Өнгөрсөн баасан гаригт /арванхоёрдугаар сарын 10/ тохиосон Олон улсын хүний эрхийн өдрөөр эрх баригч МАН-ын нөхөд бас нэгэн “сюрприз” барив. Л.Оюун-Эрдэнийн газрын нэг гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Монголд хүний эрх, эрх чөлөө гэдэг зүйл байж болох хэм хэмжээнээс хэрээс хэтэрсэн” тухай ярилцлага нийтлүүлэв. Ярилцлагыг өөр хэн нэгэн биш, МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонин тэргүүн нүүрэндээ нийтэлснээс үзвэл тус намын албан ёсны байр суурь гэж үзэхээс өөр аргагүй. За энэ ч дүүрч, угаасаа Ардын намынхнаас бид өөр юу ч хүлээх билээ.
Гэтэл араас нь залгуулаад манай сэтгүүлчид... Эрх чөлөөгөө "хэтрүүлсэн" иргэн Д.Мөнх-Эрдэнийг авлахаар сүрэглэн боссон байдаг. Авторынх нь тодорхойлсноор “тэмцэгч Мөнх-Эрдэнийн багийг тайлсан”, үзэгчдийн харснаар нэлээд “эдийн засагжуу” бүтсэн “Худрагагүй, шударгагүй тэмцэгч” нэвтрүүлэг МАН-ын үзэл суртлын шууд зэвсэг болчихоод байгаа ”Eagle” телевизээс аваад "Өрөг", "Зариг", "Сурвалж" гээд лаг лаг нэртэй, сурагтай, сураггүй баахан сайтуудаар зэрэг цацагдсан. Мөнгийг нь төлсөн байгаасай л гэж найдахаас. Мэргэжилдээ аягүй амбицтай, нэр төрөө эрхэмлэдэг гэж боддог сэтгүүлч дүү нар нийлж ийм зүйл хийсэнд жаахан гутрах сэтгэл төрөв. Өмнөөс нь уучлал гуйхад ч багадна.
Тэр дундаа үеийнхэн дотроо хамгийн тод нь, “од” нь болсон сэтгүүлч залуугийн хэлсэн үг яалт ч үгүй эмзэглэл төрүүлэв. “Мөнх-Эрдэнэ бол шоронд орох гэж байгаа хүн. АТГ-т шалгагдаад яллах дүгнэлт нь үйлдэгдчихсэн. Тэрийгээ аргалчих гээд тэмцэгчийн дүр эсгээд яваа” гэх үг. Хууль зүйн сайд Х.Нямбаатарын амнаас унасан үг яг тэр чигээрээ. “Өрөг”-ийнхний бэлтгэсэн “Улс төрийн задлан” нэвтрүүлгийн утга санаа, чиг шугам ч гэсэн яг ийм. Энэ л жаахан эмзэг байлаа. Сэтгүүлчид маань хэний үгээр, хэн рүү дайраад байна даа. Иргэн Д.Мөнх-Эрдэнийн булайг дэлгэж шоронд хийх нь бидний зорилго уу, эсвэл тэр хүний дэлгэсэн баримтын араас эрж хайх нь сэтгүүлчийн мэргэжлийн үүрэг үү?
Ер нь бол иргэн Д.Мөнх-Эрдэнийн лайв хийж эхэлсэн үе нь өнгөрсөн намар болсон орон нутгийн сонгуультай давхацдаг. Хотын дарга Д.Сумьяабазар, төрсөн дүү Д.Дагвадорж нарын тухай, Улсын циркийг устгасан асуудлаар нь анхныхаа лайвыг хийсэн байх. Тухайн үед Д.Мөнх-Эрдэнийг өөрийг нь АТГ шалгаж байсан эсэхийг мэдэхгүй. Харин одоо бол шалгаж байгаа нь үнэн юм байна. Хууль зүйн сайд нь өөрийн амаар хэлсэн учир итгэхээс аргагүй. Гэхдээ тэр нь иргэн Д.Мөнх-Эрдэнийн өнгөрсөн гурван сар хэлсэн үг, хийсэн лайвтай ямар холбоотой вэ? Д.Мөнх-Эрдэнэ машины наймаагаар шоронд орлоо гэхэд тэр нь түүний хэлсэн бүхнийг үгүйсгэж чадах уу?
Харамсалтай нь, сүүлийн үед иргэн Д.Мөнх-Эрдэнийн эсрэг явуулсан бүхий л хар пиар сүүлийн ганц нэвтрүүлгээр, пиарчдын ярьдгаар “цөмрөнө” гэдэг нь болов. Захиалгатай нэвтрүүлэг захиалагчдаа лав ашиг авчирсангүй. Харин ч эсрэгээрээ сүүлийн хоёр сонгууль дараалан хэтэрхий унтаа байсан иргэдийг “иргэн” Мөнх-Эрдэнэ ганцаараа сэрээчихлээ. Өглөө сэрэхэд л клаб хауст өрөө нээчихсэн ярьцгааж байна. Өнгөрсөн сонгуулиудын тухай, иргэн Д.Мөнх-Эрдэнийн тухай. Өөр бас хаа нэгтээ ярьж л байгаа. "Бид эрх чөлөөгөө нэгэнт алдсан байна, дарангуйлалд бүрмөсөн шилжсэн юм байна, одоо яах вэ?" гэсэн хүмүүс...
Сэтгүүлчдийн гурван жил ярьж, бичээд ойлгуулж чадаагүй бодит үнэнийг Мөнх-Эрдэнэ гурван сарын дотор өөрийн бие дээр ойлгуулж чадлаа. Тийм болохоор Д.Мөнх-Эрдэнэд “Баярлалаа” гэж хэлье. Бас уучлаарай.
Б.ЗАЯА