x

Саяхан болоод өнгөрсөн хүний эрхийн өдрөөр...

Саяхан болоод өнгөрсөн хүний эрхийн өдөр манайхан амтай болгон энэ сэдвээр бөөлөх шиг боллоо. Энэ сайн хэрэг л дээ. 

Үүнийг бичигч би бээр нь залуу насныхаа ихэнх он жилийг “Өдрийн сонин”-ы гал тогоонд өнгөрүүлсэн, өдөр тутмын сонины хүн юм. Бидний үед манай сонин цорын ганц сөрөг хүчин байлаа. Бүх утгаараа шүү. 

Ямартайч “зуун айл” орчимд одоо ч ноолойн буй “Ардын эрх”-ын гэх овогтой шар байшинд миний амьдралын 20 жил өнгөрсөн байдаг. Энэ хугацаандаа би ганц ч удаа “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” гэдэг айлын шинэ жилийн баярт очиж үзээгүй байж билээ. Үүгээрээ би юу хэлэх гэсэн бэ гэхээр одоогийнх шиг тансаг цэнгүүнүүд ховор байснаас илүү редакцийн маань дэг соёл өөр байсан гэдгийг тайлбарлах гээд байгаа юм л даа. Өрсөлдөгч сонин маань тэргүүн нүүртээ “Манайхан алтангадас одонтнуудаа хүлээн авлаа” хэмээн аархаж байхад бид зүгээр л ажиллаж байдаг байсан сан. Манай сонинд ирдэг хамгийн том шагнал “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин” гэх өргөмжлөл байв. Ерөнхий эрхлэгч маань энэ шагналыг хүртэж буйгаа нэр төрийн хэрэг гэж үздэг төдийгүй, биднийг ч тэгж төлөвшүүлсэн. Энэхүү жаазтай өргөмжлөл “Өдрийн сонин”-ы хойморт хэд залардагийг мартжээ. 

Хэн ч энэ ойлголтыг ойшоодоггүй шахам цаг үе байж гэж одоо би боддог юм. Сүү зарж байгаа эмээгийн бидонтой сүүг өшиглөж унагаасан цагдаагийн араас манай сонин л явдаг тийм үе байсан болохоор. Сантагийн хувцас өмсөөд гацуур зарж байсных нь төлөө цагдаа ирээд гацууртай юутай хээтэй нь өнхөрүүлээд хаячихыг нүдээрээ хараад үүр цайтал үзэлцэж, өглөөний дугаартаа бичиж, үүнийхээ төлөө асуугдаж дуудагдан чичлүүлж явсан мань мэтэд одоо сүрхий сүрхий мөс зүсэгчид болж орилогсод инээдтэй санагдах үе бий. Нөгөө талаасаа талархан баясах нь ч их. 

Ер нь бол бүр муухай хадтай, чулуутай хөрсийг нь хуулалцсан болохоор дээр суугаа эрхмүүд маань “Өдрийн сонин”-д энэ өдөр хүндэтгэл илгээх ёстой санагддаг. Эрхээ булаалгасан тухай ямар ч ойлголтгүй, эрх гэж өөрсөддөө байдаг эсэхийг ч мэддэггүй олон нийттэй бид ажиллаж байсан. Хүн амины хэргээр бүх насаараа хоригдох ял авсан нэгэн олоон жилийн дараа хилсээр яллагдсан нь илэрч, шоронгоос суллагдаад хамгийн эхлээд “Өдрийн сонин” дээр ирж байлаа шүү дээ. Энэ үйл явдал бидэнд асар удаан, асар бэрх замыг туулж үр дүн үздэг тэмцэл юу болохыг мэдрүүлж байв.

