооцох боломжгүй, гэрээнд заасан ажил нь бүрэн гүйцэд хийгдсэн байна аа” гэж дүгнэсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүний хувьд нотлох баримтаас илүү “Э.Бат-Үүлийн хүүхэд гэр хорооллын барилгажилт дээр ажилласан” гэдэг олон нийтийн сэтгэлзүйд урьдаас суулгасан буруутгал л хангалттай байв. Гэвч энэ нь эрүүгийн ял шийтгэл оногдуулах хуулийн үндэслэл мөн үү?
Хотын даргын хүүхэд гэр хорооллын барилгажилт дээр ажилласан нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзвэл энэ нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулиар зохицуулагдах ёстой. Гэтэл “Гранд лайн”-тай холбоотой сонгон шалгаруулалтад Э.Бат-Үүл оролцоогүй, газраа чөлөөлсөн хорооны иргэд өөрсдөө төслийн гүйцэтгэгчийг шалгаруулсан. Харин ч Э.Бат-Үүл сонгон шалгаруулалтын үеэр хорооны иргэдтэй уулзаад “Энэ компани миний хүүгийн оролцоотой байгуулсан компани юм аа. Ашиг сонирхлын зөрчил үүснэ ээ. Битгий сонгоорой, болохгүй шүү” гээд явж байсан нь Ц.Нямдорж сайд хүүгийнхээ “Эрдэнэт” үйлдвэрт хийсэн шахааг “Би утасдсан, яадаг юм. Миний хүү болохоор, эцэг хүний хувьд утасдсан” гээд сууж байсны дэргэд “ариун явдал” байхгүй юу. Тиймээс зориуд Эрүүгийн хуульд заасан авилгын хэргээр ялласан байдаг юм.
Сонирхолтой нь, прокурор түүнийг “нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” буюу 22.1-ээр биш, “хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” (22.12.1) хэргээр зүйлчилж, шүүх дөрвөн жилийн ял оноосон. Уг зүйл анги нь 2.700.000-4000.0000 хүртэл төгрөгөөр торгох, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай ялтай. Хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 онд дуусчихсан. Тийм болохоор шүүхийн шийдвэрийг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй.
Харин Э.Бат-Үүлийн хувьд буруудсан ганц зүйл нь АН дахиад дөрвөн жил засаглана, энэ хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтөө бүрэн дуусгана гэж гэнэхнээр итгэсэн, МАН гарч ирээд бүгдийг нураана, өөрийг нь шоронд хийнэ гэдгийг огт тооцоолоогүй байх. Шүүхийн шийдвэр гарсны дараа МАН-ын дээрээсээ хоёрт жагсах том даргаас “Танай нам шүүхийн шийдвэрт нөлөөлөөд байгаа юм биш үү?” гэж асуухад “Хонгилыг эвдэх чинь нэг намын чадах асуудал биш юм байна. Манайх шүүх рүү хүмүүсээ оруулж чадахгүй байгаа” гэх утгатай үг хэлсэн байсан. Утасны үзүүрийг өөр тийш нь залж байна гэсэн үг.
Жишээлбэл, Э.Бат-Үүлийн хэргийг шалгасан АТГ-ын мөрдөгч Э.Оюунболд өмнө нь С.Баяр, С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Сайханбилэг нарын хэргийг мөрдөж байсан. Ганц мөрдөгч бүх том хэргийг мөрдөөд, илрүүлээд байна гэдэг сонирхолтой биз? Шүүх бүрэлдэхүүнд багтсан Б.Халиун шүүгч гэхэд Д.Баасанцогттой холбоотой таван шүүгчийн нэг, н.Рэнцэнхорлоо нь өмнө Х.Баттулгын гомдлоор Э.Бат-Үүлийн “Х.Баттулга, З.Энхболд нарыг гүтгэсэн” хэргийг шүүж байсан... гэх мэт зузаан намтартай. Санамсаргүй давхцал гэх үү?
Гэхдээ өнөөдрийн нөхцөлд хонгил хэнийг зааж байгаа нь биш, харин хэнд үйлчилж байгаа нь сонирхолтой байж магадгүй.
Б.ЗАЯА
Сэтгэгдэл (5)