Саяхан болсон хүний эрхийн өдөр манай сошил орчныхон гоё амаараа баахан хүний эрх ярин шагширцгаасан ч, нөгөө талдаа энэ ойлголтоо хөлөөрөө нэг болгон тарааж хаяцгааж байгаагаа огт анзаарсангүй. Нэгийг өмөөрч тэмцэлдэнгээ хөл дороо нөгөөгийн нэр нүүр, санаа сэтгэлийг шалбаагтай хутган хаяж, энэ үйлдлүүдээрээ амь насыг нь ч эрсдэл рүү түлхэж, амьдрах эрхэнд нь аймшигтайгаар халдан буйгаа эс анзаарна. 

Д.Сүндий гэх иргэн УИХ-ын сонгуульд нэр дэвшжээ. Сурталчилгааны үеэр түүний хувийн амьдралд тохиолдсон байж болзошгүй зарим үйл явдлын тухай мэдээллүүд олонд дэлгэгдэх нь тэр. Товчхондоо ийм явдал болоод өнгөрсөн. Цахим буллид өртсөн эхнэр нь Америкаас лайв хүртэл хийж гуйсан ч улайссан хэл ам зогсоогүй. Нөгөө нөхөр ч сонгуульд ялаагүй. Гэвч хэрэг явдал ингээд нам жим болоогүй байжээ. Сонгуулийн сурталчилгааны явцад хууль зөрчсөн үндэслэлээр Д.Сүндий хэдхэн хоногийн өмнө шүүхээс ял шийтгүүлэх нь тэр. “Д.Сүндийд гурван жил хорих ял оноожээ” гэх тэр мэдээ цацагдангуут ахиад л ар гэр, үр хүүхэд нь юутай хээтэйгээ цахим буллид өртлөө. 

Хамгийн жигшүүртэй нь, эхнэрийнх нь тухайн үед гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд зөвхөн цагдаад хандаж бичсэн өргөдөл нь сонгуулийн үеэр дэлгэгдсэн явдал. Цагдаагийн байгууллагаас гарахгүй гэж итгэсэн хөөрхий бүсгүйн зовлонт амьдрал, тохиолдож байсан аймшигтай үйл явдлууд түмэнд дэлгэгдчихсэн. Жилийн өмнө нэгэн гэр бүл ийм зовлон амссан. Гэтэл сая ахиад л бүсгүйн амьдралыг нөгөө сэдвээр нь булж орхилоо. Хүний газар, нас биед хүрээгүй хүүхдүүдээ аван одсон тэр бүсгүй одоо ямар байгааг таах аргагүй. Хүүхдүүдийнх нь байдал ямар байгааг шүлсээ үсчүүлэн сошилоор шүүгсэд мэдэхгүй. Тэдний амьдралыг ямар эрсдэл рүү шахчихав аа. 

Ердөө хоёр гурав хоногийн өмнө Д.Мөнх-Эрдэнэ гэдэг залуугийн бичлэгийг цахим руу яг нохойд сэг зэм хаяж өгч байгаа юм шиг шидчихлээ. Хаанаас, хэн явуулсан нь тодорхойгүй зүгээр л “Май, одоо тасдаж ид” гээд чулуудчихна лээ. Энэ айлын ар гэрт асуудал үүсвэл яах вэ. Эхнэр хүүхэд нь тийм ч хэнэггүй хүлээж авахгүй л болов уу. Үүнээс болж нэгэн эмэгтэй, хэдэн хүүхдийн амьдрал эрсдэлд орвол хэн хариуцлага хүлээх вэ. Сошил уу?!

Сэлэнгэ аймгийн гаальд ажилладаг тэр гэх эмэгтэй дох тусчээ гэх мэдээг ер нь хаанаас сонины редакци руу шидчихсэн юм бол гэж би хэдэн мянган удаа боддог байсан. Бараг хориод жил ээдрээ нь тайлагдаагүй хэрэг. Дугаар буух гэж байхад тэнэсэн сум шиг л ороод ирсэн байдаг. Одоогийнх шиг цахим сүлжээ, сайтууд гэж байсангүй. Гэсэн ч гэрлийн хурдаар бүсгүйн аминд хүрсэн. Нөхөр нь хөөрхий бүсгүйг зодоод алчихсан. Мэдээг нийтэлсэн “Үг” сонины эрхлэгч сурвалжлагчийнхаа өмнөөс хариуцлага хүлээн яллагдсан. Үүнээс болж олон жил шаналж явсаар хорвоог орхисон. Энэ үйл явдлын хөлд олон айлын амьдрал сүйдсэн, олон хүн үрэгдсэн. 

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ав хомрогодоо ашигладаг, зүгээр л хэрэглэдэг хэсгийнхэн бол улс төр. Бусад үед олон нийтээр хараалгаж, салбараараа нулимуулж байсан ч тэдэнд хамаагүй. “Муусайн хэвлэлийнхэн ч алуулж байна даа. Ер нь ингэх болсон, больж” гэсхийн тамшаалж суудаг гарууд бол улстөрчид шүү дээ. 

Тэд хэвлэлийн зарим хэсгийг нь ивээлдээ авсан дүр эсгэнэ. Нөгөө хэсэг нь хараад баахан тэнэгтэж орилно. Хоорондоо алалцана. Үнэн хэрэгтээ тэд хэнийг ч ивээлдээ авдаггүй. Намынхаа төв хэвлэлийг ч өрсөлдөөн дунд нүцгэн хаячихдаг л улсууд шүү дээ. Аль аль нь.

Тэдний хаяж өгдөг цагдаа, прокурорын нэгэнт ил гаргахаар шийдчихсэн хэргүүдийн хагас хугас мэдээллүүд бол нохойн угаадас. Хэрэгтэй юм юу ч байхгүй. Тэрийг нь цацаж өгч, олон нийтийг хараал зүхлээр умбуулж, хөшиг манан татуулж өгөх ажлыг нь л хийгээд явах хэрэггүй. Замаасаа шахаж, золигт гаргаж байгаа хэсгийнхнийхээ хар дэвтрийг өгч хөнгөхөн баярлуулдаг тэдний ой гутам ажиллагаанд дандаа давхар мэдрэмжээ ажиллуулж хандах ёстой. 

Одоо сэтгүүлчидтэйгээ нягт ажилладаг, бүх бойжилтынх нь турш хараа бараандаа “сургалт” явуулдаг, гэрийн багш шиг сүрдэм газетчикууд, том том эрхлэгч нар алга болж дээ...

Эрхлэгч болгон өөрийн дэг сургуультай. Зарим нь “Чи битгий дугар, чи дугарвал зөвхөн надад таалагдах сэдвээр л дугар. Чи чив чимээгүй бай” гэх болж. Яг л “Чи ерөөсөө битгий амьсгал, битгий амьд бай” гэж байгаа юм шиг. 

Зарим нь үүрэг хариуцлагаа хаяжээ. Яг л “Би одоо залхлаа. Цаашаа яаж явахаа өөрсдөө мэд” гээд зөнд нь хаяж буй юм шиг... 

Сонинг баг гаргадаг. Баггүй сонин гэдэг бол толгой нүцгэн салхи сөрөөд гүйж яваа хүн шиг зүйл. Дээр нь үзэл санаагүй бол гүйцээ...

Агуу их сошилын үетэй ийм байдлаар өрсөлдөх боломжгүй. 

Саяхан болоод өнгөрсөн хүний эрхийн өдрөөр манай сонинууд яг малгайгүй, цасан шуурганд явган гүйж яваа хүн шиг байлаа...

Ингэтлээ уран сайханжиж болно гэж үү дээ, манайхаан...

Б.Ганчимэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 6 цаг 33 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 6 цаг 49 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 7 цаг 32 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 7 цаг 42 мин Номын хураангуй: The Power of the Other 22 цаг 7 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Өчигдөр 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав Уржигдар 16 цаг 50 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top